Судрууд
Хиламан 13


Лемен үндэстэн Самуелын нифайчуудад хандсан бошиглол оршвой.

13–15-р бүлэгт агуулагдав.

Бүлэг 13

Нифайчууд наманчлахгүй бөгөөс устгагдана хэмээн лемен үндэстэн Самуел бошиглов—Тэд мөн тэдний баялгууд зүхэгдэв—Тэд бошиглогчдыг эсэргүүцэж мөн чулуугаар шидэж, чөтгөрүүдээр хүрээлэгдэн, мөн алдсыг үйлдэхдээ аз жаргалыг эрэлхийлэв. Ойролцоогоор МЭӨ 6 он.

1 Мөнхүү эдүгээ улиран тохиох дор наян зургаадугаар онд леменчүүд Мосегийн хуулийн дагуу Бурханы зарлигуудыг сахихаар чандлан мэрийж байх үед, нифайчууд ёс бус үйлүүддээ, тийм ээ, агуу ёс бус үйлэнд хэвээр үлдэв.

2 Мөнхүү улиран тохиох дор энэхүү онд лемен үндэстэн Самуел гэгч нэгэн Зарахемла нутагт ирж мөн хүмүүст номлож эхлэв. Мөнхүү улиран тохиох дор тэрээр олон өдөр хүмүүст наманчлалыг номлож, мөн тэд түүнийг хөөж гарган, мөн тэрээр нутагтаа буцах гэж байв.

3 Гэвч болгоогтун, Их Эзэний дуу хоолой түүнд ирж, түүнийг дахин эргэн очиж, мөн зүрх сэтгэлд нь ирэх аливаа зүйлийг хүмүүст бошиглохыг хэлэв.

4 Мөнхүү улиран тохиох дор тэд түүнийг хотод орохыг зөвшөөрсөнгүй; тиймийн тул тэрээр явж мөн үүний хэрмэн дээр гарч, мөн гараа сунган мөн чанга дуугаар хашхирч, мөн Их Эзэний зүрх сэтгэлд нь суулгасан аливаа зүйлийг хүмүүст бошиглов.

5 Мөн тэрээр тэдэнд хэлэв: Болгоогтун, Самуел би лемен үндэстэн, Их Эзэний зүрх сэтгэлд минь суулгасан түүний үгсийг ярья; мөн болгоогтун тэрээр шударга ёсны илд энэ хүмүүсийн дээр далайгаастай байгааг энэ хүмүүст хэлэхийг зүрх сэтгэлд минь суулгалаа; мөн шударга ёсны илд энэ хүмүүсийн дээр буух хүртэл дөрвөн зуун жил улиран одохгүй бөлгөө.

6 Тийм ээ, энэ хүмүүсийг хүнд устгал хүлээж байна, мөн энэ нь энэ хүмүүсийн дээр гарцаагүй ирэх болно, мөн наманчлал ба Их Эзэн Есүс Христэд, дэлхийд гарцаагүй ирэх, мөн энэ хүмүүсийн төлөө олон зүйлийг туулж мөн егүүтгэгдэх түүнд итгэх итгэлээс өөр юу ч энэ хүмүүсийг аварч чадахгүй.

7 Мөн болгоогтун, Их Эзэний тэнгэр элч надад үүнийг тунхаглаж, мөн тэрээр бодгальд минь баярт мэдээ авчирсан болой. Мөн болгоогтун, та нарт ч баярт мэдээ байж болохын тулд үүнийг та нарт түүнчлэн тунхаглахаар илгээгдсэн болой би; гэвч болгоогтун та нар намайг хүлээн авахыг хүссэнгүй.

8 Тиймийн тул, Их Эзэн ийн хэлэв: Нифайчуудын ард түмний зүрх сэтгэл хатуугийн учир, тэд наманчлахгүй аваас би өөрийн үгийг тэднээс татан авна, мөн би Сүнсээ тэднээс холдуулах болно, мөн би тэднийг цаашид тэвчихгүй, мөн би ах дүүсийнх нь зүрх сэтгэлийг тэдний эсрэг эргүүлэх болно.

9 Мөн би тэднийг цохигдохоор болгохоос өмнө дөрвөн зуун жил улиран өнгөрөхгүй; тийм ээ, би тэдэнд илдээр, өлсгөлөнгөөр мөн тахлаар зочлох болно.

