Судрууд
3 Нифай 29


Бүлэг 29

Мормоны Номын ирэлт нь Их Эзэн Израилыг цуглуулж мөн гэрээнүүдээ гүйцэлдүүлж эхэлсний тэмдэг бөлгөө—Түүний хожмын үеийн илчлэлүүд мөн бэлгүүдийг эсэргүүцдэг тэд зүхэгдэх болно. Ойролцоогоор МЭ 34–35 он.

1 Мөн эдүгээ болгоогтун, би та нарт хэлнэ, Их Эзэн өөрийн мэргэн ухаанд таарна хэмээн үзэхэд, энэ үгс түүний үгийн дагуу харийнханд ирэхэд, тэгэхэд өөрсдийн өвийн нутаг дахь тэдний сэргээлтийн талаар Израилын хүүхдүүдтэй Эцэгийн хийсэн гэрээ аль хэдийн гүйцэлдэж эхэлснийг та нар мэдэж болно.

2 Мөн ариун бошиглогчдоор яригдсан Их Эзэний үгс бүгд гүйцэлдэх болно гэдгийг та нар мэдэж болно; мөн Их Эзэн Израилын хүүхдүүдэд ирэхээ хойшлуулж байгаа хэмээн та нар хэлэх хэрэггүй.

3 Мөн яригдсан үгс нь үр дүнгүй хэмээн та нар зүрх сэтгэлдээ төсөөлөх хэрэггүй, учир нь болгоогтун, Их Эзэн өөрийнх нь болох Израилын угсааны хүмүүстэй хийсэн гэрээгээ санах болно.

4 Мөн эдгээр үгс та нарын дунд тохиохыг харах үедээ, тэгээд та нар цаашид Их Эзэний үйлүүдийг жигшин эсэргүүцэх хэрэггүй, учир нь түүний шударга ёсны илд баруун мутарт нь байна; мөн болгоогтун, тэр өдөр, хэрэв та нар түүний үйлүүдийг жигшин эсэргүүцэх аваас тэрбээр энэ нь та нарыг удалгүй давамгайлах болгоно.

5 Их Эзэний үйлүүдийг жигшин эсэргүүцэх түүнд халаг; тийм ээ, Христийг болон түүний ажлуудыг үгүйсгэх түүнд халаг!

6 Тийм ээ, Их Эзэний илчлэлүүдийг үгүйсгэх, мөн Их Эзэн илчлэлээр, эсвээс бошиглолоор, бэлгээр, эсвээс хэлээр, эдгээлтээр, эсвээс Ариун Сүнсний хүчээр ажиллахаа больсон хэмээн хэлэх түүнд халаг!

7 Тийм ээ, баялгийг олохын тулд, Есүс Христээр ямар ч гайхамшиг хийгдэж чадахгүй хэмээн тэр өдөр хэлэх түүнд халаг; учир нь үүнийг хийх тэр нь Христийн үгийн дагуу, нигүүлсэл үгүй байсан сайхь мөхлийн хүүтэй адил болох болно!

8 Тийм ээ, иудейчүүдийг, бас Израилын угсааны үлдэгдлийн хэнийг ч та нар цаашид шүд зуун хараах, бас жигшин эсэргүүцэх ч, бас тохуурхах ч хэрэггүй; учир нь болгоогтун, Их Эзэн тэдэнтэй хийсэн гэрээгээ санадаг, мөн тэрбээр тангарагласныхаа дагуу тэдэнд үйлдэх болно.

9 Тиймийн тул Их Эзэн Израилын угсаатай хийсэн гэрээний биелэлтэд хүргэн шүүлтийг гүйцэтгэхгүй байж болохын тулд, түүний баруун мутрыг зүүнээр нь өөрчилж чадна хэмээн та нар бодох хэрэггүй.