2011
Ариун газар зогсогтун
Нохой 2011


Ариун газар зогсогтун

Түүнд хандсан бидний залбирлууд, бидэнд өгдөг Түүний сүнслэг өдөөлт болон Тэнгэр дэх Эцэгтэйгээ харилцах харилцаа нь амьдралын шуурга, саад бэрхшээлүүдийг даван туулахад бидэнд нэн чухал юм.

Хайрт ах эгч нар аа, бид өнөөдөр гайхалтай сайхан захиасуудыг сонслоо. Чуулганд оролцсон хүн бүрийг би сайшаахыг хүсч байна. Бид ялангуяа Ахлагч Роберт Д.Хейлсийн бие нь сайжран бидэнтэй эргэн нэгдсэнд маш их баяртай байна. Боб, бид чамд хайртай шүү.

Энэ өглөө та нарт юуны тухай ярихаа тунгаан бодох зуураа би чухал, цагаа олсон хэдэн тодорхой санаа бодол, мэдрэмжүүдийг хуваалцах хэрэгтэйгээ ойлгосон юм. Сүнсээр удирдагдан яриагаа өгөхийн төлөө би залбирч байна.

Энэ дэлхий дээр би 84 жилийн турш амьдарчээ. Чарлис Линдберг анх удаагаа Нью-Иоркоос Парис хүртэл ганц мотортой, нэг суудалтай онгоцоор зогсолтгүй ниссэн онд би төрсөн билээ. Түүнээс хойш 84 жилийн турш олон зүйл өөрчлөгджээ. Хүн сар руу нисэж, эргэж ирснээс хойш олон жил улиран одсон байна. Үнэндээ өчигдрийн зөгнөл өнөөдрийн бодит байдал болсоор байна. Тэр бодит байдал болох өнөө үеийн дэвшилтэт технологи маш түргэн өөрчлөгдөн хөгжиж байгаа тул түүнтэй хөл зэрэгцүүлэн алхах нь бидэнд томхон сорилт болж байна. Энгийн утас, бичгийн машинаас илүүг мэддэггүй бидний хувьд өнөөгийн техник технологи зөвхөн гайхамшигтай гэхээс илүү зүйл болжээ.

Мөн нийгмийн ёс суртахуун маш түргэн өөрчлөгдөж байна. Урьд нь зохисгүй, ёс суртахуунгүй хэмээн үзэгдэж байсан хандлага, зан байдлуудыг өнөөдөр олон хүмүүс энгийн зүйл мэтээр харах болжээ.

Саяхан би Wall Street Journal дээр гарсан Жонатан Саксын Британы Иудей шашны удирдагчийн тухай өгүүллийг уншсан юм. Тэрээр ийн бичжээ: “1960-аад онд Барууны бараг бүх соёл иргэншилд ёс суртахууны огцом өөрчлөлт гарч, хүмүүс өөрсдийн зан төлвийг хязгаарлан барьж, хувь хүнийг төлөвшүүлэх уламжлалт ёс суртахуунаа гээцгээжээ. Та бүгдэд хэрэгтэй зүйл бол хайр хэмээн Битлз хамтлаг дуулж байв. Христийн шашинд уламжлалт ёс суртахууны жишиг орхигдсон байна. Харин түүний оронд: [Хүссэн бүх зүйлээ [хий] хэмээн өөрчлөв. Арван зарлиг Арван бүтээлч зөвлөмж болон дахин бичигджээ.”

Тэрээр үргэлжлүүлэн ихэд гунигтайгаар ийн бичжээ:

“Өөрсдийн ёс суртахууныг бид хөрөнгө мөнгөө үрэн таран хийж байгаа мэт л хайнга хаяж байна …

[Дэлхийн] ихэнх хэсэгт шашин нь улирч одсон зүйл болж, та нар үүнийг хүртэх гавъяатай тул юу дуртайгаа худалдаж авч, мөнгөө үрж, гоёмсог хувцас өмсөж, өөрийн гоо сайхныг бусдад гайхуул гэх үзлийн эсрэг зогсох бодит дуу хоолой үгүй болжээ. Ёс суртахуун нь хоцрогдож цагаа элээсэн зүйл бөгөөд сүсэг бишрэл нь сул дорой хүмүүст зориулсан зүйл гэж тунхаглаж байна. Бүхний дээрх цорын ганц зарлиг бол ‘Чи бүү баригд’ болжээ.’”1

Хайрт ах эгч нар минь, харамсалтай нь биднийг хүрээлэн байгаа дэлхийг ингэж дүрсэлж болох юм. Бид нар ийм дэлхийд тэсч гарч чадах болов уу хэмээн өөрсдөөсөө асуун санааширч байна уу? Үгүй ээ. Харин ч бидний амьдралд Есүс Христийн сайн мэдээ байгаа төдийгүй бид ёс суртахуун нь хуучирч орхигдоогүй, сүсэг бишрэл нь биднийг удирддаг бөгөөд хүмүүс үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг гэдгийг мэддэг.

