Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 20


Хэсэг 20

Нью-Йоркийн Фэйетийн ойролцоо бошиглогч Иосеф Смитээр дамжуулан, Сүмийн зохион байгуулалт ба удирдлагын талаар өгөгдсөн илчлэл оршвой. Энэ илчлэлийн зарим хэсэг, бүр 1829 оны зун өгөгдсөн байх магадлалтай. Тунхгууд болон Гэрээнүүд гэж тэр үед нэрлэгддэг байсан уг илчлэл нь бүтнээрээ 1830 оны 4-р сарын 6-ны (Сүм байгуулагдсан өдрийн) дараа удалгүй цэдэглэгдсэн байх магадлалтай. Бошиглогч бичихдээ, “Бошиглолын болон илчлэлийн суу билгээр бид Түүнээс (Есүс Христээс) дараах зүйлийг олж мэдсэн бөлгөө; энэ нь бидэнд их мэдээлэл өгсөн төдийгүй, харин Түүний таалал болон зарлигийн дагуу яг хэдний өдөр бид Түүний Сүмийг дэлхий дээр дахин зохион байгуулах ёстойг бидэнд бас зааж өгсөн юм” гэжээ.

1–16, Мормоны Ном хожмын үеийн ажлын бурханлаг чанарыг нотолдог; 17–28, Бүтээлт, уналт, цагаатгал, мөн баптисмын сургаалууд батлагдав; 29–37, Наманчлал, зөвтгөл, ариусал, мөн баптисмыг зохицуулах хуулиуд толилуулагдав; 38–67, Ахлагч, прист, багш мөн диконы үүргүүд дүгнэн нэгтгэгдэв; 68–74, Гишүүдийн үүрэг, хүүхдийн адислал мөн баптисмын маяг илчлэгдэв; 75–84, Ариун ёслолын залбирлууд болон Сүмийн гишүүнчлэлийг зохицуулах дүрмүүд өгөгдөв.

1 Энэ эцсийн өдрүүд дэх Христийн Сүмийн үүсэл нь, бидний Их Эзэн Аврагч Есүс Христийг маханбодод ирснээс хойш нэг мянга найман зуун гучин жилд, энэ нь Бурханы хүсэл болон зарлигуудаар хаврын дунд сард, мөн дөрөвдүгээр сар хэмээн нэрлэгддэг энэ сарын зургаа дахь өдөр манай орны хуулиудад нийцэн, зүй ёсоор зохион байгуулагдаж мөн үндэслэгдсэн бөлгөө—

2 Эдгээр зарлиг нь Бурханаас дуудагдаж, мөн Есүс Христийн төлөөлөгч, энэ сүмийн анхны ахлагч байхаар томилогдсон Бага Иосеф Смитэд өгөгдсөн болой;

3 Мөн тэрчлэн Бурханаас дуудагдан, Есүс Христийн төлөөлөгч, энэ сүмийн хоёр дахь ахлагч байхаар түүний гарын дор томилогдсон Оливер Каудерид буюу;

4 Мөн энэ нь бидний Их Эзэн ба Аврагч Есүс Христийн ач ивээлийн дагуу болой, түүнд бүх алдар суу одоо болон үүрд, аль алинд нь байх болтугай. Амен.

5 Энэхүү анхны ахлагч нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авсан нь өөрт нь үнэхээр үзүүлэгдсэний дараа, тэрээр дэлхийн хоосон зүйлүүдэд дахин орооцолдсон болой;

6 Гэвч итгэлээр дамжуулан наманчилж, өөрийгөө чин сэтгэлээсээ даруусгасны дараа, түүнд дүр төрх нь цахилгаан мэт, өмсгөл нь бусад бүх цагаанаас илүү цагаан мөн цэвэр нэгэн ариун тэнгэр элчээр дамжуулан Бурхан тохинуулсан авай;

7 Мөн түүнд бурханлагаар нөлөөлсөн зарлигуудыг түүнд өгсөн буюу;