10 Тийм ээ, би тэдэнд догшин уур хилэнгээрээ зочлох болно, мөн дайснуудын чинь дөрөв дэх үеийнхнээс та нарын бүрмөсөн устгалыг болгоохоор амьд үлдэх тэд байх болно; мөн та нар наманчлахгүй аваас энэ нь гарцаагүй ирэх болно хэмээн Их Эзэн хэлсэн билээ; мөн дөрөв дэх үеийнхний тэд та нарт устгалаар зочлох болно.

11 Гэвч та нар наманчилж мөн Их Эзэн Бурхандаа дахин хандах аваас, би уур хилэнгээ зайлуулах болно хэмээн Их Эзэн хэлэв; тийм ээ, наманчлах мөн надад хандах тэд адислагдсан болой, харин наманчилдаггүй түүнд халаг хэмээн Их Эзэн хэлэв.

12 Тийм ээ, энэ агуу хот Зарахемлад халаг; учир нь болгоогтун, үүний аврагдаж байгаа нь зөв шударгыг үйлдэгчдийн улмаас юм; тийм ээ, энэ агуу хотод халаг, Их Эзэн хэлнэ, олон нь, тийм ээ, энэ агуу хотын бүр ихэнх хэсэг нь миний эсрэг зүрх сэтгэлээ хатууруулахыг би ухаардаг учир болой хэмээн Их Эзэн хэлж байна.

13 Гэвч наманчлах тэд адислагдсан болой, учир нь тэднийг би хэлтрүүлэх болно. Гэвч болгоогтун, хэрэв энэ агуу хотод зөв шударгыг үйлдэгчид байгаагүй аваас, болгоогтун, би тэнгэрээс доош гал буулган мөн үүнийг устгахаар болгохсон.

14 Гэвч болгоогтун, үүний хэлтрүүлэгдэж байгаа нь зөв шударгыг үйлдэгчдийн төлөө болой. Гэвч болгоогтун, та нар өөрсдийн дундаас зөв шударгыг үйлдэгчдийг зайлуулах тэр үед, тэгэхэд та нар устгалын тулд боловсорч гүйцсэн байх тэр цаг ирэх болно хэмээн Их Эзэн хэлэв; тийм ээ, энэ агуу хотод халаг болог, үүн дэх ёс бус үйлүүд мөн жигшүүрт хэргүүдийн учир болой.

15 Тийм ээ, мөн Гидеон хотод халаг болог, үүний доторх ёс бус үйлүүд мөн жигшүүрт хэргүүдийн учир болой.

16 Тийм ээ, мөн нифайчуудаар эзэмшигдсэн, эргэн тойрны нутаг дахь тэр бүх хотод халаг болог, тэдний доторх ёс бус үйлүүд мөн жигшүүрт хэргүүдийн учир болой.

17 Мөн болгоогтун, Түмний Их Эзэн хэлэв, уг нутагт буй хүмүүсээс болж, тийм ээ, тэдний ёс бус үйлүүд мөн тэдний жигшүүрт хэргүүдийн учир, уг нутгийн дээр нэгэн зүхэл ирэх болно.

18 Мөнхүү улиран тохиох дор, Түмний Их Эзэн, тийм ээ, агуу их болоод үнэн Бурхан маань хэлдэг, уг нутгийн агуу их зүхлийн учир, эрдэнэсийг газарт нуусан хэн боловч, тэдгээрийг дахин хэзээ ч олохгүй, тэр нь зөв шударга хүн байж мөн үүнийг Их Эзэний төлөө нуухаас бусдаар буюу.

19 Учир нь Их Эзэн хэлдэг, тэд эрдэнэсээ миний төлөө нуугаасай хэмээн хүснэ би; мөн эрдэнэсээ миний төлөө нуугаагүй тэд зүхэгдэх болно; учир нь зөв шударгыг үйлдэгчдээс бусад хэн ч миний төлөө эрдэнэсээ нуудаггүй; мөн эрдэнэсээ миний төлөө нуудаггүй тэр хүн мөн түүнчлэн уг эрдэнэс нь зүхэгдсэн, уг нутгийн зүхлийн учир хэн ч үүнийг буцаан авахгүй.

20 Мөн тэд зүрх сэтгэлээ баялгууд дээр тавьсан учир, эрдэнэсээ нуух тэр өдөр ирэх болно; мөн тэд зүрх сэтгэлээ баялгуудынхаа дээр тавьсан учир тэд дайснуудынхаа өмнө зугтах үедээ эрдэнэсээ нуух болно; тэд тэдгээрийг миний төлөө нуухгүй учраас, тэд мөн түүнчлэн тэдний эрдэнэс нь ч зүхэгдэг; мөн тэрхүү өдөр тэд цохигдох болно хэмээн Их Эзэн хэлж байна.

