2011
Гэр бүлийн хайр—Бошиглогчийн маань зөвлөгөө
Хонь 2011


Тэргүүн Зөвлөлийн Захиас бичиг, 2011 оны наймдугаар сар

Гэр бүлийн хайрБошиглогчийн маань зөвлөгөө

Адислагдсан гэр бүлийн амьдрал

“Бид дэлхийн зүйлсийг ихээр мэдэж, үүнээс суралцахдаа энэ нь үнэхээр түр зуурын бөгөөд заримдаа ертөнц хэтэрхий өнгөцхөн, нүд хуурсан болохыг ухаардаг бөгөөд энэ үед гэр бүл болон бидний хайртай хүмүүсийн үнэнч байдал зэрэг итгэж найдаж болох зүйлс бидэнд байгаад баярлан талархах нь өсөн нэмэгддэг билээ. Үүрэг хариуцлага, хүндэтгэл, нийтэч зан чанар зэргээр хоорондоо холбогдоно гэдэг юу гэсэн утгатай болохыг бид мэддэг. Адислагдсан гэр бүлийн амьдралын хэлхээ холбоог юугаар ч орлуулж болохгүйг бид ухаардаг.”1

Хайраа бусадтай хуваалцахуй

“Хүүхдүүдээ сайшаан урамшуулж, тэврээд ‘Хайртай шүү миний хүү, охин’ гэж байн байн хэлж, талархлаа үргэлж илэрхийлж бай. Шийдэх ёстой асуудлаа хайрлах ёстой хүнээсээ хэзээ ч бүү дээгүүр тавь. Найз нар маань алс холыг зорин, хүүхдүүд маань өсөж том болон, хайртай хүмүүс маань хорвоогийн жам ёсоор халин оддог. Тэд бидний амьдралаас холдон одоход бид ‘хэрэв тэгсэнсэн бол’, ‘хэрэв зөвхөн тэгсэн л бол’ гэж харууслын үгстэй хоцрох тэр мөчийг хүртэл бид тэднийг бидэнтэй үргэлж хамт байх мэт санадаг. …

“Амьдралдаа аз жаргалыг мэдэрч, энэхүү аяллаасаа баяр баяслыг олж, хайраа найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцъя. Нэг л мэдэхэд бидний хүн нэг бүрийн хувьд идэр залуу нас нэгэнт ард өнгөрсөн байх болно. Хамгийн чухал зүйлсийг хойш тавихгүй байцгаая.”2

Хайраа харуулах нь

“Ах нар аа, эхнэртээ хайр, хүндэтгэлийн дээдээр хандацгаая. Хань ижил тань та бидний мөнхийн хамтрагчид билээ. Эгч нар аа, нөхрүүдээ хүндэл. Тэд та нараас сайн сайхан үгсийг сонсох хэрэгтэй. Тэдэнд халуун дулаан инээмсэглэл хэрэгтэй. Тэдэнд үнэнч хайраа илэрхийлж бай. …“

Эцэг эхчүүд та нар хайр халамжаа үр хүүхэддээ харуул. Та тэдэнд хайртайгаа мэднэ, гэвч хүүхдүүд тань үүнийг мэдэж байгаа эсэхийг олж хар. Үр хүүхэд эцэг эхдээ үнэт эрдэнэсээс илүү эрхэм юм. Үүнийг тэдэнд мэдүүлцгээе. Үр хүүхдүүдийнхээ өдөр бүрийн хэрэгцээнд санаа тавин, эцэг эхчүүдэд зайлшгүй ирэх шалгуурыг даван туулахдаа тусламж эрэн Тэнгэрлэг Эцэгтээ хандагтун. Хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд танд өөрийн мэргэн ухаанаас илүү зүйлс хэрэг болно.3

Хайраа илэрхийлэхүй

“Эцэг эхчүүд та нар хүүхдүүддээ хайраа илэрхийлж бай. Тэд дэлхийн нүгэлт зүйлсийн эсрэг сөрөн зогсохын тулд тэдний төлөө залбир. Тэд итгэл, гэрчлэлээрээ өсөхийн тулд залбир. Тэд сайн сайхан, бусдад үйлчилсэн амьдралын замаар замнаж болохын тулд залбир.

