Ерөнхий чуулган
Зүрх сэтгэлээ өргөж мөн баясагтун
2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Зүрх сэтгэлээ өргөж мөн баясагтун

Бид энэ цаг үед Израилыг цуглуулах тэнгэрлэг зорилгын төлөө төрсөн.

Их Эзэн шинэхэн хөрвөгч Томас Б.Маршид “Зүрх сэтгэлээ өргөж мөн баясагтун, номлолын чинь цаг ирлээ” (Сургаал ба Гэрээ 31:3) хэмээн урамшуулан хэлсэн.

Энэхүү урилга нь Сүмийн бүх гишүүнд сүнслэг урам зориг өгнө гэдэгт би итгэж байна. Эцэст нь бид бүгдээрээ хөшигний хоёр талд Израилыг цуглуулах номлолын дуудлагыг Тэнгэрлэг Эцэгээс хүлээн авсан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Тэрхүү цугларалт өнөөдөр дэлхий дээр болох хамгийн чухал зүйл юм. Хэр хэмжээ, ач холбогдол, сүр жавхлангийн хувьд юутай ч харьцуулшгүй”1 гэж хэлсэн.

Энэ дэлхий дээр олон зохистой үйл хэрэг байдаг нь гарцаагүй. Мэдээж бүгдийг нь нэрлэх боломжгүй. Таны оролцоо чухал өөрчлөлтийг авчрах, танд хамгийн ойр байдаг агуу үйл хэрэгт оролцмооргүй байна гэж үү? Цугларалт бүгдэд мөнхийн өөрчлөлтийг авчирна. Хаана амьдардаг, ямар нөхцөлд байгаа гэдгээс үл хамааран бүх насны хүн энэхүү үйл хэрэгт оролцож чадна. Үүнээс илүү бүгдэд хамаатай үйл хэрэг энэ дэлхийд байхгүй.

Ерөнхийлөгч Нэлсон өсвөр үеийнхэнд онцгойлон хэлсэн үгэндээ “Тэнгэрлэг Эцэг маань Өөрийн хамгийн нэр төртэй суутнуудаас олныг буюу хамгийн шилдэг багаа энэхүү сүүлчийн үед зориулан бэлтгэсэн. Тэдгээр нэр төртэй суутан, шилдэг тоглогч, баатрууд бол та нар!”2 гэж хэлсэн билээ.

Тиймээ, та нар энэ амьдралаас өмнөх амьдралд бэлтгэгдсэн, хожмын өдрүүдэд хөшигний хоёр талд Израилыг цуглуулах агуу үйл хэрэгт гар бие оролцохоор төрсөн (Сургаал ба Гэрээ 138:53-56-г үзнэ үү).

Яагаад энэ үйл хэрэг ийм чухал вэ? Учир нь “бодгалийн үнэ цэнэ Бурханы мэлмийд агуу” (Сургаал ба Гэрээ 18:10). “Мөн [Есүс Христэд] итгэсэн, мөн баптисм хүртсэн хэн боловч, мөнхүү тэр нь аврагдах болно; мөн … Бурханы хаант улсыг өвлөх хүмүүс юм” (3 Нифай 11:33). Цаашлаад, Түүний ёслолуудыг хүлээн авсан, гэрээгээ сахидаг хүмүүст “Эцэгт байгаа бүхэн өгөгдөх болно” (Сургаал ба Гэрээ 84:38). Мөн “ажилчид нь цөөн байна” (Лук 10:2).

Зөвхөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд амьд эсвэл нас барсан хүмүүсийн аль алинд нь иймэрхүү адислалыг санал болгох хүч, эрх мэдэл, арга зам байдаг.

Ямар ч үед, хөшигний аль ч талд байх хэн нэгэнд туслах ямар нэгэн ажлыг хийхэд буюу Бурхантай нэн чухал гэрээнүүдийг хийж, баптисмын болон ариун сүмийн нэн чухал ёслолуудыг хүлээн авахаар нэг алхам хийхдээ та нар Израилийг цуглуулахад тусалж байгаа хэрэг юм. Энэ бол ийм л энгийн зүйл.”3

Цугларалтад бид маш олон арга замаар тусалж чадах ч би нэг зүйлийн талаар онцолж хэлмээр байна. Энэ бол бүрэн цагийн номлогчоор үйлчлэх явдал юм. Та нарын олон нь бусдад заах номлогчоор үйлчилж болно. Мөн зарим нь үйлчлэлийн номлогч болж болно гэсэн үг. Харин дэлхий ертөнц айдас, өөртөө итгэлгүй байдлыг ашиглан өсвөр үеийнхнийг энэхүү ариун нандин үүрэг хариуцлагаас анхаарлыг нь сарниулахыг оролдож байна.

