Ерөнхий чуулган
Бурханы ажлыг гүйцэлдүүлэхдээ эв нэгдэлтэй байх нь
2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Бурханы ажлыг гүйцэлдүүлэхдээ эв нэгдэлтэй байх нь

Бурханлаг чадавхдаа хүрэх хамгийн үр дүнтэй арга зам бол Түүний санваарын хүчээр адислагдан, хамтран ажиллах явдал юм.

Гайхалтай сайхан ах, эгч нар аа, та нартай хамт байгаадаа би баяртай байна. Та нар хаанаас ч сонсож байж болох ч би эгч нарыгаа тэвэрч, ах нартайгаа гар барьж байна. Бид Их Эзэний ажилд нэгдмэл билээ.

Адам, Ева хоёрын талаар бодоход хамгийн түрүүнд тэдний Еденийн цэцэрлэгт сайхан амьдарч байсан нь санаанд орж ирдэг. Цаг агаар дандаа гоё, хэзээ ч хэт хүйтэрч юм уу хэт халдаггүй, бас амтат жимс ногоо элбэг дэлбэг, энд тэндгүй ургаж байдаг тул дуртай цагтаа иддэг байсан гэж би төсөөлдөг. Тэдний хувьд энэ нь шинэ дэлхий байсан учир олж нээх олон зүйл байсан болов уу. Тиймээс тэд эргэн тойрны үзэсгэлэнт байгаль орчин, ан амьтдыг таньж мэдэхээр өдөр бүрийг сонирхолтой өнгөрүүлдэг байсан байх. Үүнээс гадна тэдэнд дагах зарлигуудыг өгсөн ба эдгээр зааварчилгаанд хандах өөр өөр арга зам байсан учраас тэд эхлээд учраа олохгүй, сандарч байсан байх. 1 Гэсэн ч тэд амьдралыг нь үүрд өөрчлөх шийдвэрүүдийг гаргах явцдаа хамтран ажиллаж сурсан бөгөөд Бурханы тэдэнд төдийгүй Өөрийн бүх хүүхдэд зориулсан зорилгуудыг гүйцэлдүүлэхээр нэгдсэн юм.

Одоо мөнхүү хосыг мөнх бус оршихуйд байгаагаар төсөөлөөд үзье. Тэд хоол хүнсээ олж авахаар хөдөлмөрлөх шаардлагатай болсон ба зарим араатан амьтан тэднийг хоол гэж харах болсон төдийгүй хамтдаа зөвлөлдөж, залбирч л байж даван туулах саад бэрхшээлүүд тохиолдох болжээ. Тэдэнд бас ядаж л хэдхэн удаа ч болов эдгээр саад бэрхшээлийг хэрхэн шийдэх талаар санал нийлэхгүй байх мөч байсан байх. Гэхдээ Уналтаар дамжуулан нэгдмэл байж, хайраар үйлдэхэд энэ нь амин чухал хэрэгтэйг тэд сурсан байв. Тэнгэрлэг эх сурвалжаас хүлээн авсан зөвлөмж, заавраас тэд авралын төлөвлөгөөний талаар болон үүнийг үйл ажиллагаанд оруулдаг Есүс Христийн сайн мэдээний зарчмуудыг сурч мэдсэн. Тэд дэлхий дээрх зорилт, мөнхийн зорилго хоёр адил гэдгийг ойлгож байсан болохоор хамтдаа хайранд, зөв шударга хөдөлмөрлөж сурснаар сэтгэл ханамж, амжилтыг олж авсан юм.

Зураг
Адам Ева хоёр хүүхдүүддээ зааж байгаа нь

Хүүхдүүд нь төрсний дараа Адам, Ева хоёр тэнгэрлэг элчүүдээс сурч мэдсэн зүйлсээ гэр бүлдээ зааж өгчээ. Тэд бас энэ амьдралд тэднийг аз жаргалтай болгохын зэрэгцээ ур чадвараа өсгөн нэмэгдүүлж, Бурханд дуулгавартай байгаагаа батлан харуулсны дараа тэнгэрлэг Эцэг Эх дээрээ эргэн очиход бэлдэх боломж олгох зарчмуудыг хүүхдүүддээ ойлгуулж, хүлээн авахад нь туслахад анхаарсан юм. Энэ явцдаа Адам, Ева хоёр өөрсдийн өөр өөр давуу талд талархаж сурсан бөгөөд мөнхийн ач холбогдолтой ажилдаа бие биеэ дэмждэг болжээ. 2

