Ерөнхий чуулган
Хөрвөгдөх нь бидний зорилго
2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Хөрвөгдөх нь бидний зорилго

Ариун Сүнсний тантай шууд ярихыг сонсон, судар судлахад зарцуулах таны цагийг ямар ч зүйл орлож чадахгүй.

Бид Их Эзэний Сүмийн гишүүдийн хувьд хамтдаа нэгэн аяллыг эхлээд гурван жил гаруй болж байна. Тэргүүн зөвлөл болон Арван хоёр төлөөлөгчийн чуулга 2018 оны 10-р сард биднийг Есүс Христийн талаар суралцахдаа Ирээд, Намайг дага эх сурвалжийг хөтчөө болгон, шинэ, сүнслэг загвараар судруудыг судлахад урьсан билээ.

Ямар ч аялалд гарахдаа ахиц дэвшлээ үнэлж, зорилгодоо хүрэхийн төлөө урагшилж байгаа эсэхээ шалгахын тулд зарим үед түр зогсох нь сайн байдаг.

Хөрвөгдөх нь бидний зорилго

Ирээд, Намайг дага гарын авлагын оршил хэсэг дээрх гүн гүнзгий захиасыг авч үзье.

“Сайн мэдээнээс суралцаж, заах бүхий л зорилго нь Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд хөрвөх хөрвөлтөө гүнзгийрүүлэх явдал юм. …

… Бидний итгэлийг хүчирхэгжүүлж, хөрвөлтийн гайхамшиг руу хөтөлдөг сайн мэдээнээс суралцах үйл явц нэг дор тохиодоггүй. Энэ нь ангиас гарч, бидний зүрх сэтгэл, гэр орон руу өргөжин тэлдэг. Энэ нь сайн мэдээг ойлгож, үүний дагуу амьдрах өдөр тутмын, байнгын хичээл зүтгэлийг шаарддаг. Жинхэнэ хөрвөлт рүү хөтөлдөг сайн мэдээнээс суралцах үйл явц нь Ариун Сүнсний нөлөөг шаарддаг.”1

Хэн нэг хүн судраас туршлага хуримтлуулах үед2 тэрхүү туршлага нь Ариун Сүнсний нөлөөгөөр адислагдсан бол энэ нь бидний эрэлхийлдэг гайхамшиг билээ. Ийм туршлагууд бидний Аврагчид хөрвөгдөх хөрвөлтийн үнэ цэнтэй суурийн чулуу болдог. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон сүнслэг суурийг байнга бэхжүүлж байх ёстой хэмээн бидэнд саяхан сануулсан.3 Урт хугацааны хөрвөлт нь насан туршийн үйл явц юм.4 Хөрвөгдөх нь бидний зорилго

Хамгийн их үр дүнтэй байхын тулд, таны судраас судлах туршлага өөрийнх тань байх ёстой.5 Өөр хүний туршлага, ойлголтын талаар сонсож, унших нь тустай ч энэ нь ижил хөрвөлтийн хүчийг авчрахгүй. Ариун Сүнсний тантай шууд ярихыг сонсон, судар судлахад зарцуулах таны цагийг ямар ч зүйл орлож чадахгүй.

Ариун Сүнс надад юу зааж байна вэ?

Долоо хоног бүр би Ирээд, Намайг дага гарын авлагыг нээх үедээ хуудасныхаа дээд талд “Энэ бүлгүүдийг уншихад Ариун Сүнс надад юу зааж байна вэ?” гэсэн асуултыг бичиж, тэмдэглэдэг.

Би судраас судлахдаа энэ асуултыг дахин дахин тунгаан боддог. Сүнслэг бодол зайлшгүй төрдөг ба би гарын авлага дээрээ тэдгээрийг тэмдэглэж авдаг.

Харин одоо Ариун Сүнс надад зааж байна гэдгийг би хэрхэн мэдэх вэ? Энэ нь өчүүхэн мөн энгийн арга замаар ирдэг. Заримдаа судрын нэг хэсэг илүү тодорч, миний анхаарлыг татаж байгаа мэт санагддаг. Бусад үед сайн мэдээний зарчмын талаар би илүү өргөн ойлголттой болж, оюун санаа минь гэгээрч байгаа юм шиг мэдрэгддэг. Мөн би эхнэр Энн Маритайгаа уншиж байгаа зүйлийнхээ талаар ярилцаж байхдаа Ариун Сүнсний нөлөөллийг мэдэрдэг бөгөөд түүний аливааг харах алсын хараа нь үргэлж Сүнсийг урьж байдаг.