Мөн цар тахал гарах, боломжийн ажлаа орхих, сурч боловсрохоо хойшлуулах эсвэл хэн нэгэнтэй хайр сэтгэлийн харилцаатай байхад илүү анхаарах гэх мэт анхаарал сарниулах зүйлс байна. Эрэгтэй, эмэгтэй хүн бүр өөр, өөрийн сорилт бэрхшээлтэй тулгарах болно. Иймэрхүү сорилтууд яг Их Эзэнд үйлчилж эхлэх үед чинь тохиолдож болно. Эргээд харахад алийг сонгох нь тодорхой байсан ч тухайн үедээ амаргүй байдаг.

Өөрөө ийм байдалд орж байсан туршлага надад байдаг учраас сэтгэл санаа нь хямарсан залуу хүн ямар байдгийг би мэднэ. Номлолд явахаар бэлдэж байх үед маань хачирхалтай гэмээр хүчин зүйлүүд намайг хойш татахыг оролдож байсан. Тэдний нэг нь шүдний эмч маань байв. Тэр номлолд явахаар шүдээ үзүүлэх гэж цаг товлосныг маань мэдээд, намайг номлолд явуулахгүй байх талаар ятгасан. Шүдний эмч маань Сүмийг эсэргүүцдэг гэж би огтхон ч төсөөлөөгүй.

Сурахаа хойшлуулахад ч бас их ярвигтай байсан. Намайг их сургуулиасаа 2 жилийн чөлөө хүсэхэд боломжгүй гэж хэлж байв. 1 жилийн дараа их сургуульдаа иргэж ирэхгүй бол би суралцах орон тоогоо алдах байсан. Бразилд их сургуульд элсэхийн тулд заавал маш хүнд, өрсөлдөөнтэй шалгалт өгдөг учраас энэ нь нэлээн ноцтой асуудал байсан.

Дахин дахин хүсэлт гаргасны эцэст тэд онцгой нөхцөлөөр намайг нэг жилийн дараа элсэхийг арай гэж зөвшөөрсөн юм. Гэхдээ зөвшөөрөгдөхгүй ч байж мэднэ гэсэн. Сургуулиасаа хөндийрч 2 жил болчхоод, элсэлтийн хүнд хэцүү шалгалт дахин өгөхөөс би айж байв.

Мөн тэр үед би нэгэн залуу эмэгтэйд сэтгэлтэй болсон байсан. Зарим нэг найз маань ч түүнд сайн байсан. Би номлолд явснаар өөрийгөө эрсдэлд оруулж байна даа гэж бодож байв.

Их Эзэнд бүхий л зүрх сэтгэлээрээ үйлчлэх гэж хичээж байгаа надад, ирээдүйдээ бүү санаа зов гэх урам зориг Түүнээс, Есүс Христээс ирсэн.

Түүнд хийж гүйцэлдүүлэх ажил байсан. Тэрээр Өөрийн үгээр “Учир нь Би Өөрийнхөө хүслийг бус харин Намайг Илгээгчийн хүслийг үйлдэхээр тэнгэрээс бууж ирсэн юм” (Иохан 6:38) хэмээн тайлбарласан. Түүний номлол амар байсан уу? Мэдээж үгүй. Түүний номлолын гол хэсэг болох зовлон шаналал нь “бүр бүхнээс хамгийн агуу Бурхан [Түүнийг] өвдөхийн улмаас дагжин чичрэх, мөн сүв бүрээс цус шүүрэх, мөн бие хийгээд сүнс аль алиныг нь зовоход хүргэсэн тэрхүү зовлон нь—мөн [Түүнийг] тэрхүү гашуун аяганаас уухгүй, мөн айснаас эргэн буцахад хүргэж болохоор байсан билээ—

Гэсэн хэдий ч, алдар суу нь Эцэгт байх болтугай, мөн [Тэр]ээр хүртэж мөн хүмүүний үрсийн төлөө өөрийн бэлтгэлүүдийг дуусгасан билээ” (Сургаал ба Гэрээ 19:18–19).

Бүрэн цагийн номлолд үйлчлэх нь бидэнд хэцүү мэт санагдаж болох юм. Энэ нь хэсэгхэн хугацаанд чухал зүйлүүдээсээ татгалзахыг шаарддаг. Их Эзэн үүнийг гарцаагүй мэддэг бөгөөд үргэлж бидний дэргэд байдаг.

Тэргүүн зөвлөл Миний сайн мэдээг номло удирдамж дээрх, номлогчдод хандсан захиас бичигтээ “Таныг Их Эзэнд залбиран байж, даруухнаар үйлчлэх үед Тэр өгөөмрөөр адисалж, шагнах болно”4 гэж амласан байдаг. Бурханы бүх хүүхэд ямар нэгэн байдлаар адислагддаг нь үнэн, гэхдээ адислагдах, Түүний үйлчлэлд өгөөмрөөр адислагдах хоёр ялгаатай.

Номлолынхоо өмнө сорилт бэрхшээлтэй тулгарч байна гэж бодож байсныг минь санаж байна уу? Шүдний эмч яасныг санаж байна уу? Би өөр нэг эмч олсон. Их сургууль яасан бэ гэж үү? Тэд надад боломж олгосон. Нөгөө залуу эмэгтэйг санаж байна уу? Тэр миний нэг сайн найзтай гэрлэсэн.

