2011
Мормоны Ном--- манай шашны тулгуур чулуу
2011 оны аравдугаар сар


Мормоны Ном манай шашны тулгуур чулуу

Эзра Тафт Бенсон 1985 оны 11-р сарын 10-нд Сүмийн 13 дахь Ерөнхийлөгч болжээ. Тэрбээр Мормоны Номын хүчний тухай бат бөх гэрчлэлээрээ болон өдөр тутам судар судлах, номлолын ажил болон сайн мэдээг заахад энэ ном туйлын чухал болох тухай захиасаараа нэрд гарсан юм. 1986 оны аравдугаар сарын ерөнхий чуулган дээр түүний үг хэлсний 25 жилийн ой энэ жил тохиож байна.

Зураг
President Ezra Taft Benson

Хайрт ах, эгч нар аа, өнөөдөр би орчин үед дэлхийд өгөгдсөн хамгийн гайхамшигтай нэгэн бэлгийн тухай ярихыг хүсч байна. Миний бодож байгаа энэ бэлэг бол аж үйлдвэр, технологийн хувьсгалын үр дүнд бий болсон аль ч зохион бүтээлтээс хамгийн чухал нь юм. Энэ бол хүн төрөлхтний хувьд орчин үеийн анагаах ухаанд бидний харсан олон гайхамшигт амжилтаас ч илүү агуу үнэ цэнэтэй бэлэг мөн. Энэ нь хүн төрөлхтний хувьд нисэх хүчний хөгжил эсвэл сансрын нислэгээс ч илүү үнэ цэнэтэй юм. 156 жилийн өмнө хүн төрөлхтөнд өгөгдсөн агуу бэлэг—Мормоны Номын тухай би ярьж байна.

Энэ бэлэг Их Эзэний гараар мянга гаруй жилийн хугацаанд бэлтгэгдсэн бөгөөд өнөө үеийнхэнд зориулан цэврээр нь хадгалахын тулд Тэрбээр үүнийг нуусан ажээ. Өнөө үед зориулсан судрын энэ номын ач холбогдлыг Их Эзэний Өөрийнх нь хэлсэн үгсээс илүү тод томруунаар гэрчлэх юу ч байхгүй биз ээ.

(1) Тэрбээр энэ ном үнэн гэдгийг (С ба Г 17:6), (2) энэ ном үнэн хийгээд Түүний үгсийг агуулдгийг (С ба Г 19:26), (3) энэ нь дээрээс ирсэн хүчээр орчуулагдсаныг (С ба Г 20:8), (4) энэ ном Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг агуулдгийг (С ба Г 20:9; 42:12), (5) энэ нь сүнсний нөлөөгөөр өгөгдөж, тэнгэр элчүүдийн үйлчлэлээр батлагдсаныг (С ба Г 20:10), (6) ариун судрууд үнэн гэдгийг энэ ном нотолсныг (С ба Г 20:11), түүнчлэн (7) энэ номыг итгэлээр хүлээн авсан хүмүүс мөнх амьдарна гэдгийг (С ба Г 20:14) Өөрийн амаар гэрчилсэн.

Мормоны Номын ач холбогдлын хоёр дахь хүчирхэг гэрчлэл бол Сэргээлт эхлэх цаг хугацааны голчид энэ номыг гаргаж ирэхээр байрлуулсан явдал юм. Уг ном ирэхээс өмнө тохиосон цорын ганц зүйл бол Анхны Үзэгдэл мөн. Энэхүү гайхамшигтай явдлын үеэр Бошиглогч Иосеф Смит Бурханы жинхэнэ мөн чанарыг тэрчлэн түүгээр хийлгэх ажил Бурханд байгааг мэдсэн юм. Мормоны Ном гарч ирсэн нь дагах ёстой дараагийн зүйл байлаа.

