Ерөнхий чуулган
Амьдралыг тодорхойлогч сүнслэг дурсамжууд
2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Амьдралыг тодорхойлогч сүнслэг дурсамжууд

Хувийн бэрхшээл эсвэл хяналтаас тань гарсан дэлхийн хүчин зүйлсээс болж бидний замыг харанхуйлах үед амьдралын маань номон дахь амьдралыг тодорхойлогч сүнслэг дурсамжууд урдах замыг маань гэрэлтүүлдэг гэрэлт чулуу мэт байдаг.

Анхны үзэгдлээс хойш 18 жилийн дараа бошиглогч Иосеф Смит өөрт нь тохиолдсон зүйлийн талаар дэлгэрэнгүй түүх бичсэн. Тэр эсэргүүцэл, хавчлага, доромжлол, заналхийлэл, харгис халдлагад өртөж байсан.1 Гэсэн ч тэрээр Анхны үзэгдлийнхээ талаар ийн зоригтой тунхагласан. “Үнэндээ би гэрэл харсан бөгөөд тэр гэрлийн дунд хоёр Хүнийг харсан, бас тэд үнэн бодитойгоор надтай ярилцсан билээ; энэ нь үнэн хэдий ч намайг үзэгдэл харсан хэмээн хэлсний төлөө мөрдөн хавчиж, мөн үзэн ядаж байсан юм; … Би үүнийг мэдэх бөгөөд Бурхан ч үүнийг мэднэ гэдгийг мэднэ, би үүнийг үгүйсгэж чадахгүй.”2

Хүнд хэцүү үедээ Иосеф хориод жилийн өмнөх, Бурхан өөрийг нь хайрладаг гэсэн баталгааг мөн эртнээс зөгнөн хэлсэн Сэргээлтийг урин авчирсан үйл явдлуудыг эргэн дурсдаг байв. Сүнслэг аяллынхаа талаар Иосеф “Миний түүхэнд итгээгүйнх нь төлөө би хэнийг ч буруутгахгүй. Энэ бүхнийг өөрийн биеэр туулаагүй байсан бол би ч итгэхгүй байх байсан”3 гэж хэлсэн байна.

Гэвч энэ үйл явдал бодит байсан ба тэр үүнийг огтхон ч мартаж, үгүйсгээгүй бөгөөд Картейж руу явж байхдаа гэрчлэлээ чимээгүй баталж байсан юм. Тэрээр “Хурга адил би аллага руу явж байна; гэвч би зуны өглөө лугаа тайван байна; Бурханд, мөн бүх хүмүүнд хүний мөсөөр гэм зэмгүй байхыг үргэлж хичээдэг билээ”4 хэмээжээ.

Таны амьдралыг тодорхойлогч сүнслэг дурсамжууд

Бошиглогч Иосефын жишээнээс бид сургамж авч болно. Ариун Сүнснээс хүлээн авдаг намуухан удирдамжийн зэрэгцээ Бурхан биднийг мэддэг, хайрладаг гэдгээ мөн онцгойлон, нээлттэй адисалж байгаагаа хүчирхэг байдлаар бидний хүн нэг бүрд үе үе баталдаг. Харин хүнд хэцүү үед маань Аврагч эдгээр туршлагыг ой тойнд минь сануулдаг.

Амьдралынхаа тухай бод. Олон жилийн турш би дэлхий даяарх мянга мянган хожмын үеийн гэгээнтний гүн гүнзгий сүнслэг туршлагыг сонссон ба тэдгээр нь Бурхан бидний хүн нэг бүрийг мэддэг, хайрладаг бөгөөд бидэнд Өөрийгөө илчлэхийг чин сэтгэлээсээ хүсдэг гэдгийг эргэж буцалтгүй баталсан юм. Эдгээр туршлага бидний амьдралын чухал мөчид эсвэл эхэндээ ердийн нэгэн тохиолдол мэт ирж болох боловч Бурханы хайрын онцгой хүчтэй сүнслэг байдлаар баталдаг юм.

Эдгээр сүнслэг тодорхой туршлагыг санах нь биднийг өвдөг сөгдөн сууж, бошиглогч Иосефын адил “Миний хүлээн авсан бүхэн тэнгэрээс байсан. Би үүнийг мэдэх бөгөөд Бурхан ч үүнийг мэднэ гэдгийг мэднэ”5 хэмээн тунхаглахад хүргэдэг.

