2011
Гэрлэлтийн талаарх Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн үзэл баримтлал
2011 оны зургадугаар сар


Сайн мэдээний сонгомол бүтээл

Гэрлэлтийн талаарх Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн үзэл баримтлал

Хью Б.Браун 1883 оны 10-р сарын 24-нд Ютагийн Гранжерт төржээ. Тэр 1958 онд Төлөөлөгчөөр томилогдож, Ерөнхийлөгч Давид О.МкКейн зөвлөхөөр найман жил үйлчилжээ. Дараах өгүүлэл бол түүний You and Your Marriage (Та болон таны гэрлэлт) номоос авсан хэсэг юм.

Зураг
President Hugh B. Brown

Гэрлэлт ариун зүйл бөгөөд ариун зан үйл байх ёстой. Ариун зан үйл, ариун ёслол гэдэг нэр томьёо Христэд итгэгчдийн хувьд олон өөр утгатай ч гол утга нь зохих эрх мэдэл бүхий хэн нэгэн хэрэгжүүлдэг шашны хүндэтгэлтэй зан үйл, ёслол юм. Энэ бол амлалт бас ариун гэрээ, гэрээ байгуулагч талуудын хоорондын эсвэл Бурхан болон тэдний хоорондын сүнслэг тэмдэг буюу харилцаа юм. Гэрлэлтийг ийнхүү Их Эзэн Өөрөө үндэслэж, ариусгасан бөгөөд энэ нь дараах эшлэлүүдэд харагддаг:

“ЭЗЭН Бурхан, хүн ганцаараа байх нь сайн биш учир Би түүнд тохирох туслагчийг бүтээе. …

Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу” (Эхлэл 2:18, 24).

Есүс Галилаас гарч, Иорданы цаадах Иудейн эрэгт үй олон хүн Түүнийг дагалдаж ирэхэд фарисайчууд гэр бүл салалтын тухай Түүнээс асуужээ.

“Тэр хариуд нь: Бүтээгч анхнаасаа тэднийг эр, эмээр нь бүтээснийг та нар уншаагүй гэж үү? гээд,

Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж, хоёулаа нэг бие махбод болдог.

Тиймд тэд цаашид хоёр бус, харин нэг бие махбод юм. Иймээс Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг гэж айлдав” (Maтай 19:4–6).

Гэрлэлт Бурханы зорилгыг гүйцэлдүүлдэг

Бурхан эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг нэг байх ёстой гэж үздэг нь тодорхой юм. Тэрбээр энэхүү анхны хуримыг Өөрөө санаачилж, гэрлэлтийг ариусгасан билээ. Гэрлэлт бол хэвийн, эрүүл саруул, хүсүүштэй байдал бөгөөд дэлхий дээр Бурханы зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд бий болсон.

Энэ бол гэр орон бий болгох үндсэн элемент юм. Гэрлэлт бол ёс заншил болон иргэний хуулиар чанд зохицуулагддаг хүмүүний байгууллагаас илүү эрхэм зүйл мөн. Ёс суртахууны хуулиар зохицуулагддаг гэрээнээс илүү эрхэм зүйл мөн. Энэ бол дэлхийг амьдралтай болгож, мөнх бус байдалд Түүний сүнсэн хүүхдүүдэд үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг тохиолгон авчрах Түүний зорилгыг хэрэгжүүлэхэд эрэгтэй, эмэгтэйчүүд Бурхантай хамтран ажиллах хүндтэй үүрэг хүлээдэг шашны ариун зан үйл мөн. Энэ зан үйл эгнэгт ариун нандин байх ёстой.

