Ерөнхий чуулган
Бүү ай, гагцхүү итгэ!
2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Бүү ай, гагцхүү итгэ!

Сайн бэлэг болгоныг өгөгчөөс аль хэдийн хүлээн авсан шагналынхаа төлөө талархсанаар аз жаргалыг хайж эхлээрэй.

Би өнөөдрийн захиасаа Сүмийн залуу хүмүүст буюу ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны үеийн болон түүнээс залуу хүмүүст зориулж байна. Би ховорхон тохиолдолд зураг үзүүлдэг, гэхдээ үүнийг хуваалцахгүй байж чадсангүй.

Зураг
Марин Арнолдын бичсэн захиа

Миний найман настай найз Марин Арнолд долоон настай байхдаа надад энэ кри дэ кэр буюу эсэргүүцлийн захиаг илгээсэн юм. Өөрчлөгдсөн эртний египет хэлээр бичсэн захиаг нь би та нарт орчуулж өгье.

“Хүндэт бишопт,

ерөнхэй чуулгн

уйтгартай бид яагаад

үүнд оролцох ёосто вэ?

Надад хэлээч

Хүндэтгсэн Марин

Арнолд.”1

Марин, миний одоо хэлэх гэж байгаа үгс чиний урмыг дахиад хугална гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэхдээ чи бишоптоо гомдол мэдүүлэхдээ миний нэрийг “Кийрон. Ахлагч Патрик Кийрон” гэж хэлэх нь чухал юм шүү.

Библид гардагтай дүйцэхүйц цар тахал хоёр жил орчим манай гаргийг бүрхээд байгаа бөгөөд энэ нь дотоодод ч, олон улсад ч нийгмийн хувьд бараг бүх зүйлийг зогсоосон ч улс төрийн хувьд хүчирхийлэл, харгис бүдүүлэг, догшин түрэмгий байдлыг зогсоогоогүй нь ойлгомжтой. Энэ нь хангалтгүй байсан гэлтэй бид эдийн засгийн хямрал, байгаль орчны бохирдол, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах зэрэг олон асуудлаас өгсүүлээд урт хугацааны нийгэм, соёлын сорилт бэрхшээлүүдтэй тулгарсаар байна.

Бид ирээдүйнхээ талаар өөдрөг үзэл, урам зоригийг өсвөр үеийнхнээсээ олж хардаг бөгөөд зэврүүн салхитай бүрхэг өдрүүд тэдний маань зүрхийг үхүүлж, зоригийг мохоож болох юм. “Өсвөр үеийнхний хүч бол бүх л дэлхийн хувьд үнэ цэнтэй эх сурвалж юм. Залуучууд … бол бидний ирээдүйн … нүүр царай, … нийгмийг хөгжүүлэгчид юм”2 хэмээн хэлсэн байдаг. Цаашлаад, бидний хүүхдүүд энэ Сүмийн хувь заяаг гартаа авах итгэл хүлээсэн хүмүүс юм.

Өнөөгийн нөхцөл байдлыг авч үзвэл, залуучуудын идеалист буюу хоосон зүйлд итгэх үзэл өмнөх үеийнхнээ бодвол буурч байгааг ойлгож болно. Еэйлийн их сургуулийн профессор доктор Лори Сантос саяхан “Сэтгэл судлал ба сайхан амьдрал” нэртэй хичээл шинээр зааж эхэлжээ. “Уг хичээлийг заахаар зарласан эхний жилд бакалаврын зэрэг авахаар суралцаж буй нийт оюутны бараг [дөрөвний нэг] нь бүртгүүлсэн байна.”3 Үүнээс гадна 64 сая гаруй хүн түүний подкастыг сонсохоор орж үзсэн аж. Энэхүү онцгой тохиолдлын талаар нэгэн сэтгүүлч олон олон ухаалаг, гэгээлэг залуу оюутан, насанд хүрэгчид “алдсан зүйлээ эрж хайж” эсвэл үүнээс ч дор зүйл нь гэвэл, өөрт нь хэзээ ч байгаагүй зүйлийг олж авахаар тэмүүлж байгааг харахад сэтгэл үнэхээр өвдөж байгаа тухай бичжээ.4

