2011
Миний дотор гал шатах шиг болсныг би мэдэрсэн
2011 оны аравдугаар сар


Миний дотор гал шатах шиг болсныг би мэдэрсэн

Клаудия Виллямс, Флорида, АНУ

Би хүүхэд ахуйдаа өсч торнисон АНУ-ын Мичиган дахь гэрийнхээ дэргэдэх сүмийн Ням гарагийн хичээлд явдаг байлаа. Намайг Есүс Христийг хайрлах хайраар дүүргэсэн нэгэн гайхамшигтай багш надад байлаа.

Тэрээр долоо хоног бүр Аврагчийн мөнх бус үйлчлэлийн үйл явдлуудыг, түүний дотор Түүний заасан зарчмууд болон үйлдсэн гайхамшгуудыг дүрсэлсэн картуудыг тараадаг байлаа. Би долоо хоног бүр картуудыг бяцхан номонд оруулж, Библи дэх түүхүүдийг дахин уншдаг байв. Тэгээд нас ахих тусам Шинэ Гэрээн дэх Сайн мэдээнүүдийг үргэлжлүүлэн судалдаг байлаа.

Олон жилийн дараа 1968 оны зунжин Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчид манай гэр бүлийн нэг гишүүний гэрт очжээ. Тэр Сүмийн тухай мэдэхийг урьсан ахлагч нарын урилгыг хүлээн авсангүй харин тэднийг манайх уруу явуулсан байлаа.

Номлогчид бидний анхны уулзалтаар Есүс Христийн үндэслэсэн Сүмд “урвалт” тохиосныг надад заав (2 Tесалоник 2:3-ыг үз). Тэдний заасан зүйл миний хувийн судалгаатай тохирсон учир тэд над дээр дахиад ирж болох уу гэж асуухад нь би зөвшөөрлөө.

Тэдний дараагийн ирэлтээр би олон асуултын жагсаалт гаргачихаад байв. Хожмын Үеийн Гэгээнтнүүд усанд бүрэн дүрэлтээр баптисм хүртдэг үү? Тэд санваарын эрх мэдэлд итгэдэг байсан уу? Тэд өвчтөнүүдийг эдгээж болно гэдэгт итгэдэг байсан уу? Тэдний хариултууд Шинэ Гэрээнээс миний судалсан зүйлтэй тохирч байв. Тэд явахынхаа өмнөхөн энэ ном Есүс Христийн тухай гэрчилдэг юм гэж хэлээд надад нэг ном өгөв.

Би номыг зурагтан дээр тавиад унтахаар хэвтлээ. Гэвч би шөнө дунд нэгэн хүчтэй мэдрэмжээр сэрлээ. Энэ мэдрэмж бол Ариун Сүнс байсныг хожим нь мэдэж билээ. Нөгөөх номоо уншмаар санагдаад болсонгүй, тэгээд дахин унтахаар хэвтэхээсээ өмнө бүтэн цаг хагас уншлаа. Тэгээд удалгүй дахин сэрэхэд нөгөөх мэдрэмж дахин төрөхөд би цааш нь хэсэг уншлаа.

Энэ явдал дараагийн хоёр шөнө давтагдав. Мормоны Ном Есүс Христийн тухай гэрчилдгийг ойлгосон учраас би уншиж байгаа зүйлдээ дуртай байлаа.

Би Бурханаас удирдамж хүсэхээр шийдлээ. Би бүр жаахан охин байснаасаа хойш анх удаа залбирахаар өвдөг сөгдлөө. Миний дотор гал шатах лугаа адил болж байгаа тэр зүйлийн талаар яах тухайгаа мэдэхэд тусална уу гэж Тэнгэрлэг Эцэгээс гуйлаа. Залбирлаа дуусгаад би 3 Нифай 9 дэх леменчүүдийн хөрвүүлгийн тухай шастирыг дахин уншихад өдөөгдлөө. Тэд “галаар мөн Ариун Сүнсээр баптисм хүртсэн бөгөөд үүнийг тэд мэдээгүй билээ” (шүлэг 20) хэмээн би уншлаа.

“Тэд үүнийг мэдээгүй билээ” гэсэн өгүүлбэр чухамдаа надад зориулагдсан байлаа. “Есүс Христ үнэхээр дэлхий дээр байна!” гэсэн бодол надад төрлөө. Би уншиж, мэдсэн зүйлийнхээ тухай номлогчидтой ярилцахыг тэсгэлгүй их хүсч байлаа. Гэвч тэд миний асуултуудад баптисм хүртэх урилгаар хариулахад нь би чадахгүй гэж хэллээ. Миний нөхөр үүнийг ойлгохгүй байх.

Гэвч би тэр шүлгийн тухай үргэлжлүүлэн бодоод энэ шүлэг “харууссан зүрх, гэмшсэн сэтгэлээ” золиослохыг маш тодорхой санал болгосныг ойлгосон юм.” Тэгээд залбирч, туслаач хэмээн Тэнгэр дэх Эцэгээсээ гуйлаа. Тэрбээр миний гуйлтыг ёсоор болгосон юм. Манай нөхөр номлогчийн ярилцлагуудыг авсны дараа намайг баптисм хийлгэхийг зөвшөөрлөө.

Би залуу ээж байхдаа Мормоны Номыг уншсанаас үнэ цэнэтэй, сэтгэлд хоногшим туршлагатай болсныхоо төлөө хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгтээ хэчнээн их талархалтай байдаг билээ. Энэ ном намайг Есүс Христийн сайн мэдээ уруу хөтөлсөн юм. Үүний үр дүнд 1968 онд хэдэн шөнө дараалан миний мэдэрсэн Ариун Сүнсний нөлөө эдүгээ надад байнгын бэлэг болж, Сүмийн гишүүн болсноос хойших 40 гаруй жилийн турш намайг удирдаж байгаа билээ.