Бүхнээс эрхэм, хүслийн дээд оргил болсон амьдралд гэрлэлтийн гэрээнээс гадуур хүрч болно гэж үздэг хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл тэд “адгуусныхтай адил бие махбодын харилцаагаар бохирдсоноор” хамгийн эрхэм дээд алдар сууг эрэлхийлдэг хүмүүст хориг тавихыг санаархдаг. Ийм сургаалыг судруудад зөвтгөдөггүй. Сургаалт Үгсийн номонд “Эхнэрийг олдог хүн сайныг олж, ЭЗЭНээс тааллыг хүлээн авдаг” (Сургаалт Үгс 18:22) гэсэн байдаг. …

Сургаал ба Гэрээнд “Мөн дахин үнэнээр би та нарт хэлнэ, гэрлэхийг хориглодог хэн боловч Бурханаас томилогдоогүй болой, учир нь гэрлэлт нь Бурханаас хүмүүнд томилогдсон билээ” (С ба Г 49:15) хэмээсэн байдаг.

Ариун сүмийн гэрлэлт жинхэнэ аз жаргалыг авчирдаг

Энэ дэлхийд болон ирэх дэлхийд амьдралын охь манлай, аз жаргалын дээдийг эдлэхийн тулд эрэгтэй, эмэгтэйчүүд ариун сүмд энэ амьдралд болон үүрд мөнхөд гэрлэх ёстой гэдэгт Хожмын үеийн Гэгээнтнүүд итгэдэг. Ариун сүмийн гэрлэлтийн лацдан холбох ёслолуудгүйгээр хүн бурханлиг байдлыг олж бүрэн баяр баясгаланг эдэлж чадахгүй. …

Хожмын Үеийн Гэгээнтэн бүр бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөг цорын ганцхан гэрлэлт байдаг нь Сүмийн ариун сүмүүдэд гүйцэтгэгддэг ариун сүмийн буюу селестиел гэрлэлт юм. Ариун сүмүүдийг Их Эзэний ариун байдалд зориулан барьж, онцгойлон адисалдаг бөгөөд сүнсний болон үүрд мөнхийн ёслолуудыг гүйцэтгэдэг газар юм. Бид бусад сүмүүдийн болон хуулийн эрхзүйн бусад албан тушаалтнуудын гүйцэтгэсэн иргэний гэрлэлтүүдийг хүлээн зөвшөөрдөг хэдий ч энэ амьдралд болон үүрд мөнхөд хүчинтэй гэрлэлтийг зөвхөн Бурханы ариун сүмд гүйцэтгэх бөгөөд Христ Петрт “Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно” (Maтай 16:19) гэж хэлсэн ба эрх мэдэл бүхий хүнээр уг гэрлэлт гүйцэтгэгдэх ёстой гэдэгт бид итгэдэг.

Уг эрх мэдлийг судруудад “тэнгэрийн хаанчлалын түлхүүрүүд” (Maтай 16:19) гэдэг бөгөөд селестиел гэрлэлтээр эдгээр түлхүүрүүд хаант улсын үүд хаалгыг нээдэг.

Хэрэгцээг бүрэн хангах нь

Хүн төрөлхтөнд ёс суртахууны, нийгмийн, биологийн, сүнсний хэрэгцээ байдаг бөгөөд эдгээр бүх хэрэгцээ Бурханы томилсон мөнхийн гэрлэлтэд бүрэн багтдаг.

Хүн энэ амьдралд болон ирэх дэлхийд элбэг дэлбэгээр амьдрахын тулд бусдыг хайрлаж, бусдаар хайрлуулж, үйлчилж, золиослол хийн, Бурханаас соёрхсон бүтээгч хүчийг ашиглах талаар үүрэг хүлээх ёстой. “Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн юм” (Иoхан 10:10).

