2011
Тэр миний уй гашууг үүрсэн
2011 оны зургадугаар сар


Бид Христийн тухай ярьж байна

Тэрбээр миний уй гашууг үүрсэн

“Гарцаагүй тэр бидний гашуудлыг хүлээн авч, мөн бидний харамслыг үүрсэн” (Moзая 14:4).

Би 2009 оны зун, намрыг хэзээ ч мартахгүй. Аав минь оюун ухааны хомсдол өвчнөөр 10 гаруй жил зовж байгаад зургадугаар сарын 9-нд өөд болов. Зургадугаар сарын 25-нд 22 настай хүү маань зуурдаар нас бараад сар ч болоогүй байтал нэг үеэл маань хорвоог орхив. Наймдугаар сарын 13-нд 82 настай ээж минь удаан хугацаанд эдгэрэх зүрхний мэс засал хийлгэв. Аравдугаар сарын 18-нд 41 настай эрэгтэй дүү маань нас барлаа. Аравдугаар сарын 31-нд нөхөр минь зүрхний хурц шигдээс болж, найман минутын турш зүрх нь цохилохоо болисон ч, гал сөнөөгчид, түргэн тусламжийн эмч нар болон санваарын адислал нөхрийг минь бидэнд эргүүлж авчирсан юм.

Энэ бүхнийг яаж даван туулав аа гэж хүмүүс надаас байнга асуудаг байв. Би хэрэв бид Аврагчид хандвал Тэр бидний төлөө анхаарал халамж тавих болно хэмээн үргэлж хариулдаг байлаа. Тэд биднийг хүнд сорилтуудын үед орхиогүй юм. Тэнгэр надад үйлчилж, намайг дэмжиж байх шиг санагддаг байж билээ. Үнэхээр Тэр “[миний] гашуудлыг хүлээн авсан юм” (Moзая 14:4).

Бас гэр бүл, найз нөхөд, манай тойрог, гадасны гишүүд намайг тайтгаруулдаг байлаа. Тэд олон арга замаар биднийг хайр халамжаараа хүрээлсэн юм. 13 настай ач охин Кристал маань хүү Майклыг нас барсны дараа бидэнд захидал бичиж ирүүлэв. Ач охин маань биднийг ганцаараа биш шүү гэдгийг сануулаад “Бурхан та нарт анхаарал тавьж байгаа” гэж бичсэн байв. Түүний захидал Сургаал ба Гэрээ 84:88-ын: “Би та нарын нүүрний өмнө явах болно. Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно” гэсэн судрын үгсийг надад сануулж билээ.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Ричард Г.Скоттын “Их Эзэнд итгэ” гэсэн гарчигтай үгсийг уншсан нь надад хүч чадлыг өгөв. “Бүх юм сайхан байна гэж санагдсан үед олон янзын сорилт шил шилээ даран ирэх нь бий. Тэрхүү хүнд сорилтууд чиний дуулгаваргүй байдлын үр дагавар биш л бол Их Эзэн чамайг улам хатуужин өсч хөгжихөд чинь бэлтгэж байгаагийн нотолгоо мөн. Тиймээс Тэрбээр өөрт чинь үүрдийн ашиг тусыг авчрах өсөлт хөгжилт, ойлголт ба өрөвч сэтгэлийг хөхүүлэн дэмжих туршлагыг төлөвшүүлж байгаа юм. Тэрбээр чамайг байгаа төвшингөөс чинь Өөрийнхөө хүсдэг төвшинд хүртэл өсгөн хатуужуулахын тулд шаардлагатай бүхнийг хийдэг бөгөөд сэтгэл санааны зовлон, эмзэглэлийг чинь арилгадаг” (Ensign, 1995 оны 11-р сар, 16–17).

“Энэ явдал яагаад надад тохиолдов? Юуны учир ингэж зовох үйлтэй хүн бэ” гэх асуулт нь биднийг мухардалд хүргэдэг юм” гэж тэр хэлжээ. Үүний оронд “Энэ явдлаас би ямар сургамж авах вэ?” “Хэнд туслах вэ?” “Хүнд сорилтын үед олон адислалаа хэрхэн санах ёстой вэ?” гэх зэрэг асуулт асуух хэрэгтэй гэж Ахлагч Скотт зөвлөжээ.

“Яагаад?” гэдэг асуулт асуух уруу таталтыг би эсэргүүцсэн. Үүний оронд би тохиолдсон хүнд сорилтуудыг даван туулах удирдамжийг Тэнгэрлэг Эцэгээс хүсдэг байлаа. Тэрбээр ирээдүйд итгэх итгэлээр намайг адисалж, зүрх сэтгэлийг эдгээн, эргэн тойрныхоо сайхан зүйлсийг харж мэдрэхэд маань туслан, үйлчлэх боломжийг олгож, бусдад өрөвч нинжин сэтгэлээр хандахыг минь гүнзгийрүүлэн, гэр бүл, найз нөхдөө хайрлах хайрыг минь өсгөн нэмэгдүүлсэн юм.

Энэ бүхний үр дүнд тулгардаг бэрхшээл сорилт нь хүсэл бодлоо Тэнгэрлэг Эцэгт даатгах боломжийг бидэнд олгодог гэсэн гэрчлэл надад бий болсон юм. Ингэсэн тохиолдолд л бидэнд зориулан Түүний бэлтгэсэн арга замуудаар бид төгөлдөржиж чадна.

Уй гашууг даван туулах нь

  • Есүс Христ бол “уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн” (Исаиа 53:3) учраас Лиахона гай зовлон тохиолдоход биднийг ганцааранг нь орхихгүй бөгөөд Цагаатгалын хэсэг болгон бидний уй гашууг үүрсэн юм.

  • “Яагаад” гэдэг асуулт асуух уруу таталтыг эсэргүүцэхийн төлөө бид хичээн чармайх хэрэгтэй. Түүний оронд бид Их Эзэнээс удирдамж хүсч болно.

  • Бид хүсэл бодлоо Тэнгэрлэг Эцэгт даатгаснаар сорилт бэрхшээлийг даван туулж чадна.

Есүс Христ Гетсеманид “Хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог” (Maтай 26:39–44) гэж Эцэгээсээ гуйхдаа итгэлийн төгс жишээг харуулсан юм.

Христ Гетсеманид, Хейнрих Хофманн, C. Harrison Conroy Co-ийн зөвшөөрлөөр нийтлэв.