8 Мөн өмнө нь бэлтгэгдсэн байсан хэрэгслээр Мормоны Номыг орчуулах хүчийг дээрээс түүнд өгсөн бөлгөө;

9 Энэ нь унасан хүмүүсийн цэдгийг мөн харийнханд болон тэрчлэн иудейчүүдэд очих ёстой Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг агуулдаг;

10 Энэ нь бурханлаг нөлөөллөөр өгөгдөж, мөн өөр заримд тэнгэр элч нарын тохинууллаар батлагдан, мөн тэднээр дэлхийд тунхаглагддаг авай—

11 Ариун судрууд үнэн гэдгийг, мөн Бурхан хүмүүст бурханлагаар нөлөөлж, эрт дээр үеийн адил энэ эрин үед тэднийг өөрийн ариун ажилд дууддагийг дэлхийд нотолдог болой;

12 Үүгээр тэрбээр өчигдөр, өнөөдөр, мөн үүрд нэг л адил Бурхан гэдгийг харуулдаг. Амен.

13 Тиймийн тул, ийм агуу нотолгоонуудтай учир, тэдгээрийн дагуу дэлхийнхэн, бүр үүнээс хойш энэ ажлын мэдлэгт ирэх болгон нь шүүгдэх болно.

14 Мөн үүнийг итгэлтэйгээр хүлээн авдаг мөн зөв шударгыг үйлддэг тэд мөнх амьдралын титмийг хүлээн авах болно;

15 Гэвч итгэлгүй байдалд зүрх сэтгэлээ хатууруулж, мөн үүнийг эсэргүүцдэг тэдэнд, энэ нь тэднийг өөрсдийнх нь буруутгалд хүргэх болно—

16 Учир нь Их Эзэн Бурхан үүнийг ярьсан билээ; мөн сүмийн ахлагчид бид, дээд тэнгэрийн алдар суут Цог Жавхлант Түүний үгсийг сонссон, мөн гэрчлэх авай, түүнд алдар суу нь үүрд мөн мөнхөд байх болтугай. Амен.

17 Эдгээр зүйлийн улмаас бид тэнгэрт оршигч Бурхан байдгийг мэддэг билээ, тэр бол эцэс төгсгөлгүй бөгөөд мөнхийн, үүрд мөнхөөс үүрд мөнхөд үл өөрчлөгдөх, тэнгэр ба дэлхийг мөн тэдгээр дэх бүх зүйлийг бий болгогч гэдгийг буюу;

18 Мөн тэрбээр өөрийнхөө дүрээр мөн өөртэйгөө адилаар хүмүүнийг, эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээсэн, тэрбээр тэднийг бүтээсэн гэдгийг буюу;

19 Мөн тэд цорын ганц амьд бөгөөд үнэн Бурхан болох өөрийг нь хайрлаж, мөн өөрт нь үйлчилж байх ёстой, мөн тэрээр тэдний шүтэн биширвэл зохих тэрхүү цорын ганц нь байх ёстой хэмээх зарлигуудыг тэдэнд өгчээ.

20 Харин эдгээр ариун хуулийг зөрчсөнөөр хүмүүн хүсэл тачаангуй бас чөтгөрийн санаатай болж, мөн унасан хүмүүн болжээ.

21 Иймийн тул, Бүхнийг чадагч Бурхан өөрийн Төрсөн Ганц Хүүгээ өгсөн болой, түүний тухай өгүүлсэн тэдгээр сударт бичигдсэний дагуу буюу.

22 Тэрээр уруу таталтуудыг тэсвэрлэсэн, гэхдээ тэдгээрт анхаарал тавьсан нь үгүй.