Гэвч гэрлэлтийн үнэ цэнэ нь хүн үүнээс ашиг тусыг олно гэсэн үг биш юм. Тэдний нэгдэн нийлэхийн зорилгыг Их Эзэн дараах зарлигтаа айлджээ: “Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш” (Эхлэл 1:28). Гэрлэлт ном ёсоороо байгаа үед хүн өөрт нь заяамал байдаг бүтээгч болоод нөхөн үржихүйн хүчийг танин мэдэж, ашиглах боломжтой болдог. Энэ нь зөвхөн гэрлэлтийн харилцаанд, хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлэхэд бүрэн гүйцэлдэж, баяр баяслыг авчирдаг. Бидний хүүхдүүд бол мөн Бурханы хүүхэд гэдгийг эцэг эхчүүд санах ёстой. Бурхан бол тэдний сүнсэн биеийн Эцэг бөгөөд дэлхийн өмнөх оршихуйд Тэрбээр мөнхийн элемент, мөнхийн сүнс хоёр салшгүйгээр нэгдэж, бүрэн баяр баяслыг олох арга хэрэгслийг ухаалгаар бий болгосон билээ. Тиймээс Бурхан бол энэхүү харилцааны гурав дахь түнш бөгөөд энэхүү бурханлиг ариун гэрлэлтийн хүрээнд дэлхийд хүүхэд төрүүлэх нь үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах Түүний төлөвлөгөөний хэсэг мөн гэдэгт Хожмын Үеийн Гэгээнтнүүд итгэдэг.

Гэрлэлтийн мөнхийн мөн чанар

Бурханыг болон хөршөө хайрлах хайр нь хоёр агуу зарлиг мөн гэж Их Эзэн Есүс Христ зааснаараа хайрыг алдаршуулсан юм. Үүгээрээ Бурхан бол хайр мөн гэдгийг бидэнд хэлсэн билээ. Тиймээс Бурхан мөнх учраас хайр мөнх байх ёстой, хайрын үр жимс болоод адислалууд нь ирээдүйд үүрд мөнх үргэлж байх болно. Гэвч мөнхийн хайрын давуу тал болон онцгой боломж эхнэр, нөхөр, эцэг эх, хүүхдүүдэд байгаа үед энэ харилцааг аливаа харилцаанаас илүү эрхэм сайхан болгож ариусгадаг ёслол нь зөвхөн “үхэх хүртэл өөрт чинь байх юм бол ашиг тус нь юунд байх билээ. Гэр бүл болон гэрлэлтийн харилцаа мөнх оршдог учир гэрлэлтийн гэрээ нь “энэ амьдралд болон бүх үүрд мөнхөд” хүчин төгөлдөр байх болно.

Бүх хүн үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага болон тэдний талаар хийсэн гэрээнүүдийнхээ үүрэг хариуцлагаа ухамсарлан ойлгох ёстой. “Бид тэдэнгүйгээр төгс болгогдож чадах нь үгүй” (С ба Г 128:18) хэмээн Их Эзэн хэлэхдээ хүмүүсийн хэлхээ холбоо нь ирээдүй, өнгөрсөн үеийг холбодог тухай өгүүлсэн юм. Чухам иймээс энэ амьдралд бидэнд итгэл хүлээлгэн даалгасан хүмүүсийн төлөө бидний өвөг дээдэс биш харин бид шууд үүрэг хариуцлага хүлээх ёстой. Бид өвөг дээдсийнхээ төлөө итгэмжлэл хүлээсэн үү, үгүй юу гэдгээс үл хамааран тэдний нүглийн төлөө хариуцлага хүлээх ёсгүй ч хойч үеийнхээ төлөө юу ч хийгээгүй бол тэдний өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйн нүгэл нь бидний толгой дээр ирэх болно гэдгийг Тэрбээр бидэнд анхааруулсан юм.

Селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлд очих хүмүүст ирэх адислалуудын дотор мөнхийн өсөлт хөгжилтийн адислал байдаг бөгөөд бүр үхлийн дараа ч үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрахад хүн Бурхантай хамтран ажилласаар байдаг.

Мөнхийн хань болж өсөн хөгжих нь

Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн мөнхийн өсөлт хөгжилтийн тухай үзэл баримтлалд мэдлэг, хүч, оюун билэг, ухамсрын болон бурханлиг байдалд шаардлагатай зан төлөвийн бүхий л шинж чанар, чадварын мөнхийн өсөлт хөгжилт багтдаг. Гэвч хүн дутуу дулимаг байгаа буюу гэрлээгүй тохиолдолд Бурханы төлөвлөгөөгөөр энэхүү байнгын төгөлдөржилтөд хүрч чадахгүй. Өөрөөр хэлбэл хүн нөгөө хагастайгаа нэгдэн нийлсэн үед л өсөлт хөгжилт ирэх ёстой.