Дөрвөн жишээ

Бусад хүний амьдралыг тодорхойлсон сүнслэг дурсамжийг жишээ болгон хуваалцах үеэр та нар өөрсдийн дурсамжийг эргэн санаарай.

Зураг
Рассэлл М.Нэлсон эмч

Олон жилийн өмнө зүрхний хоёр хавхлагынх нь үйл ажиллагаа алдагдсан гадасны нэгэн ахимаг насны патриарх, тэр үед гэмтсэн хоёр дахь хавхлагыг нь мэс заслын аргаар шийдвэрлэх боломжгүй байсан ч тухайн үед эмч байсан Рассэлл М.Нэлсоноос арга чарга олохыг гуйжээ. Нэлсон эмч эцэст нь хагалгаа хийхийг зөвшөөрөв. Ерөнхийлөгч Нэлсоны үгсээс эш татъя.

“Эхний хавхлагын бөглөрлийг гаргасны дараа бид хоёр дахь хавхлагыг ил гаргав. Хоёр дахь хавхлага гэмтээгүй боловч цаашид хэвийн ажиллах боломжгүй болтлоо нэлээн зузаарсан байсныг бид олж мэдлээ. Уг хавхлагыг шалгаж байхад ‘Тойргийн эзлэхүүнийг нь багасга‘ гэсэн үгс толгойд маш тодорхой орж ирэв. Би тэр үгийг туслахдаа хэлэв. ‘Хэрэв бид тойргийг хэвийн хэмжээнд нь оруулан багасгаж чадвал хавхлагын эд эс хангалттай хүрэлцэнэ’ гэлээ.

Харин яаж? … Энд нугалаад, тэнд хуниад гээд оёдлыг яг хаана тавихыг харуулсан тод дүр зураг миний нүдэнд зурайн харагдав. … Тасархай шугамын дагуу оёдлыг хаана тавьж дуусгах талаар толгойд орж ирсэн дүр зургийг би одоо ч мартаагүй. Толгойд орж ирсэн бүдүүвч зургаар бид хагалгааг хийж дуусгаж билээ. Бид хавхлагын ажиллагааг шалгаж үзээд, шүүрэлт маш гайхалтай багассан болохыг олж мэдэв. Туслах маань “Энэ бол гайхамшиг байлаа”6 гэсэн. Үүний дараа тэр патриарх олон жил амьдарсан юм.

Нэлсон эмч удирдамж хүлээн авсан. Удирдамж хүлээн авснаа мэдэж байгааг нь Бурхан мэдэж байгааг тэр мэдэж байлаа.

Зураг
Бэатрис Магрэ

Кэти бид хоёр Бэатрис Магрэтай 30 жилийн өмнө Францад анх танилцсан юм. Өсвөр насандаа баптисм хүртсэнийх нь дараа сүнслэг байдлын хувьд амьдралд нь нөлөөлсөн нэгэн үйл явдлыг Бэатрис саяхан надад ярьсан. Тэрээр ийн ярьсан юм.

“Манай салбарын өсвөр үеийнхэн Бордогоос цаг хагасын зайтай байдаг Лаканау эрэг рүү удирдагчидтайгаа хамт аялсан юм.

Гэртээ харихын өмнөхөн удирдагчдын маань нэг нь сүүлийн удаа усанд сэлэхээр шийдэж, нүдний шилтэйгээ давалгаа руу шумбан орлоо. Түүнийг уснаас гарч ирэхэд шил нь алга болсон байв. … Далайд хаясан бололтой.

Нүдний шилээ алга болгосон тул тэр машинаа жолоодож чадахгүйд хүрсэн юм. Бид гэрээсээ хол гацаанд орох байлаа.

Нэг итгэлтэй эгч бүгдээрээ залбиръя гэв.

Залбирлаа гээд нэмэргүй шүү дээ гэж би бувтнасан ч бүсэлхий давсан булингартай усанд зогсонгоо олны өмнө залбирахад нь дуртай дургүй нэгдэж билээ.