23 Тэрээр цовдлогдож, нас нөгчин, мөн гурав дахь өдөртөө дахин босож ирсэн ажгуу;

24 Мөн Эцэгийн баруун мутар талд заларч, Эцэгийн тааллын дагуу бүхнийг чадагч хүчээр хаанчлахаар тэнгэрт дээш одсон бөлгөө;

25 Ингэснээр түүний ариун нэрэнд итгэн мөн баптисм хүртэж, мөн эцсээ хүртэл итгэлтэйгээр тэвчсэн болгон нь аврагдах болой—

26 Зөвхөн цаг хугацааны голчид түүнийг маханбодод ирсний дараа итгэсэн тэд төдийгүй, Ариун Сүнсний бэлгээр өдөөгдөн ярьдаг байсан мөн бүх зүйл дээр түүний тухай үнэнээр гэрчилдэг байсан тэдгээр ариун бошиглогчийн үгсэд итгэсэн тэд нь, бас эхлэлээс байсан тэд бүгд нь, бүр түүнийг ирэхээс өмнө байсан болгон нь мөнх амьдралыг авах болно,

27 Мөн түүнчлэн, дараа нь ирэх тэд, Эцэгийн тухай мөн Хүүгийн тухай гэрчилдэг Ариун Сүнсээр Бурханы бэлгүүд болон дуудлагуудад итгэх тэд ч буюу;

28 Тэрхүү Эцэг, мөн Хүү, мөн Ариун Сүнс нь төгсгөлгүй бөгөөд мөнхийн, эцэсгүй нэг Бурхан болой. Амен.

29 Мөн бид бүх хүн наманчилж мөн Есүс Христийн нэрэнд итгэн, мөн түүний нэрээр Эцэгийг бишрэн шүтэж, мөн итгэлтэйгээр түүний нэрэнд эцсээ хүртэл тэвчих ёстойг, эс бөгөөс тэд Бурханы хаант улсад аврагдаж чадахгүйг мэднэ.

30 Мөн бидний Их Эзэн, Аврагч Есүс Христийн ач ивээлээр дамжсан зөвтгөл нь шударга бөгөөд үнэн болохыг бид мэднэ;

31 Мөн түүнчлэн бидний Их Эзэн болон Аврагч Есүс Христийн ач ивээлээр дамжсан ариусал нь шударга бөгөөд үнэнийг бид мэднэ, Бурханыг бүхий л чадавх, оюун ухаан, хүч чадлаараа хайрлаж мөн үйлчлэх тэд бүгдэд бөлгөө.

32 Гэвч хүмүүн ач ивээлийг алдаж мөн амьд Бурханаас холдож болох магадлал буй;

33 Тиймийн тул сүмийнхэн уруу таталтад унахгүйн тулд анхааралтай байж мөн ямагт залбираг;

34 Тийм ээ, бүр ариусгагдсан тэд тэрчлэн анхааралтай байг.

35 Мөн эдгээр зүйл үнэн бөгөөд мөн Иоханы илчлэлүүдийн дагуу гэдгийг бид мэднэ, түүний номд буй бошиглол дээр, ариун судрууд эсвэл Бурханы илчлэлүүд дээр бид нэмэх эсвэл тэдгээрээс хасах нь үгүй, үүнээс хойш Ариун Сүнсний бэлэг болон хүчээр, Бурханы дуу хоолойгоор эсвээс тэнгэр элч нарын тохинууллаар ирэх тэрхүү илчлэлүүдээс ч буюу.

36 Мөн Их Эзэн Бурхан үүнийг ярьсан болой; мөн хүндэтгэл, сүр хүч, мөн алдар суу түүний ариун нэрэнд эдүгээ болон үргэлж өгөгдөх болтугай. Амен.

37 Мөн түүнчлэн, баптисмын маягийн талаар сүмд зарлиг болгон өгье—Бурханы өмнө өөрсдийгөө даруусгах тэд, мөн баптисм хүртэхийг хүсэх тэд мөн харууссан зүрх мөн гэмшсэн сэтгэлтэйгээр ирэх тэд, мөн бүх нүглээсээ үнэхээр наманчилснаа мөн эцсээ хүртэл түүнд үйлчлэх шийдвэртэйгээр Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авахад бэлэн байгаагаа сүмийн өмнө гэрчлэгч тэд бүгд нь, мөн нүглүүдээсээ ангижиртлаа Христийн Сүнснээс хүлээн авсан гэдгээ өөрсдийн ажлуудаар үнэхээр үзүүлдэг тэд бүгд нь түүний сүмд баптисмаар хүлээн авагдах болно.

