Ерөнхий чуулган
Амар амгалангийн сайн мэдээг номлох нь
2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Амар амгалангийн сайн мэдээг номлох нь

Бид сонсож болох бүх хүнтэй Есүс Христийн хүч чадал, амар амгаланг хуваалцах ариун нандин үүрэг хүлээдэг.

Хайрт ах, эгч нар аа, Ерөнхий чуулгандаа тавтай морилно уу! Энэ өдрийг би тэсэн ядан хүлээсэн. Би өдөр бүр та нарын төлөө залбирдаг. Түүнчлэн би энэхүү чуулган бүх хүний хувьд сүнслэг хүч чадлаа сэлбэх цаг байгаасай хэмээн залбирсан.

Сүүлийн Ерөнхий чуулганаас хойш, дэлхий даяар хүндрэл бэрхшээл тохиолдсоор байна. Дэлхийг хамарсан цар тахал бидний амьдралд нөлөөлсөн хэвээр байна. Харин одоо дэлхийд гэм зэмгүй сая сая эрэгтэй, эмэгтэйг мөн хүүхдүүдийг заналхийлж буй дайн дэгдээд байна.

Бошиглогчид бидний өдрийг дайнууд хийгээд дайнуудын цуурхал сонсогдох болно, мөн бүхэл дэлхий үймээн самуунд байх болно хэмээн зөгнөн харсан.1 Есүс Христийн дагалдагчдын хувьд бид улс үндэстнүүдийн удирдагчдаас өөр өөрийн ялгаатай байдлаа тайван замаар шийдвэрлэх шийдлийг олоосой гэж хүсэж байна. Бид дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүсийг тусламж хэрэгтэй хүмүүсийн төлөө залбирч, зовж зүдрэгсдэд чадлаараа тусалж, ямар ч томоохон зөрчилдөөнийг зогсоохын тулд Их Эзэний тусламжийг эрэлхийлээсэй гэж хүсэж байна.

Ах, эгч нар аа, Есүс Христийн сайн мэдээ урьд өмнөхөөс ч илүү хэрэгтэй байна. Зөрчилдөөн Аврагчийн төлөөлж, зааж байсан бүхэнтэй харшилдаг. Би Их Эзэн Есүс Христэд хайртай бөгөөд Түүний сайн мэдээ бол амар амгаланд хүргэх цорын ганц найдвартай шийдэл гэдгийг гэрчилж байна. Түүний сайн мэдээ бол амар амгалангийн сайн мэдээ юм.2

Түүний сайн мэдээ бол хүмүүнийг айж цочирдох үед3 туслах цорын ганц хариулт юм. Энэ нь Их Эзэний шавь нартаа өгсөн “бүх ертөнцөөр явж, сайн мэдээг хамаг бүтээлд тунхаглагтун”4 хэмээх удирдамжийн ач холбогдлыг онцолдог. Бурханыг сонсож, амьдралдаа Түүнийг ялуулах боломж олгох бүх хүнтэй бид Есүс Христийн хүч чадал, амар амгаланг хуваалцах ариун нандин үүрэгтэй.

Бурхантай гэрээ байгуулсан хүн бүр бусдыг халамжилж, тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэх амлалт өгдөг. Бид Бурханд итгэх итгэлээ харуулж, “найдварын [маань]”5 талаар асуух хүн бүрд хариулахад ямагт бэлэн байж чадна. Бидний хүн нэг бүрд Израилыг цуглуулахад гүйцэтгэх үүрэг бий.

Өнөөдөр Их Эзэн зохистой, боломжтой залуу эрэгтэй бүрийг номлолд бэлдэж, үйлчлээсэй хэмээн хүссэн гэдгийг би шийдвэр төгс батлан хэлье. Хожмын үеийн гэгээнтэн залуу эрэгтэйчүүдийн хувьд номлогчийн үйлчлэл бол санваарын үүрэг хариуцлага юм. Залуу эрэгтэйчүүд та нарыг Израилын амласан цугларалт тохиож байгаа энэ цаг үед ирүүлэхээр нөөцлөн үлдээсэн. Та нар номлолд үйлчилснээрээ урьд өмнө нь болж байгаагүй энэ чухал үйл явдалд нэн чухал үүрэг гүйцэтгэнэ!

Номлолд үйлчлэх боломжтой залуу эгч та нарын хувьд номлол мөн адил хүчирхэг боловч үйлчлэх эсэхээ сонгож болох боломж юм. Бид номлогч эгч нартаа хайртай, тэднийг чин сэтгэлээсээ угтан авдаг. Энэ ажилд та нарын оруулдаг хувь нэмэр үнэхээр агуу! Их Эзэн таныг номлолд үйлчлээсэй хэмээн хүсэж буй эсэхийг мэдэхийн тулд залбираарай. Тэгвэл Ариун Сүнс таны зүрх сэтгэл, оюунд хариулах болно.

Хайрт залуу найзууд минь, та нарын хүн нэг бүр Их Эзэнд амин чухал билээ. Тэрээр Израилыг цуглуулахад туслуулахаар та нарыг өнөөг хүртэл нөөцлөн хадгалсан. Сургаал заах номлол, үйлчлэлийн номлолын аль нь ч бай та нарын номлолд үйлчлэх шийдвэр та нарыг болон бусад олон хүнийг адислах болно. Бид бас боломж бололцоо нь бүрдвэл ахмад хосуудыг үйлчлэхэд урьж байна. Тэдний хүчин чармайлтыг юугаар ч орлуулшгүй.

Бүх номлогч Аврагчийн тухай зааж, гэрчилдэг. Дэлхий дээрх сүнслэг харанхуй нэмэгдэх тусам Есүс Христийн гэрэл бүр илүү шаардлагатай болж байна. Хүн бүр Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний талаар мэдэж авах боломжийг хүртэх эрхтэй. Хүн бүр “бүх оюун ухааныг [давах]”6 найдвар, амар амгаланг хаанаас олж болохыг мэдэх эрхтэй.

Энэ чуулган та нарын хувьд амар амгалан цаг, сүнслэг байдлын хувьд найрлах цаг байх болтугай. Та нар эдгээр хуралдааны үеэр хувийн илчлэлт авахыг эрэлхийлж мөн хүлээн авах болтугай. Би Есүс Христийн ариун нэрээр залбирч байна, амен.