Залбирсны дараа би хүмүүс рүү ус цацахаар гараа ус руу дүрлээ. Далайн усан дээгүүр гараараа шүүрдэхэд нүдний шил гарт баригдах нь тэр. Бурхан бидний залбирлыг үнэхээр сонсож, хариулдаг юм байна гэсэн хүчтэй мэдрэмж бодгальд минь цоо нэвтлэх мэт мэдрэгдсэн юм.7

Дөчин таван жилийн дараа тэрээр энэ үйл явдлыг өчигдөрхөн болж өнгөрсөн мэт санадаг. Бэатрис адислагдаж, адислагдсан гэдгээ мэдэж байгааг нь Бурхан мэдэж байгааг тэр мэдэж байв.

Ерөнхийлөгч Нэлсон, Магрэ эгч хоёрын туршлага хоорондоо адилгүй ч Бурханы хайрыг тодорхойлогч мартагдашгүй сүнслэг дурсамжийг хоёулангийнх нь зүрх сэтгэлд үлдээсэн юм.

Эдгээр амьдралыг тодорхойлогч үйл явдал сэргээгдсэн сайн мэдээний талаар судлахад юм уу сайн мэдээг бусадтай хуваалцах үед ирдэг.

Зураг
Флорипэз Лузиа Дамасио ба Нийл<nb/>Л.Андэрсэн

Энэ бол 2004 онд Бразилын Сао Паулод авсан зураг. Энэ үед Бразилын Ипатинга гадасны Флорипэз Лузиа Дамасио 114 настай байсан. Дамасио эгч өөрийн хөрвөлтийн талаар ярьж байхдаа, тосгоных нь хүндээр өвдсөн хүүхдэд номлогчид санваарын адислал өгч, тэр хүү гайхалтайгаар эдгэрсэн тухай надад ярьсан юм. Тэр үүний дараа илүү ихийг мэдэхийг хүсжээ. Түүнийг захиасынх нь талаар залбирч байхад Сүнсний үгүйсгэхийн аргагүй гэрч Иосеф Смит Бурханы бошиглогч байсныг түүнд баталсан аж. Тэр 103 насандаа баптисм хүртэж, 104 насандаа хишиг хүртсэн. Үүнээс хойш тэрээр жил бүр ариун сүмд долоо хоног орохоор 14 цаг автобусаар явдаг байжээ. Дамасио эгч тэнгэрлэг баталгаа хүлээн авсан ба гэрч нь үнэн гэдгийг мэдэж байгааг нь Бурхан мэдэж байгааг мэдэж байв.

Одоогоос 48 жилийн өмнө, Францад анхны номлолоо хийж байх үеийн сүнслэг дурсамжаа хуваалцъя.

Хамтрагч бид хоёр гадуур номлож яваад, нэгэн настай эмэгтэйд Мормоны Ном үлдээсэн юм. Ойролцоогоор долоо хоногийн дараа эмэгтэйн гэрт буцаж ирэхэд тэр хаалгаа нээв. Ярьж ч эхлээгүй байхад би бодит, сүнслэг хүчийг мэдэрсэн. Хатагтай Алис Аудубэртийг биднийг урьж оруулан, Мормоны Номыг уншиж, үнэн гэдгийг нь мэдсэнээ хэлэх үед би энэ хүчтэй мэдрэмжийг мэдэрсээр л байв. Биднийг тэр өдөр тэдний гэрээс явах үед би “Тэнгэрлэг Эцэг минь, сая төрсөн мэдрэмжээ хэзээ ч мартахгүй байхад минь туслаач” гэж залбирч билээ. Үүнийг би хэзээ ч мартаагүй.

Зураг
Ахлагч Андэрсэн номлогч байхдаа

Энгийн мэт санагдах тэр мөчид, өөр олон хаалгатай адилхан тэр нэг хаалган дээр би тэнгэрийн хүчийг мэдэрсэн. Тэнгэрийн цонх нээгдсэнийг мэдсэнийг минь Бурхан мэдэж байгаа гэдийг би мэдэж байсан юм.

Хувь хүнд зориулсан ба үгүйсгэх аргагүй

Эдгээр амьдралыг тодорхойлогч сүнслэг цаг мөч хүн бүрд өөрөөр, өөр өөр цаг хугацаанд, өөр өөр арга замаар ирдэг.

