2011
Би та нарыг хайрласны адилаар
2011 оны долдугаар сар


“Би та нарыг хайрласны адилаар”

Хайр ба үйлчлэл нь Христийн дагалдагчид бидний ялгарах онцлог юм.

Зураг
Barbara Thompson
Зураг
President Dieter F. Uchtdorf

Нэгэнтээ би нэг аятайхан хүнтэй нэг өрөөнд хамт амьдарч байв. Гэвч миний хийсэн юм бүхэн түүнд таалагддаггүй юм шиг санагддаг байлаа. “Яагаад би түүний дургүйг хүргээд байдаг юм бол доо? Би хамт амьдрахад ердөө ч хэцүү биш. Тийм биз дээ?”

Тэр надад тийм сайн ханддаггүй байсан учраас би бас түүнийг нэг их хайрладдаггүй байв. Аз болж намайг коллежид сурч байхад нэг ариун ёслолын цуглааны үеэр бишопын өгсөн зөвлөгөөг саналаа. “Хэрэв чи хэн нэгнийг хайрлахгүй байгаа бол түүнд хангалттай үйлчлээгүй хэрэг. Хэрэв чи хүнд үйлчилдэг бол тэр хүнийг хайрлах болно” гэсэн түүний зөвлөгөөг би тодхон саналаа.

Би бишопынхоо зөвлөгөөг бодоод, өрөөнийхөө эмэгтэйд үйлчилж, бишопынхоо зөвлөгөөг туршаад үзье гэж шийдлээ. Өрөөнийхөө эмэгтэйд тусалж, нинжин сэтгэлээ харуулах бас түүнд хэрэгтэй болон хүссэн зүйлийг нь өчүүхэн жижиг арга замаар ч гэсэн биелүүлэхийг би хичээх боллоо.

Тэгтэл бараг л тэр даруйд гайхамшигтай зүйл болдог юм байна! Би үнэхээр түүнийг хайрлаж байгаагаа мэдлээ. Тэр бүсгүй гайхамшигтай авьяастай хүн байлаа. Түүнтэй нэг өрөөнд амьдарч байсан нь надад адислал байжээ. Түүний талаарх миний үзэл бодол ийм богинохон хугацаанд өөрчлөгдсөн нь гайхалтай юм.

Бусдыг хайрлаж, тэдэнд үйлчлэх нь

Дэлхийн үйлчлэлийнхээ үед Аврагчийн заасан хамгийн чухал зарим сургаалыг бид Иoхан 13-аас мэддэг билээ. Жишээ нь:

  1. Бие биедээ үйлчил.

  2. Бие биеэ хайрла.

Аврагч Төлөөлөгчдийнхөө хамт Дээгүүр Өнгөрөх Баярын зоог барих үеэр өрөөнд хүндэтгэлийн нам гүмхэн уур амьсгал ноёрхож байсан бололтой. Өөрийгөө удахгүй загалмайд өргөгдөж, цовдлогдоно гэдгийг Аврагч мэдэж байжээ. Тохиох гэж байгаа үйл явдлын ач холбогдлыг Төлөөлөгчид ойлгоогүй ч Аврагчийн үүрэг зорилгыг тэд удалгүй мэдэж, илүү бүрэн дүүрэн ойлгосон гэдэгт би итгэлтэй байна.

Есүс зоогийн дараа алчуур авч, тосгуур уруу ус гоожуулаад, тэнд байсан хүн бүрийн хөлийг угаажээ. Удахгүй болох үйл явдлын, түүний дотор Өөрөөс нь урвах урвалтын төлөө уй гашуугийн мэдрэмж Аврагчид төрж байсан нь эргэлзээгүй ч, Тэрбээр тэдний хөлийг хүндэтгэлтэй, даруухнаар угаасан юм.

Есүс бол Мессиа, амлагдсан Аврагч мөн гэдгийг Петр мэдэж байсан болохоор Их Эзэнээр өөртөө үйлчлүүлэх биш харин өөрөө Түүнд үйлчлэхийг хүсч байв. “Хэрэв Би чамайг угаахгүй бол чи Надад хамаагүй болно” (Иoхан 13:8) гэж Аврагч хэлсэн билээ. Тэгэхэд нь Петр Аврагчийн хайрын үйлчлэлийг зөвшөөрсөн юм.

Дараа нь Есүс ийн тайлбарласан ажээ:

“Та нар Намайг Багш, Эзэн гэж дууддаг. Та нар зөв ярьж байна. Учир нь Би үнэхээр мөн.

Тэгвэл Би Эзэн, Багш байтлаа та нарын хөлийг угаасан бол та нар мөн нэг нэгнийхээ хөлийг угаах ёстой.

Учир нь Миний та нарт юу хийснийг та нар бас хийх хэрэгтэй гэж Би ийм жишээ үзүүлсэн юм” (Иохан 13:13–15).

Даруу зан, үйлчлэл бол бидний эрж хайх ёстой зан төлөвийн үнэ цэнэтэй чанар гэдгийг Арванхоёр болон бидний хүн нэг бүрийг мэдээсэй гэж Есүс хүсдэг байсан юм. Хэн ч бусдад үйлчлэхэд тохирохгүй мундаг байна гэж байдаггүйг тэр заажээ. Чухамдаа биднийг агуу болгодог зүйлсийн нэг бол бусдад үйлчлэх, бусдад өөрийгөө зориулах хүсэлтэй байх явдал мөн. “Харин та нарын дотроос хамгийн агуу нь зарц мэт байг” (Maтай 23:11; мөн Лук 22:26-г үз) гэж Аврагч хэлжээ.

Аврагчийн үлгэр жишээг дагах нь

Өнгөрсөн он жилүүдэд болсон байгалийн хэд хэдэн гамшгийн дараа хийсэн үйлчлэл үүнийг миний санаанд оруулж билээ. Бид хар салхи, газар хөдлөлт, өлсгөлөн, өвчин тахлыг гэрчилсэн билээ. Өөрсдөө зовж байсан ч бэртэж гэмтсэн, өвчилсөн эсвэл өөр байдлаар тусламж хэрэгтэй болсон бусад хүмүүст анхаарал халамж тавьсан хүмүүсийн тухай олон түүх шастир байдаг.

Перуд болсон газар хөдлөлтөөр олон мянган гэр орон сүйрсний дараа нэг бишоп балгас болтлоо нурсан өөрийнхөө байшинг орхиж, тойргийнхоо гишүүдийг эргэж, тэднийг тайтгаруулж, адислахаар яаран гарсан гэдэг.

Гайтид нэгэн ээж газар хөдлөлтийн улмаас гэр бүлийн гишүүдээ алдсандаа гашуудаж байсан ч айж балмагдсан хүмүүсийг тайтгаруулж, бусдын харууссан зүрхийг нь тайвшруулж, эсэн мэнд үлдэгсдийн санаа сэтгэлийг өргөж, тэдэнд хоол хүнс, орон байр олоход нь тусалсаар байсан ажээ.

Чилид залуу насанд хүрэгчид газар хөдлөлтөд хамгийн их нэрвэгдсэн хүмүүст хоол хүнс, хангамжийн зүйлс хүргэхэд туслахаар яаран гарчээ. Эдгээр гишүүд үйлчилж байх үедээ өөрсдийнх нь байдал хэцүүхэн байсныг нууж, царайд нь баясгалан тодорч, тусч гараараа шамдуухан ажиллаж байлаа.

Эдгээр хүмүүс бас бусад олон хүмүүс “Миний та нарт юу хийснийг та нар бас хийх хэрэгтэй” (Иoхан 13:15) гэсэн Аврагчийн гуйлтыг биелүүлсэн юм. Үүний дараахан Иоханы 13-р бүлэгт бид ийнхүү уншдаг:

“Би та нарт бие биенээ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаал өгч байна.

Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно” (34–35-р шүлэг).

Ерөнхийлөгч Томас С.Монсонгоос эхлээд Арванхоёр Төлөөлөгч, орон нутгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд, бишопууд, багш нар үйлчилдэг хүмүүстээ хайраа хэчнээн олон удаа илэрхийлдгийг та нар ажигласан уу? Энэхүү хайр нь Аврагчийн үлгэр жишээг дагаснаар ирдэг юм.

Бусдад үйлчлэх нь бид тэднийг хайрладаг хайраа харуулах арга хэлбэр мөн. Хайр, үйлчлэл хоёр адил зүйл юм. Үнэхээр эдгээр нь Христийн дагалдагчид биднийг бусдаас ялгаатай болгодог.

Хүүхдүүдийг Над уруу ирүүл, Карл Хейнрих Блок, Данийн Хиллеродын Фредериксборг дахь Үндэсний Түүхийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв

Есүс Төлөөлөгчдийн хөлийг угааж байгаа нь, Дел Парсон © IRI