Хэдэн зуун жил, цаашлаад хэдэн мянган жил улиран одоход эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн оруулдаг сүнсээр өдөөгдсөн, харилцан хамааралтай энэ хувь нэмэр буруу ташаа мэдээлэл, үл ойлголцлоор булингартсан юм. Еденийн цэцэрлэгт болсон гайхамшигт эхлэлийн үеэр мөн өнөө үед ч гэсэн бидний дайсан бодгалийг маань эзэмдэн авахын тулд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хооронд нь хагаралдуулан салгах гэсэн зорилгоо тун амжилттай биелүүлсээр яваа. Люсифер эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн мэдэрдэг нэгдмэл байдлыг нурааж, бидний тэнгэрлэг үнэ цэн, гэрээт хариуцлагын талаарх үзэл бодлыг төөрөгдүүлж чадах юм бол мөнх амьдралын амин чухал нэгж болох гэр бүлүүдийг амжилттай устгаж чадна гэдгээ мэддэг.

Сатан харьцуулалтыг нэгнийг нь нөгөөгөөс дээгүүр эсвэл доогуур гэсэн мэдрэмж төрүүлэх арга замаар ашиглан, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох төрөлхийн ялгаа Бурханаас өгөгдсөн бөгөөд адил тэгш үнэ цэнтэй гэсэн мөнхийн үнэнийг нуухыг оролддог. Тэрээр эмэгтэй хүмүүсийн гэр бүл, нийгэмд оруулдаг хувь нэмрийг дорд үзэх замаар сайныг үйлдэх, урамшуулан зоригжуулах нөлөөг нь багасгахыг оролдсон. Түүний зорилго бол нэг нь нөгөөгөө нөхөж, нэгдмэл байхад нөлөөлдөг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өөр өөрийн гэсэн өвөрмөц хувь нэмэрт талархан баярлахын оронд эрх мэдлийн төлөөх тэмцлийг өөгшүүлэх явдал байсаар ирсэн.

Иймээс олон жилийн туршид болон дэлхий даяар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцан хамааралтай боловч өөр өөрийн гэсэн хувь нэмэр, үүрэг хариуцлагын талаарх бүрэн ойлголт бараг алдагджээ. Олон нийгэмд эмэгтэй хүмүүс хань нөхөртэйгөө ижил тэгш эрхтэй хамтрагчийн хувиар биш, харин тэдэнд захирагдаж, үйл хөдлөл нь хязгаарлагдмал байх болсон. Ийм харанхуй цаг үед сүнслэг хөгжил дэвшил удааширсаар зогсонги байдалд орж, оюун ухаанд сүнслэг гэрэл нэвтрэх боломж маш бага болж, зүрх сэтгэл нь дарангуйлал бүхий уламжлалд нэвчжээ.

Харин 1820 оны хавар Нью-Йоркийн хойд хэсэг дэх ариун ойн төгөлд Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрыг Иосеф Смит гэгч хүүд үзэгдэхэд сэргээгдсэн сайн мэдээний гэрэл “нарнаас илүү хурц” 3 гийсэн юм. Энэхүү үйл явдлаас хойш орчин үеийн илчлэлтүүд тэнгэрээс цутгагдаж эхэлжээ. Христийн анхны Сүмээс сэргээгдсэн эхний зүйлүүдийн нэг бол Бурханы санваарын эрх мэдэл байсан. Сэргээлт үргэлжлэн явагдахын хэрээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс Христээр зөвшөөрөгдөж, удирдуулагдсан энэхүү ариун үйл хэрэгт хамтран ажиллахын ач холбогдол, боломж бололцоог шинээр ухааран ойлгож эхлэв.

Зураг
Халамжийн нийгэмлэг зохион байгуулагдсан нь

1842 онд шинэхэн Сүмийн эмэгтэйчүүд ажилд нь туслах албан ёсны бүлгэм зохион байгуулах хүсэлтээ тавихад ерөнхийлөгч Иосеф Смит тэднийг “санваарын удирдлага дор санваарын загвараар” 4 зохион байгуулахаар сүнслэгээр өдөөгджээ. “Би одоо энэхүү түлхүүрийг та нарт Бурханы нэрээр өгч байна …—энэ үе бол сайн сайхан өдрүүдийн эхлэл юм” 5 хэмээн тэрээр хэлсэн. Тэрхүү түлхүүрийг өгснөөс хойш дэлхий даяар боловсрол, улс төр, эдийн засгийн хүрээлэлд эмэгтэйчүүдийн орох боломж бага багаар нээгдэж эхлэв. 6

