2011
Манай хүндэт анхдагчдын өв
2011 оны долдугаар сар


Манай хүндэт анхдагчдын өв

Бид бүгд эхэн үеийн анхдагч өвөг дээдсээсээ маш их зүйлийг сурч болно. Тэд эсэргүүцэл, гай зовлон бүхнийг эрс шийдэмгий зориг, амьд Бурханд итгэх итгэлээр ялж гарсан юм.

Зураг
President Thomas S. Monson

Анхдагчдад тохиолдсон зовлон зүдгүүр

“Бригам Янгийн зохион байгуулж, удирдсан 1847 оны анхны хүнд хүчир аяныг түүхчид Нэгдсэн Улсын түүхэн дэх хамгийн агуу баатарлаг туульсын нэг хэмээн дүрсэлдэг. Мормоны анхдагчид өвчин эмгэг, осголт, өлсгөлөнгөөр хэдэн зуугаараа зовж зүдрэн, үхэж үрэгдэж байлаа. Хөсөг тэрэг болон морьд байхгүйгээс зарим хүмүүс 2,092 км замыг өргөн уудам хээр талын дундуур, уул нуруудыг даван, ачаатай тэргийг гараараа түрж туулсан юм.”1

Сүнслэг нөлөө бүхий итгэл

“Бид бүгд эхэн үеийн анхдагч өвөг дээдсээсээ маш их зүйлийг сурч болно. Тэд эсэргүүцэл, гай зовлон бүхнийг эрс шийдэмгий зориг, амьд Бурханд итгэх итгэлээр ялж гарсан юм. … Ачаатай тэргийг гараараа түрж, түлхэж эсвэл анхдагчдын замыг явган туулсан мянга мянган хүний дунд хүүхэд, залуучууд олноороо байлаа. Тэд өнөөдөр ч гэсэн дэлхий даяар төрөлх нутагтаа анхдагчид болж байгаа Гэгээнтнүүдийн дунд байгаа билээ. Эхэн үеийн анхдагчдын тухай түүхийг уншаад сэтгэл нь догдолдоггүй энэ Сүмийн нэг ч гишүүн өнөөдөр байхгүй гэж би боддог. Бүх нийтийн сайн сайхны төлөө тийм ихийг хийсэн хүмүүсийн зорилго нь сүнслэг нөлөө бүхий итгэл байсан нь лавтай. Тэд зорилгодоо ялгууснаар хүрсэн юм.”2

Хүнд бэрхшээлүүдийг даван туулсан нь

“Цагийн удаанд онгож гандан, тоос болсон нэгэн анхдагчийн өдрийн тэмдэглэлийн хуудсанд ‘Бид Бүхнийг Чадагч Бурханд хандан зүрх сэтгэлийнхээ бүрэн талархлаар даруухан залбиралд өвдөг сөгдөн, энэ нутгийг Түүний хүмүүсийн оршин суух газар болгон Түүнд зориулж онцгойлон адисаллаа хэмээн сэтгэл уярам өгүүлжээ.’

Тэр үед бяцхан хөвгүүн байсан нэг хүн тухайн үеийн болхи оромжуудыг дүрсэлж өгүүлэхдээ ‘Манай байшинд цонх гэхээр ямар ч юм байсангүй. Бас хаалга ч байсангүй. Анхны өвөл болоход ээж хуучин хөнжлийг үүдэндээ өлгөж билээ. 3.6 х 4.9 метр орчим энэ оромж бидний унтлагын өрөө, амралтын өрөө, зочны өрөө, гал тогоо гээд юм бүхэн болдог байлаа. Бид ийм жижигхэн оромжинд яаж амьдардаг байсныг бүү мэд. Хөөрхий нас өтөл ээж минь толгойн энгэр дэх газар ухаж хийсэн нүхэн гэртээ байхдаа ёстой л хар гэртээ хаан, бор гэртээ богд гэдэг шиг аз жаргалаар бялхан байж, үүнийгээ Их Эзэний адислал хэмээн бахархдаг байсныг би санадаг.’

