2011
Адислал авах уу?
2011 оны зургадугаар сар


Адислал авах уу?

Лиа МкКланахан, Юта, АНУ

Нэг өглөө би Бригам Янгийн Их Сургуулийн өмнө талд байдаг огцом өндөр толгод өөд мацан гарлаа. Гэнэт аваар гарч байгаа чимээ сонслоо. Эргэн тойрноо ажиглан хартал нэг залуу явган хүний зам дээр түрүүлгээ харан хэвтэж байв. Унадаг дугуй нь хэдэн метрийн зайд хэдэн хэсэг болон салж унажээ. Түүнийг толгойгоо сулхан өндийлгөх гэж оролдох хүртэл нь би яах ч учраа олохгүй зогсож байлаа. Би толгод өөд авирч байсан бусад дөрвөн хүний хамт түүн уруу яаран хүрч очлоо.

Дугуйчинд нэг оюутан түрүүлэн хүрч, түүнийг болгоомжтойгоор дээш нь харуулахад уруул, хамар, эрүү, хөмсгөн дээрээ нэлээд хэд сүрхий зүсэгдэж бэртсэн байлаа. Өөр нэг оюутан гар утсаараа тусламж дуудав. Миний дэргэд зогсож байсан нэг залуухан ээж алчуур гарган өгч нэг оюутан цус гарч байгаа уруулыг нь арчлаа. Миний дэргэд зогсож байсан хоёр дахь эмэгтэй түргэн тусламжийн эмч нар ирэхийг сэтгэл зовнин хүлээнэ.

Хүнд бэртсэн дугуйчин нүдээ анивчсанаа нээж, түүнийг тойрон зогсож байгаа хүмүүсийн нүүрийг гайхан харж байлаа.

“Би хаана байна аа?” гэж тэр хэлэв. “Юу болсон юм бэ?”

Уруулыг нь арчсан алчуураа барьсан оюутан “Та оюутны хотхоны өмнө талд байна. Дугуй чинь эвдэрчээ” гэж хариулахад

дугуйчин ёолов. “Яасан их өвдөж байна аа. Туслаарай!” гэж тэр хэлэв.

Нөгөөх оюутан, түргэн тусламж ирж яваа гээд залуугийн нэрийг асуув.

Тэр сулханаар “Давид” гэв. “Би хаана байна аа?” гэж тэр дахин асуулаа.

Костюм өмссөн профессор бололтой өөр нэг хүн Давид уруу хүрч очин адислал авах уу гэж түүнээс асуув. Тэр талархан толгой дохилоо.

Профессор дуугүй болов. Тэр эргэн тойрноо харснаа “Надад тос байдаггүй, яана аа.” Тэнд байсан хүмүүс толгой сэгсрэв. Бэртсэн залуу ёолоод халаас уруугаа сулхан дохив. Дэргэд нь зогсож байсан оюутан халаасанд нь гараа хийж, ариулсан тостой жижигхэн бортгыг гаргаж ирэн түлхүүрийн том оосорноос нь салгаж аваад,

“Түүнд тос байна!” гэж баярлан дуу алдав.

Профессор эрэгтэй оюутнуудын хамт дугуйчны толгой дээр гараа тавин адислал өгмөгц тэр тайвшрав. Профессор тэр залууд эдгэрэх болно гэдгийг амлаж, амар амгалан байхыг энэ явдлаас сургамж авч, Аврагчид улам ойртохыг хүсэхэд надад бас тайвшралын мэдрэмж төрөв.

Удалгүй түргэн тусламж ирж, дугуйчныг аваад явлаа. Дугуйчин тусламж хэрэгтэй хэн нэгнийг адислахаар ариулан адисалсан тосыг биедээ авч явсныг би хичээлд ирэхдээ ойлгосон. Гэвч өнөөдөр тэр өөрөө адислагдлаа. Бусдыг адислахын төлөө бас өөрсдийг нь адисалдаг Их Эзэний төлөө амьдардаг итгэлтэй хүмүүсийг хараад тэднийг хайрлах хайрын гүн гүнзгий мэдрэмж надад төрж билээ.