38 Ахлагч, прист, багш, диконы, мөн Христийн сүмийн гишүүний үүрэг хариуцлага нь—Төлөөлөгч бол ахлагч юм, мөн баптисм хүртээх нь түүний дуудлага болой;

39 Мөн бусад ахлагч, прист, багш, диконыг томилох нь болой;

40 Мөн талх болон дарсыг—Христийн бие болон цусны бэлгэдлийг—адислах нь болой;

41 Мөн сүмд баптисм хүртэгчдийг судруудын дагуу, галын баптисм болон Ариун Сүнсний тулд гар тавин гишүүнээр батлах нь болой;

42 Мөн заах, тайлбарлах, ухуулах, баптисм хүртээх, мөн сүмийнхнийг харж хандах нь болой;

43 Мөн гар тавьж мөн Ариун Сүнсийг өгөн сүмийнхнийг гишүүнээр батлах нь болой;

44 Мөн бүх цуглааныг удирдах нь болой.

45 Ахлагч нь Бурханы зарлигууд болон илчлэлүүдийн дагуу, Ариун Сүнсээр удирдагдсаныхаа дагуу цуглаануудыг хөтлөн явуулах ёстой.

46 Пристийн үүрэг нь номлох, заах, тайлбарлах, ухуулах, мөн баптисм хүртээх, мөн ариун ёслолыг адислах нь болой,

47 Мөн гишүүн бүрийн гэрээр айлчлан, мөн чанга дуугаар болон хувьдаа залбирахыг, мөн гэр бүлийн бүх үүргээ гүйцэтгэхийг тэдэнд ухуулах нь болой.

48 Мөн тэрээр бас бусад прист, багш нар болон диконуудыг томилж болно.

49 Мөн тэрээр ахлагч байхгүй үед цуглаануудыг удирдах ёстой;

50 Харин ахлагч байгаа үед тэрээр зөвхөн номлож, зааж, тайлбарлаж, ухуулж мөн баптисм хүртээх ёстой,

51 Мөн гишүүн бүрийн гэрээр айлчлан, мөн чанга дуугаар болон хувиараа залбирахыг, мөн гэр бүлийн бүх үүргээ гүйцэтгэхийг тэдэнд ухуулах нь болой.

52 Эдгээр бүх үүрэгт прист нь, нөхцөл байдал шаардах аваас ахлагчид туслах ёстой.

53 Багшийн үүрэг нь сүмийнхнийг ямагт харж хандах, мөн тэдэнтэй хамт байж мөн бэхжүүлэх нь болой;

54 Мөн сүмд алдас байхгүй, мөн бие биедээ хахир хатуу хандахгүй, мөн худал хэлэхгүй, муулахгүй, мөн шүүмжлэхгүй байхад анхаарах нь болой;

55 Мөн сүм хамтдаа ойр ойрхон цуглахыг анхаарч, мөн тэрчлэн бүх гишүүн үүргээ биелүүлж байгааг анхаарах нь болой.

56 Мөн ахлагч юм уу прист байхгүй үед тэрээр цуглаануудыг удирдах ёстой—

57 Мөн сүм дэх өөрийн бүх үүрэгт, хэрэв нөхцөл байдал шаардах аваас диконуудаар байнга туслуулж байх ёстой.

58 Гэвч багш нар ч мөн диконууд ч баптисм хүртээх, ариун ёслолыг адислах, эсвээс гар тавих эрх мэдэлгүй болой;

59 Гэсэн хэдий ч, тэд сэрэмжлүүлж, тайлбарлаж, ухуулж, зааж, мөн Христэд ирэхэд бүгдийг урьдаг байх ёстой.

60 Ахлагч, прист, багш мөн дикон бүр, өөрт нь өгөгдсөн Бурханы бэлгүүд болон дуудлагуудын дагуу томилогдох ёстой; мөн тэрээр өөрийг нь томилох нэгэнд байдаг тэрхүү Ариун Сүнсний хүчээр томилогдох ёстой.

