Судрууд
Мормоны Ном


Хиламаны Ном

Нифайчуудын шастир оршвой. Тэдний дайн мөн зөрчилдөөнүүд, мөн тэдний тэрсэлдээнүүд оршвой. Мөн түүнчлэн Хиламаны хүү асан Хиламаны цэдгүүдийн дагуу, мөн түүнчлэн түүний хөвгүүдийн цэдгүүдийн дагуу, Христийн ирэлтээс өмнөх үеэс, бүр Христийн ирэлтийг хүртэлх олон ариун бошиглогчдын бошиглолууд оршвой. Мөн түүнчлэн леменчүүдээс олон нь хөрвүүлэгдэв. Тэдний хөрвүүлгийн тухай шастир оршвой. Бүр Христийн ирэлтийг хүртэлх, Хиламаны ном хэмээн нэрлэгдсэн тэр Хиламан мөн түүний хөвгүүдийн цэдгийн дагуу леменчүүдийн зөв шударга явдал, нифайчуудын ёс бус хийгээд жигшүүрт хэргүүдийн тухай, мөн энэ мэтчилэнгийн шастир оршвой.

Бүлэг 1

Хоёрдугаар Пахоран ерөнхий шүүгч болж мөн Кишкуменд алагдав—Пекүменай шүүлтийн суудлыг эзлэв—Кориантумр леменчүүдийн их цэргийг удирдаж, Зарахемлаг аваад мөн Пекүменайг алав—Моронайха леменчүүдийг ялж, Зарахемлаг буцаан авч, мөн Кориантумр алагдав. Ойролцоогоор мэө 52–50 он.

1Мөн эдүгээ болгоогтун, улиран тохиох дор Нифайн хүмүүсийн дээрх шүүгчдийн засаглалын дөчдүгээр оны эхэнд, нифайчуудын ардын дунд ноцтой бэрхшээл эхлэв.

2Учир нь болгоогтун, Пахоран нас барж, мөн бүх хорвоогийн жамаар одов; тиймийн тул Пахораны хөвгүүд асан, ах дүүсийн дунд хэн шүүлтийн суудлыг эзэлбэл зохих талаар ноцтой зөрчилдөөн бий болж эхлэв.

3Эдүгээ шүүлтийн суудлын төлөө тэмцэлдсэн мөн хүмүүсийг тэмцэлдэхэд хүргэсэн тэдний нэр нь эдгээр болой: Пахоран, Пейнкай болон Пекүменай.

4Эдүгээ эдгээр нь Пахораны бүх хөвгүүд бус байв (учир нь түүнд олон байжээ), гэвч эд бол шүүлтийн суудлын төлөө тэмцэлдсэн тэд байв; тиймийн тул, тэд хүмүүсийн дунд гурван хэсгийг бий болгов.

5Гэсэн хэдий ч, улиран тохиох дор Пахоран хүмүүсийн саналаар Нифайн хүмүүсийн дээрх ерөнхий шүүгч мөн засаглагчаар томилогдов.

6Мөнхүү улиран тохиох дор Пекүменай, тэрээр шүүлтийн суудлыг авч чадахгүйгээ хараад, тэрээр хүмүүсийн саналтай нэгдсэн ажээ.

7Гэвч болгоогтун, Пейнкай болон түүнийг өөрсдийн захирагч болоосой хэмээх хүсэлтэй хүмүүсийн хэсэг нь үлэмж хилэгнэж байв; тиймийн тул, тэрээр ах дүүсийнхээ эсрэг тэдгээр хүмүүсийг эсэргүүцэлд босгохоор зусардах гэж байв.

8Мөнхүү улиран тохиох дор тэр үүнийг бараг л хийх гэж байхад, болгоогтун, тэр баривчлагдав, мөн хүмүүсийн саналын дагуу шүүгдэн, мөн үхлийн ял тулгагдсан аж; учир нь тэрээр эсэргүүцэлд босож мөн хүмүүсийн чөлөөт байдлыг устгахыг эрэлхийлсэн ажээ.

9Эдүгээ түүнийг өөрсдийн захирагч байхыг хүссэн тэдгээр хүмүүс тэрээр үхлийн ял хүлээхийг хараад, тиймийн тул тэд ууртай байв, мөн болгоогтун, тэд Кишкумен гэгч нэгнийг, бүр Пахораны шүүлтийн суудал уруу илгээж, мөн Пахораныг шүүлтийн суудал дээрээ сууж байхад нь түүнийг хөнөөв.