Бошиглогч ба Алгасал баяр

Энэ жил бид Хуучин Гэрээг буюу бидний бодгалийг гэрлээр дүүргэдэг ариун судрыг судалж байна. Хуучин Гэрээнээс судалж байх үед надад Адам, Ева, Енох, Ноа, Абрахам гэх мэт бусад итгэл хүлээсэн олон удирдагчтай хамт цагийг өнгөрүүлж байгаа мэт санагддаг.

Энэ долоо хоногт бид Гэтлэл 7–13-р бүлгийг судалж байхдаа, Их Эзэн хэрхэн Израилын хүүхдүүдийг Египет дэх хэдэн зуун жилийн боолчлолоос чөлөөлсөн талаар суралцсан билээ. Бид Фараоны зүрх сэтгэлээ хатууруулсны улмаас мэдэрсэн есөн аймшигт тахал буюу Бурханы хүч чадлын есөн гайхалтай илэрхийллийн талаар уншсан.

Тэгээд Их Эзэн Өөрийн бошиглогч Мосед арав дахь тахлын талаар болон Израилын гэр бүл бүр үүнд хэрхэн бэлтгэх хэрэгтэйг хэлжээ. Алгасал баяр гэгддэг зан үйлээр израилчууд гэм зэмгүй эр хургыг золиос болгодог байв. Дараа нь тэд хурганы цусаар гэрийнхээ хаалганы тотгон дээр тэмдэг тавьдаг байсан. Их Эзэн цусаар тэмдэг тавьсан айл бүрийг удахгүй тохиох аймшигт тахлаас хамгаална гэж амласан байв.

Сударт “Израилын хөвгүүд явж, Мосе … нарт ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдсэн” (Гэтлэл 12:28) гэж хэлдэг. Энэхүү дуулгавартай байдлын талаарх энгийн шүлэгт маш хүчтэй нэг зүйл байна.

Израилын хүүхдүүд Мосегийн зөвлөмжийг дагаж, итгэлээр үйлдсэн учир тахлаас хамгаалагдаж, эцэст нь боолчлолоос чөлөөлөгдсөн юм.

Тэгэхээр, Ариун Сүнс надад эдгээр бүлгээс юу заасан бэ?

Санаанд минь орж ирсэн хэдэн бодлыг хуваалцъя.

  • Их Эзэн Өөрийн хүмүүсийг аварч, хамгаалахын тулд Өөрийн бошиглогчоор дамжуулан ажилладаг.

  • Бошиглогчийг дагах итгэл, даруу байдал нь хамгаалалт, чөлөөлөлтийн гайхамшгийг авчирсан.

  • Хаалганы тотгон дээрх цус Бурханы Хурга Есүс Христэд итгэх дотоод итгэлийн гадаад бэлгэ тэмдэг байсан.

Бошиглогч ба Их Эзэний амлалтууд

Энэхүү Хуучин Гэрээний түүх дээр гардаг, Их Эзэний Өөрийн хүмүүсийг адисалсан арга замыг болон өнөөдөр ч бас Өөрийн хүмүүсийг адисалж байгаа арга замуудын харилцан хамаарлыг хараад би биширсэн.

Их Эзэний амьд бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон судраас судлах арга хэрэгсэл болох Ирээд, Намайг дага гарын авлагыг бидэнд танилцуулж, биднийг гэр орноо итгэлийн ариун газар, сайн мэдээнээс суралцах төв болгон өөрчлөхөд уриалсан билээ.

Дараа нь тэр дөрвөн тодорхой адислалыг амласан.

  1. Таны хүндэтгэлийн өдрүүд баясгалантай болно,

  2. Танай хүүхдүүд Аврагчийн сургаалаас суралцаж, түүгээр амьдрахдаа баяртай байна,

  3. Таны амьдрал, гэр орон дахь дайсны нөлөө багасах болно, мөн

  4. Гэр бүлд тань мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарч, тогтвортой үргэлжлэх болно.6

Бидэнд одоо Египет дэх Алгасал баярыг Мосетой хамт туулсан хүмүүсийн тэмдэглэл байхгүй. Гэсэн хэдий ч бидэнд өнөөдөр ерөнхийлөгч Нэлсоны зөвлөгөөг дагаж, амлагдсан адислалуудыг хүлээн авч байгаа маш олон итгэлтэй гэгээнтний гэрчлэлүүд бий.

Тэдгээр гэрчлэлээс хэдийг энд дурдъя.

Нэгэн залуухан ээж: “Бид гэртээ Христийн тухай ярьж, Христэд баясдаг. Миний хувьд, хүүхдүүд маань Аврагч руу ойртуулдаг бас гэр оронд минь өрнөдөг эдгээр сайн мэдээний ярилцлагыг сонсож өсөх нь хамгийн агуу адислал юм”7 гэж хэлжээ.

