2011
Үүргэнэн титэм, ялалтын титэм
2011 оны дөрөвдүгээр сар


Биднийг дахин уулзтал

Үүргэнэн титэм, ялалтын титэм

Миний хувьд үүргэнэн титэм нь бидний бүх нууц зовлонг Аврагч мэддэгийн болон биднийг тайвшруулах Түүний чадварын бэлгэдэл болсон юм.

Ариун нутаг дахь наймдугаар сар. Бидний эргэн тойронд Капернаумын балгас үдээс хойшийн бүгчим халуунд зэрэглээтэн сүүмэлзэнэ. Энэ хот үзэсгэлэнтэй сайхан байсан бололтой, гэвч бидний хөтөч, дэргэдэх царцаа хоёр дүнгэнэлдсээр миний бодол санаа хол бэлчиж байлаа.

Тэгтэл хөтөч биднийг сүүдрээрээ халхалж байсан модыг гэнэт зааж, “Хүмүүс энэ модыг ‘үүргэнэн титмийн’ мод гэдэг юм” гэж хайхрамжгүйхэн хэлэхэд би давхийн цочоод, дээшээ тэр модны саглагар навчтай мөчрүүдийг харлаа. Өргөс нь хаанаа байдаг юм бол? Модонд хүрээд хамгийн наад талын нэг жижигхэн мөчрийг болгоомжтой татлаа.

Нарийхан навчнуудын голд өргөс байхыг харлаа. Туяхан, ногоон, ер бусын хурц, уртаараа миний эрхий хуруун дайтай өргөсүүд хэдэн алхмын цаанаас харагдахааргүй ажээ. Гэвч нарийхан навч шиг харагдах мөчирт хүрсэн хүн өргөсөнд хатгуулж өвдөхийг мэдэрнэ.

Доромжлон тохуурхагч шүүх хурал дээр ягаан нөмрөгтэй, Аврагч хатсан үүргэнэн титэм өмсөн зогсож байгаа олон зураг харснаа саналаа. Нэг боол эсвэл цэрэг хатсан хуурай мөчрөөр биш, харин миний дээр харагдаж байсан зөөлхөн ногоон мөчрүүдээр титэм хийж эхлэх шиг надад гэнэт санагдав. Өргөст титэм сүлжсэн нь зүгээр нэг өвтгөх биш харин доог тохуу болгох зорилготой байсан нь тодорхой юм.

Эрт үед анхилуун үнэртэй лаврын ногоон саглагар мөчрөөр хэлхээ сүлжиж, тулалдаанд ялагчдад өгдөг байжээ. Лаврын хэлхсэн ногоон мөчрөөр хаад, эзэн хаадын дүрийг чимэглэдэг байв. Аврагчийн духан дээрээс дарж байсан өргөст титмийн хэсэг нь эрт үеийн хаадад үзүүлдэг байсан хүндэтгэлийг егөөдөн саглагар ногоон навчтай байсан болов уу. Энэ бол ердөө таамаглал болохоос сургаалын асуудал биш. Гэвч миний хувьд тийнхүү төсөөлөн бодох нь, Аврагч бидний зовлонг мэддэг, биднийг эдгээх чадвартай гэсэн Цагаатгалын энэ талыг илүү тодорхой ойлгож, үүн дээр анхаарал төвлөрүүлэх боломжийг олгодог билээ.

Түүнд нөмрөг өмсгөсөн нь хаан язгуурын бэлгэдлийг дооглон тохуурхсан явдал мөн. Түүнийг ташуурдахад нөмрөг ташуурын сурнаас биеийг нь халхалж байжээ. Үүнчлэн, өргөст титмийн өтгөн ногоон навч нь тулалдаанд ялагчийн цэцгийн хэлхээ болж, өргөс хатгаж өвтгөхийг халхалж байсан болов уу.

Бидний олонх нь үл харагдах сэтгэлийн шаналгаатай байдаг. “Хүн бүрийн зүрх сэтгэлд үл харагдах зовлон байдаг” хэмээн нэг дуулалд өгүүлдэг билээ (“Lord, I Would Follow Thee,” Hymns, no. 220). Гэвч Их Эзэн хардаг. Тэр хүн нэг бүрийн зовлонг сайн мэддэг. Түүний үйлчлэл бүхэлдээ Цагаатгал болон Амилалтад бэлтгэхэд чиглэгдсэн юм. Гэвч Түүний зааж, эдгээж байсан хүмүүс үүнийг мэдээгүй юм. Тэр байтугай Түүний дагалдагчид ч үүнийг мэдээгүй үлдсэн юм.

Аврагч бидний зовлон зүдгүүрийг бусдын нүднээс далдлан нуудаг “халхавч,” “өргөсүүдийг” урьдаас хардаг. “Бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг” (Алма 7:11–12-ыг үз) хүлцэн тэвчсэн Тэрээр нигүүлслээр дүүрэн бөгөөд ачаа дарамтаа Түүнд үүрүүлвэл бидэнд хэрхэн тусалдгийг мэддэг билээ. Гүнзгий бөгөөд нуугдмал шархыг эдгээдэг гавар Түүнийх юм. Бидэнд Түүний санал болгодог титэм үнэхээр ялалтын титэм.

Уулан дээрх Номлол, Карл Хейнрих Блок, Данийн Хиллерөдийн Фредериксборг дахь Үндэсний түүхийн музейн зөвшөөрлийг ашиглав. Хуулбарлаж болохгүй.