Эмэгтэйчүүдэд зориулсан Сүмийн энэ шинэ байгууллагыг Халамжийн нийгэмлэг гэж нэрлэсэн ба энэ нь тухайн үеийн эмэгтэйчүүдийн бусад байгууллагаас өөр байв. Учир нь үүнийг бошиглогч байгуулсан бөгөөд тэрээр санваарын эрх мэдлээр эмэгтэйчүүдэд эрх мэдэл, ариун үүрэг хариуцлагыг болон Сүмийн бүтцээс гадуур биш, харин дотор нь албан тушаал өгсөн байлаа. 7

Бошиглогч Иосеф Смитийн үеэс эхлэн өнөөг хүртэл үргэлжлэн хийгдсээр байгаа бүх зүйлийн сэргээлт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст Бурханаас томилогдсон үүрэг хариуцлагаа гүйцэтгэхэд нь санваарын эрх мэдэл, хүч ямар шаардлагатай болох талаар мэдээлэл өгсөн. Саяхан бидэнд заасанчлан, санваарын түлхүүрийг атгасан хүний удирдлаган доор онцгойлон адислагдсан эмэгтэй хүн дуудлагаа санваарын эрх мэдлээр гүйцэтгэдэг. 8

Ариун сүмд хишиг хүртсэн эмэгтэйчүүд Бурхантай байгуулсан гэрээнүүдээ сахисан тохиолдолд өөрсдийн амьдрал, гэр оронд санваарын хүчтэй байдаг хэмээн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон 2019 оны 10-р сард заасан билээ. 9 “Санваарын гэрээнүүдээс нь ирдэг Бурханы хүчний хишиг хүртсэн эмэгтэйчүүдэд санваар атгагч эрэгтэй хүмүүсийнхтэй адил тэнгэр нээлттэй байдаг” гэж тэр тайлбарласан. Түүнчлэн “гэр бүл, хайртай хүмүүстээ туслахын тулд Аврагчийн хүчийг байнга ашиглах” 10 -ыг тэрээр эгч бүрд уриалсан юм.

Энэ нь та бидний хувьд юу гэсэн үг вэ? Санваарын эрх мэдэл, хүчийг ойлгох нь бидний амьдралыг хэрхэн өөрчилдөг вэ? Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтран ажилласан үедээ тус тусдаа ажилласнаас илүү их зүйлийг хийж гүйцэтгэж чаддаг гэдгийг ойлгох нь нэн чухал юм. 11 Бидний үүрэг өөр хоорондоо өрсөлдөхөд биш, харилцан бие биеэ нөхөхөд оршдог. Хэдийгээр эмэгтэйчүүд санваарын албан тушаалд томилогддоггүй ч, дээр дурдсанаар гэрээнүүдээ сахисан нөхцөлд санваарын хүчээр адислагддаг бөгөөд аливаа дуудлагад томилогдохдоо санваарын эрх мэдлээр ажилладаг.

8-р сарын нэгэн сайхан өдөр надад энэ хожмын өдрүүдэд Аароны санваар сэргээгдсэн газрын ойролцоо, Пеннсильванийн Хармонид байдаг Иосеф, Эмма Смит хоёрын сэргээн засварласан байшинд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонтэй хамт суух завшаан олдсон билээ. Ярилцаж байхдаа ерөнхийлөгч Нэлсон Сэргээлтэд эмэгтэйчүүдийн оруулсан чухал хувь нэмрийн талаар ярьсан юм.

Ерөнхийлөгч Нэлсон: “Санваарыг сэргээсэн энэ газарт ирэхэд миний санаанд орж ирдэг хамгийн чухал зүйлсийн нэг бол Сэргээлтийн явцад эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн чухал үүрэг юм.

Иосефыг анх Мормоны Номыг орчуулж эхлэх үед хэн бичих ажлыг нь хийж байсан бэ? Тэр өөрөө бага зэрэг бичсэн ч тийм ч их бичээгүй. Эмма түүнд туслахаар болсон.

Дараа нь би Иосефыг Нью-Йоркийн Палмира дахь гэрийнхээ ойролцоох ой руу хэрхэн явж, залбирсныг боддог. Тэр хаашаа явсан бэ? Тэр Ариун ойн цоорхой руу явсан. Тэр яагаад тийшээ явсан бэ? Яагаад гэвэл ээж нь залбирахаар тийшээ явдаг байжээ.

