Судрууд
3 Нифай 14


Бүлэг 14

Есүс зарлигласан нь: Бүү шүүгтүн; Бурханаас гуйгтун; хуурамч бошиглогчдоос сэрэмжлэгтүн—Тэрбээр Эцэгийн тааллыг үйлдэх тэдэнд авралыг амлав—Матай 7-той харьцуул. Ойролцоогоор МЭ 34 он.

1 Мөн эдүгээ улиран тохиох дор Есүс эдгээр үгийг хэлээд, тэрээр цугласан олонд дахин хандаж, мөн тэдэнд дахин ам нээж, хэлсэн нь: Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, Бүү шүүгтүн, та нар шүүгдэхгүйн тулд болой.

2 Учир нь та нар ямар шүүлтээр шүүнэ, та нар түүгээрээ шүүгдэх болно; мөн та нар ямар хэмжээгээр хэмжинэ, та нарт тэрчлэн хэмжигдэх болно.

3 Мөн та нар яагаад андынхаа нүдэн дэх үртсийг болгоодог боловч өөрийнхөө нүдэн дэх дүнзийг анзаардаггүй билээ?

4 Эсвээс та нар анддаа: Нүдэн дэх үртсийг чинь аваад өгье хэмээн—мөн болгоогтун, өөрсдийн тань нүдэнд дүнз байхад хэрхэн хэлэх билээ?

5 Хоёр нүүртнүүд та нар, эхлээд өөрсдийнхөө нүднээс дүнзийг гаргаж хая; мөн тэгээд та нар андынхаа нүднээс үртсийг авч хаяхаар сайн харах болно.

6 Ариун болох түүнийг нохдод бүү өг, бас гахайн өмнө сувдаа бүү хая, тэд тэдгээрийг хөл дороо дэвслээд, мөн эргэж бас та нарыг тасчих болуузай хэмээн буюу.

7 Гуй, тэгвэл та нарт өгөгдөх болно; эрэлхийл, тэгвэл та нар олох болно; тогш тэгвэл та нарт нээгдэх болно.

8 Учир нь гуйдаг болгон нь хүлээн авдаг; мөн эрэлхийлдэг тэр нь олдог; мөн тогшдог түүнд нээгдэх болно.

9 Эсвэл та нарын хэн нь, хүүгээ талх гуйхад, түүнд чулуу өгөх билээ?

10 Эсвэл түүнийг загас гуйхад, тэр түүнд могой өгөх гэж үү?

11 Хэрэв тэгээд та нар хилэнцэт мөртлөө хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхийг мэддэг бол, тэнгэр дэх Эцэг тань өөрөөс нь гуйдаг тэдэнд сайн зүйлийг хэчнээн ихээр өгөх билээ?

12 Тиймийн тул, хүмүүс бүх зүйлд өөрсдөд тань хэрхэн хандаасай хэмээн хүсдэг шигээ та нар тэдэнд түүнчлэн үйлд, учир нь энэ бол хууль болон бошиглогчид билээ.

13 Та нар давчуу хаалгаар орогтун; учир нь устгалд хөтлөх тэр зам уужим, мөн хаалга нь өргөн, мөн түүгээр ордог нь олон байдаг;

14 Харин амьдрал руу хөтлөх тэр хаалга давчуу, мөн зам нь нарийн, мөн үүнийг олдог нь цөөхөн байдаг.

15 Дотроо идэмхий чононууд мөртлөө, хонины арьс нөмрөн та нарт ирэх хуурамч бошиглогчдоос сэрэмжил.

16 Та нар тэднийг жимсээр нь таних болно. Хүмүүс өргөснөөс усан үзэм, эсвээс халгайнаас инжир хураадаг гэж үү?

17 Үүний адил сайн мод болгон сайн жимс өгдөг; харин ялзарсан мод хилэнцэт жимс өгдөг.

18 Сайн мод хилэнцэт жимс өгч, бас ялзарсан мод сайн жимс өгч чадахгүй.

19 Сайн жимс өгдөггүй мод болгон тас цавчигдаж, мөн галд хаягддаг.

20 Иймийн тул, жимсээр нь та нар тэднийг мэдэх болно.

21 Их Эзэн, Их Эзэн гэж надад хэлдэг болгон тэнгэрийн хаант улсад орохгүй; харин тэнгэр дэх Эцэгийн минь тааллыг биелүүлдэг тэр нь орно.

22 Олон нь тэр өдөр надад хэлэх болно: Их Эзэн, Их Эзэн, бид таны нэрээр бошиглож мөн таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж, мөн таны нэрээр олон гайхамшигт ажлыг үйлдээгүй гэж үү?

23 Мөн тэгэхэд би тэдэнд мэдэгдэнэ: Би та нарыг огт танихгүй; алдсыг үйлдэгч та нар надаас холд.

24 Тиймийн тул, эдгээр үгийг минь сонсоод, тэдгээрийг хийдэг хэнийг боловч, түүнийг хадан дээр байшингаа барьсан мэргэн хүнтэй би адилтгах болно—

25 Мөн бороо орж, үер бууж, мөн салхи үлээж, мөнхүү байшинг нүдэв; мөн энэ нь нурж унасангүй, учир нь энэ нь хадан дээр суурилсан байв.

26 Мөн эдгээр үгийг минь сонсоод, мөн тэдгээрийг үл хийдэг болгон нь, элсэн дээр байшингаа барьсан мунхаг хүнтэй адилтгагдах болно—

27 Мөн бороо орж, үер бууж, мөн салхи үлээж, мөнхүү байшинг нүдэв; мөн энэ нь нуран унав, мөн үүний уналт нь агуу байлаа.