2011
Таны үлгэр жишээ чухал
2011 оны зургадугаар сар


Таны үлгэр жишээ чухал

Сайн мэдээгээр амьдрах нь зөвхөн таныг төдийгүй бас бусдыг хүчирхэгжүүлдэг.

Зураг
Elder Joseph W. Sitati

Аароны санваартаа хүндэтгэлтэй ханддаг залуу эрэгтэйчүүдийг би гүнээ хүндлэн биширдэг. Африк дахь Кенийн Найроби гадасны гурван залуу эрэгтэйн тухай би та нарт ярья.

Мартин бат бөх итгэлтэй болсон нь

Вестланд салбарын Мартин 14 настайдаа Найроби дахь гэрээсээ хол дотуур байртай сургуульд сурч байхдаа тэндхийн цорын ганц Сүмийн гишүүн байжээ. Мартины сургуульд долоо хоногийн зарим өдөр өглөөний хоолонд цай талх л өгдөг байж. 700 сурагчтай сургуулийн удирдлагад нэг хүнд зориулан тусгай цэс зохиох боломж байсангүй, тиймээс Мартин ус, талх авч байх болжээ.

Ням гарагуудад тэр бусад сурагчдын хамт сүмд явдаг байлаа. Мартин тэнд шашны сургаалыг заримдаа мушгин гуйвуулдаг гэж боддог байсан ч очиж сонсдог байжээ. Хүмүүс түүний “хачин” итгэл бишрэлийн тухай үе үе дорд үзсэн өнгө аясаар ярьдаг байлаа. Заримдаа бүр түүнийг чөтгөрийг шүтэн бишрэгч гэж нэрлэдэг байв.

Эдгээр сорилтууд Мартины итгэлийг сулруулсангүй харин бэхжүүлсэн ажээ. Аав ээж хоёр нь сар бүр эргэж ирдэг байсан нь мөн New Era сэтгүүлийн шинэ дугаарыг үргэлж илгээдэг салбарын ерөнхийлөгчийн захиас нь түүнд агуу урам дэм хайрладаг байлаа. Энэ сэтгүүлийг уншдаг байсан нь дээрх сорилтуудыг даван туулахад түүнд зориг нэмсэн ажээ.

Жозеф огт тасалдаггүй

Рирута тойргийн Жозеф Аароны санваарын багшийн албан тушаалтай. Үе тэнгийнхнээс олон нь мансууруулах бодис болон бусад нүгэл хилэнцүүдэд оролцдог том сургуульд тэрбээр Сүмийн цорын ганц гишүүн ч гэсэн сайн мэдээнд итгэлтэй хэвээр байдаг ажээ. Жозеф сүмийн цуглаануудыг огт тасалж үзээгүй билээ. Тэр сүм дээр үргэлж эрт ирдэг, байнга цэвэр цэмцгэр явдаг бөгөөд чуулгын ерөнхийлөгч, бишоп нарын өгсөн үүргийг биелүүлэхэд үргэлж бэлэн байдаг. Бараг ням гараг бүр тэр ариун ёслолыг бэлтгэхэд тусалдаг байна.

Хамфри даалгавраа шуудангаар явуулдаг

Аппер Хилл тойргийн Хамфри бол Сүмийн багшийн албан тушаалтай. Тэр ердөө хоёрхон жилийн өмнө баптисм хүртжээ. Хамфри Мартины адил дотуур байртай сургуульд явдаг. Түүний итгэл тийм их өссөний нэг шалтгаан нь тэр Сүмд нэгдсэн цагаасаа хойш семинарын даалгавраа шуудангаар хүлээн авч, шуурхай хийгээд семинарын багшдаа шуудангаар явуулдагт байжээ.

Дотуур байртай сургууль хаагдахад Хамфри ням гарагт сүмд очихын тулд талдаа 45 минут явган явдаг байжээ. Гэсэн ч тэр сүм дээр ямагт эрт ирж, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд бэлэн байдаг гэнэ.

Хамфри үг хэлэх даалгавар авсан бол түүнд хичээнгүйлэн бэлтгэнэ. Түүний хэлсэн үгийг сонссон бүх хүнд тэр үгээ чамбай бэлтгэсэн нь тодорхой харагддаг ажээ.

Жишгүүдээр амьдрах нь

Өнөөдөр дэлхийн ихэнх хэсэгт ёс суртахууны жишгүүдийг уландаа гишгэж байна. Ямар нэгэн сайн сайхан бөгөөд хүндэтгэлтэй зүйлсийг эрэлхийлдэг залуус үүнийг хаанаас олохоо мэдэхгүй байна. Ёс суртахууны жишгүүдийг хувь хүмүүс тогтоодог бөгөөд өөрчлөгдөн хувирч байдаг гэсэн хуурмаг санааг сургалтын байгууллагууд сурталчилж байна.