Гэрлэлтийн талаарх энэхүү үзэл баримтлал нь бурханлиг хэтийн төлөвийнхөө хамт гэрлэлтийг нэн чухал, өндөр хүндэтгэлтэй, сайн сайхан үйлс болгодог билээ. Хэрсүү ухаантай хүн гэрлэлтийн энэ үзэл баримтлалаар мөнхийн ханиа буурь суурьтайгаар сонгож чадна. Ийнхүү мөнхийн гэрээнд орохын өмнө эрэгтэй, эмэгтэй хүмүүс аль аль нь дотроо бодолтой, дороо суурьтай, даруухан байж, бурханлиг удирдамжийн төлөө залбирах ёстой.

Гэр бүлийн хос гэрлэхээсээ өмнө итгэл нэгтэй, адил зорилго, хүсэл эрмэлзэлтэй байх шаардлагатай байх ёстой бөгөөд энэ нь гэрлэлтийн харилцааны гагнан холбох хүчийг үлэмж өсөн нэмэгдүүлдэг. Зөвхөн зохистой хүмүүс л хүлээн авч ашиг тусыг нь хүртдэг ариун ёслолуудад бэлтгэж, тэдгээрийг хүлээн авахуйц зохистой байх ёстой. Тэд мөнхийн гэрлэлтээр заавар авч, гэрээнүүд хийн, тахилын ширээний дэргэд мөнхийн хайраар бие биеэ хайрлаж, хоёр биедээ чин үнэнч байхаа Бурхан ба тэнгэр элчүүдийн дэргэд амладаг. Ийм үзэл баримтлал, дадал зуршлыг үүрэг хариуцлагатайгаар гэр орондоо байнгын хэвшил болгосон тохиолдолд гэрлэлт болон хүмүүний бодгалийн авралыг дуурсгалтай болгодог юм.

Итгэлийн үйлдэл

Ийм гэрлэлт нь бурханлигаар томилогдсон хань ижилдээ хандах итгэлийн нэн чухал үйлдэл мөн. Бэрхшээл, хүнд сорилтууд тулгарч, урам хугарч цөхрөх, уй гашуу тохиолдох үед эдгээрийг даван туулах итгэлтэй бөгөөд эцсийг хүртэл тэвчих зоригтой байх ёстой.

Энэхүү үүрд мөнх ханилан амьдрах нөхцөл, үүрэг хариуцлагыг хүн өөр дээрээ авсан л бол аль нэг байдлаар бүтэлгүйтэх нь бүрмөсөн бүтэлгүйтэл болдгийг ойлгох ёстой. Хүн ажил төрөлдөө ямар ч амжилт гаргасан мөнхийн гэрээгээр ноогдсон үүргээ биелүүлээгүй бол гэрээ хийсэн хүнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйн төлөө хүлээх хариуцлагын хамт шийтгэл нь селестиел алдар сууг алдахад хүргэнэ.

“Гэрлэлт нь Бурханаас хүмүүнд томилогдсон билээ.

Иймийн тул, хүн нэг эхнэртэй байх ёстой нь хууль ёсны юм, мөн хоёул нэг махбод байх болно, мөн энэ бүгд нь өөрийн бүтээлтийн зорилгыг дэлхий хэрэгжүүлж болохын тулд юм;

Мөн ийнхүү дэлхий бий болгогдохоос өмнөх түүний бүтээлтийн дагуу энэ нь хүмүүний тоо хэмжээгээр дүүргэгдэх болно” (С ба Г 49:15–17).

Гэрэл зураг чимэглэлийг Жерри Гарнс

Дээд талд: зураг чимэглэлийг Жерри Гарнс; доод талд: зураг чимэглэлийг Април Ньюман