Нэгэн өндөр настай ах Ирээд, Намайг дага гарын авлагаар дамжуулан судруудаас судлахыг “Бидний сүнсний сайн сайхан байдалд хэрэг болох сайн мэдээний сургаалыг үзэж харахад бидэнд тусалдаг тэнгэрлэг гэрлээр дүүрсэн суваг”8 гэж нэрлэсэн.

Нэгэн залуухан эхнэр гэрлэлтийнхээ адислалуудыг тодорхойлохдоо, “Нөхөртэйгөө хамт суралцах үед би түүний зүрх сэтгэлийг илүү гүнзгий мэдэж авч мөн зүрх сэтгэлээ түүнд илүү их нээх боломжтой болсон”9 гэж хэлсэн байна.

Өнөр өтгөн гэр бүлийн ээж гэр бүлийнхэндээ заах хичээл зүтгэл нь хэрхэн өөрчлөгдсөнийг анзаарчээ. Тэрээр “Эргээд харахад, энэ нь би цасны бээлий өмсөөд төгөлдөр хуур тоглож байгаатай л адил байсан. Би яг л ноотны дагуу тоглож байсан ч хөгжим тийм ч зөв сонсогдохгүй байсан. Одоо би тэр бээлийгээ тайлсан, бас миний хөгжим төгс биш хэвээр байгаа ч ялгааг нь сонсож байгаа. Ирээд, Намайг дага гарын авлага надад алсын хараа, чадвар, төвлөрөл, зорилгыг өгсөн”10 гэж хэлсэн.

Нэгэн залуухан нөхөр: “Ирээд, Намайг дага гарын авлагыг өглөө бүр хийдэг зүйлсийнхээ нэг хэсэг болгосноос хойш миний гэртээ нэн тэргүүнд тавих хамгийн чухал зүйлүүд илүү тодорхой болсон. Суралцах нь намайг ариун сүм, эхнэртэйгээ харилцах харилцаа, дуудлага гэх зэрэг надад хамгийн чухал зүйлсийн талаар илүү ихийг бодоход хүргэдэг. Миний гэр орон Бурханыг нэгдүгээрт тавьдаг ариун газар байгаад би талархаж байна”11 гэж хэлсэн байна.

Нэгэн эгч: “Миний Ирээд, Намайг дага гарын авлагаас өдөр тутам олж авдаг туршлага тийм ч анхаарал татахуйц биш ч цаг хугацаа өнгөрөхөд би анхаарлаа төвлөрүүлж, судраас тогтмол судалснаар өөрийгөө хэрхэн өөрчлөгдөж байгааг харж байна. Иймэрхүү маягаар судлах нь надад бага багаар зааж, намайг даруусгаж, өөрчилдөг”12 гэж хуваалцжээ.

Буцаж ирсэн номлогч: “Ирээд, Намайг дага хөтөлбөр нь намайг номлолдоо судраас судалдаг байсан үеийн түвшинд маань ойртуулсан бөгөөд би судраас судлах шаардлагыг биелүүлэх сэтгэлгээнээс Бурханыг үнэхээр таньж мэдэхийн тулд гүнзгийрүүлэн судлах сэтгэлгээ рүү шилжиж чадсан”13 гэж хэлсэн байна.

Нэгэн ах: “Би Ариун Сүнсийг амьдралдаа илүү их мэдэрч байгаа мөн шийдвэр гаргахдаа Бурханы илчлэлтийн удирдамжийг мэдэрдэг. Би Христийн энгийн сургаал, Түүний Цагаатгалын сайн сайхны талаар илүү гүн гүнзгий яриа өрнүүлдэг болсон”14 гэж хэлжээ.

Долоон настай хүү: “Би удахгүй баптисм хүртэх ба Ирээд, Намайг дага гарын авлага үүнд бэлтгэхэд маань тусалж байна. Би гэр бүлтэйгээ хамт баптисмын талаар ярилцдаг. Одоо би баптисм хүртэх талаар санаа зовнихгүй байгаа. Ариун Сүнс зүрх сэтгэлд минь хүрэхэд Ирээд, Намайг дага гарын авлага тусалдаг, бас би судраас судлахдаа халуун дулаан мэдрэмжийг мэдэрдэг”15 гэж хэлсэн.