Судар дээрх дуртай жишээгээ бодож үзээрэй. Төлөөлөгч Петрийг сонсож байсан “хүмүүсийн зүрх хөнд[өгд]сөн.”8 Лемен үндэсний Эбиш гэгч нэгэн бүсгүй “эцгийнхээ гайхамшигт үзэгдэлд”9 итгэсэн. Иносын оюун ухаанд нэгэн дуу хоолой сонсогдов.10

Миний найз Клэйтон Кристэнсэн Мормоны Номыг ихэд залбирч байж уншиж байсан туршлагаа ийн тайлбарласан. “Нэгэн сайхан, халуун дулаан, хайраар дүүрэн Сүнс намайг хүрээлэн авч, миний мэдэрнэ гэж огт төсөөлж байгаагүй хайраар өлгийдөн авч, бодгальд минь нэвтрэн орсон юм [энэ мэдрэмж хэдэн орой дараалан мэдрэгдэж байв].”11

Заримдаа сүнслэг мэдрэмж зүрх сэтгэлд гал мэт шатаж, бидний бодгалийг гэрэлтүүлдэг. Иосеф Смит заримдаа бид “гэнэтийн санаанууд,” заримдаа “цэвэр оюун ухаан”12 хүлээн авдаг гэж тайлбарласан.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийм зүйл хэзээ ч тохиолдож байгаагүй гэж чин сэтгэлээ хэлсэн нэгэн хүнд “Магадгүй залбирал тань ахин дахин хариулагдаж байсан байх. Гэвч та асар том тэмдэг ирэхийг, чанга дуу хоолой сонсогдохыг хүлээж байсан болохоор хариулт авч байгаагүй гэж бодож байж болох юм”13 гэж зөвлөжээ. Аврагч Өөрөө “галаар мөн Ариун Сүнсээр [адислагдсан]” боловч үүнийгээ мэдээгүй”14 агуу итгэлтэй хүмүүсийн талаар ярьсан.

Та Түүнийг хэрхэн сонсдог вэ?

Бид саяхан ерөнхийлөгч Нэлсоны “Би та нарыг ‘Та Түүнийг хэрхэн сонсдог вэ?’ гэсэн энэ чухал асуултын талаар байнга, нухацтай бодоосой хэмээн урьж байна. Би та нарыг бас Түүнийг илүү сайн, байнга сонсох алхмууд хийхийг урьж байна”15 гэж хэлэхийг сонссон. Тэр энэ урилгаа өнөө өглөө давтан хэлсэн.

Бид ариун ёслолоос зохистой хүртэн, итгэлээ тунхаглаж, бусдад үйлчилж мөн бусад итгэгчийн хамт ариун сүмд очсоноор өөрсдийн залбирал, гэр орон, судар болон сүмийн дууллуудаас Түүнийг сонсдог. Амьдралыг тодорхойлогч сүнслэг цаг мөч биднийг Ерөнхий чуулганыг залбирч сонсоход мөн зарлигуудыг илүү сайн дагах үед ирдэг. Эдгээр туршлага хүүхдүүд та нарт ч бас хамаатай. Есүс “[хүүхдүүдэд] зааж мөн тохинуулж, агуу хийгээд гайхамшигт зүйлийг ярьсан”16 гэдгийг сана. Их Эзэн ийн хэлсэн.

“Миний Сүнсээр та нарт [энэ мэдлэг] өгөгдсөн авай, … мөн миний хүчээр биш байсан аваас, та нарт тэдгээр нь байж чадахгүй байсан буюу;

Иймийн тул, миний дуу хоолойг сонссоноо, мөн миний үгийг мэднэ гэдгээ та нар гэрчилж чадна.”17

Аврагчийн юутай ч зүйрлэшгүй Цагаатгалын адислалын ачаар бид “Түүнийг сонсож” чадна.