Хэдийгээр дэлхий өөрчлөгдсөнч гэсэн Бурханы хуулиуд хэвээр үлдэнэ. Тэдгээр нь өөрлөгдөөгүй бөгөөд өөрчлөгдөх ч үгүй. Арвин Зарлиг нь Арван Зарлиг хэвээрээ л үлдэнэ. Тэдгээр нь зөвлөмж биш. Эдгээр зарлиг нь Бурхан Израилын хүүхдүүддээ өгөх үед чухал байсан шиг өнөөдөр ч чухал хэвээр байна. Хэрэв бид зөвхөн анхаарал хандуулах аваас яг одоо энд бидэнд хандан ярьж буй Бурханы дуу хоолойг сонсох болно.

“Чи надаас өөр бурхадтай байж болохгүй.

Чи өөртөө зориулж шүтээн бүү хий. …

Чи өөрийн Бурхан Эзэний нэрийг дэмий бүү дурд. …

Амралтын өдрийг ариунаар сахихын тулд санагтун. …

Эцэг эхээ хүндэл. …

Чи хүн бүү ал.

Чи бүү завхайр.

Чи бүү хулгайл.

Чи худал бүү гэрчил. …

Чи бүү шунахайр.”2

Бидний мөрдөх ёстой зүйлс нь хувиршгүй мөн тохиролцож болох зүйл биш. Энэ нь зөвхөн Арван зарлигт байдаг төдийгүй Аврагчийн маань Уулан дээрх номлолынхоо үеэр өгсөн зарлигуудад бас бий. Эдгээрийг Түүний заасан сургаал бүрээс олж харч болно. Эдгээр нь орчин үеийн илчлэлтүүдэд ч бас бий. Эдгээрийг Түүний заасан сургаал бүрээс олж харч болно. Эдгээр нь орчин үеийн илчлэлтүүдэд ч бас бий.

Тэнгэр дэх Эцэг маань өчигдөр, өнөөдөр мөн үүрд адил байх болно. Бошиглогч Мормон бидэнд Бурхан бол “бүх үүрд мөнхөөс бүх үүрд мөнхөд өөрчлөгдөшгүй” гэж хэлсэн байдаг.3 Бараг л бүх зүйл өөрчлөгдөж байгаа дэлхий дээр Түүний тууштай байдал нь үл таних усанд живэлгүй үлдэхэд туслах зангуунаас чанга зуурч, аюулгүй байх найдварыг өгнө.

Заримдаа сүмээс гадна дэлхийд байгаа хүмүүс та нараас ч илүү аз жаргалтай, баяр хөөртэй санагдаж магадгүй. Заримдаа Сүмд дагаж, мөрддөг зүйлс та нарын эрх чөлөөг хязгаарлаад байгаа юм шиг санагдаж болно. Ах эгч нар аа, гэсэн хэдий ч Аврагчийг дагаж, зарлигуудыг сахиснаар ирэх Сүнснээс өөр юу ч жинхэнэ баяр баясгалан, амар амгаланг авчирч чадахгүй гэдгийг би тунхаглаж байна. Энэ Сүнс нь дэлхийн олон янзын үйл явдалд оршиж чадахгүй. Төлөөлөгч Паул үнэнийг тунхаглахдаа “Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээн авдаггүй. Учир нь тийм хүнд эдгээр нь мунхаг явдал бөгөөд эдгээрийг ойлгож чадахгүй. Яагаад гэвэл эдгээр нь сүнслэгээр үзэгддэг” гэжээ.4 Хэрэв бид өөрсдийгөө ийм байлгахыг зөвшөөрөх юм бол бидний хэн ч гэсэн төрөлх хүн болж болно.