Санваарын болон Сүмийн Сэргээлтэд чухал үүрэг гүйцэтгэсэн хоёрхон эмэгтэйн жишээг дурдахад л ийм байна. Эхнэрүүд өнөө үед ч гэсэн тэр үед байсан шиг чухал гэж баттай хэлж болно. Мэдээж, тэд чухал шүү дээ.”

Бид Эмма, Люси, Иосеф гурав шиг бие биеэсээ суралцахад бэлэн байж, Есүс Христийн шавь болж, бусад шавь нартаа уг замаар явахад туслах зорилгодоо нэгдмэл байж чадсан үедээ л хамгийн үр дүнтэй байх юм.

Бидэнд “Санваар Бурханы хүүхдүүдийн амьдралыг тоо томшгүй олон арга замаар адисалдаг. … [Сүмийн] дуудлага, ариун сүмийн ёслол, гэр бүлийн харилцаандаа болон чимээгүй, хувийн тохинуулалдаа хожмын үеийн гэгээнтэн эмэгтэй, эрэгтэйчүүд санваарын хүч, эрх мэдэлтэй хамт урагш явдаг. Энэхүү эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн Бурханы ажлыг Түүний хүчээр хийж гүйцэтгэх харилцан хамаарал нь бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сэргээгдсэн Есүс Христийн сайн мэдээний төвд байдаг юм” 12 гэж заадаг.

Бидний хийхээр дуудагдсан, эрх мэдэл нь олгогдсон бурханлаг ажилд эв нэгдэлтэй байх нь нэн шаардлагатай боловч энэ нь тийм амар биш ээ. Бие биенээ сонсох, нэг нэгнийхээ үзэл бодлыг ойлгох, туршлагаа хуваалцах гэх мэт хамтдаа бодитойгоор зөвлөлдөхөд цаг хугацаа, хичээл зүтгэл шаардагддаг. Харин ийн байж чадвал үр дүнд нь илүү сүнсээр өдөөгдсөн шийдвэрүүдийг гаргах юм. Гэрийнхээ ч байна уу эсвэл Сүмийн үүрэг хариуцлагадаа ч байна уу, бурханлаг чадавхдаа хүрэх хамгийн үр дүнтэй арга зам бол өөр өөр боловч бие биеэ харилцан нөхдөг үүргээ биелүүлэхдээ Түүний санваарын хүч, эрх мэдлээр адислагдан, хамтран ажиллах явдал юм.

Ийм хамтын ажиллагааг өнөөдрийн гэрээт эмэгтэйчүүдийн амьдралаас хэрхэн олж харж болох вэ? Би нэгэн жишээ хуваалцъя.

Зураг
Хоёр хүний суудалтай унадаг дугуй унасан хос

Алисон, Жон хоёр өвөрмөц байдлаар хамтран ажилладаг. Тэд хоёр хүний суудалтай дугуй унаж, урт, богино зайд уралддаг. Ийм дугуйгаар амжилттай уралдахын тулд унаж байгаа хоёр хүн уялдаа холбоотой ажиллах ёстой. Тэд нэг тал руу яг зэрэг налах ёстой. Нэг нь нөгөөгөө давамгайлалгүй, харин тодорхой ярилцаж, аль аль нь өөр өөрийн үүргийг гүйцэтгэх ёстой. Урд суудаг ахлагч нь хэзээ тоормослох, хэзээ босохыг хянадаг. Ард суудаг хүн нь юу болж байгаад анхаарлаа хандуулж, бага зэрэг хоцорвол хүчээ нэмж, өөр дугуйчин руу хэт ойртвол хүчээ багасгахад бэлэн байх ёстой. Цааш ахиц гаргаж, зорьсондоо хүрэхийн тулд тэд бие биеэ дэмжих ёстой.

Алисон: “Эхний үед урд суусан ахлагч босох хэрэгтэй үед “бос” гэж, харин хурдаа удаашруулах хэрэгтэй бол “тоормосол” гэж хэлдэг байв. Хэсэг хугацааны дараа, арын суудалд байгаа хүн нь ахлагчийгаа босож, тоормосол гэж хэлэхээс өмнө мэддэг болдог. Бид нэг нэгнийхээ хэрхэн, яаж байгааг маш сайн мэдэрч сурсан бөгөөд нэгэнд маань хэцүү байгааг мэдэрч, нөхөхийг хичээдэг болсон. Бид үнэндээ бие биедээ итгэж, хамтран ажиллаж сурдаг” 13 гэж тайлбарласан.

