2008
Би яагаад шөнийн 3:00 цагт сэрсэн бэ?
2008 оны нэгдүгээр сар


Би яагаад шөнийн 3:00 цагт сэрсэн бэ?

Миний эхнэр Ийв намайг ёврох шиг надад эхлээд санагдаж билээ. Гэтэл намайг эргээд харахад тэр бөх гэгч нь унтаж байгааг би харлаа. Босоод суутал том өрөө рүү очих хэрэгтэй гэсэн тов тодорхой бодол надад төрөх нь тэр. Би орноос босч, үүдний өрөө рүү явлаа. Хүүхдүүдийн унтлагын өрөөний дэргэдүүр өнгөрөхдөө тэднийг ажиглавал, тэд хурхиран унтаж байлаа.

Том өрөөнд нүүрсээр галладаг манай пийшинд орой хийсэн нүүрснээс дулаахан илч ялгаран нам гүм байв. Зуухны чийглэгчийг зөв тавьсан байлаа иймээс зуух зохих ёсоор ажиллаж байх шиг байв. Бүх зүйл хэвийн байлаа. Тэр ч байтугай манай нохой намайг ирснийг анзааралгүй унтаж байв. Гадаа, цас дарсан хашаан дотор зөвхөн нам гүмхэн сүүдрийг л би харж байлаа.

Би өрөөг дахин тойруулж харснаа, тэвдэн сандрав. Надад нэг л эвгүй санагдаад байлаа. Яагаад би том өрөөнд ганцаараа шөнийн 3:00 цагт зогсож байгаа билээ? Би хэдэн хором тээнэгэлзэн зогссоноо, эцэстээ ор руугаа эргэн явахаар шийдэв.

Би унтлагын өрөө рүү дөнгөж эргэтэл, ард талд нэг төмөр шар хийх чимээ гарах нь тэр. Түргэн эргэтэл, утаа харагдаж, пийшингийн араас халуун нурам асгаран гарлаа! Зуухны яндан дээрх нэг тав гэнэт сугарч унан, яндангийн нэг залгаас нөгөө рүүгээ гулсан унаж, янданд цоорхой гарсан байлаа.

Би туслуулахаар Ийвийг дуудлаа. Тэгээд би пийшингийн дэргэд байсан хүнд савхин бээлийг гартаа хийж, яндангийн залгаасыг буцааж холболоо. Яндангийн залгаасыг дахин холбосны дараа, Ийв бид хоёр том өрөөнөөс утааг гаргав. Тэгээд бид юу шатсаныг ажиглалаа.

Халуун нурам, хөө тортог хивсний захаас багаханыг шатаасан байлаа. Яндангийн тав мултарч унахад би тэнд байгаагүй бол, том өрөө бүхэлдээ хоромхон зуур галд авалцан шатах байжээ. Ариун Сүнсний намуун зөөлхөн атлаа тодоос тод мэдрэмжийн ачаар манай гэр орон устгагдахаас, магадгүй бидний амь нас эрсдэхээс аврагдсан юм.

Би ор уруугаа буцаж ирэхдээ, бүх зүйлийг харж байдаг, биднийг хайрлагч Тэнгэрлэг Эцэг маань өвлийн тэр хүйтэн шөнө мултарч унасан тэр жижигхэн тавны талаар надад сэрэмжлүүлсэнд туйлын баяртай байлаа.