Сүнслэг зүйлсээс хэт их холдсон дэлхийд бид болгоомжтой байх ёстой. Бидний жишигт нийцэхгүй аливаа зүйлсээс татгалзах нь маш чухал. Учир нь тэдгээр нь бидний хамгийн их хүсдэг Бурханы Хаант Улс дахь мөнх амьдралыг хүлээн авахад саад болдог юм. Амьдралын шуурга нь бидний мөнх бусд оршихуын зугтаж үл болох хэсэг учир цагаас цагт бидний хаалгыг тогшсоор л байх болно. Хэрэв бид сайн мэдээг амьдралынхаа төв болгож, Аврагчийн хайрыг зүрх сэтгэлдээ тээж явбал шуурга бүртэй тулгарах үедээ суралцаж, тэдгээрийг илүү бэлтгэлтэйгээр даван туулах болно. Бошиглогч Исаиа “Үнэн зөвийн үйлс нь амар тайван байж, үнэн зөвийн үйлчлэл нь үүрдийн амар амгалан, аюулгүй байдал болох юм” хэмээн тунхаглажээ.5

Дэлхийд байвч дэлхийнх биш байхын тулд Тэнгэрлэг Эцэгтэйгээ залбирлаар дамжуулан ярих нь маш чухал билээ. Тэр биднийг ингээсэй гэж хүсдэг бөгөөд бидний залбиралд хариулах болно. 3 Нифай 18-р бүлэгт бичиглэсний дагуу Аврагч бидэнд “та нар уруу таталтанд орохгүйн тулд үргэлж сэрэмжилж мөн залбирах ёстой; учир нь Сатан та нарыг эзэмдэхийг хүсч байна …

Тиймийн тул та нар миний нэрээр Эцэгт үргэлж залбирах ёстой;

Мөн та нар хүлээж авах болно гэж итгээд, миний нэрээр Эцэгээс гуйх, зөв болох юу боловч, болгоогтун энэ нь та нарт өгөгдөх болно” хэмээн анхааруулсан.6

Би 12 настай байхдаа залбирлын хүчний талаар гэрчлэлтэй болсон юм. Би маш шаргуу ажиллаж, мөнгө цуглуулаад 5 доллар хадгалсан юм. Энэ нь Агуу Хямралын үе байсан тул 12 настай хөвгүүний хувьд таван доллар гэдэг асар их мөнгө байлаа. Би 5 доллартай тэнцэх бүх зоосон мөнгөө аавдаа өгсөн бөгөөд тэр 5 долларын дэвсгэрт болгоод надад эргүүлж өгсөн юм. Би тэр мөнгөөр чухал зүйл авахаар төлөвлөж байснаа мэддэг ч энэ олон жилийн дараа яг юу байсныг нь санахгүй байна. Би тэр мөнгө миний хувьд үнэхээр үнэ цэнэтэй байсныг л санадаг.

Тэр үед манай гэрт угаалгын машин байхгүй байсан болохоор ээж маань долоо хоног бүр хувцсаа угаалгын газарт өгдөг байсан юм. Хэдэн өдрийн дараа бидний нэрлэж заншсанаар “нойтон угаалга” бидэн дээр ирж, ээж маань тэдгээрийг хатаахаар байшингийн ард өлгөдөг байлаа.

Би 5 доллараа жинсэн өмднийхөө халаасанд хийсэн байлаа. Та нарын таамаглаж байгаагаар би өмднийхөө халаасанд мөнгөө хийгээд угаалгын газар руу явуулсан байсан юм. Би юу болсныг мэдэнгүүтээ маш ихээр санаа зовж билээ. Угаалгын газар угаахаасаа өмнө халааснуудыг тогтмол шалгадаг байсныг би мэдэж байлаа. Хэрэв мөнгийг анзааралгүй угаалганд оруулчихвал угаалгын машинаар угаах явцад мөнгө халааснаас унаж, эцэст нь угаалгын газрын ажилтан олоод эргүүлж өгөхийг хүссэн ч эзнийг нь олоход хэцүү байх болно. Таван доллараа эргүүлж олж авах ямар ч боломж байсангүй. Халаасандаа мөнгөө орхисноо хэлэхэд ээж маань олох боломжгүйг надад дахин баталж өгсөн юм.

Би тэр мөнгийг эргүүлж авахыг хүсч байлаа. Тэр мөнгө надад хэрэгтэй байсан. Би тэр мөнгийг олохын тулд маш шаргуу хөдөлмөрлөсөн. Надад хийж чадах ганцхан л зүйл байгааг би ухаарсан юм. Би Тэнгэрлэг Эцэгт хандан нойтон угаалгыг иртэл миний мөнгийг ямар нэгэн байдлаар халаасанд маань үлдээж өгөхийг гуйлаа.