Жон, Алисон хоёр зөвхөн дугуй унахдаа биш, гэрлэлтдээ ч гэсэн нэгдмэл байсан юм. Аль аль нь өөрийгөө биш, нөгөө хүнээ аз жаргалтай байлгахыг хүсдэг, аль аль нь нөгөө хүнийхээ сайн талыг харахыг хичээдэг ба өөрийнхөө болон нөгөө хүнийхээ тийм ч сайн биш талуудыг засахын тулд хамтдаа ажилладаг. Тэд ээлжлэн удирдаж, нэг нь ядарч зовж байвал илүү их хүч дэм өгдөг. Аль аль нь нэг нэгнийхээ оруулсан хувь нэмрийг үнэлж, авьяас чадвар, нөөц боломжоо нэгтгэснээр бэрхшээлээ шийдвэрлэх илүү сайн хариултыг олдог байна. Тэд үнэхээр нэг нэгтэйгээ Христийнхтэй адил хайраар холбогдсон.

“Эхлээд би” гэсэн ойлголт биднийг тойрон хүрээлж буй энэ цаг үед эв нэгдэлтэй хамтран ажиллах бурханлаг загварыг дагах нь юу юунаас илүү чухал болоод байна. Эмэгтэйчүүдэд Бурханаас өгсөн өвөрмөц, бурханлаг бэлгүүд 14 байхын зэрэгцээ онцгой үүрэг хариуцлага өгөгдсөн байдаг. Гэвч эдгээр нь эрэгтэйчүүдийн бэлэг, үүрэг хариуцлагаас илүү ч биш, бас дутуу ч биш юм. Бид бүгд Өөрийн хүүхэд бүрд бурханлаг чадавхдаа хүрэх хамгийн сайн боломж бололцоог олгох гэсэн Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд зориулагдсан бөгөөд үүнд хэрэгтэй байдаг.

Өнөөдөр Христэд бодгалиудыг авчрахад 16 ах нартайгаа нэгдэх “Ева шиг эр зоригтой, алсын хараатай эмэгтэйчүүд хэрэгтэй байна.” 15 Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн мөрөн дээр хамаг ажлаа тохчихоод, өөрсдөө бүрэн хариуцлага хүлээдэг эсвэл хамтрагчийн “дүр үзүүлэхийн” оронд жинхэнэ хамтрагчид болох хэрэгтэй. Эмэгтэйчүүд ганцаараа хийх ёстой гэж бодох эсвэл хэн нэгний хий гэж хэлэхийг хүлээн суухын оронд 18 хамтрагчийн хувьд “урагш гарч ирэн, эрх бүхий, өөрийн байр суурийг эзлэх ёстой. ” 17

Эмэгтэйчүүдийг нэн чухал оролцогчид хэмээн үздэг болох нь “эрх тэгш байдлыг” бий болгох биш, харин сургаалын үнэнийг ухааран ойлгох асуудал юм. Ийм байдлыг зохицуулах ямар нэг хөтөлбөр гаргахын оронд бид эмэгтэйчүүдийг Бурханы адил, авралын болон өргөмжлөлийн ажилд зайлшгүй хэрэгтэй хамтрагчид хэмээн үнэлж хүндлэхийн тулд идэвхтэй ажиллах хэрэгтэй.

Бид бэлэн үү? Бид уламжлан ирсэн ялгаварлах үзлээ ялан дийлж, үүнийхээ оронд үндсэн сургаал дээр суурилсан бурханлаг загвар, дадлуудыг хүлээн авахыг эрэлхийлэх үү? Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Энэ ариун нандин ажилд мөр зэрэгцэн зүтгэж, … Их Эзэний Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхэд туслахад” 19 биднийг урьж байна. Бид ийн үйлдэхдээ хувь хүн бүрийн хувь нэмрийг үнэлж суран, бурханлаг үүрэг хариуцлагаа илүү үр дүнтэй гүйцэтгэдэг болно. Бид урьд өмнөхөөсөө илүү их баяр баясгаланг мэдрэх болно.