61 Христийн энэ сүмийг бүрдүүлэгч хэд хэдэн ахлагч гурван сард нэг удаа юм уу, дурдсан чуулгануудын тодорхойлж буюу товлосноор үе үе чуулганд цуглах ёстой;

62 Мөн дурдсан чуулганууд нь тухайн үед хийгдэх нь чухал байгаа сүмийн аливаа ажлыг гүйцэтгэх ёстой.

63 Ахлагчид өөрсдийн үнэмлэхийг бусад ахлагчдаас, өөрсдийн харьяалагддаг сүмийн саналаар юм уу чуулгануудаас хүлээж авах ёстой.

64 Пристээр томилогдсон прист, багш юм уу дикон бүр, тухайн үедээ түүнээс гэрчилгээ авч болох ба уг гэрчилгээг ахлагчид өгснөөр тэрээр дуудлагынхаа үүргүүдийг гүйцэтгэх эрх мэдлийг түүнд өгөх үнэмлэхийг авах эрхтэй болно, эсвэл тэрээр уг үнэмлэхийг чуулганаас хүлээн авч болно.

65 Тухайн хүнд албан ёсоор зохион байгуулагдсан салбар байгаа үед уг сүмийн саналгүйгээр нэг ч хүн энэ сүмийн ямар ч албан тушаалд томилогдох ёсгүй;

66 Гэвч санал хураалт явагдах сүмийн салбар байхгүй газарт тэргүүлэгч ахлагчид, аялагч бишопууд, дээд зөвлөлийн гишүүд, дээд пристүүд, мөн ахлагчид нь томилох онцгой боломжтой байж болно.

67 Дээд санваарын ерөнхийлөгч (буюу тэргүүлэгч ахлагч), бишоп, дээд зөвлөлийн гишүүн мөн дээд прист бүр нь дээд зөвлөл юм уу ерөнхий чуулганы удирдамжаар томилогдох ёстой.

68 Баптисмаар тэд хүлээн авагдсаны дараах гишүүдийн үүрэг хариуцлага нь—Бүх зүйлс эмх цэгцэд хийгдсэн байж болохын тулд, тэд ариун ёслолоос хүртэхээс өмнө мөн ахлагчид гар тавьж тэднийг гишүүнээр батлахаас өмнө, ахлагчид эсвэл пристүүд Христийн сүмийн талаарх бүх зүйлийг тэдэнд ойлгуулахын тулд тайлбарлах хангалттай цагтай байх ёстой.

69 Мөн гишүүд нь бурханлаг алхаа болон яриагаараа сүмийн өмнө, мөн тэрчлэн ахлагчдын өмнө эдгээрт зохистой гэдгээ харуулах ёстой, тэгснээр ариун судруудад нийцэх ажлууд болон итгэл—Их Эзэний өмнө цэвэр ариун байдалд алхах нь байж болохын тулд буюу.

70 Христийн сүмийн, хүүхэдтэй гишүүн бүр тэднийг сүмийн өмнө ахлагчдад авчрах ёстой, тэд Есүс Христийн нэрээр тэдэн дээр гар тавин, мөн түүний нэрээр тэднийг адислах ёстой.

71 Тэрээр Бурханы өмнө хариуцлагын насанд хүрсэн бөгөөд наманчлах чадвартай байхаас бусдаар хэн ч Христийн сүмд хүлээн авагдаж чадахгүй.

72 Баптисм нь наманчилдаг тэд бүгдэд дараах маягаар гүйцэтгэгддэг байх ёстой–

73 Бурханаас дуудагдаж, мөн Есүс Христээс баптисм хүртээх эрх мэдлийг авсан хүн нь, баптисм хүртэхээр өөрөө ирсэн тэр хүний хамт ус руу орж, түүнийг нэрээр нь дуудан, ийн хэлнэ: Есүс Христийн итгэмжилснээр би танд Эцэг, мөн Хүү, мөн Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээж байна. Амен.

