Судрууд
Мормоны Ном


Мозаягийн Ном

Бүлэг 10

Хаан Лемен насан эцэслэв—Түүний хүмүүс зэрлэг мөн догшин ширүүн мөн хуурамч заншлуудад итгэдэг болой—Зениф болон түүний хүмүүс тэдний эсрэг давамгайлав. Ойролцоогоор мэө 187–160 он.

1Мөнхүү улиран тохиох дор бид хаант улсыг дахин тохинуулж эхлэн мөн бид уг нутгийг дахин энх амгалан байдалд эзэмшиж эхлэв. Мөн леменчүүд миний хүмүүсийн эсрэг дайтахаар ирэх тэр цагт өөрийн хүмүүст зориулах зэр зэвсгүүд надад байж болохын тулд би дайны төрөл бүрийн зэвсгүүд хийгдэхээр болгов.

2Мөн леменчүүд санамсаргүй байхад маань бидний дээр дахин ирж мөн биднийг устгаж чадахгүйн тулд би нутгийн эргэн тойронд харуулууд гаргав; мөн тийн би хүмүүсээ мөн мал сүргээ харгалзаж, мөн тэднийг дайснуудынхаа гарт орохоос хамгаалж байв.

3Мөнхүү улиран тохиох дор эцэг өвгөдийн нутгийг бид олон жил, тийм ээ, хорин хоёр жилийн турш өвлөн суув.

4Мөн би эрчүүдийг газар боловсруулан, мөн бүх төрлийн тариа мөн янз бүрийн жимсний бүх төрлийг ургуулах болгосон билээ.

5Мөн бид нүцгэнээ хувцаслаж болохын тулд эмэгтэйчүүдийг утас ээрэх, нөр хөдөлмөрлөх хийгээд ажиллах, мөн бүх төрлийн нарийн нэхээст эд хийх, тийм ээ, мөн төрөл бүрийн даавуу хийхээр болгосон билээ би; мөн ийн бид уг нутагт дэгжив—ийн бид уг нутагт хорин хоёр жилийн турш үргэлжийн энх амгалан байв.

6Мөнхүү улиран тохиох дор хаан Лемен насан эцэслэв, мөн түүний оронд хүү нь засаглаж эхлэв. Мөн тэрээр өөрийн хүмүүсийг миний хүмүүсийн эсрэг эсэргүүцэлд өдөөн хатгав; тиймийн тул тэд дайнд бэлтгэж, мөн миний хүмүүсийн эсрэг тулалдахаар ирж эхлэв.

7Гэвч би тэдний бэлтгэлийг олж мэдэж болохын тулд, тэд миний хүмүүс дээр ирж мөн тэднийг устгаж болзошгүйн учир, би тэдний эсрэг хамгаалж болно хэмээн туршуулуудаа Шимлон нутгийн эргэн тойронд илгээсэн болой.

8Мөнхүү улиран тохиох дор тэд Шилом нутгийн умардад, олон тооны хүмүүстэйгээ, эрчүүд нь нумаар, мөн сумаар, мөн сэлмээр, мөн илдээр, мөн чулуу, мөн дүүгүүрүүдээр зэвсэглэн ирэв; мөн тэд үсээ хусуулсан учир толгой нүцгэн байв; мөн тэд хэвлийн тус газартаа ширэн халхавч бүсэлжээ.

9Мөнхүү улиран тохиох дор би хүмүүсийнхээ эмэгтэйчүүд мөн хүүхдүүдийг нь аглаг буйдад нуугдахаар болгов; мөн түүнчлэн зэвсэг хэрэглэж чадах өөрийн бүх настай эрчүүдийг, мөн түүнчлэн зэвсэг хэрэглэх боломжтой бүх залуу эрчүүдээ, леменчүүдийн эсрэг тулалдахаар нэгдэн цугларахаар болгов би; мөн би тэднийг насных нь дагуу хүн бүрийг эрэмбэлэн эгнээнд нь байрлуулсан бөлгөө.

10Мөнхүү улиран тохиох дор бид леменчүүдийн эсрэг тулалдахаар явав; мөн би, бүр би хүртэл, өтөл насандаа, леменчүүдийн эсрэг тулалдахаар явав. Мөнхүү улиран тохиох дор Их Эзэний хүчинд бид тулалдахаар явсан болой.

11Эдүгээ, леменчүүд Их Эзэний талаар, бас Их Эзэний хүчний талаар юу ч эс мэддэг, тиймийн тул тэд өөрсдийн хүчинд тулгуурлаж байв. Гэсэн ч тэд хүмүүний хүч чадлын хувьд хүчирхэг хүмүүс байлаа.