Тэр үеийн олон хүнд сорилт, бэрхшээл, зовлон зүдгүүр ийм л байсан юм даа. Тэд эсэргүүцэл, гай зовлон бүхнийг эрс шийдэмгий зориг, амьд Бурханд итгэх итгэлээр даван туулсан.”3

Өнөөдрийн анхдагчид

“Өгүүлэхийн аргагүй хүнд бэрхшээлийг даван туулсан тэднийг бид хүндэтгэдэг. Бид тэдний нэрсийг магтан дуулж, олон золиослолыг нь тунгаан боддог.

Өнөө үед энэ асуудал ямар байна вэ? Анхдагчийн туршлага бидэнд байна уу? Бидний хүч чармайлт, үлгэр жишээнд ирээдүй үеийнхэн талархах болов уу? Залуу хүмүүс та нар эр зориг, итгэл бишрэл, энэрэл хайр, шийдвэр төгс байдлаараа анхдагчид байж чадна.

Та нар бие биенээ хүчирхэгжүүлж чадна. Бусдын тоодоггүй, тэдний нүдэнд өртдөггүй хүмүүсийг олж харах чадвар та нарт бий. Та нарт харах нүд, сонсох чих, мэдрэх зүрх сэтгэл байгаа цагт үе тэнгийнхэндээ гар сунган тусалж, тэднийг аварч чадна.”4

Төгс Анхдагч

“Бид судрын түүхийн хуудсуудыг эхнээс нь эцсийг хүртэл эргүүлж үзвэл төгс анхдагч--Есүс Христийн тухай мэдэх болно. Түүний төрөлтийг эртний бошиглогчид угтан хэлсэн билээ. Амьдралын тайзан дээр гарч ирэхийг нь тэнгэр элч зарласан юм. Түүний амьдрал, Түүний үйлчлэл дэлхийг өөрчилсөн юм. …

Үйлсийн номны ганцхан өгүүлбэр бүхэл бүтэн ботийн агуулах зүйлийн тухай өгүүлдэг: Есүс ‘сайныг үйлдэж явсан … Учир нь Бурхан Түүнтэй хамт байсан’ (Үйлс 10:38). …

Хүмүүсийн дундах Түүний үүрэг зорилго, үйлчлэл, үнэний тухай сургаалууд, нигүүлсэнгүй үйлдлүүд, биднийг хайрладаг Түүний гандан бууршгүй хайр бид бүхний талархлыг өдөөж, зүрх сэтгэлийг бүлээцүүлдэг. Дэлхийн Аврагч, бүр Бурханы Хүү Есүс Христ төгс анхдагч байсан, одоо ч байгаа учир нь Тэрбээр дагах замыг бусад бүх хүмүүст үзүүлэн өмнө нь явдаг билээ. Бид үүрд Түүнийг дагах болтугай.”5

Эшлэл

  1. “Come Follow Me,” Ensign, 1988 оны 7-р сар, 2; мөн Tambuli, 1988 оны 11-р сар, 2.

  2. “Teaching Our Children,” Лиахона, 2004 оны 10-р сар, 4.

  3. Ensign, 1988 оны 7-р сар, 4; мөн Tambuli, 1988 оны 11-р сар, 3-ыг үз.

  4. “Pioneers All,” Ensign, 1997 оны 5-р сар, 93.

  5. “Led by Spiritual Pioneers,” Лиахона, 2006 оны 8-р сар, 8.

Дээрээс: Маттью Рейер, Жон Лук нарын гэрэл зураг чимэглэл, Ютагийн Санди Виллоу Грийк гадасны зөвшөөрлөөр нийтлэв; Бүхээгтэй морин тэрэг Минверва Тейчерт, Сүмийн Түүхийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв