2011
Усанд умбахаас айхгүй байна
2011 оны долдугаар сар


Усанд умбахаас айхгүй байна

Апу Инти Арлын Жозеф, Титикака нуур, Перу

Долоо настай Жозеф устай газар өсчээ. Өөрөөр хэлбэл тэр Перу дахь Титикака нуурын хүйтэн усаар хүрээлүүлж өссөн ажээ. Энэ нь тэрбээр зэгсээр хийсэн жижигхэн арал дээр амьдардагтай холбоотой юм.

Жозеф болон түүний гэр бүл Титикака нуур дээр хөвөгч арлууд барьж, дээр нь хэдэн зуун жил амьдарч байгаа Юросын хүмүүсийн нэг юм. Тэд нуураас загасчилж, нуурынхаа усанд сэлнэ. Нэг арлаас нөгөө аралд очихын тулд нууран дундуур сэлүүрдэнэ.

Жозеф усанд ийм их дассан болохоор хэдэн сарын дараа баптисмын сан дотор зогсохдоо айхгүй гэж та бодож болох юм. Гэвч бусад олон хүүхэдтэй адил тэр бас сандарч байлаа.

“Миний сэтгэл догдолж байна. Гэвч усанд умбахаас айж байна” гэж тэр хэллээ.

Юросын хүүхдүүд усаар хүрээлүүлж амьдардаг болохоор уснаас болгоомжилж байхыг тэдэнд зааж сургадаг ажээ. Тиймээс Жозеф аав, ээж хоёртоо баптисмынхаа тухай ярихад гэрийнхэн нь гэр бүлийн үдшийн үеэр ярилцаж, Жозеф аавтайгаа дадлага хийсэн гэнэ.

“Аав надад баптисм хүртээх юм. Айхгүй байхад аав надад тусалсан” гэж Жозеф хэллээ.

Одоо Жозеф баптисмдаа шаргуу бэлтгэж байна. Тэр Хүүхдийн Хэсгийн хичээлийн үеэр анхааралтай байхад болон Итгэлийн Тунхгийг цээжлэхэд онцгой анхаарахыг хичээж байгаа ажээ. Энэ нь түүнд одоо бас ирээдүйд туслах болно гэдгийг тэр мэдэж байгаа гэнэ.

“Би номлолд явна. Нифайн хэлсэн шиг би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно” гэж тэр хэллээ (1 Нифай 3:7-г үз).

Адам Өүлсоны гэрэл зургууд