Бид эдгээр амьдралыг тодорхойлогч цаг мөчийг хэзээ хүлээн авахаа сонгож чадахгүй ч ерөнхийлөгч Хэнри Б.Айринг биднийг бэлтгэхэд туслах дараах зөвлөгөөг өгсөн. Тэрээр “Та өнөөдөр мөн маргааш орой “Бурханд зөвхөн надад зориулж ямар нэг захиас илгээсэн болов уу? Би Түүний мутрыг өөрийн болон [гэр бүлийнхээ] амьдралаас харж байсан уу?”18 гэж асуун залбирч, тунгаан бодож болно. Итгэл мөн дуулгавартай, даруу байдал, чин хүсэл нь тэнгэрийн цонхыг нээдэг19 хэмээсэн.

Үзүүлэн

Зураг
Амьдралд юу хийхээ мэдэх нь
Зураг
Сүнслэг дурсамжууд гэрэл өгдөг
Зураг
Сүнслэг гэрлийг дахин олж нээхэд нь бусдад туслах

Та сүнслэг дурсамжуудынхаа талаар ийн бодож болно. Байнга залбиран, гэрээгээ сахих шийдвэр төгс байснаар мөн Ариун Сүнсний бэлгээр дамжуулан бид амьдралаа удирдан чиглүүлж чадна. Хувийн бэрхшээл, эргэлзээ, урам хугаралт бидний замыг харанхуйлж эсвэл хяналтаас тань гарсан дэлхийн хүчин зүйлсээс болж ирээдүйн талаар санаагаа чилээх үед амьдралын маань номон дахь амьдралыг тодорхойлогч сүнслэг дурсамжууд урдах замыг маань гэрэлтүүлдэг гэрэлт чулуу мэт байж, Бурхан биднийг мэддэг, хайрладаг, бидэнд гэртээ эргэж ирэхэд туслахын тулд Өөрийн Хүү Есүс Христийг илгээсэн гэдгийг бидэнд баталдаг. Хэн нэгэн өөрийн амьдралыг тодорхойлогч дурсамжаа мартаж, төөрсөн эсвэл төөрөлдсөн бол бид өөрсдийн итгэл, дурсамжийг тэдэнтэй хуваалцаж, нэгэн цагт нандигнан хайрлаж явсан тэдгээр сүнслэг мөчөө дахин нээж олоход нь тусалснаар тэднийг Аврагч руу хөтөлдөг билээ.

Зарим туршлага маш ариун нандин тул бид тэдгээрийг ой санамждаа хадгалж, бусадтай хуваалцахгүй байх ёстой.20

“Тэнгэр элчүүд Ариун Сүнсний хүчээр ярьдаг; иймийн тул, тэд Христийн үгсийг ярьдаг.21

“Тэнгэр элчүүд ч хүмүүний үрсэд тохинуулахаа больсон нь үгүй.

Учир нь болгоогтун, хүчит итгэлтэй мөн гуйвшгүй бодолтой тэдэнд бурханлиг чанар бүрээр өөрсдийгөө үзүүлэхээр, түүний зарлигийн үгийн дагуу тохинуулахаар тэд түүнд харьяалагддаг.”22

“Харин Туслагч буюу … Ариун Сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно.”23

Ариун нандин дурсамжуудаа нандигнан хайрла. Тэдгээртээ итгэ. Тэдгээрийг бичиж ав, гэр бүлийнхэнтэйгээ хуваалц. Тэдгээр нь Тэнгэрлэг Эцэгээс болон Түүний Хайрт Хүүгээс танд ирдэг гэдэгт итгэ.24 Эргэлзэх үедээ тэвчээртэй байхад, бэрхшээл тулгарах үед ойлголтыг авчрахад тэдгээрийг ашиглаарай.25 Хэрэв та амьдралыг тодорхойлогч сүнслэг үйл явдлуудаа хүлээн зөвшөөрч, нандигнан хайрлахад бэлэн байх юм бол тэдгээр нь ар араасаа даган ирнэ гэдгийг би танд амлаж байна. Тэнгэрлэг Эцэг таныг мэддэг бас хайрладаг.

Есүс бол Христ, Түүний сайн мэдээ сэргээгдсэн бөгөөд бид итгэлтэй хэвээр үлдсэнээр мөнхөд Түүнийх байх болно гэдгийг би Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эшлэлүүд

  1. Гэгээнтнүүд: Хожмын Үеийн Есүс Христийн Сүмийн түүхThe Story of the Church of Jesus Christ in the Latter Days, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 (2018), 150–53; түүнчлэн Joseph Smith, “History, 1838–1856, volume A-1 [23 December 1805–30 August 1834],” 205–9, josephsmithpapers.org; Гэгээнтнүүд, 1:365–366-г үзнэ үү.

