2011
Мормоны Номыг хэрхэн судлах вэ?
2011 оны аравдугаар сар


Мормоны Номыг хэрхэн судлах вэ?

Зураг
Elder D. Todd Christofferson

Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсон (1899–1994) “Хожмын Үеийн Гэгээнтнүүд Мормоны Номыг насан туршдаа уншиж судлах ёстой гурван агуу учир шалтгаан байдаг”1 хэмээн хорин таван жилийн тэртээ бичжээ. Энэхүү гурван шалтгаан нь:

  • Нэгдүгээр, Мормоны Ном бол манай шашны тулгуур чулуу—-Есүс Христийг гэрчлэх бидний гэрчлэлийн болон сургаалын тулгуур чулуу мөн.

  • Хоёрдугаарт, Мормоны Ном манай өнөө үед зориулан бичигдсэн юм.

  • Гуравдугаарт, Мормоны Ном Бурханд илүү ойр дотно болоход бидэнд тусалдаг.

Мормоны Номыг уншиж судлах эдгээр шалтгаанууд нь энэхүү хосгүй өвөрмөц судрыг судлах зарим арга замыг бидэнд зөвлөмж болгодог билээ.

Манай шашны тулгуур чулуу

Мормоны Ном нь Христийг гэрчлэх бидний гэрчлэлийн болон Түүний сайн мэдээний бүрэн байдлын тулгуур чулуу учраас үүнд агуулагддаг Аврагчийн олон сургаал түүний тухай гэрчлэлүүдэд онцгой анхаарал тавих нь чухал юм. Зарим хүмүүс хямд үнэтэй, шинэ Мормоны Номыг олж аваад Аврагч, Түүний үйлчлэл, үүрэг зорилгын тухай бүх шүлгүүдийг тэмдэглэх замаар уг номыг судалдаг. Энэ нь Есүс бол Бурханы Хүү гэдгийг гэрчлэх гүнзгий гэрчлэл болон бидний төлөө Түүний хийсэн буюу хийсээр байгаа зүйлсийн төлөө талархах гүн талархлыг бий болгодог билээ.

Манай өнөө үед зориулан бичигдсэн нь

Мормоны Номыг зохиогчид ирээдүй үеийнхэнд хандан, ялангуяа хожмын өдрүүд дэх энэ үеийнхний тухай бодон бичсэн юм. Мормон нифайчуудын цэдгийг хураангуйлахдаа, бүх үйл явдлын “зууны нэгийг нь ч” (3 Нифай 5:8; Moрмоны Үгс 1:5-ыг үз) оруулж чадаагүйг хэлсэн билээ. Моронай, “Хэдийгээр та нар үгүй ч, та нар өмнө минь буй мэтээр би ярьж байна. Гэвч болгоогтун, Есүс Христ та нарыг надад үзүүлсэн, мөн би та нарын үйлийг мэднэ” (Moрмон 8:35). Энэ хоёр зохиогч бас бусад зохиогчид ч, сүнсний нөлөөгөөр ажиллан хожмын өдрүүд дэх бидэнд юу агуу ашиг тустай болохыг бичсэн.

Тиймээс бид, “Яагаад эдгээр үгсийг оруулсан юм бол? Энэ нь өнөөдөр надад хэрхэн холбогдох вэ?” гэсэн асуултуудыг дотроо бодох ёстой. Жишээ нь, бид Аврагчийн Хоёр дахь Ирэлтэнд бэлтгэх загварыг Мормоны Номноос олж болохыг Ерөнхийлөгч Бенсон ажигласан байна. Христийн шавь нар дайн дажинтай үед хэрхэн амьдардаг байсныг, хавчлага, урвалтыг хэрхэн даван туулж, номлолын ажлыг яаж хийдэг байсныг, түүнчлэн материал баялгийг шүтэх үзэлд хэрхэн хариулдаг байсныг бид мэднэ.2 Бид судар судлахдаа Нифайн нэгэн адил судруудыг өөрсөдтэйгөө “адилтгадаг” (1 Нифай 19:23-ыг үз) нь Мормоны Номноос олж мэдсэн зүйлээ амьдралд хэрхэн хэрэгжүүлэхийг мэдэх зорилготой юм.