74 Тэгээд тэрээр түүнийг усанд умбуулж, мөн уснаас буцааж гаргана.

75 Сүм нь Их Эзэн Есүсийг дурсан санаж, талх болон дарсыг хүртэхийн тулд ойр ойрхон хамтдаа цуглах нь чухал болой;

76 Мөн ахлагч юм уу прист үүнийг адислах ёстой; мөн тэрээр энэ маягаар үүнийг адислах ёстой—тэрээр сүмийнхэнтэй хамт сөгдөн сууж мөн Эцэгт хандан чин сэтгэлийн залбиралд хэлэх нь:

77 Ай Бурхан, Мөнхийн Эцэг минь, үүнээс хүртэх хүн бүрийн бодгалийн тусын тулд, тэд таны Хүүгийн биеийг дурсан, идэж болохын тулд, түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болохын тулд, тэд өөрсдөдөө таны Хүүгийн нэрийг авахад, мөн үргэлж түүнийг санахад, мөн өөрсдөд нь өгсөн түүний зарлигуудыг сахихад бэлэн гэдгээ, ай Бурхан, Мөнхийн Эцэг танд гэрчилж болохын тулд энэ талхыг адисалж мөн ариусгахыг таны Хүү, Есүс Христийн нэрээр бид танаас гуйж байна. Амен.

78 Дарсыг адислах маяг нь энэ болой—тэрээр тэрчлэн аягыг авч, мөн хэлэх нь:

79 Ай Бурхан, Мөнхийн Эцэг минь, үүнээс уух хүн бүрийн бодгалийн тусын тулд, тэд өөрсдийнх нь төлөө асгаруулсан таны Хүүгийн цусыг дурсан үүнийг үйлдэж болохын тулд; түүний Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгаж болохын тулд, тэд үргэлж түүнийг санадаг гэдгээ, ай Бурхан, Мөнхийн Эцэг танд гэрчилж болохын тулд, энэ дарсыг адисалж мөн ариусгахыг таны Хүү Есүс Христийн нэрээр бид танаас гуйж байна. Амен.

80 Зөрчсөн эсвэл бурууг үйлдэж баригдсан Христийн сүмийн ямар ч гишүүн судруудад заагдсаны дагуу арга хэмжээ авахуулах ёстой.

81 Христийн сүмийг бүрдүүлэгч хэд хэдэн тойрог салбарын үүрэг нь өөрсдийнхөө нэг юм уу түүнээс дээш багш нарыг, сүмийн ахлагчдаар зохион байгуулагддаг хэд хэдэн чуулганд оролцуулахаар илгээх явдал байх болно,

82 Сүүлийн чуулганаас хойш сүмтэй өөрсдийгөө нэгтгэсэн хэд хэдэн гишүүний нэрсийн жагсаалтын хамт буюу; эсвээс хэн нэгэн пристийн гараар илгээх нь болой; тэгснээр нийт сүмийн байнгын нэрсийн жагсаалтыг ахлагчдын нэг нь бүртгэлд хадгалж болох болой, цагаас цагт бусад ахлагчдын томилох түүгээр буюу;

83 Мөн тэрчлэн, хэрэв хэн нэгэн нь сүмээс хасагдсан бол, тэгснээр тэдний нэрс сүмийн нэрсийн ерөнхий бүртгэлээс хасагдах болно.

84 Оршин суудаг газрынхаа нэгжээс шилжиж буй бүх гишүүн, хэрэв өөрсдийг нь үл мэдэх сүмд очиж байгаа бол тэд өөрсдийг нь албан ёсны гишүүн болохыг нь, мөн сайн байдалд байгааг нь нотолсон захидлыг авч очиж болно. Хэрэв уг захидлыг хүлээн авч байгаа гишүүн аливаа ахлагч юм уу пристийг хувиараа таньдаг бол уг гэрчилгээн дээр уг ахлагч юм уу пристээр гарын үсэг зуруулсан байж болно, эсвээс үүн дээр тухайн тойрог, салбарын багшаар юм уу диконоор гарын үсэг зуруулсан байж болно.