Ерөнхий чуулган
Мормоны Ном ирсэн нь
2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Мормоны Ном ирсэн нь

Түүхэн баримтууд болон Мормоны Номын онцгой гэрчүүд энэ номын ирсэн нь үнэхээр гайхамшиг байсныг гэрчилдэг.

Бошиглогч Иосеф Смит Сүмийн ахлагчидтай нэгэн үйл явдлын үеэр уулзаж байхдаа “Мормоны Ном болон илчлэлтүүдийг авчихвал манай шашин яах бол? Бидэнд юу ч байхгүй болно”1 хэмээн тунхагласан. Хүндэт ах, эгч нар аа, Анхны үзэгдлийн дараа Мормоны Ном гайхамшигтайгаар гарч ирсэн нь энэ эрин үед Есүс Христийн сайн мэдээний илчлэгдэж буй Сэргээлтийн хоёр дахь чухал үе шат болсон. Мормоны Ном Бурханы хүүхдүүдээ гэсэн хайрын тухай болон Их Эзэн Есүс Христийн өөрийгөө үл бодсон, тэнгэрлэг цагаатгах золиосын тухай мөн амилсныхаа дараахан нифайчуудын дунд хийсэн чухал тохинууллын тухай гэрчилдэг.2 Энэ нь бас Израилын угсааны үлдэгдэл Түүний хожмын үеийн ажлаар дамжуулан нэгдмэл болж, мөн тэд мөнхөд хаягдахгүй хэмээн гэрчилдэг.3

Бид энэ хожмын өдрүүдэд судрын энэ ариун ном хэрхэн хүрч ирснийг судалснаар бошиглогч Иосеф ариун тэнгэр элчээс алтан ялтаснуудыг хүлээн авснаас эхлээд “Бурханы хүч болон бэлгээр”4 орчуулагдаж, хадгалан хамгаалагдаж, Их Эзэний мутраар хэвлэгдэх хүртэлх бүхий л ажил хэрэг гайхамшиг байсныг ойлгож эхэлдэг.

Мормоны Ном ирсэн нь Иосеф Смитийн тэнгэр элч Моронайн гараас алтан ялтаснуудыг хүлээн авахаас бүр өмнө эхэлсэн байв. Хуучин цагийн бошиглогчид энэ ариун нандин ном бидний цаг үед ирнэ хэмээн бошиглож байжээ.5 Исаиа нэгэн лацадсан номын талаар ярьсан бөгөөд энэ номыг гарч ирэх үед хүмүүс Бурханы үгэн дээр маргалдаж байх болно хэмээн хэлжээ. Энэ нөхцөл байдал ноомой нэгний “баяр хөөр Их Эзэнд өсөн нэмэгдэж, хүн төрөлхтний үгээгүйчүүд Израилын Ариун Нэгэндээ баяс[аж]” байхад Бурхан “мэргэдийн нь мэргэн нь мөхөж, ухаантнуудаас ухаан ялгах чадвар нь нууцлагд[ах]”6 болгож, “Өөрийн ер бусын гайхамшигт, гайхалтай зүйлийг” бүтээх орчинг бий болгодог. Езекиел Иудейн саваа (Библи), Ефраймын саваа (Мормоны Ном) хоёр нь нэг болон ирэх тухай ярьсан. Езекиел (Хуучин Гэрээнд), Лихай (Мормоны Номд) хоёр хоёул эдгээр нь буруу сургаалуудыг үгүйсгэж, амар амгаланг тогтоон, гэрээнүүдийн мэдлэгт биднийг авчрахад “хамтран нэгдэх” 7 болно гэдгийг харуулдаг.