Маш удаан өнгөрсөн хоёр өдрийн дараа угаалгын газрын машин хувцсыг маань авчирч өгөх үеэр би цонх ширтэн хүлээж суулаа. Ачааны машин манайхыг чиглэн ирэх үед миний зүрх хүчтэй цохилж байв. Нойтон хувцаснуудыг байшинд оруулж ирэнгүүт би жинсэн өмдөө аваад өрөө рүүгээ гүйлээ. Тэгээд би чичирсэн гараараа халаасаа ухав. Би тэр даруйд юу ч олоогүй учир мөнгөө алджээ гэж бодов. Тэгтэл хуруунд маань нойтон таван доллар тэмтрэгдлээ. Тэгээд мөнгөө халааснаасаа гаргах үед би тайвширч билээ. Тэр миний залбиралд хариулсан гэдгийг мэдэж байсан тул би Тэнгэр дэх Эцэгтээ зүрх сэтгэлийнхээ угаас талархлын залбирал хэлж билээ.

Тэр цагаас хойш тоолж баршгүй олон залбирал маань хариулагдсан юм. Тэнгэр дэх Эцэгтэйгээ залбирлаар дамжуулан харилцаагүй нэг ч өдөр байгаагүй юм. Энэ харилцаагүйгээр би алдагдах байсан учраас үүнийг би дээдлэн хайрладаг. Хэрэв та нар Тэнгэр дэх Эцэгтэйгээ ийм харилцаатай биш бол би та нарыг зорилго тавин ажиллаж эхлээсэй гэж хүсч байна. Хэрэв бид үүнийг хийвэл аяллынхаа туршид сүнслэг байдлаа хадгалахад туслах Түүний сүнслэг нөлөөлөл хийгээд удирдамжийг амьдралдаа хүлээн авах эрхтэй болох болно. Хэрэв бид зөвхөн эрэлхийлэх аваас ийм сүнслэг нөлөөлөл, удирдамжууд нь бидэнд үнэ төлбөргүйгээр өгөгддөг бэлэг юм. Тэдгээр нь ямар агуу эрдэнэс вэ!

Тэнгэрлэг Эцэг маань надтай Өөрийн сүнслэг нөлөөллөөр дамжуулан харилцах үед би гүнээ даруусч мөн ихэд талархалтай байдаг. Би үүнийг таньж, үүнд итгэж, үүнийг дагаж сурсан. Цагаас цагт би ийм сүнслэг нөлөөллийг хүлээн авсаар байдаг. Үнэндээ нэгэн сэтгэл хөдлөм үйл явдал 1987 оны 8 сард Германы Франкфуртын Ариун Сүмийг онцгойлон адислахад болсон юм. Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсон бидэнтэй онцгойлон адислалтын нэг бил үү хоёр өдөр хамт байгаад гэр рүүгээ буцсан юм. Иймээс үлдсэн хуралдаануудыг хөтлөх боломж надад олдсон билээ.

Бямба гарагт Франкфуртын Ариун Сүмийн бүсэд хамрагддаг Голландын гишүүдэд зориулсан хуралтай байлаа. Би Нидерландаас ирсэн гайхалтай удирдагч болох Петр Мюрик ахтай дотно танилцсан байв. Хурал эхлэхийн өмнөхөн Мюрик ах өөрийн Голланд гишүүддээ хандан үг хэлэх хэрэгтэй бүр тэр тусмаа хамгийн эхэнд ярих хэрэгтэй гэсэн онцгой мэдрэмж надад төрөв. Тэр өглөө би түүнийг ариун сүмд хараагүй учир Бүсийн Ерөнхийлөгч Ахлагч Карлос Е.Асай руу зурвас бичиж, уг хуралд Петр Мюрик ах оролцож байгаа эсэхийг асуув. Хурлыг эхлүүлэхийн өмнөхөн Ахлагч Асайгаас Мюрик ах хаа нэгтээ завгүй байгаа тул оролцогч дунд байхгүй харин маргааш цэргийн албан хаагчдад зориулан байгуулагдсан гадасныхантай хийх ариун сүмийн онцгойлон адислалтын хуралд оролцох болно гэдгийг хэлсэн зурвас авав.

Тэгээд би индэр дээр гарч, хүмүүсийг тавтай морилохыг уриад хөтөлбөрөө танилцуулах зуур Петр Мюрик ахыг эхний үг хэлэгчээр зарлах ёстой гэсэн гарцаагүй илчлэлтийг дахин хүлээж авсан юм. Энэ нь Мюрик ах ариун сүмд байхгүй гэж Ахлагч Асайгын хэлсэн зүйлээс өөр зүйлийг хэлж байлаа. Гэвч би авсан илчлэлтэндээ итгэн хоор болон нээлтийн залбиралын дараа Петр Мюрик ах үг хэлнэ хэмээн зарлав.

