Судрууд
Мормоны Ном


Хиламаны Ном

Бүлэг 2

Хиламаны хүү асан тэрхүү Хиламан ерөнхий шүүгч болов—Кишкуменийн бүлэглэлийнхнийг Гадиантон удирдав—Хиламаны зарц Кишкуменийг алж, мөн Гадиантоны бүлэглэл аглаг буйд тийш зугтав. Ойролцоогоор мэө 50–49 он.

1Мөнхүү улиран тохиох дор шүүгчдийн засаглалын дөчин хоёрдугаар онд, нифайчууд болон леменчүүдийн хооронд Моронайха дахин амар амгаланг тогтоосны дараа, болгоогтун шүүлтийн суудлыг эзлэх хэн ч үгүй байв; тиймийн тул шүүлтийн суудлыг хэн эзэлбэл зохих талаар хүмүүсийн дунд дахин зөрчилдөөн гарч эхлэв.

2Мөнхүү улиран тохиох дор Хиламаны хүү асан тэр Хиламан, хүмүүсийн саналаар, шүүлтийн суудлыг эзлэхээр тохоогдов.

3Гэвч болгоогтун, Пахораныг алсан Кишкумен, түүнчлэн Хиламаныг устгахаар отон хүлээсэн ажгуу; мөн тэр түүний ёс бусыг хэн ч мэдэхгүй хэмээх гэрээнд орсон бүлэглэлийнхнээрээ дэмжигдэв.

4Учир нь, олон үг ярихдаа, мөн түүнчлэн аллагын болон дээрмийн нууц ажлыг удирдан явуулах башир аргадаа үлэмж мэргэшсэн Гадиантон гэгч нэгэн байв; тиймийн тул тэрбээр Кишкуменийн бүлэглэлийн удирдагч болов.

5Тиймийн тул хэрэв тэд өөрийг нь шүүлтийн суудалд суулгах аваас тэрээр бүлэглэлд нь харьяалагдсан тэд хүмүүсийн дунд хүч болон эрх мэдэл бүхий албанд тохоогдохыг тэдэнд зөвшөөрнө хэмээн тэрээр тэднийг, мөн түүнчлэн Кишкуменийг зусардав; тиймийн тул Кишкумен Хиламаныг устгахыг эрэлхийлэв.

6Мөнхүү улиран тохиох дор тэрээр Хиламаныг устгахаар шүүлтийн суудлын зүг урагшлан явах зуур, болгоогтун Хиламаны зарц нарын нэг нь, шөнөөр гадуур байж байгаад, мөн зүсээ хувиргаснаар, Хиламаныг устгахаар энэ бүлэглэлээр зохиогдсон төлөвлөгөөний тухай мэдэж авчээ—

7Мөнхүү улиран тохиох дор тэрээр Кишкументэй тааралдахад, мөн тэрээр түүнд нэгэн нууц дохио өгч; тиймийн тул Кишкумен түүнд өөрийн хүсэл зорилгоо мэдүүлж, өөрөө Хиламаныг алж болохын тулд шүүлтийн суудлын зүг өөрийг нь дагуулахыг түүнээс хүсэв.

8Мөн Кишкуменийн бүх зүрх сэтгэлийг, мөн алах нь хэрхэн түүний зорилго байгааг, мөн түүнчлэн алах, мөн дээрэмдэх, мөн хүчийг олох нь түүний бүлэглэлд харьяалагдсан тэд бүгдийн зорилт байсныг (мөн энэ нь тэдний нууц төлөвлөгөө, мөн тэдний хуйвалдаан байв) Хиламаны зарц олж мэдээд, Хиламаны зарц Кишкуменд хэлэв: Шүүлтийн суудлын зүг явцгаая.

9Эдүгээ энэ нь Кишкуменийг үлэмж баярлуулж, учир нь тэрээр төлөвлөгөөгөө гүйцээнэ хэмээн бодсон болой; гэвч болгоогтун, тэд шүүлтийн суудлын зүг явж байх үед, Хиламаны зарц Кишкуменийг, бүр зүрхэнд нь хутгалав, иймээс тэрээр дуу гаргалгүйгээр үхэтхийн унав. Мөн тэр гүйж мөн Хиламанд өөрийн бүх харсан, мөн сонссон, мөн хийсэн зүйлүүдээ хэлэв.

10Мөнхүү улиран тохиох дор тэд хуулийн дагуу цаазлагдаж болохын тулд, дээрэмчид мөн нууц алуурчдын энэ бүлэглэлийнхнийг баривчлуулахаар Хиламан хүмүүсийг илгээв.

11Гэвч болгоогтун, Кишкуменийн эргэж ирээгүйг Гадиантон олж мэдээд тэрээр устгагдах вий хэмээн айв; тиймийн тул тэрээр өөрийн бүлэглэлийнхнийг өөрийгөө дагах болгов. Мөн тэд уг нутгаас гарч, нууц замаар, аглаг буйд тийш зугтав; мөн Хиламан тийн тэднийг баривчлуулахаар хүмүүсийг илгээхэд тэд хаанаас ч олдсонгүй.

12Мөн энэ Гадиантоны тухайд хожим илүү ихээр яригдах болно. Мөн Нифайн хүмүүсийн дээрх шүүгчдийн засаглалын дөчин хоёр дахь он ийн төгсөв.

13Мөн болгоогтун, энэ номын төгсгөлд энэхүү Гадиантон Нифайн хүмүүсийн ялагдлыг, тийм ээ, бараг бүрэн устгалыг нь авчирсныг та нар харах болно.

14Болгоогтун би Хиламаны номын төгсгөлийг бус, харин өөрийн бичиглэсэн тэр бүх шастираа би тэндээс авсан түүний буюу Нифайн номны төгсгөлийг хэлж байна.