Өнөөдөр би өсвөр үеийнхэн болон тэдэнд зааж зөвлөдөг эцэг, эхчүүд, насанд хүрэгчдээсээ сайн бэлэг болгоныг өгөгчөөс аль хэдийн хүлээн авсан сайн сайхан бүхний төлөө талархсанаар аз жаргалыг хайж эхлээрэй гэж хүсэж байна.5 Дэлхий дээр олон хүн бодгалийн талаар гүн гүнзгий асуултууд тавьж буй яг энэ цаг мөчид бид Есүс Христийн сургаалын “сайн мэдээгээр”6 хариулах нь зүйтэй. Дэлхийн Аврагчийн номлол, захиасыг чухалчлан авч үздэг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэрэгтэй цаг үед сайныг олж, хийх хамгийн гайхамшигтай мөнхийн арга замыг санал болгодог.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон энэ эрин үеийн залуучуудыг “урьд өмнөх бүх үеийнхнээс илүүтэйгээр дэлхийд [сайнаар] нөлөөлөхүйц”7 чадвартай хэмээн хэлсэн. Хэн бүхнээс илүүтэйгээр бид “гэтэлгэх хайрын дууг дуул[ах]”8 хэрэгтэй ч энэ нь биднийг мөнхийн авралын тэрхүү дууг дуулахаар хичээх үед өнгө алдуулдаг сөрөг хандлага, хорон муу зуршлаас хамгаалахуйц тийм төрлийн сахилга баттай буюу “шавь байхыг” шаарддаг.

Хэдийгээр бид “гудамжны нарлаг талд”9 байгаа ч юм болгоноос үе үе сөрөг, муу талыг нь олоод харчихдаг гутранги үзэлтэй хүнтэй тааралддаг. Түүний баримталдаг зарчим нэг иймэрхүү: “Харанхуйн дараа үргэлж түнэр харанхуй болдог” гэсэн үзэл. Ямар хорон санаатай үзэл, ямар өрөвдөлтэй оршихуй вэ! Тийм ээ, заримдаа бид байгаа газраасаа зугтмаар байдаг ч хэн гэдгээсээ мөн биднийг хайрлаж, өршөөхөд үргэлж бэлэн байдаг, биднийг хэзээ ч орхихгүй амьд Бурханы хүүхдүүд гэдгээсээ хэзээ ч зугтаж болохгүй. Та нар Түүний хамгийн эрхэм өмч хөрөнгө билээ. Та Түүний хүүхэд бөгөөд Тэр танд бошиглогчдыг болон амлалт, сүнслэг бэлэг, илчлэлт, гайхамшиг, захиаснуудыг мөн хөшигний хоёр талын тэнгэр элч нарыг өгсөн.10

Тэр танд сүмийг өгсөн бөгөөд энэ нь гэр бүлүүдийг мөнх бус амьдралд хүчирхэгжүүлж, үүрд мөнх холбодог. Сүмд хүмүүс цугларч, дуулж, нэг нэгийнхээ төлөө мацаг барин залбирч, ядуусыг халамжлахад хандив тусламж үзүүлдэг 31000 гаруй тойрог, салбар бий. Энэ бол хүн бүр нэрээрээ танигдаж, бүртгэгдэж, тохинуулуулахаас гадна найзууд болон хөршүүд бичиг хэргийн ажлаас эхлээд угааж цэвэрлэх үүрэгтэй дуудлагад бие биедээ сайн дураараа үйлчилдэг газар юм. Залуучууд төдийгүй ахмад хосууд ч мөн адил хаана гэдгээ сонгохгүйгээр өөрсдийн зардлаар номлолд мянга мянгаараа үйлчилдэг ба ахмад, залуу гишүүд хуваагдмал боловч зөвхөн түр зуурын зөрчилдөөнтэй гэгдэх нэгэн дэлхийн хувьд зоригтой үйл хэрэг болох хүмүүний гэр бүлийг хамтад нь холбоход шаардлагатай ариун нандин ёслолуудыг гүйцэтгэхээр ариун сүм рүү давхилддаг. Энэ бол “[бидэнд буй] найдварын”11 талаарх шалтгаануудын цөөн хэд нь билээ.

Мэдээжийн хэрэг, өнөөгийн цаг үед Есүс Христийн ямар ч шавьд асар хүнд асуудлууд тулгардаг. Энэ Сүмийн удирдагчид эдгээр бэрхшээл асуудлыг шийдвэрлэхээр Их Эзэний удирдамжийг эрэлхийлэхэд өөрсдийн амьдралыг зориулдаг. Хэрэв зарим асуудал хүн бүрийн санаанд нийцэхээр шийдэгдээгүй бол тэдгээр нь магадгүй Есүсийн хэлсэн Түүнийг дагахын тулд бидний үүрэх ёстой загалмайн хэсгийг бүрдүүлж байгаа байх.12 Хүнд бэрх асуудлууд, харанхуй бүрхэг өдрүүд байх нь тодорхой учир Бурхан өдөр нь үүлэн баганаар, шөнө нь галан баганаар бошиглогчдыг удирдан чиглүүлж, төмөр бариулыг өгч, давчуу зам руу хөтлөх нарийн хаалгыг нээх бөгөөд бүхнээс илүүтэйгээр бидэнд үүргээ гүйцээх хүчийг өгнө хэмээн амласан.13

Тиймээс та нар брокколид хэчнээн дургүй байсан ч найр дуустал бүү яваарай гэж гуйж байна. Түүний гэрэлд дулаацаж, тэрхүү үүргийн төлөө өөрсдийн дэнлүүг өгөөрэй.14 Хүүхдийн хэсгийн дуунд Есүс “[та нарыг] нарны туяа шиг байгаасай гэж үнэхээр хүсдэг”15 гэдэг нь үнэнийг өгүүлж байна.