  2. Иосеф Смит—Түүх 1:21–25

  3. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 525.

  4. Сургаал ба Гэрээ 135:4.

  5. Иосеф Смит—Түүх дээрх “Би үзэгдэл харсан; би үүнийг мэдэх бөгөөд Бурхан ч үүнийг мэднэ гэдгийг мэднэ” (Иосеф Смит—Түүх 1:25) гэсэн үгсэд миний сэтгэл үргэлж хөдөлдөг. Тэр Бурханы өмнө зогсоод, Ариун ойн цоорхойд болсон эдгээр үйл явдал үнэхээр амьдралд нь болж өнгөрсөн бөгөөд үүний улмаас амьдрал нь хэзээ ч урьдынх шигээ байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болсон. Би 25 орчим жилийн өмнө ахлагч Нийл А.Максвэллын энэ үгийн өөр хувилбарыг сонсож байсан. Тэр ийм нэг жишээг хуваалцсан. “Олон жилийн өмнө, 1945 оны 5-р сард намайг 18-тай байхад Окинава арал дээр надад яг ийм зүйл тохиолдсон. Японы их бууны дивизийнхэн бидэн рүү галласан явдал миний хувьд баатарлаг явдал биш, харин надад болон бусдын хувьд адислал байсан юм. Бидний байрлалыг удаа дараа онолгүй өнгөрсний дараа дайсны их буу эцэст нь байгаа онов. Тэд бүрэн устгахын тулд дахин галлаж болох байсан, гэвч дор хаяж нэг удаагийн, айж сандарсан, аминчхан залбирлын хариу тэнгэрээс ирсэн юм. Их буугаар галлахаа болив. … Би адислагдсан ба үүнийгээ мэдэж байгааг минь Бурхан мэднэ” (“Becoming a Disciple,” Ensign, June 1996, 19).

    Ахлагч Максвэлл зөвхөн тэр мэдэх биш, бас Бурхан адислагдсаныг нь мэдэхийн зэрэгцээ адислагдсанаа мэдэж байгааг нь Тэрээр мэднэ хэмээн нэмж хэлсэн юм. Бэлгэдлийн хувьд энэ нь миний үүрэг хариуцлага үүрэх чадварыг ахиулж байгаа хэрэг. Заримдаа Тэнгэрлэг Эцэг бидэнд өгдөг адислалаа бидний өмнөөс тэнгэрээс оролцсон гэсэн сүнсний хүчтэй баталгаатай хамт өгдөг. Үүнийг үгүйсгэхийн аргагүй. Энэ нь бидэнтэй үлддэг бөгөөд хэрэв бид үнэнч, итгэлтэй байвал ирээдүйд бидний амьдралыг өөрчлөх болно. “Би адислагдсан ба адислагдсан гэдгээ мэдэж байгааг маань Бурхан мэднэ гэдгийг мэднэ.”

  6. Russell M. Nelson, “Sweet Power of Prayer,” Liahona, May 2003, 8.

  7. Бэатрис Магрэ өөрийн түүхийг 2019 оны 10-р сарын 29 нд ахлагч Андэрсэнтай хуваалцсан. 2020 оны 1-р сарын 24 нд дахин э-мэйл илгээсэн.

  8. Үйлс 2:37.

  9. Алма 19:16

  10. Инос 1:5-ыг үзнэ үү.