Бидний хүн нэг бүр Их Эзэний ажлыг урагшлуулахын тулд Түүний сүнсээр өдөөгдсөн арга замаар эв нэгдэлтэй байхыг сонгох болтугай. Бидний хайрт Аврагч Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Эхлэл 3:1–18; Moсе 4:1–19-ийг үзнэ үү.

  2. Мосе 5:1–12-ыг үзнэ үү. Эдгээр шүлэг Адам, Ева хоёр жинхэнэ хамтрагч байсан тухай заадаг. Тухайлбал: тэд хүүхдүүд төрүүлсэн (2-р шүлэг), өөрсдийгөө болон гэр бүлээ тэжээхийн тулд хамтдаа хөдөлмөрлөсөн (1-р шүлэг), хамт залбирсан (4-р шүлэг), Бурханы зарлигуудыг дагаж, хамтдаа тахил өргөсөн (5-р шүлэг), тэд Есүс Христийн сайн мэдээнээс суралцаж (4-р шүлэг, 6–11-р шүлэг) , хүүхдүүддээ хамтдаа заасан (12-р шүлэг).

  3. Иосеф Смит—Түүх 1:16.

  4. Иосеф Смитийн тухай, Sarah M. Kimball, “Auto-Biography,” Woman’s Exponent, Sept. 1, 1883, 51; мөн Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 510-ыг үзнэ үү.

  5. Joseph Smith, in “Nauvoo Relief Society Minute Book,” 40, josephsmithpapers.org.

  6. George Albert Smith, “Address to the Members of the Relief Society,” Relief Society Magazine, Dec. 1945, 717-г үзнэ үү.

  7. John Taylor, in Nauvoo Relief Society Minutes, Mar. 17, 1842, available at churchhistorianspress.org-ыг үзнэ үү. Елиза Р.Снөүгийн бичсэнээр, Иосеф Смит эмэгтэйчүүд эртний эрин үеүдэд мөн зохион байгуулагдаж байсан хэмээн заажээ (Eliza R. Snow, “Female Relief Society,” Deseret News, Apr. 22, 1868, 1; Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society [2011], 1–7-г үзнэ үү).

  8. Даллин Х.Өүкс, “Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 68–71-ийг үзнэ үү.

  9. Рассэлл М.Нэлсон, “Сүнслэг эрдэнэс,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82–86-г үзнэ үү.

  10. Рассэлл М.Нэлсон, “Сүнслэг эрдэнэс,” 82.

  11. “Гэвч сэргээгдсэн сайн мэдээнд эхнэр, нөхрүүд харилцан хамааралтай гэсэн мөнхийн санааг заадаг. Тэд тэгш эрхтэй. Тэд хамтрагчид байна” (Bruce R. Hafen and Marie K. Hafen, “Crossing Thresholds and Becoming Equal Partners,” Liahona, Aug. 2007, 28).

  12. Gospel Topics, Joseph Smith’s Teachings about Priesthood, Temple, and Women,” topics.ChurchofJesusChrist.org.

  13. Хувийн захидал

  14. Рассэлл M.Нэлсон, “Эгч нараасаа гуйх гуйлт,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 85-ыг үзнэ үү.

  15. Рассэлл М.Нэлсон, “Эгч нараасаа гуйх гуйлт,” 87.

  16. Гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 1.4, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  17. Рассэлл М.Нэлсон, “Эгч нараасаа гуйх гуйлт,” 87.

  18. “Хайрт эгч нар минь, та нар ямар ч дуудлагатай, ямар ч нөхцөл байдалд байсан та нарын санал, үзэл бодол, сүнслэг удирдамж бидэнд хэрэгтэй. Та нар тойрог, гадасны зөвлөлүүд дээр дуу хоолойгоо өргөх хэрэгтэй байна. Гэрлэсэн эгч бүр нөхөртэйгөө нэгдэж, гэр бүлээ удирдах үедээ “оролцоо бүхий мөн бүрэн дүүрэн хамтрагч” байх хэрэгтэй. Гэрлэсэн эсвэл ганц бие ч бай эгч нар минь та бүхэн Бурханаас бэлэг болгон авсан өвөрмөц чадвар, онцгой зөн совинтой. Ах нар бид чинь та нарын өвөрмөц нөлөөг орлож чадахгүй. …

    … Бидэнд та нарын хүч чадал хэрэгтэй!” Рассэлл М.Нэлсон, “Эгч нараасаа гуйх гуйлт,” 87.

  19. Рассэлл М.Нэлсон, “Эгч нараасаа гуйх гуйлт,” 87.