Энэ ном гарч ирсэн цаг үеийн тухай бодоод үз л дээ. Мормоны Ном санваарыг сэргээхээс өмнө гарч ирсэн. Энэ ном Сүм зохион байгуулагдахаас хэдхэн хоногийн өмнө хэвлэгдсэн. Алдар суугийн гурван зэрэглэл, селестиел гэрлэлт эсвэл нас барагчдын өмнөөс хийх ажил зэрэг агуу сургаалуудыг илчлэхээс өмнө Мормоны Номыг уншуулахаар Гэгээнтнүүдэд өгсөн ажээ. Энэ ном санваартны чуулгууд болон Сүм зохион байгуулагдахаас өмнө гарч ирсэн юм. Энэ бүхэн ариун судрын эл номыг Их Эзэн хэрхэн үзэж байсан талаар ямар нэг зүйлийг бидэнд хэлэхгүй байна гэж үү?

Их Эзэн энэ номын талаар ямар бодолтой байсныг ойлгох юм бол Тэрээр бас үүнийг бид хэрхэн хүлээн авах тухай үнэ цэнэтэй анхааруулга өгсөнд гайхах юун. Мормоны Номыг итгэлээр хүлээн авч, зөв шударга амьдарсан хүмүүс мөнх амьдралын титмийг хүлээн авах болно гэдгийг (С ба Г 20:14-ийг үз) харуулсны эцэст Их Эзэн дараах анхааруулгыг өгсөн билээ: “Гэвч итгэлгүй байдалд зүрх сэтгэлээ хатууруулж, мөн үүнийг эсэргүүцэх тэдэнд энэ нь өөрсдөд нь зэмлэл болж хувирах болно” (С ба Г 20:15).

1829 онд Их Эзэн Гэгээнтнүүдэд ариун нандин зүйлст хөнгөн хуумгай хандахгүй байхыг анхааруулжээ (С ба Г 6:12-ыг үз). Мормоны Ном үнэхээр ариун зүйл хэдий ч олон хүн үүнд хөнгөн хуумгай хандаж байна. Өөрөөр хэлбэл, энэ номыг өчүүхэн ач холбогдолтой зүйл гэж үзэн, үл тоомсорлож байна.

1832 онд анхны хэдэн номлогч хөдөлмөрийн талбараасаа эргэж ирэхэд Их Эзэн тэднийг Мормоны Номонд хөнгөн хуумгай хандсаных нь төлөө зэмлэсэн байдаг. Уг хандлагынхаа улмаас тэдний оюун санаа харанхуйлагдсаныг Тэрбээр хэлжээ. Энэхүү ариун номонд хөнгөмсгөөр хандсан нь зөвхөн тэднийг гэрлээ алдахад төдийгүй, харин Сүмийг бүхэлд нь, бүр Сионы бүх хүүхдүүдийг буруушаахад хүргэжээ. Иймээс Их Эзэн, “Мөн тэд наманчилж, тэрхүү шинэ гэрээ бүр Мормоны Номыг санах хүртэл энэхүү буруушаалт дор үлдэх болно” (С ба Г 84:54–57) гэжээ.

Бид зуун тавь гаруй жил Мормоны Номтой байгаа нь өнөөдөр бидний хувьд ялихгүй ач холбогдолтой зүйл гэж үү? Бид энэ шинэ гэрээ, Мормоны Номыг санадаг бил үү? Бидэнд Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ хоёроос бүрдсэн Библи байдаг. Testament (гэрээс, гэрээслэл) гэдэг англи үг нь covenant (гэрээ) гэдэг грек үгний орчуулга юм. Энэ нь Их Эзэн Мормоны Номыг “шинэ гэрээ” гэж нэрлэсний утга учир уу? Энэ ном үнэхээр Есүсийн бас нэгэн гэрээ буюу гэрч мөн. Энэ бол бид саяхан Мормоны Номын нэрэнд “Есүс Христийн бас нэгэн гэрээ” гэдэг үгсийг нэмсний учир шалтгаануудын нэг юм.