10Мөн тэрээр Пахораны зарц нарт мөрдөн хөөгдөв; гэвч болгоогтун, Кишкумений зугталт ямар ч хүн түүнийг гүйцэж чадахааргүй тийм хурдан байжээ.

11Мөн тэрээр өөрийг нь илгээсэн тэдэнд очив, мөн тэд Пахораныг Кишкумен алсныг хэнд ч хэлэхгүй хэмээцгээн өөрсдийн үүрдийн Бий Болгогчоороо тангараглан, тийм ээ, тэд бүгд гэрээнд оров.

12Тиймийн тул, Кишкумен Нифайн хүмүүсийн дунд мэдэгдсэнгүй, учир нь тэрээр Пахораныг алах үедээ зүсээ хувиргасан байжээ. Мөн Кишкумен болон түүнтэй гэрээ хийж үгсэн түүнтэй хуйвалдагсад, тэд бүгд олдох боломжгүй тийм байдлаар өөрсдөө хүмүүсийн дунд хутгалдав; гэвч олдсон бүгд нь үхлээр яллагдав.

13Мөн эдүгээ болгоогтун, хүмүүсийн дээрх захирагч бөгөөд ерөнхий шүүгч байхаар, ах Пахораныхоо оронд засаглахаар хүмүүсийн саналын дагуу Пекүменай тохоогдов; мөн энэ нь түүний эрхийн дагуу байв. Мөн энэ бүхэн шүүгчдийн засаглалын дөч дүгээр онд үйлдэгдэж; мөн тус он төгсгөл болов.

14Мөнхүү улиран тохиох дор шүүгчдийн засаглалын дөчин нэгдүгээр онд, леменчүүд тоолшгүй олон эрстэй их цэргийг нэгтгэн цуглуулж, мөн тэднийг сэлмээр, мөн илдээр мөн нум, мөн сумнууд, мөн толгойн дуулга, мөн цээжний хуягаар, мөн зүйл бүрийн бүх төрлийн хамгаалалтаар зэвсэглэсэн байв.

15Мөн тэд нифайчуудын эсрэг дайн өдөөж болохын тулд дахин уруудаж ирэв. Мөн тэд Кориантумр гэдэг нэртэй эрээр удирдуулсан байв; мөн тэрбээр Зарахемлагийн удам байв; мөн тэрээр нифайчуудын дундаас тэрслэгч байв; тэрбээр том биетэй мөн чадалтай эр байв.

16Тиймийн тул, Аммораны хүү асан, нэрийг нь Тубалоф гэдэг байсан леменчүүдийн хаан, Кориантумрыг чадалтай хүн байсан учраас нифайчуудын эсрэг өөрийн хүч чадал мөн түүнчлэн их мэргэн ухаанаараа зогсож чадна хэмээн, үүний хэрээр тэрээр түүнийг илгээснээрээ нифайчуудын дээр эрх мэдлийг олно хэмээн бодоод—

17Тиймийн тул тэр тэднийг уурлуулахаар өдөөн хатгаж, мөн тэрээр их цэргээ нэгтгэн цуглуулж, мөн тэрээр Кориантумрыг тэдний удирдагч байхаар тохоож, мөн тэднийг Зарахемлагийн нутаг уруу нифайчуудын эсрэг байлдахаар давшин очих болгов.

18Мөнхүү улиран тохиох дор засгийн газар дахь тийм их зөрчил мөн тийм их бэрхшээлийн учир, тэд Зарахемлагийн нутагт хангалттай харуулуудыг байлгасангүй; учир нь агуу их хот Зарахемлаг дайрахаар тэдний нутгуудын цээжинд леменчүүд ирж зүрхлэхгүй гэж тэд бодсон байв.

19Гэвч улиран тохиох дор Кориантумр өөрийн олон тоотой цэргийнхээ тэргүүнд давшин алхаж байв, мөн уг хотын оршин суугчдын дээр ирэв, мөн тэдний алхах нь үлэмж хурдан байсан тул их цэргээ нэгтгэн цуглуулах цаг нифайчуудад байсангүй.

20Тиймийн тул Кориантумр хотын хаалганы дэргэдэх харуулуудыг цавчиж, мөн бүх их цэрэгтэйгээ хотод давшин орж, мөн тэд өөрсдийг нь эсэргүүцсэн хүн бүрийг хөнөөж, үүний хэрээр тэд бүхэл хотыг эзэмшилдээ авсан ажгуу.

21Мөнхүү улиран тохиох дор ерөнхий шүүгч асан Пекүменай, Кориантумрын өмнө, бүр хотын хэрмийг хүртэл зугтав. Мөнхүү улиран тохиох дор Кориантумр түүнийг ханатай хавсран цохиж, үүний хэрээр тэр үхэв. Мөн Пекүменайн өдрүүд тийн төгсөв.