12Тэд зэрлэг, мөн догшин ширүүн, мөн цусанд шунасан хүмүүс, эцэг өвгөдийнхөө заншилд итгэдэг байв, тэр нь—тэд эцэг өвгөд нь алдсуудын учир Иерусалим нутгаас хөөгдөн гарсан гэдэгт, мөн тэд аглаг буйдад өөрсдийн ах дүүсээр шударга бусаар сүйтгэгдсэн, мөн тэд түүнчлэн далай гатлах үедээ шударга бусаар сүйтгэгдсэн гэдэгт итгэдэг байсан бөлгөө;

13Мөн түүнчлэн, тэд далайг гаталсны дараа анхны өвийн нутагтаа байх зуур тэд сүйтгэгдсэн гэдэгт, мөн энэ бүгд Нифай Их Эзэний зарлигуудыг дагахдаа илүү итгэлтэй байсны учир—тиймийн тул тэрээр Их Эзэнээр өндөр их ээл хишиг хүртээгдсэн аж, учир нь Их Эзэн түүний залбирлуудыг анхааран сонсож мөн тэдгээрт хариулсан байв, мөн тэрээр аглаг буйд дахь аяныхаа удирдлагыг авчээ.

14Мөн түүний ах нар Их Эзэний үйл хэргүүдийг үл ойлгохын учир түүнд хилэгнэж байсан ажээ; тэд түүнчлэн Их Эзэний эсрэг зүрх сэтгэлээ хатууруулсаны учир их усан дээр түүнд тэд хилэгнэсэн бөлгөө.

15Мөн түүнчлэн, тэд амлагдсан нутагт хүрч ирэхдээ, тэд хүмүүсийг удирдах эрхийг тэдний гараас тэрээр булаан авсан хэмээсний учир тэд түүнд хилэгнэсэн аж; мөн тэд түүнийг егүүтгэхийг эрэлхийлсэн болой.

16Мөн түүнчлэн, тэрээр Их Эзэн түүнд зарлигласны дагуу аглаг буйдад одож мөн гуулин ялтсууд дээр сийлбэрлэгдсэн цэдгүүдийг авсан учир тэд түүнд хилэгнэсэн аж, учир нь тэрээр тэднийг дээрэмдсэн хэмээн тэд хэлжээ.

17Мөн тийн тэд хүүхдүүддээ тэд тэднийг үзэн ядах, мөн тэд тэднийг алан хядаж, мөн тэд тэднийг дээрэмдэн мөн тэднийг тонох, мөн тэд бүгд тэднийг устгахын тулд чадах бүхнээ хийвэл зохино хэмээн сургасаар ирсэн билээ; тиймийн тул тэд Нифайн үрсийн талаар мөнхийн үзэн ядалтыг агуулдаг.

18Чухам энэхүү шалтгааны учир хаан Лемен өөрийн заль мэх, мөн хуурамч башир арга, мөн сайхан амлалтуудаараа намайг залилсан юм, иймээс тэд тэднийг устгаж болохын улмаас билээ, би өөрийн энэ хүмүүсийг энэ нутагт авчирсан; тийм ээ, мөн бид энэ олон жилийг уг нутагт зовж өнгөрөөв.

19Мөн эдүгээ би, Зениф, леменчүүдийн талаар эдгээр бүх зүйлийг өөрийн хүмүүст хэлсний дараа, би тэднийг өөрсдийн хүчээр, Их Эзэнд найдлагаа тавин, тулалдахаар явахыг тэдэнд уриалав; тиймийн тул, бид тэдэнтэй нүүр тулан тэмцэлдэв.

20Мөнхүү улиран тохиох дор бид тэднийг нутгаасаа дахин гаргав; мөн бид тэднийг хөнөөсөн нь асар их аллага болж, бүр бид тэднийг тоолшгүй тийм олон байсан бөлгөө.

21Мөнхүү улиран тохиох дор бид нутагтаа эргэж ирэв, мөн миний хүмүүс дахин мал сүргээ адуулж, мөн газраа боловсруулж эхлэв.

22Мөн эдүгээ би, өтөлсний учир, хөвгүүдийнхээ нэгэнд хаант улсыг шилжүүлэн өгөв; тиймийн тул, би өөрийг үл хэлнэ, мөн Их Эзэн миний хүмүүсийг адислах болтугай. Амен.