Эхэн үеийн Гэгээнтнүүд Мормоны Номонд хөнгөмсгөөр хандсаныхаа төлөө зэмлүүлж байсан юм чинь бид мөн адил байснаараа тэднээс багагүй зэмлэл дор байгаа биш үү? Энэ ном мөнхийн ач холбогдолтой гэдэг гэрчлэлийг Их Эзэн Өөрөө хэлсэн. Бидний цөөхөн хүн ариун зүйлсэд хөнгөмсгөөр хандсаны улмаас Сүмийг бүхэлд нь буруушаан зэмлэхэд хүргэж болох уу? Хэрэв бид шинэ гэрээг умартсан хэмээн дүрслэгдсэн хүмүүсийн дунд байвал бид Түүний өмнө зогсож, Түүний сорьсон харцтай тулгарах Шүүлтийн үеэр юу гэж хэлэх бол?

Хожмын Үеийн Гэгээнтнүүд Мормоны Номыг насан туршдаа уншиж судлах ёстой гурван агуу учир шалтгаан байдаг.

Нэгдүгээрт Мормоны Ном бол манай шашны тулгуур чулуу. Энэ бол Бошиглогч Иосеф Смитийн хэлсэн үг юм. “Мормоны Ном бол энэ дэлхий дээрх бусад бүх номноос хамгийн зөв нь, мөн манай шашны тулгуур чулуу” мөн гэдгийг тэрбээр гэрчилсэн.1 Тулгуур чулуу бол нуман хаалганы төв дэх гол чулуу юм. Тулгуур чулуу нь бусад бүх чулууг тогтоон барьж байдаг бөгөөд энэ чулууг авбал нуман хаалга нурна.

Мормоны Ном манай шашны тулгуур чулуу болохыг батлах гурван зүйл байдаг. Энэ бол Христийн тухай гэрчлэх бидний гэрчлэл дэх тулгуур чулуу. Энэ бол бидний сургаалын тулгуур чулуу. Энэ бол гэрчлэлийн тулгуур чулуу.

“Мормоны Ном нь бидний хийж байгаа бүх зүйлийн булангийн чулуу болох Тэр, Есүс Христийн тухай бидний гэрчлэл дэх тулгуур чулуу мөн. Энэ ном Түүний үнэн бодитойн тухай хүчтэй, тод томруун гэрчлэлийг авчирдаг. Үг хэллэгт нь хөндлөнгөөс оролцсон олон үеийн бичээчид, орчуулагчид, шашны ёс бус зүтгэлтнүүдийн гараар дамжсан Библитэй адилгүй нь Мормоны Ном сүнслэгээр нөлөөлөгдсөн орчуулгын ганцхан үе шатаар дамжин зохиогчоос уншигчид ирсэн. Тиймээс Эзэний тухай энэ номын гэрчлэл тод томруун, хоёрдмол санаагүй, агуу хүчтэй юм. Бүр үүнээс ч илүү зүйл бий. Христийн ертөнцийн ихээхэн хэсэг нь өнөөдөр Аврагчийн бурханлаг мөн чанарыг үгүйсгэж байна. Тэд Түүний гайхамшигт төрөлт, Түүний төгс амьдрал, алдар суут Амилалтын үнэн бодитойд эргэлзэж байна. Мормоны Ном тэдгээр бүх үнэнүүдийн тухай энгийнээр, эргэлзэхийн аргагүйгээр заадаг. Энэ ном бас Цагаатгалын сургаалын хамгийн бүрэн гүйцэд тайлбарыг өгдөг. Бурханлагаар нөлөөлөгдсөн энэ ном нь Есүс бол Христ гэдгийг дэлхий дахинд гэрчлэх үнэхээр тулгуур чулуу мөн.2

Мормоны Ном бас Амилалтын тухай сургаалын тулгуур чулуу мөн. Мормоны Ном “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг” (С ба Г 20:9) агуулдгийг Их Эзэн Өөрөө нотолсныг өмнө дурдсан билээ. Энэ нь урьд өмнө илчлэгдсэн сургаал бүрийг агуулдаг гэсэн хэрэг биш юм. Энэ нь бидний авралд шаардлагатай тэдгээр сургаалуудын бүрэн байдлыг бид Мормоны Номноос олж болно гэсэн үг юм. Тэдгээр сургаалуудыг бүр хүүхдүүд ч гэсэн аврал, өргөмжлөлд хүрэх арга замуудыг ойлгож чадахаар энгийн байдлаар заасан байдаг. Мормоны Ном авралын сургаалуудын талаарх бидний ойлголтыг өргөжүүлэн тэлэх маш их зүйлийг санал болгодог. Мормоны Номгүйгээр бусад судруудад заадаг зүйлийн ихээхэн хэсэг нь ийм энгийн, үнэ цэнэтэй байж чадахгүй биз ээ.