21 Болгоогтун энэ агуу хотын хүмүүс та нар, мөн үгсийг минь анхааран сонсооч; тийм ээ, Их Эзэний хэлэх үгсийг анхааран сонсоцгоо; учир нь болгоогтун, та нар баялгуудынхаа учир зүхэгдсэн, мөн түүнчлэн та нар зүрх сэтгэлээ тэдгээрийн дээр тавьсан учир, мөн тэдгээрийг та нарт өгсөн түүний үгсийг анхааран сонсоогүй учир баялгууд чинь ч зүхэгдсэн хэмээн тэрээр хэлж байна.

22 Тэрээр та нарыг адисалсан зүйлсэд та нар Их Эзэн Бурханаа санадаггүй, гэвч та нар баялгуудаа үргэлж санаж байдаг, тэдгээрийн төлөө Их Эзэн Бурхандаа талархахаа санадаггүй; тийм ээ, та нарын зүрх сэтгэл Их Эзэнд хандахгүй байгаа, харин тэдгээр нь сайрхалд, мөн агуу хөөрөлд, атаа жөтөө, хэрүүл маргаан, өшөө хорсол, хавчлага, мөн аллагууд, мөн бүх төрлийн алдаст хүртлээ агуу бардамналд тэлдэг болой.

23 Энэ шалтгааны учир Их Эзэн Бурхан нэгэн зүхлийг уг нутгийн дээр, мөн түүнчлэн та нарын баялгууд дээр ирэх болгосон буюу, мөн энэ нь та нарын алдсуудын учир болой.

24 Тийм ээ, бүр хуучин цагийн тэдний хийдэг байсны адилаар та нар бошиглогчдыг зайлуулж, мөн тэднийг элэглэн, тэдний зүг чулуу шидэж, тэднийг хөнөөж, мөн тэдэнд бүх төрлийн алдсыг үйлдэх болсон энэ цагийн учир энэ хүмүүст халаг.

25 Мөн эдүгээ та нар ярихдаа: Хэрэв бидний өдрүүд хуучны эцэг өвгөдийн минь өдрүүдэд байсан бол, бид бошиглогчдыг алахгүй байсан; бид тэдний зүг чулуу шидэж, мөн тэднийг зайлуулахгүй байсан хэмээн та нар хэлдэг.

26 Болгоогтун та нар тэднээс ч дор; учир нь Их Эзэн амьдын адил, хэрэв та нарын дунд бошиглогч ирж мөн та нарын нүглүүд болон алдсуудыг гэрчилдэг Их Эзэний үгийг та нарт тунхаглах аваас, та нар түүнд уурлаж, мөн түүнийг зайлуулж мөн түүнийг устгах бүх төрлийн арга замыг эрэлхийлдэг; тийм ээ, тэрээр та нарын үйлүүдийг хилэнцэт хэмээн гэрчилдэг учир та нар түүнийг хуурамч бошиглогч, мөн тэр бол нүгэлтэн, мөн чөтгөрийнх хэмээн хэлэх болно.

27 Гэвч болгоогтун, хэрэв нэгэн хүн та нарын дунд ирж: Үүнийг хий, мөн ингэхэд алдас гэж үгүй; түүнийг үйлд мөн та нар зовох нь үгүй гэж хэлбэл; тийм ээ, Зүрх сэтгэлдээ бардамналтайгаар алх; тийм ээ, харцандаа бардамналтайгаар алх, мөн зүрх сэтгэлийнхээ хүссэн юуг ч боловч үйлд гэж тэр хэлбэл—мөн хэрэв нэгэн хүн та нарын дунд ирж үүнийг хэлбэл, та нар түүнийг хүлээн авч, мөн түүнийг бошиглогч гэж хэлэх болно.

28 Тийм ээ, та нар түүнийг өргөмжлөх болно, мөн та нар түүнд хөрөнгөөсөө өгөх болно; та нар түүнд алт, мөнгөнөөсөө өгөх болно, мөн та нар түүнийг үнэт хувцсаар хувцаслах болно; мөн тэрээр зусарч үгсийг та нарт ярьж, мөн бүх зүйл зүгээр гэж хэлэх учир, тиймээс та нар түүнээс бурууг олохгүй байх болно.