Эцэст нь олон хүүхэдтэй ээж: “Биднийг Бурханы үгийг судлахад, Тэр бидний гэр бүлийг санаа зовнилоос хүч чадал руу; саад бэрхшээлээс чөлөөлөлт рүү; зөрчилдөөн шүүмжлэлээс хайр, амар амгалан руу; дайсны нөлөөллөөс Бурханы нөлөөлөл рүү хөтөлсөн” 16 гэж хэлсэн байна.

Эдгээр болон Христийг итгэлтэй дагалдагч өөр олон хүн Бурханы Хурганы цусаар гэрийнхээ хаалганы тотгон дээр тэмдэг тавьсан бэлгэдлийг харуулжээ. Тэд Аврагчийг дагана гэсэн дотоод амлалтаа харуулж байна. Тэдний итгэл гайхамшгуудыг авчирдаг. Хэн нэг хүн судраас туршлага хуримтлуулах үедээ, тэрхүү туршлага нь Ариун Сүнсний нөлөөгөөр адислагдсан бол гайхамшиг болдог.

Биднийг судруудыг судлах үед дэлхийд сүнслэг өлсгөлөн байхгүй байх болно. Hифaй “Бурханы үгийг анхааран сонсох, мөн үүнээс зууран барих хэн боловч, тэд хэзээ ч эрсдэх нь үгүй; бас хортны уруу таталтууд хийгээд галт сумнууд, тэднийг устгал уруу удирдахаар тэднийг харалган болгож давамгайлах нь ч үгүй” (1 Нифай 15:24) гэж заасан.

Эрт дээр үед Израилын хүүхдүүд Их Эзэний Мосед өгсөн удирдамжийг дагаснаар аюулгүй байдал, эрх чөлөөгөөр адислагдсан билээ. Бид өнөөдөр амьд бошиглогч, ерөнхийлөгч Нэлсоноор дамжуулан өгсөн Их Эзэний удирдамжийг дагаснаар зүрх сэтгэлийн хөрвөлт болон гэр орны хамгаалалтаар мөн адил адислагдаж байна.

Би Есүс Христ амьд гэдгийг гэрчилж байна. Энэ бол бошиглогч Иосеф Смитээр дамжин дэлхий дээр сэргээгдсэн Түүний Сүм юм. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бол өнөөдөр Их Эзэний амьд бошиглогч мөн. Би түүнийг хайрлаж, дэмжин баталдаг. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022, vii.

  2. “Бидний хүн нэг бүр хувийн өсөлт хөгжлийнхөө өмнө хариуцлага үүрдэг” (Рассэлл М.Нэлсон, “Нээлтийн үг,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 3).

  3. Рассэлл М.Нэлсон, “Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь,” 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган.

  4. Энэ бол яагаад ерөнхийлөгч Нэлсоны биднээс “Их Эзэнд зориулан цаг гарга! Та нар Ариун Сүнстэй байнга хамт байлгах зүйлсийг хийснээр сүнслэг сууриа цаг хугацааны шалгуурт бат бөх байхаар тавь” гэж гуйсан чухал шалтгаан юм (“Их Эзэнд зориулан цаг гарга,” 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган).

  5. “Бусад хүний юу хэлэх, юу хийхээс үл хамааран таны оюунд мөн зүрх сэтгэлд хүргэгдсэн юу үнэн болох талаарх гэрчлэлийг хэн ч авч чадахгүй” (“Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 119).

  6. Рассэлл М.Нэлсон “Үлгэр жишээ хожмын үеийн гэгээнтнүүд болох нь,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 119-өөс үзнэ үү. Ерөнхийлөгч Нэлсон энэхүү урилгыг өнгөрсөн 4-р сарын Ерөнхий чуулган дээр өгөхдөө, “Гэр орноо итгэлийн чухал газар болгох таны амлалт хэзээ ч дуусах ёсгүй. Энэ унасан дэлхийд итгэл, ариун байдал буурах тусам танд ариун газар улам их хэрэгтэй болно. Би таныг гэр орноо үргэлжлүүлэн жинхэнэ ариун газар болгож, тэр чухал зорилгоосоо бүү шилжин нүүлгэгд’ гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” хэмээн давтан хэлжээ (“Бидний сурч буй хэзээ ч үл мартах зүйлс,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 78; Сургаал ба Гэрээ 87:8-ыг эш татав, тодотгол нэмэгдсэн).

  7. Хувийн захидлыг болон 2 Нифай 25:26-г үзнэ үү.

  8. Хувийн захидал

  9. Хувийн захидал

  10. Хувийн захидал

  11. Хувийн захидал

  12. Хувийн захидал

  13. Хувийн захидал

  14. Хувийн захидал

  15. Хувийн захидал

  16. Хувийн захидал