Эцэст нь, Мормоны Ном бол гэрчлэлийн тулгуур чулуу мөн. Хэрэв тулгуур чулууг авбал нуман хаалга нурж унадаг шиг Мормоны Ном үнэн учраас Сүм оршин тогтнож байгаа, эс бөгөөс Сүм оршин тогтнож чадахгүй. Сүмийн дайснууд үүнийг маш сайн ойлгодог. Чухам иймээс тэд Мормоны Номыг гутаахыг урт удаан хугацаагаар махран зүтгэсээр байгаа нь хэрэв энэ номыг гутааж чадвал Бошиглогч Иосеф Смитийг гутааж чадна хэмээн санаархаж байгаа юм. Санваарын түлхүүрүүд, илчлэлт, сэргээгдсэн Сүмийн талаар бид ийнхүү нотолж байна. Үүнээс үүдэлтэйгээр, хэрэв Мормоны Ном үнэн юм бол, мөн эдүгээ сая сая хүн энэ ном үнэн гэдэг Сүнсний гэрчлэлтэйгээ гэрчилж байгаа тохиолдолд хүн Сэргээлтийн тухай үзэл баримтлал болон үүнтэй холбоотой бүхнийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Тийм ээ, эрхэм хүндэт ах, эгч нар аа, Мормоны Ном бол манай шашны тулгуур чулуу, бидний гэрчлэлийн тулгуур чулуу, сургаалын тулгуур чулуу, бидний Их Эзэн бөгөөд Аврагчийн талаарх гэрчлэлийн тулгуур чулуу мөн.

Бид юуны учир Мормоны Номыг судалж суралцах ажлынхаа төвд тавих ёстойн хоёр дахь агуу шалтгаан бол энэ ном өнөө үед зориулагдан бичигдсэн явдал мөн. Эртний нифайчууд, леменчүүд аль алинд нь энэ ном байгаагүй. Энэ номыг бидэнд зориулан бичсэн юм. Мормон нифайчуудын соёл иргэншлийн төгсгөл хавьд бичиж байв. Бүх зүйлийг эхлэлээс хардаг Бурханы сүнслэг нөлөөн дор тэрбээр хэдэн зууны цэдгийг товчлон, бидэнд хамгийн чухал үй олон түүх, хэлсэн үгс, үйл явдлуудаас сонгон авч товч хураангуйг хийсэн ажээ.

Мормоны Номын гол зохиогч бүр ирээдүй үеийнхэнд зориулан бичсэнээ гэрчилсэн байдаг. “Миний бичсэн эдгээр зүйлүүд хадгалагдан бас хамгаалагдан мөн миний үр удамд үеэс үед гардуулагдах болно хэмээн Их Эзэн Бурхан надад амласан юм” (2 Нифай 25:21) гэж Нифай хэлжээ. Түүнийг залгамжилсан дүү Иаков нь дээрхтэй адил төстэй үгсийг бичсэн байдаг: “Учир нь [Нифай] түүний хүмүүсийн түүх түүний бусад ялтсууд дээр сийлэгдсэн байвал зохихыг мөн би эдгээр ялтсуудыг хадгалан үлдээж мөн тэднийг үр удамдаа үеэс үед гардуулан өгвөл зохихыг хэлсэн бөлгөө” (Иaков 1:3). Инос, Жером хоёр мөн өөрийн хүмүүст бус харин ирээдүй үеийнхэнд зориулан бичсэнээ дурдсан байдаг (Инос 1:15–16; Жером 1:2-ыг үз).