1823 оны 9-р сарын 21-ний орой буюу Анхны үзэгдлээс гурван жил хагасын дараа Иосеф дээр чин сэтгэлийн залбирлынх нь хариуд эртний Америк дахь нифайчуудын хамгийн сүүлийн бошиглогч, тэнгэр элч Моронай гурвантаа айлчлан ирсэн. Шөнөжин үргэлжилсэн айлчлалынхаа үеэр Моронай Иосефт түүгээр хийлгэх гайхамшигтай ажил Бурханд байгааг, тухайлбал Америк тивийн эртний сүнслэгээр нөлөөлөгдсөн бошиглогчдын үгсийг орчуулж, дэлхий даяар хэвлүүлэх нэгэн ажил байгааг хэлэв.8 Маргааш нь Иосеф гэрээсээ холгүйхэн Моронайн амьдралынхаа төгсгөлд буюу олон зуун жилийн өмнө ялтаснуудыг булж орхисон газарт очив. Иосеф тэнд Моронайг дахин харсан бөгөөд тэр түүнд хожмоо ялтаснуудыг хүлээн авахын тулд өөрийгөө бэлтгэх ёстой хэмээн зааварлажээ.

Дараагийн дөрвөн жилийн хугацаанд жил бүрийн 9-р сарын 22-нд Иосеф Моронайгаас Их Эзэний хаант улсыг хожмын үед хэрхэн удирдах тухай нэмэлт зааврууд хүлээн авдаг байв. Иосефын бэлтгэлд Бурханы тэнгэр элч нарын айлчлалууд багтаж байсан ба үүгээр энэ эрин үед өрнөх үйл явдлуудын сүр жавхлан, алдар суу илчлэгдэж байлаа.9

1827 онд түүний Эмма Хэйлтэй гэрлэсэн явдал энэ бэлтгэлийнх нь нэг хэсэг болсон юм. Эмма амьдралынх нь туршид болон тохинууллынх нь үед бошиглогчид туслахад чухал үүрэг гүйцэтгэж байв. Үнэндээ 1827 оны 9-р сард Эмма Иосефыг ялтаснууд нуусан толгой руу даган явж, тэнгэр элч Моронайг Иосефын гарт цэдгийг гардуулан өгөх үед түүнийг хүлээж байв. Хэрэв Моронайн гарт цэдгүүдийг буцааж өгөх хүртэл тэдгээрийг аюулгүй байлгахын тулд бүх чадлаа дайчлах аваас эдгээр нь хадгалагдан үлдэх болно хэмээх амлалтыг Иосеф хүлээн авчээ.10

Сайн мэдээн дэх хүндэт хамтрагчид минь, өнөө үед олж нээсэн эрт дээр үеийн олдворуудын ихэнх нь археологийн малтлагын үеэр, тэр бүү хэл барилгын ажлын үеэр санаандгүй байдлаар олддог шүү дээ. Тэгвэл Иосеф Смитийг тэнгэр элч ялтаснууд руу чиглүүлсэн. Үүний үр дүн нь өөрөө гайхамшиг байв.

Мормоны Номын орчуулгын үйл явц бас гайхамшиг байсан. Энэхүү эртний ариун нандин цэдгийг эрдэмтдийн эртний хэл сурч, эртний бичвэр орчуулдаг уламжлалт аргаар “орчуулаагүй” байв. Бид энэ үйл явцыг хэлний мэдлэгтэй хүн “орчуулсан” гэж биш, харин Их Эзэнээс хангаж өгсөн хэрэгслүүдийн тусламжтай бий болсон “илчлэлт” хэмээн харах ёстой. Иосеф Смит Бурханы хүчээр дамжуулан “Би Мормоны Номыг Бурханы хүчээр [дүрс бичгээс] орчуулсан. Энэхүү мэдлэг дэлхийгээс алга болсон бөгөөд боловсролгүй залуу би энэхүү гайхамшгийг эзэмшиж, дэлхийн мэргэн ухаан хийгээд арван наймдугаар зууны үеийн харанхуй бүдүүлэг байдалтай шинэ илчлэлтээр ганцаар тулалдахад хүрсэн юм”11 хэмээн тунхагласан. Иосеф Смит ялтаснуудыг гайхамшигтай богино хугацаанд орчуулсныг авч үзвэл, тэдгээрийг орчуулахад Их Эзэн тусалсан нь тодорхой харагддаг.12