Бурханд илүү ойртох нь

“Мормоны Ном бидэнд зөвхөн үнэнийг заадаг төдийгүй энэ ном үнэн гэдгийг батлан харуулдаг. Мормоны Ном зөвхөн Христийн тухай гэрчилдэг төдийгүй, энэхүү гэрчлэл үнэн гэдгийг батлан харуулдаг. Бас үүнээс ч илүү зүйл бий. Энэ номыг нягт няхуураар судалж эхлэх мөчөөс та нарын амьдралд урсан орох хүч үүнд бий.”3

Чухамдаа Мормоны Номыг судлах нь Сүнсийг урьдаг бөгөөд Сүнс бол илчлэлт хүлээн авах арга хэрэгсэл мөн. Чухам иймээс бид энэ номыг уншиж судлахдаа залбирч, буурь суурьтайгаар тал бүрээс нь тунгаан бодохын сацуу тэмдэглэл хийх хэрэгтэй. Энэ нь бидний судалж байгаа болон бусад асуудлуудаар нэмэлт гэрэл, ойлголттой болох нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Зарим үед Мормоны Номын түүх болон захиасын утгыг ерөнхийд нь ойлгохын тулд харьцангуй богино хугацаанд бүхэлд нь унших нь ашиг тустай байдаг. Гэвч номноос өдөр бүр тогтоосон тооны шүлэг буюу хуудсуудыг уншихын оронд өдөр бүр уншиж судлахад тодорхой цагийг зориулах нь дээр юм.

Судлах гарын авлага, материалууд

Мормоны Номыг уншиж, судлахад туслах нэлээд олон гарын авлага, материалууд бидэнд байгаа нь сайхан хэрэг. Зарим хүмүүс Topical Guide (Сэдэвчилсэн Удирдамж), Bible Dictionary (Библийн Толь бичиг), англи хэлээр нийтлэгдсэн судруудын индекс, бусад хэлүүдээр хэвлэгдсэн Судруудын Удирдамжийг судруудынхаа хамт ашигладаг. Мөн хуудас болгондоо олон зүүвэр тайлбар, харьцуулах эшлэл бүхий Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн хэвлэсэн судрууд бидэнд байдаг.

Хэвлэгдсэн бусад гарын авлага, судлах материалуудад Ням гарагийн хичээлийн гишүүний судлах удирдамж, Семинарын суралцагчийн судлах удирдамж, Институтийн суралцагчийн гарын авлага орно. Өнөө үед бидний хувьд шинэ зүйл болох 31-р хуудсанд дүрслэн харуулсан электрон хэрэгслүүдийн багтаамж улам бүр өсөн нэмэгдэж байна.

Хөрвүүлгийн зэмсэг

Мормоны Ном бол Их Эзэн манай эрин үед зориулан төлөвлөж, бий болгосон юутай ч зүйрлэшгүй эрдэнэсийн сан хөмрөг, хөрвүүлгийн зэмсэг юм. Үүнийг би Есүс Христийн тухай, Иосеф Смитийн бошиглогчийн дуудлагын тухай, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол “энэ дэлхий дээр нэгэнтээ дахин байгуулагдсан Их Эзэний хаант улс” мөн гэдэг миний гэрчлэлийн үндэс суурь гэдгийг хүлээн зөвшөөрч байна.4 Би өөрийн гэрчлэлийг “Чиний Их Эзэн мөн чиний Бурхан амьдын адил энэ нь үнэн бөлгөө” (С ба Г 17:6) гэсэн Есүс Христийн гэрчлэлтэй нэгтгэж байгаадаа баяртай байна. Мормоны Номыг насан туршдаа уншиж судлах үйлс тань таны хөрвөлтийг гүнзгийрүүлж, таныг мөнх амьдрал уруу шулуун замаар хөтлөх болтугай.

Эшлэл

  1. Эзра Тафт Бенсон, “Мормоны Ном бол манай шашны тулгуур чулуу” Ensign, 1986 оны 11-р сар, 5–7. Энэхүү сонгодог үг энэ сэтгүүлийн 52-58-р хуудсуудад дахин хэвлэгдсэн ажээ.

  2. Эзра Тафт Бенсон, Ensign, 1986 оны 11-р сар, 6–7-г үз.

  3. Эзра Тафт Бенсон, Ensign, 1986 оны 11-р сар, 7.

  4. Мормоны Номын удиртгал

Зураг чимэглэлийг Крейг Даймонд