Гэвч Бурхан намайг үнэхээр өгөөмрөөр адисалсан. Их Эзэний адислалууд бидний бодож байснаас өөр арга замаар ирдэг гэдгийг би мэдэж авсан. Эцэст нь хэлэхэд, Түүний бодол санаа бидний бодол санаа биш (Исаиа 55:8–9-ийг үзнэ үү).

Би бүрэн цагийн номлогчийн хувиар Есүс Христэд үйлчилж, Түүнд болон Түүний Цагаатгалд итгэх агуу итгэл, Түүний сургаалын талаарх илүү хүчирхэг гэрчлэл, мэдлэгтэй болсноор “аливаа номлолын салхинд” (Ефес 4:14) туугдахгүй байх зэрэг өгөөмөр адислалуудыг хүлээж авсан. Би бусдад заах айдсаасаа салж чадсан төдийгүй сорилт бэрхшээлтэй өөдрөгөөр нүүр тулах чадвар маань нэмэгдсэн. Номлолдоо уулзаж, заасан гэр бүл, хувь хүмүүсийг ажигласнаар би Бурханы сургаал үнэн бөгөөд гэм нүгэл жинхэнэ аз жаргалыг авчирдаггүй, мөн Бурханы тушаалуудад дуулгавартай байснаар сүнслэг болон материаллаг байдлын аль алинаар нь адислагддаг гэдгийг мэдэж авсан (Мозая 2:41 болон Алма 41:10-ыг үзнэ үү). Бурхан бол гайхамшгийн Бурхан гэдгийг би өөртөө олж мэдсэн юм (Мормон 9-ийг үзнэ үү).

Эдгээр нь надад ирээдүйн амьдралдаа буюу гэрлэлт, аав болох, Сүмийн үйлчлэл, ажил мэргэжил, нийгмийн амьдралд бэлэн болоход тус болсон.

Номлолынхоо дараа би өөрийгөө ямар ч нөхцөлд, бүх хүнд Есүс Христийн болон Түүний Сүмийн итгэлтэй дагалдагч гэдгээ харуулж, бүр цаашлаад ариун журамт, ухаалаг, хөгжилтэй, миний амьдралын нар, хайртай мөнхийн хань минь болсон үзэсгэлэнтэй эмэгтэйтэй сайн мэдээг хуваалцах урам зоригийг авсан.

Тийм ээ, Бурхан намайг “залбиран байж, даруухнаар Түүнд үйлчлэх” тэд бүгдийн адил миний төсөөлснөөс хамаагүй илүү өгөөмрөөр адисалсан юм. Бурханы сайн сайханд би мөнхөд талархаж байна.

Номлол маань миний амьдралд бүрэн нөлөөлсөн. Бурханд болон Түүний мэргэн ухаан, нигүүлсэл, амлалтуудад итгэж найдах хүчин чармайлт үнэ цэнтэй гэдгийг би сурч мэдсэн. Тэр бидний Эцэг, ямар ч эргэлзээгүйгээр Тэр бидэнд хамгийн сайн сайхныг хүсдэг.

Дэлхийн өнцөг булан бүрд суугаа эрхэм хүндэт өсвөр үеийнхэндээ хандаж би ерөнхийлөгч Нэлсоны тавьсан урилгыг дахин тавьж байна. Та бүхнийг “Израилын цугларалтад туслах Их Эзэний өсвөр үеийнхний армид элсэн орохыг урьж байна.” Ерөнхийлөгч Нэлсон үүнийг ингэж тайлбарласан.

Үүнээс илүү агуу үр дагавартай зүйл гэж үгүй. Бүр огт байхгүй.

Энэ цугларалт та нарын хувьд хамгийн чухал зүйл байх ёстой. Энэ бол та нарын дэлхий рүү ирэх болсон тэрхүү зорилго юм”5 хэмээн хэлсэн билээ.

Бид энэ цаг үед Израилыг цуглуулах тэнгэрлэг зорилгын төлөө төрсөн. Бид бүрэн цагийн номлогчоор үйлчилж байхдаа саад бэрхшээлтэй тулгарах болно. Гэвч Их Эзэн бидний агуу үлгэр жишээ бөгөөд ийм нөхцөл байдалд биднийг удирдах болно. Тэрээр номлол хэцүү гэдгийг ойлгодог. Түүний тусламжтай бид хэцүү зүйлүүдийг хийж чадна. Тэр бидний дэргэд байх (Сургаал ба Гэрээ 84:88-ыг үзнэ үү) бөгөөд биднийг Түүнд даруухнаар үйлчлэх үед Тэр биднийг агуу ихээр адислах болно.

Эдгээр бүх шалтгааны улмаас Их Эзэн яагаад Томас Б.Маршид болон бид бүгдэд “Зүрх сэтгэлээ өргөж мөн баясагтун, номлолын чинь цаг ирлээ” хэмээн хэлснийг би гайхахгүй байна. Есүс Христийн нэрээр, амен.