Иудейчүүдийн ахлагч Иаир гэртээ үхлүүт өвчтэй хэвтэж буй 12 настай охиныг нь эдгээж өгөхийг Есүсээс хүсэх үед эргэн тойронд нь байсан хүмүүс Аврагчийг бүчин, явуулахгүй удав. Тэгж байхад зарц нь ирж, сэтгэл нь түгшин байсан тэр эцэгт “Охин тань үхсэн. Та цаашид Багшид бүү төвөг уд” гэж хэлжээ.

“Харин Есүс үүнийг сонсоод, түүнд —Бүү ай, гагцхүү итгэ. Тэр аврагдах болно”16 хэмээн хэлсэн.

Тэр эдгэрсэн. Та нар ч бас аврагдах болно. “Бүү ай, гагцхүү итгэ.”

Энд цугласан та бүхэн бүгдээрээ Бурханд болон Түүний Сүмд үнэ цэнтэй учраас би энэхүү онцгой төлөөлөгчийн тунхгаар захиасаа төгсгөе. Таныг Ариун Сүнсний бэлгийг хүлээж авахаас өмнө бодгальд тань “бүх зүйлд байдаг, бүх зүйлд амьдралыг өгдөг”18 Христийн гэрэл өгөгдсөн байдаг17 бөгөөд энэ нь амьдарч байсан мөн амьдрах бүхий л хүний зүрх сэтгэлд сайнаар нөлөөлдөг. Тэрхүү гэрэл таныг хамгаалж, танд заахаар өгөгдсөн. Уг гэрлийн хүргэх гол захиасны нэг нь амьдрал бол бүх бэлгээс хамгийн үнэ цэнтэй нь бөгөөд зөвхөн Их Эзэн Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан мөнхөд олж авдаг бэлэг юм. Дэлхийн гэрэл хийгээд амь19 болсон Бурханы Төрсөн Ганц Хүү үхлийг ялан дийлж, бидэнд амьдрал бэлэглэхээр ирсэн.

Бид амьдралын тэр бэлэгт өөрсдийгөө бүрэн зориулж, энэхүү ариун нандин бэлгээс татгалзах эрсдэлтэй байгаа хүмүүст туслахаар яарах ёстой. Удирдагчид, зөвлөгчид, найзууд, гэр бүлийнхэн та бүхэн сэтгэл гутрал, бухимдал, өөрийгөө гэмтээх, хорлох ямар нэгэн дохио, сэжүүр байгаа эсэхийг ажиглаж байгаарай. Туслахыг санал болгож, тэднийг сонс. Ямар нэгэн байдлаар эвтэйхэн оролц.

Дотроо шаналан тэмцэж байгаа өсвөр үеийнхэн минь, та нар ямар ч асуудал, бэрхшээлтэй байсан амиа хорлох нь хариулт биш гэдэг нь тодорхой юм шүү. Энэ нь та нарын мэдэрч буй эсвэл бусдад учруулж байна гэж та нарын бодож буй тэрхүү шаналал зовлонгоос та нарыг чөлөөлөхгүй. Авч болох бүхий л гэрэл хэрэгтэй байгаа энэ дэлхийд та нарын бодгальд энэ дэлхийгээс өмнө өгсөн Бурханы мөнхийн гэрлийг битгий бүүдийлгээрэй. Хэн нэгэнтэй ярилц. Тусламж хүс. Христийн амиа өргөн байж хамгаалсан амьдралыг бүү сүйтгэ. Бид та нарт туслах тул та нар энэхүү мөнх бус амьдралын зовлон бэрхшээлийг үүрч чадна. Та нар бодож байгаагаасаа ч илүү хүчтэй. Бусад хүн, тэр дундаа Бурхан туслахад бэлэн байдаг. Та нар хайрлагдсан, үнэ цэнтэй, хэрэгтэй хүмүүс. Та нар бидэнд хэрэгтэй! “Бүү ай, гагцхүү итгэ.”

Биднээс хамаагүй илүү цөхрөнгөө барсан нөхцөл байдалд орсон хүн нэг удаа “[Хайрт залуу найзууд минь] арагшаа биш, харин урагшаа явагтун. Зориглогтун … тэгээд ялалт өөд ахь ахь! Зүрх сэтгэл чинь баясаг, мөн үлэмжийн баяртай байг”20 хэмээн хэлсэн байдаг. Бидэнд баяр хөөртэй байх олон шалтгаан бий. Бид нэг нэгийнхээ төлөө байдаг бөгөөд бидэнд Их Эзэн байна. Тантай хамт байх боломжийг маань бүү няцаагаач. Би үүнийг Их Эзэн Есүс Христийн ариун, нандин нэрээр гуйж байна, амен.