Гэвч та итгэлээрээ амьдарснаар, сайн мэдээнээс ирдэг тогтвортой байдал, өөртөө итгэх итгэл, амар амгалан, баяр баясгаланг гэрчлэхэд нь үе тэнгийнхэндээ тусалж чадна. Таны үлгэр жишээ сэргээгдсэн сайн мэдээний сургаалуудыг хүлээн авахад бэлтгэхэд нь бусдад тусалж чадна. Залуу эрэгтэйчүүдийн Бурханы өмнө хүлээсэн үүрэг, залуу эмэгтэйчүүдийн Хувийн Хөгжил дэвшил нь Бурханд улам ойр дотно болж өсч хөгжих болон насанд хүрэгчид, үе тэнгийнхний итгэлийг хүлээхэд тань тусалж чадна.

Төгс үлгэр жишээ

Та залуу эрэгтэй, залуу эмэгтэй байна уу ялгаагүй, үе тэнгийнхэн болон эргэн тойрондоо байгаа бусад хүмүүстэй харилцаж амьдрахдаа санваарт хүндэтгэлтэй ханддаг бол Аврагчийг үнэнхүү дагаж байгаа нь тэр. Аврагчийн идэр насны амьдрал бол та нарын хувьд гайхамшигтай үлгэр жишээ мөн. Тэр дөнгөж 12-тойдоо Тэнгэрлэг Эцэгийнхээ ажилд оролцохын зэрэгцээгээр дэлхийн эцэг эхээ хүндэлдэг байв. Тэрбээр ариун сүмд хүмүүст зааж байсан тухай судрууд өгүүлдэг. Түүний сургаалын мэдлэг эрдэмд боловсорсон ахмад хүмүүсийн гайхлыг төрүүлж байлаа (Лук 2:42–52-ыг үз). Хэрэв бид Сүнсийг өөрсдөдөө байлгаж чадвал 12 нас гэдэг сайн мэдээний гүнзгий зүйлсийг ойлгоход балчир нас биш гэдгийг Аврагч харуулсан юм.

Итгэлээрээ хүчирхэг, зоригтой байсан залуу хүмүүсийн өөр олон жишээ судруудад байдаг. Үүнд: Иаковын хүү Иосеф, Даниел, Нифай болон бусад олон хүн орно. Түүнээс гадна бид өнөө үеийн жишээ болгон хожмын үеийн бошиглогчид, төлөөлөгчдийг нэрлэж болно.

Аароны санваарыг сэргээсэн нь Тэнгэрлэг Эцэг Сүмийн залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд итгэл хүлээлгэдгийн нотолгоо мөн. Тэрбээр Өөрийн хүүхдүүд, залуус болон ахмад хүмүүсийг адислахын тулд санваарыг ашигладаг байхыг залуу эрэгтэйчүүд та нараас хүсэн хүлээдэг. Та нар сайн мэдээг зааж, хүмүүст баптисм хүртээн, ариун ёслолыг гүйцэтгэн, өвчтэй болон зовж шаналсан хүмүүст туслан, гэр бүлүүдийг бэхжүүлэхийн тулд гэрээр нь очиж уулзан, бишоп буюу салбарын ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлснээр санваараа ашиглаж байгаа нь тэр. Хүмүүс та нарын Аароны санваарын үйлчлэлээр дамжуулан өөрсдийг нь хайрладаг Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдэрдэг билээ. Мөн ийм замаар залуу эмэгтэйчүүд та нар ариун сүмд орохоор зохистой амьдарч, эргэн тойрон дахь хүмүүстээ үйлчилж, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлан, хүч чадал, авьяас билгээ хөгжүүлснээр Аврагчийн үлгэр жишээг дагаж чадна.

Санваарын эдгээр үүргүүддээ хүндэтгэлтэйгээр хандаж, эрхэмлэн дээдэлдэг залуу эрэгтэйчүүдийг би Сүмийн олон нэгжид харсан. Мөн бүх зүрх сэтгэлээрээ үйлчилдэг олон залуу эмэгтэйчүүдийг би харсан. Ийм үйлчлэл хийгээд үүнийг үзүүлдэг арга хэлбэр нь Бурхан Эцэгт болон Түүний Хүү, Есүс Христэд итгэх итгэлийг тань бэхжүүлдэг юм. Энэ нь бас та нарын үйлчилдэг хүмүүст итгэлийг төлөвшүүлэх болно.

Жозеф

Мартин

Хамфри

Зүүн талд: гэрэл зураг чимэглэлийг Маттью Рейер; бусад гэрэл зургуудыг Ахлагч Ситатийн зөвшөөрлөөр нийтлэв