“Тийм ээ, би та нарт, Израилын угсааны үлдэгдэл та нарт ярьж байна” (Moрмон 7:1) хэмээн Мормон өөрөө хэлсэн билээ. Тэрчлэн сүнсээр нөлөөлөгдсөн сүүлчийн зохиогч Моронай үнэхээр өнөө үеийг харсан юм. Тэрээр хэлэхдээ, “Болгоогтун, та нарын дунд эдгээр зүйлс гарч ирэх тэр өдөр, удахгүй ирэх ёстой түүний талаар Их Эзэн надад агуу хийгээд аймшигт зүйлийг үзүүлсэн болой.

“Болгоогтун, хэдийгээр та нар үгүй ч та нар өмнө минь буй мэтээр би та нартай ярьж байна. Гэвч болгоогтун, Есүс Христ та нарыг надад үзүүлсэн, мөн би та нарын үйлийг мэднэ” (Moрмон 8:34–35) гэжээ.

Хэрэв тэд өнөө үеийг харж, бидэнд агуу үнэ цэнэтэй зүйлсийг сонгосон юм бол бид Мормоны Номыг судлах ёстой биш гэж үү? Их Эзэн юуны учир үүнийг цэдэгтээ оруулахад Мормонд (эсвэл Моронайд болон Алмад) сүнслэгээр нөлөөлсөн юм бол? Энэ эрин үед амьдрахад надад туслах зүйлээс би ямар сургамж авч болох вэ?” гэж бид өөрсдөөсөө байнга асуух ёстой.

Энэ асуултанд хариулах олон жишээг ар араас нь гаргаж болно. Жишээ нь, бид Хоёр дахь Ирэлтэнд бэлтгэх загварыг Мормоны Номноос олж болно. Энэ номын ихэнх хэсэг нь Христийг Америк тивд хүрч ирэхээс өмнөх хэдхэн арван жил дээр анхаарал төвлөрүүлсэн байдаг. Бид энэ үеийг анхааралтай судалснаар зарим хүмүүс яагаад Түүнийг ирэхийн өмнө тохиосон аймшигт шүүлтээр устгагдаж, мөн юу бусад хүмүүсийг эсэн мэнд Өгөөмөр нутаг дахь ариун сүмд үлдээн Түүний гар, хөлийн шархны сорвиудад гараа хүргэж үзэхэд хүргэснийг мэдэж болно.

Христийн шавь нар дайны үед хэрхэн амьдардгийг бид Мормоны Номноос мэддэг. Бодит үнэнээр нь үлэмж тодорхой дүрсэлсэн нууц хуйвалдаануудын нүгэл хилэнцийг бид Мормоны Номноос хардаг. Хавчлага, урвалтад хэрхэн хандвал зохих сургамжийг бид Мормоны Номноос олдог. Номлолын ажлыг хэрхэн хийх талаар бид их зүйлийг энэ номноос мэдэж болно. Материаллаг баялгийг шүтэх болон зүрх сэтгэлээ дэлхийн зүйлсэд зориулахын аюулыг бид өөр хаанаас ч илүүгээр Мормоны Номноос хардаг. Энэ ном бидэнд зориулагдсан бөгөөд бид үүнээс агуу хүч, тайтгарал, хамгаалалтыг олж чадна гэдэгт эргэлзэх хүн бий гэж үү?

Мормоны Ном Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд яагаад ийм их үнэ цэнэтэй байдгийн гурав дахь шалтгааныг Бошиглогч Иосеф Смит өмнө эш татсан үгэндээ тодорхойлсон юм. Энэхүү үнэт номын талаар Иосеф Смит, “Би ах нарт хэлсэнчлэн Мормоны Ном бол энэ дэлхий дээрх бусад бүх номноос хамгийн зөв нь, мөн манай шашны тулгуур чулуу, түүнчлэн бусад ямар ч номноос илүүтэйгээр, түүний зааврыг мөрдсөнөөр л хүмүүн Бурханд илүү ойртох болой” гэжээ. Энэ бол Мормоны Номыг судлах гурав дахь шалтгаан мөн. Энэ ном Бурхантай ойр байхад бидэнд тусалдаг. Бурханд илүү ойртох, өдөр тутмын амьдралдаа Түүнтэй илүү адилхан болох, Түүнийг байнга дэргэдээ байгаа юм шигээр мэдрэхээс илүү эрхэм нандин ямар нэг зүйл бидний зүрх сэтгэлд байдаггүй гэж үү? Хэрэв тийм аваас, энэ хэрэгт Мормоны Ном өөр ямар ч номноос илүүгээр бидэнд туслах болно.