22Мөн эдүгээ Кориантумр Зарахемла хотыг эзэмшилдээ авснаа хараад мөн нифайчууд тэдний өмнө зугтаж, мөн алагдаж, мөн баривчлагдаж, мөн шоронд хаягдаж байсныг, мөн тэрээр бүх нутгийн хамгийн бат бөх хориглолтыг эзэмшилдээ олж авснаа хараад, түүний зүрх сэтгэл зоригжин үүний улмаас тэрээр бүх нутгийн эсрэг явах гэж байв.

23Мөн эдүгээ тэрээр Зарахемлагийн нутагт үлдсэнгүй, харин тэрээр томоохон их цэргийн хамт, бүр Өгөөмөр хотыг чиглэн давшин алхсан болой; учир нь тэрээр уг нутгийн умард хэсгүүдийг эзлэн авч болохын тулд урагшлан явж мөн илдний хүчээр өмнөө зам гаргах нь түүний хатуу шийдвэр байв.

24Мөнхүү, тэдний хамгийн их хүч нутгийн төвд байсан хэмээн бодоод, тиймийн тул тэдэнд жижиг хэсгүүдээс бусдаар бол нэгдэн цуглах цагийг өгөлгүйгээр тэр урагш давшив; мөн энэ маягаар тэд тэдний дээр бууж мөн тэднийг газарт хиаруулан унагав.

25Гэвч болгоогтун, алагдсан нифайчуудын тоо их олон байсан хэдий ч, уг нутгийн төв дундуурх Кориантумрын энэ давшилт тэдний дээр агуу давуу байдалтай байх боломжийг Моронайхад өглөө.

26Учир нь болгоогтун, леменчүүд уг нутгийн төвд орж ирж зүрхлэхгүй, харин тэд урьд нь тэгж байсныхаа адил хилийн ойролцоох хотуудад довтолно хэмээн Моронайха бодсон байв; тиймийн тул Моронайха хүчирхэг их цэргээ хилийн ойролцоох хэсгүүдийг хадгалан хамгаалуулахаар болгосон байлаа.

27Гэвч болгоогтун, леменчүүд түүний хүслийн дагуу айсангүй, харин тэд уг нутгийн төвд орж ирэн, мөн нийслэл хот Зарахемла хотыг авав, мөн хүмүүсийг, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, мөн хүүхдүүдийг аль алиныг нь их аллагаар хөнөөсөөр, олон хот мөн олон хориглолтыг эзэмшилдээ авсаар уг нутгийн хамгийн гол чухал хэсгүүдийн дундуур давшин явж байлаа.

28Гэвч Моронайха үүнийг олж мэдээд, тэднийг Өгөөмөр нутагт ирэхээс нь өмнө тэрээр Лихайг их цэргийн хамт тэднийг амдуулахаар тойруу замаар тэр даруй илгээв.

29Мөн тэрээр тийн үйлдэв; мөн тэрээр тэднийг Өгөөмөр нутагт ирэхээс нь өмнө тэднийг амдан тосов, мөн тэдэнтэй тулалдаж, үүний хэрээр тэд Зарахемлагийн нутгийн зүг гэдрэг ухарч эхлэв.

30Мөнхүү улиран тохиох дор Моронайха тэдний ухралтад тэднийг амдаж, мөн тэдэнтэй тулалдаж, үүний хэрээр энэ нь үлэмжийн цуст тулаан болов; тийм ээ, олон нь алагдав, мөн алагдсан тэдний дунд Кориантумр түүнчлэн байв.

31Мөн эдүгээ, болгоогтун, леменчүүд хаашаа ч, умардад ч, бас өмнөдөд ч, бас дорнодод ч, бас өрнөдөд ч ухрах замгүй байв, учир нь тэд тал бүрээсээ нифайчуудаар бүслэгдэв.

32Мөн тийн Кориантумр нифайчуудын дунд леменчүүдийг оруулсан байж, үүний хэрээр тэд нифайчуудын хүчинд автаж, мөн тэрээр өөрөө алагдав, мөн леменчүүд өөрсдийгөө нифайчуудын гарт өгчээ.

33Мөнхүү улиран тохиох дор Зарахемла хотыг Моронайха эзэмшилдээ буцаан авч, мөн олзлогдогсод болгосон леменчүүдийг амар тайвнаар уг нутгаас гаргах болгов.

34Мөн шүүгчдийн засаглалын дөчин нэгдүгээр он ийн төгсөв.