Хүүхдүүд ээ, аав ээждээ хайртайгаа мэдэгд. Та нарын төлөө хийсэн болон хийх бүх зүйлд хэрхэн талархаж явдгаа аав ээждээ мэдэгд.”4

Хамгийн чухал зүйл

“Хамгийн чухал зүйл нь ихэнхдээ бидний эргэн тойронд байгаа хүмүүстэй холбоотой байдаг. Бид тэдэнд хэр их хайртай болохыг тэд өөрсдөө мэдэх ёстой гэж бид заримдаа боддог. Гэвч бид тэгж бодож болохгүй харин тэдэнд хайртайгаа мэдүүлэх хэрэгтэй. Виллям Шекспир ийнхүү бичжээ. ‘Бусдыг хайрладаггүй хүмүүс хайраа илэрхийлдэггүй. ’ Бид хэлсэн эелдэг үгс эсвэл харуулсан хайрандаа хэзээ ч харамсахгүй, харин эдгээр зүйлсийг хамгийн дотны, хамгийн хайртай хүмүүстээ хэлээгүйдээ, тэдний төлөө хийх ёстой зүйлээ хийгээгүйдээ бид харамсах болно.”5

Диваажинг ойртуулахуй

“Бидний гэр бүл болон гэр орон бие биенээ, сайн мэдээг, ойр дотны хүмүүсээ болон Аврагчаа хайрлах хайраар дүүрэн байх болтугай. Ингэснээр диваажин болон дэлхийн зай бага ч гэсэн ойртох болно. “

Гэр орноо гэр бүлийн бүх гишүүд очих гэж үргэлж яардаг эрхэм ариун газар болгоцгооё.”6

Гэр бүлүүдийн төлөөх залбирал

“Өнөөдөр дэлхийд гэр бүлийн нэгжүүд дайралтад өртөхийн хэрээр маш олон ариун зүйлсийг доог тохуу болгож байна. Иймээс бид тулгарч буй сорилт бэрхшээлийн өмнө өөрсдийгөө хүчтэй болгож, үнэн болон зөв шударгын төлөө бат зогсоход туслахыг Тэнгэрлэг Эцэгээсээ гуйх хэрэгтэй. Бидний гэр орон амар амгалан, хайр энэрэл, сүнслэг байдлаар дүүрэн газар байх болтугай.”7

Эшлэл

  1. “A Sanctuary from the World” Worldwide Leadership Training Meeting, 2008 оны 2-р сарын 9, 29.

  2. “Joy in the Journey” (Brigham Young University Women’s Conference, 2008 оны 5-р сарын 2), http://ce.byu.edu/cw/womensconference/archive/transcripts.cfm

  3. “Abundantly Blessed” Лиахона, 2008 оны 5-р сар, 112.

  4. “Until We Meet Again” Лиахона 2009 оны 5-р сар, 113.

  5. “Finding Joy in the Journey”Лиахона, 2008 оны 11-р сар, 86.

  6. “A Sanctuary from the World” 30–31.

  7. Гила Валлей Аризона Ариун сүмийн онцгойлон адислалтын залбирал, 2010 оны 5-р сарын 23; “The Gila Valley Arizona Temple: ‘Wilt Thou Hallow This House,’” Church News, 2010 оны 5-р сарын 29, 5.

Энэ захиасаас заах нь

“Эргэцүүлэн бодуулах үйл ажиллагаанд багш нар асуултууд асууж, нөхцөл байдлыг илэрхийлэн, суралцагчдын асуултуудад хариулж, санаа бодлоо хуваалцах багахан хэмжээний цаг өгөх хэрэгтэй” (Teaching, No Greater Call [1999], 160). Дээрх зүйлсийг гэр бүлийнхэнтэйгээ хамт уншихдаа тэдэнд нөлөөлсөн зөвлөмж болон санаануудыг олж сонсохыг хүс. Гэр бүлийн гишүүд гэртээ хайр энэрлийг өсгөн нэмэгдүүлэх арга замуудын тухай ярилцаж болно. Дараагийн гэр бүлийн үдшээр эдгээр санаануудыг дахин давтан бататгахад гэр бүлийнхнээ урьж болно.