Иосефын бичээчид Мормоны Номын орчуулга дээр ажиллаж байхад нь илэрхий харагддаг байсан Бурханы хүчийн талаар гэрчилсэн байдаг. Оливер Каудери нэгэн удаа “тэнгэрийн нөлөөгөөр дуудан өгүүлэх дуу хоолойн доор, зүрх сэтгэлийн дээд баяр талархлыг мэдрэн суусан энэ өдрүүд хэзээ ч мартагдах аргагүй юм! Би өдөр бүр түүнийг ‘Мормоны Номыг’ … орчуулж байхад амнаас нь гарсан болгоныг тасралтгүй, үргэлжлүүлэн бичсээр байлаа”13 гэж хэлжээ.

Иосефыг 1827 онд ялтаснуудыг олж авсан мөчөөс эхлэн тэдгээрийг хулгайлах оролдлогууд гарсаар байсан гэж түүхэн эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Тэрээр “[ялтаснуудыг] [түүнээс] авахын тулд хамгийн идэвхтэй оролдлогууд хэрэглэгдэж байсан” ба “уг зорилгын тулд хүний санаанд орж болох бүхий л заль мэх сэдэгдэн хэрэглэгдэж байлаа”14 хэмээн тэмдэглэжээ. Эцэст нь Иосеф, Эмма хоёр ялтаснуудыг хулгайлахыг завдаж буй дээрэмчдээс болон хүмүүсээс зугтан, орчуулгын ажлаа үргэлжлүүлэх аюулгүй газар бараадаж, Нью-Йоркийн Манчестераас Пеннсильванийн Хармони руу нүүхээс өөр аргагүйд хүрсэн байв.15 Нэгэн түүхчийн тэмдэглэснээр, “Иосефын ялтаснуудыг хамгаалах эхний хүнд үе шат ийнхүү дууссан юм. … Цэдгүүд аюулгүй хадгалагдаж, тэдгээрийг хадгалахын тулд хичээж чармайсны үр дүнд Иосеф хожим өөрт нь тус болох, Бурханы болон хүний арга замуудын талаар олон зүйлийг мэдэж авсан нь лавтай.16

Иосеф Мормоны Номыг орчуулж байхдаа, Их Эзэн ялтаснуудыг харах гэрчүүдийг сонгоно гэдгийг мэдэж авчээ.17 Энэ бол “хоёр юм уу гурван гэрчийн амаар хэрэг нь бүрэн нотлогдох болно”18 хэмээн Их Эзэний Өөрийнх нь хэлж, тогтоосон зүйл байв. Оливер Каудери, Давид Витмер, Мартин Харрис гурав бол энэ эринд Бурханы гайхамшигт ажлыг бүтээн байгуулахад оролцсон анхны хамтрагчид байсан бөгөөд дэлхийд Мормоны Номын тухай онцгой гэрчлэлийг хуваалцахаар дуудагдсан анхны гэрчүүд байв. Тэд Их Эзэний дэргэдээс ирсэн тэнгэр элч эртний цэдгүүдийг тэдэнд үзүүлэхэд ялтаснууд дээр сийлсэн сийлбэрүүдийг харснаа гэрчилсэн. Тэд бас уг эртний цэдэг Бурханы бэлэг болоод хүчээр орчуулагдсаныг тунхаглах Бурханы дуу хоолойг тэнгэрээс сонссон гэдгээ гэрчилсэн юм. Дараа нь тэд үүний талаар бүх дэлхийд гэрчлэх зарлиг хүлээн авав.19

Их Эзэн өөрсдөө алтан ялтаснуудыг харж мөн Мормоны Номын үнэн ба тэнгэрлэг байдлын онцгой гэрчүүд болох өөр найман гэрчийг гайхамшигтайгаар дууджээ. Тэд ялтаснуудыг болон дээр нь сийлсэн сийлбэрүүдийг харж мөн сайтар нягталж үзсэнээ гэрчилсэн. Эдгээр Мормоны Номын арван нэгэн сонгогдсон гэрч зовлон бэрхшээл, хавчлага дарамт, төрөл бүрийн хүнд нөхцөлд байхдаа, тэр бүү хэл зарим нь хожим итгэлээ алдсан ч ялтаснуудыг харж байснаа хэзээ ч үгүйсгэж байгаагүй юм. Ийнхүү Иосеф Смит Моронайн айлчлалын талаар болон алтан ялтаснуудын тухай мэддэг цор ганц хүн байхаа больсон билээ.

Хүүгээ гэрчүүдэд ялтаснуудыг үзүүлсний дараа гэртээ баяр хөөрөөр бялхан ирсэн хэмээн Люси Мак Смит тэмдэглэсэн байдаг. Иосеф эцэг эхдээ “Үүрч явахад хэт хүнд байсан ачаанаасаа чөлөөлөгдсөн мэт санагдаж байна. Энэ нь миний бодгалийг баясгаж, би дэлхийд ганцаараа биш боллоо”20 хэмээн тайлбарлажээ.

Иосеф Смит Мормоны Номыг орчуулж дуусаад, хэвлүүлэх болоход маш их эсэргүүцэлтэй тулгарч байв. Мартин Харрисыг агуу итгэл, золиос гаргаж, хэвлэлийн зардалд эдлэнгээ барьцаалан зээл авсны дараа л Иосеф Нью-Йоркийн Палмира дахь Эгберт Б.Грандин хэмээх хэвлэгчийг ятгах боломжтой болжээ. Мормоны Ном хэвлэгдсэний дараа ч үргэлжилсээр байсан эсэргүүцлээс болоод Мартин Харрис хэвлэлийн зардлыг төлөхийн тулд фермийнхээ 151 акр (0.6 квм) газрыг заржээ. Их Эзэн Иосеф Смитэд өгсөн илчлэлтээр дамжуулан Мартин Харрист эд хөрөнгөндөө хоргодолгүйгээр, “үнэнийг болон Бурханы үгийг агуулж”21 буй номын хэвлэлийн зардлыг төлөх талаар зааварлажээ. 1830 оны 3-р сард Мормоны Номын эхний 5 000 хувь хэвлэгдэж байсан бол өнөөдөр зуу гаруй хэл дээр 180 сая гаруй хувь хэвлэгдээд байна.

Түүхэн баримтууд болон Мормоны Номын онцгой гэрчүүд энэ номын ирсэн нь үнэхээр гайхамшиг байсныг гэрчилдэг. Гэвч энэ номын хүч зөвхөн гайхамшигт түүхэнд бус, харин минийхээс гадна тоо томшгүй олон хүний амьдралыг өөрчилсөн үүний хүчирхэг, зүйрлэшгүй захиаст суурилдаг.

Би семинарын залуу суралцагч байхдаа анх удаа Мормоны Номыг бүтнээр нь уншиж үзсэн. Багш нарынхаа санал болгосноор би удиртгал хуудаснаас эхэлж уншиж эхэлсэн юм. Мормоны Номын эхний хэдэн хуудсанд байдаг дараах амлалт одоо ч оюун санаанд маань тодхон сонсддог. “Зүрх сэтгэлдээ тунгаан бодоод, энэ ном үнэн үү гэдгийг Бурханаас Христийн нэрээр [итгэлтэйгээр] асуу. Энэ замыг сонгосон … хүмүүс энэхүү ном үнэн бөгөөд бурханлаг чанартай гэсэн гэрчлэлийг Ариун Сүнсний хүчээр олж авах болно.”22

Би семинарын долоо хоног тутмын даалгавраа гүйцэтгэхдээ энэ амлалтыг санаж, үүний үнэний талаар илүү ихийг мэдэх чин хүсэлтэйгээр залбирч, Мормоны Номыг бага багаар судалдаг байсан. Алма хүмүүстээ Бурханы үгийг номлож байхдаа түүний дүрсэлсэн шиг нэгэн дулаахан мэдрэмж аажмаар бодгалд минь өсөж эхлэн, зүрх сэтгэлийг минь дүүргэж, ойлголтыг маань гэгээрүүлж мөн илүү баяр баясгалантай болгож байсан нь өчигдөрхөн мэт санагдаж байна.23 Энэ мэдрэмж яваандаа зүрх сэтгэлд минь үндэс болсон мэдлэг болж хувирсан бөгөөд энэхүү ариун нандин номд агуулагдсан сургаал, чухал үйл явдлуудын гэрчлэлийн минь суурь болсон юм.

Эдгээр болон бусад үнэлж баршгүй хувийн туршлагаар дамжуулан Мормоны Ном үнэхээр Есүс Христэд итгэх итгэл болон Түүний сайн мэдээний сургаалтай холбоотой гэрчлэлийг минь батлах булангийн чулуу болсон юм. Мөн энэ нь Христийн тэнгэрлэг цагаатгах золиосын талаар надад гэрчилдэг багануудын нэг болсон билээ. Энэ нь итгэл сулруулж, дайсны бидний оюун санаанд шингээх гэж оролддог итгэлгүй байдлаас амьдралын минь туршид хамгаалах бамбай болж, надад Аврагчийн талаарх гэрчлэлээ дэлхийд зоригтой тунхаглах эр зориг өгсөн.

Хүндэт найзууд минь, Мормоны Номын талаарх гэрчлэл маань миний зүрх сэтгэлд шат шатаар24 гайхамшиг болон ирсэн билээ. Өнөөдрийг хүртэл энэ ер бусын судрын номд агуулагдах Бурханы үгийг илүү сайн ойлгохоор чин сэтгэлээсээ эрэлхийлэх тусам энэ гэрчлэл маань улам бүр өсөн нэмэгдсээр байна.

Миний дуу хоолойг сонсох бүгдэд хандаж хэлэхэд, би та нарыг өөрийн тань амьдралд Мормоны Ном гайхалтай байдлаар хүрч ирсний нэгэн хэсэг болоосой гэж урьж байна. Та энэ номын үгсийг залбирч, тогтмол судалснаар үүний амлалтуудыг болон баялаг адислалуудыг амьдралдаа хүртэж чадна гэдгийг би та нарт амлаж байна. Энэ номын хуудсууд дээр байдаг амлалтуудыг би дахин батлан хэлж байна: “Та нар Бурхан, Мөнхийн Эцэгээс, Христийн нэрээр, эдгээр зүйлүүд үнэн эсэхийг асуухыг та нарт ухуулъя би; мөн хэрэв та нар Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас,” тэрбээр нигүүлсэнгүйгээр “үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно.”25 Тэрээр надад болон дэлхий дээрх олон хүнд хариулсантай адил хувийн арга замаар та нарт хариулах болно” гэдгийг би та нарт баталж байна. Иосеф Смитийн туршлагууд түүний хувьд, тэрчлэн анхны гэрчүүдийн хувьд мөн энэ ариун номын бүрэн байдал, найдвартай байдлын талаар гэрчлэлтэй болохыг хүссэн хэн бүхэнд гайхамшигт, ариун нандин байсны адил та нарын туршлага ч тийм байх болно.

Би Мормоны Ном үнэхээр Бурханы үг гэдгийг гэрчилж байна. Энэ ариун нандин цэдэг сайн мэдээний сургаалуудыг тунхаглаж, авралын төлөвлөгөөг тоймлон, хүмүүнийг энэ амьдралд амар амгаланг, ирэх амьдралд мөнх авралыг олохын тулд юу хийх ёстойг тэдэнд хэлж өгсөн”26 гэдгийг би гэрчилж байна. Мормоны Ном бол өнөө үед Израилын цугларалтыг улируулан тохиолгож мөн хүмүүст Бурханы Хүү, Есүс Христийг таньж эхлэхэд туслах Бурханы зэмсэг гэдгийг би гэрчилж байна. Бурхан амьд, Тэр бидэнд хайртай, Түүний Хүү, Есүс Христ бол дэлхийн Аврагч, манай шашны булангийн чулуу гэдгийг би гэрчилж байна. Энэ бүгдийг би бидний Гэтэлгэгч, бидний Багш, бидний Их Эзэн Есүс Христийн нэрээр хэллээ, амен.