29 Ай ёс бус та нар, мөн тэрс үеийнхэн та нар; хатуурхсан та нар мөн гөжүүд хүмүүс та нар, Их Эзэн та нарыг тэвчих болно гэж та нар хэр удаан бодох билээ? Тийм ээ, та нар өөрсдийгөө мунхаг мөн харалган удирдагчдад дагуулахыг хэр удаан зөвшөөрөх билээ? Тийм ээ, та нар гэрлээс илүүтэйгээр харанхуйг хэр удаан сонгох билээ?

30 Тийм ээ, болгоогтун, Их Эзэний уур хилэн аль хэдийн та нарын эсрэг ноцож байна; болгоогтун, тэрээр алдсын чинь учир уг нутгийг зүхсэн билээ.

31 Мөн болгоогтун, тэрээр баялгуудыг чинь зүхэх тэр цаг ирэх болно, тэгснээр тэдгээр нь гулгамтгай болж, та нар тэдгээрийг барьж байж чадахгүй болно; мөн ядуурлынхаа өдрүүдэд та нар тэдгээрийг хадгалан эзэмшиж чадахгүй.

32 Мөн ядуурлынхаа өдрүүдэд та нар Их Эзэнд гуйн залбирах болно; мөн та нарын залбиран гуйх нь үр дүнгүй байх болно, учир нь сүйрэл тань аль хэдийн та нарын дээр ирсэн, мөн устгал тань батлагдсан; мөн тэгээд тэр өдөр та нар уйлж мөн гаслах болно хэмээн Түмний Их Эзэн хэлэв. Мөн тэгэхэд та нар гашуудаж мөн хэлэх болно:

33 Ай би наманчилсан ч болоосой, мөн бошиглогчдыг алаагүй, тэдний зүг чулуу шидээгүй, мөн тэднийг зайлуулаагүй болоосой. Тийм ээ, тэр өдөр та нар хэлэх болно: Ай, Их Эзэн Бурхан баялгуудыг маань өгсөн тэр өдөр бид түүнийг санасан ч болоосой, мөн тэгвэл гулгамтгай болсноос бид тэдгээрийг алдахгүй байсан; учир нь болгоогтун, баялгууд маань биднээс үгүй болжээ.

34 Болгоогтун, бид багажаа энд тавихад мөн маргааш нь энэ нь үгүй болсон байна; мөн болгоогтун, илднүүд маань бид тулалдахын тулд тэдгээрийг эрэлхийлсэн тэр өдөр биднээс авагдсан байна.

35 Тийм ээ, уг нутгийн зүхлийн учир, бид эрдэнэсээ нуугаад мөн тэдгээр нь биднээс гулган зайлав.

36 Ай Их Эзэний үг бидэнд ирсэн тэр өдөр бид наманчилсан ч болоосой; учир нь болгоогтун уг нутаг зүхэгдсэн, мөн бүх зүйл гулгамтгай болж, мөн бид тэдгээрийг барьж чадахгүй болов.

37 Болгоогтун, бид чөтгөрүүдээр хүрээлэгдсэн, тийм ээ, бодгалиудыг маань устгахыг эрэлхийлсэн түүний элч нараар бид бүслэгдэв. Болгоогтун, алдсууд маань агуу их. Ай Их Эзэн, та уур хилэнгээ биднээс зайлуулж болохгүй юу? Мөн энэ нь тэр өдрүүдэд та нарын хэлэх үгс байх болно.

38 Гэвч болгоогтун, сорилтын чинь өдрүүд өнгөрсөн; та нар авралынхаа өдрийг энэ нь бүрмөсөн дэндүү оройтох хүртэл хойшлуулсан, мөн устгал чинь баттай болсон билээ; тийм ээ, учир нь та нар амьдралынхаа бүх өдрүүдэд эзэмшиж чадахгүй түүнийг эрэлхийлсэн; мөн та нар алдсыг үйлдсэнээр аз жаргалыг эрэлхийлсэн нь бидний агуу их Мөнхийн Тэргүүний зөв шударга чанарын эсрэг юм.

39 Ай уг нутгийн хүмүүс та нар, үгсийг минь сонсоосой! Мөн би Их Эзэний уур хилэн та нараас зайлуулагдаж, мөн та нар наманчилж мөн аврагдаасай хэмээн залбирна.