Мормоны Ном бидэнд зөвхөн үнэнийг заадаг төдийгүй энэ ном үнэн гэдгийг батлан харуулдаг. Мормоны Ном зөвхөн Христийн тухай гэрчилдэг төдийгүй, бас энэхүү гэрчлэл үнэн гэдгийг батлан харуулдаг. … Бас үүнээс ч илүү зүйл бий. Энэ номыг нягт няхуураар судалж эхлэх мөчөөс та нарын амьдралд урсан орох хүч үүнд бий. Та нар уруу таталтыг эсэргүүцэн зогсох агуу хүчийг олно. Та нар хууран мэхлэлтээс зайлсхийх хүчийг олох болно. Та нар нарийн бөгөөд давчуу зам дээр үлдэх хүчийг олно. Судруудыг “амьдралын үгс” (С ба Г 84:85) гэж нэрлэдэг. Мормоны Ном үнэн гэдгээс илүү үнэн гэж хаа ч үгүй. Та нар эдгээр үгсийн төлөө өлсөж цангасан үед амьдрал улам элбэг хангалуун болохыг мэдэх болно.

Бидний хайрт ах, Ерөнхийлөгч Марион Г.Ромни … Мормоны Номыг уншиж, судалсан хүмүүсийн амьдралд ирэх адислалуудыг гэрчилсэн юм. Тэр ийн хэлжээ:

“Хэрэв манай эцэг эхчүүд гэр орондоо өөрсдөө болон хүүхдүүдтэйгээ хамт Мормоны Номыг тогтмол, залбирч унших юм бол энэхүү агуу номын сүнс бидний гэр оронд болон тэнд амьдардаг бүх хүмүүсийн зүрх сэтгэлд нэвтрэн орох болно. Хүндэтгэлийн сүнс өсч, харилцан хүндэтгэл, бие биенээ дээдлэн хүндлэх нь нэмэгдэх болно. Зөрчил сөргөлдөөний сүнс арилах болно. Эцэг эхчүүд агуу хайр, мэргэн ухаанаар хүүхдүүддээ зөвлөгөө өгөх болно. Хүүхдүүд эцэг эхийнхээ зөвлөгөөнд илүү анхааралтай хандаж, дуулгавартай болно. Зөвт байдал өсөн нэмэгдэнэ. Итгэл, найдвар, энэрэл болох Христийн цэвэр хайр бидний гэр орон, амьдралд бялхаж, амар амгалан, баяр баясгалан, аз жаргалыг авчрах болно.”3

Эдгээр амлалтууд—гэр орон дахь өсөн нэмэгдсэн хайр, эе зүй, эцэг эх хүүхдүүд бие биеэ дээдлэн хүндлэх явдал, сүнслэг болон зөв шударга байдлын өргөжилт—бол хоосон амлалт биш харин Бурханд илүү ойртоход Мормоны Ном бидэнд туслах болно гэж Бошиглогч Иосеф Смитийн хэлсэн тэр зүйл юм.

Ах, эгч нар аа, та бүхэн хувиараа болон Сүм нийтээрээ Мормоны Номын ач холбогдолд агуу хүндэтгэлтэйгээр хандахыг би бүх зүрх сэтгэлээсээ хичээнгүйлэн хүсч байна.

Би 10 гаруй жилийн өмнө Мормоны Номын талаар дараах үгийг хэлж билээ:

Бид энэ номонд хэрхэн хандах нь мөнхийн үр дагавартай юу? Тийм ээ, нэг бол бидэнд адислал болж нөгөө бол зүхэл болно.