  11. Clayton M. Christensen, “The Most Useful Piece of Knowledge,” Liahona, Jan. 2009, 23.

  12. Teachings: Joseph Smith, 132-ыг үзнэ үү.

  13. Dallin H. Oaks, Life’s Lessons Learned: Personal Reflections (2011), 116.

  14. 3 Нифай 9:20

  15. Russell M. Nelson, “‘How Do You #HearHim?’ A Special Invitation,” Feb. 26, 2020, blog.ChurchofJesusChrist.org.

  16. 3 Нифай 26:14

  17. Сургаал ба Гэрээ 18:35–36. Сүнслэг мэдлэгийн араас үргэлж мэдрэмж дагалдан ирдэг. “Та нар алдсыг үйлдэхдээ шаламгай боловч Их Эзэн Бурханаа санахдаа удаан юм. Та нар тэнгэр элчийг харсан, мөн тэрээр та нарт ярьсан; “тиймээ, та нар түүний дуу хоолойг цагаас цагт сонссон; мөн тэрээр намуухан зөөлөн дуугаар та нарт ярьсан, гэвч та нар мэдрэхээс өнгөрсөн, иймээс та нар түүний үгсийг мэдэрч чадсангүй” (1 Нифай 17:45).

  18. Henry B. Eyring, “O Remember, Remember,” Liahona, Nov. 2007, 69.

  19. 2 Нифай 31:13; Моронай 10:4-ийг үзнэ үү. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс 1991 онд Францын Бордо хот дахь манай номлолд айлчилсан юм. Тэр манай номлогчдод чин сэтгэлтэйгээр гэдэг нь залбирч байгаа хүн Их Эзэнд хандан “Би сониучирхаж биш, харин залбирлынхаа хариултын дагуу үйлдэхийн тулд чин сэтгэлээсээ асууж байна. Хэрэв та надад энэ хариултыг өгвөл бид амьдралаа өөрчлөх үйлдэл хийх болно. Би хариулна” гэж хэлж байгаа хэрэг хэмээн тайлбарласан.

  20. “Бурханы нууцуудыг мэдэх нь олонд өгөгдсөн юм; гэсэн хэдий ч тэдний түүнд хандуулах тэрхүү анхаарал мөн шаргуу байдлын хэрээр хүмүүний үрсэд соёрхдог үгсийн зөвхөн тэр хэсгийн дагуу л бус аваас хуваалцаж үл болно гэсэн чанд хатуу зарлигийг тэд хүлээсэн байдаг” (Алма 12:9).

    Ахлагч Нийл А.Максвэлл “[Сүнслэг туршлагаа] хэзээ хуваалцахаа мэдэхэд сүнслэг удирдамж хэрэгтэй. Би ерөнхийлөгч Марион Ж.Ромни хурц, мэргэн ухаанаа хослуулан ‘Хэрэв бид сүнслэг туршлагын талаар тэгтлээ их ярьдаггүй байсансан бол илүү их сүнслэг туршлага олж авах байсан’ гэж ярьж байсныг сонссоноо мартдаггүй юм” хэмээн хэлжээ (“Called to Serve” [Brigham Young University devotional, Mar. 27, 1994], 9, speeches.byu.edu).

  21. 2 Нифай 32:3.

  22. Moронай 7:29–30.

  23. Иохан 14:26.

  24. Сайн мэдээний адислалууд хүн бүхэнд хүртээлтэй. Чуулганы өмнөх долоо хоногт би хэлэх үгээ бэлэн болгочихоод байхдаа, 2002-2008 онд ерөнхий эрх мэдэлтэн Далаар үйлчилсэн Жэралд Н.Ландын бичсэн Divine Signatures: The Confirming Hand of God гэдэг нэртэй номд сүнслэгээр татагдсан. Ланд ахын үгс энэ чуулганы үгэнд агуулагдаж буй зарчмуудын хоёр дахь гэрч болсонд би баяртай байсан. Энэ ном амьдралыг тодорхойлогч сүнслэг дурсамжуудын тухай илүү их судлах хүсэлтэй хүмүүст таалагдах болно.

  25. Ерөнхийлөгч Томас С.Монсоны дуртай эшлэлүүдийн нэг бол Жэймс М.Барригийн дараах шүлгийн хэсэг юм. “Амьдралынхаа 12 сард 6-р сарын сарнайг авах боломж олгохын тулд Бурхан бидэнд дурсамж өгсөн” (Thomas S. Monson, “Think to Thank,” Liahona, Jan. 1999, 22). Сүнслэг дурсамжууд ч мөн үүнтэй адил. Тэдгээр нь 6-р сарын сүнслэг дурсамж хэрэгтэй амьдралын хүнд хэцүү үед бидэнд хамгийн их тус нэмэр болж болох юм.