“Хожмын Үеийн Гэгээнтэн бүр энэ номыг насан туршдаа судлах ёстой. Эс бөгөөс тэрбээр сүнслэг байдал, оюун санааны эв нэгдлийг бүх амьдралд нь хангаж өгч чадах сүнсийг үл тоомсорлон үүнд хайхрамжгүй хандах болно. Мормоны Номоор дамжуулан Христийн хадан дээр итгэлээ төлөвшүүлж, төмөр бариулаас зууран барьж байгаа хөрвөгч, ингээгүй хүн хоёр ялгаатай.”4

Эдгээр үгсийг би өнөөдөр та нарт дахин батлан хэлж байна. Их Эзэнээс бидэнд өгсөн энэхүү гайхамшигтай, агуу бэлэгт хөнгөмсгөөр хандсанаар зүхлийг болон түүний гай гамшиг, шүүлтийг өөрсөд дээрээ дуудахгүй байцгаая. Харин энэхүү бэлгийг зүрх сэтгэлдээ эрхэмлэн нандигнан хадгалж, үүнээс ирэх адислалуудыг хүртэцгээе.

Сургаал ба Гэрээ, 84-р хэсгийн шүлэг 54–58-д бид:

“Мөн итгэлгүйн улмаас, мөн та нар өөрсдийнхөө хүлээн авсан зүйлүүдэд хөнгөмсгөөр хандсаны улмаас та нарын оюун өнгөрсөн үед харанхуйлагдсан байлаа—

“Энэхүү хоосон болон итгэлгүй байдал нь бүхэл сүмийг буруушаалт дор авчирсан буюу.

“Мөн энэхүү буруушаалт Сионы хүүхдүүд, бүр бүгд дээр байна.

“Мөн тэд наманчилж, мөн тэрхүү шинэ гэрээ, бүр Мормоны Номыг мөн тэдэнд миний өгсөн урьдын зарлигуудыг зөвхөн хэлэхээр төдийгүй, харин миний бичсэний дагуу үйлдэхээр дурсан санах хүртэл тэд энэхүү буруушаалт дор үлдэх болно.

“Тэд Эцэгийнхээ хаант улсад тохирох үр жимсийг урагш авчирч болохын тулд буюу; эс бөгөөс Сионы хүүхдүүд дээр цутгагдах цээрлүүлэлт хийгээд шүүлт хэвээр үлдэх болно” хэмээн уншдаг.

Өнгөрсөн ерөнхий чуулганаас хойш би Мормоны Номыг уншиж судлах даалгавар авсан дэлхий дахины залуу болон ахмад настай Гэгээнтнүүдээс олон захидал хүлээж авлаа.

Энэ номыг уншиж судлахад шийдвэр төгс байсны ачаар тэдний амьдрал хэрхэн өөрчлөгдөж, Их Эзэнд хэрхэн улам ойртсон тухай тэдний бичсэн үгсэд миний сэтгэл ихэд догдлон хөдөллөө. Мормоны Ном бол үнэхээр “манай шашны тулгуур чулуу” бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүн “бусад ямар ч номноос илүүгээр үүний зааврыг мөрдсөнөөр Бурханд илүү ойртох болой” гэсэн Бошиглогч Иосеф Смитийн үгсийг сэтгэлд хоногшим эдгээр сайхан гэрчлэлүүд бодгальд минь дахин баталлаа.

Мормоны Ном бидний амьдралын тулгуур чулуу болохын төлөө би залбирч байна.

Эшлэл

  1. Мормоны Номын удиртгал.

  2. Мормоны Номын эхний хуудсыг үзнэ үү.

  3. Maрион Г.Ромни, “The Book of Mormon,” Ensign, 1980 оны 5-р сар, 67.

  4. Эзра Тафт Бенсон, “The Book of Mormon Is the Word of God,” Ensign, 1975 оны тавдугаар сар, 65.

Гэрэл зураг чимэглэлийг Давид Стокер; баруун талд: гэрэл зургийг Велден К.Андерсен; Бусад гэрэл зургийн газрын авсан Ерөнхийлөгч Бенсоны гэрэл зураг