Би суудалдаа суугаад Ахлагч Асай руу зэрвэс харахад тэрээр түгшсэн нь илт байв. Тэр сүүлд нь Мюрик ахыг эхний үг хэлэгчээр зарлахад өөрийнхөө чихэнд ч итгэж чадаагүйгээ хэлсэн юм. Намайг түүний зурвасыг уншсан гэдгийг мэдэж байсан тул ариун сүмийн хаа ч байхгүйг нь мэдсээр байж яагаад Мюрик ахыг эхний үг хэлэгчээр зарласныг тэр ойлгохгүй байжээ.

Энэ үйл явдлын үеэр Петр Мюрик ах Порстрассе дахь бүсийн оффис дээр цуглаанд оролцож байжээ. Цуглааны үеэр тэр гэнэт Ахлагч Бага Томас А.Хавкс руу хараад “Та намайг хэр хурдан ариун сүм рүү хүргэж өгч чадах вэ” гэж асуужээ.

Спорт загварынхаа жижиг машинаар ихэд хурдан давхих дуртай Ахлагч Хавкс “Би 10 минутын дотор л таныг хүргээд өгнө. Харин та яагаад ариун сүм явах хэрэгтэй гэж?” хэмээн хариулсан юм.

Мюрик ах яагаад ариун сүм рүү явах хэрэгтэйгээ мэдэхгүй ч тэнд байх ёстойгоо мэдэж байна гэж хэлжээ. Тэгээд тэд тэр даруй ариун сүм рүү явахаар гарсан байна.

Найрал дуучид гайхамшигтайгаар дуулж байх хооронд би Петр Мюрик ахыг харах байх гэж бодоод эргэн тойрноо гүйлгэн харж суув. Харин би түүнийг олж харсангүй. Гэсэн хэдий ч гайхалтай нь би ямар ч түгшүүр мэдрэхгүй байлаа. Би бүх зүйл сайхан болно гэсэн аятайхан, үгүйсгэхийн аргагүй баталгааг мэдэрч байсан юм.

Мюрик ах нээлтийн залбирлын дараа ариун сүмийн гол хаалгаар яагаад тэнд байх ёстойгоо мэдэхгүй байсаар орж ирэв. Танхим дундуур яаран алхахдаа тэр миний дүрсийг дэлгэцэнд харж “Бид одоо Петр Мюрик ахын үгийг сонсох болно” гэж хэлэхийг сонсжээ.

Удалгүй Петр Мюрик ах өрөөнд орж ирэн индрийн өмнө байраа эзэлсэнд Ахлагч Асай гайхширч хоцорсон юм.

Хурал дууссаны дараа Мюрик ах бид хоёр яагаад тэрээр үг хэлэх болсон тухай ярилцаж байлаа. Зөвхөн надад төдийгүй Петр Мюрик ахад ирсэн сүнслэг нөлөөллийн талаар би тунгаан бодож билээ. Энэ гайхамшигтай үйл явдал надад илчлэлт хүлээж авах зохистой байж, ирсэн илчлэлтэд итгэн түүний дагуу үйлдэхийн чухлыг гэрчилсэн юм. Их Эзэн Франкфуртын Ариун Сүмийн онцгойлон адислалтад ирсэн тэдгээр хүмүүст өөрийн үйлчлэг Петр Мюрикийн сэтгэл хөдөлгөм гэрчлэлийг сонсгохын тулд энэ бүхнийг хийсэн гэдгийг би мэднэ.

Хайрт ах эгч нар аа, Түүнд хандсан бидний залбирлууд, бидэнд өгдөг Түүний сүнслэг өдөөлт болон Тэнгэр дэх Эцэгтэйгээ харилцах харилцаа нь амьдралын шуурга, саад бэрхшээлүүдийг даван туулахад бидэнд нэн чухал юм. Их Эзэн “Надад ойр байгтун, мөн би та нарт ойр байх болно; намайг хичээнгүйлэн эрэлхийлэгтүн, мөн та нар намайг олох болно” хэмээн биднийг уридаг.7 Үүнийг хийснээр бид “шилжин нүүлгэгдэлгүй … Ариун газар зогсож”, зөв шударгад хүчтэй, тууштай байх хүсэл хийгээд зоригийг өгөх Түүний Сүнсийг амьдралдаа мэдрэх болно.8

Өөрчлөлтийн салхи биднийг тойрон эргэлдэж, нийгмийн ёс суртахуун бидний нүдний өмнө сулран доройтож буй энэ үед Өөртөө найддаг хүмүүст өгсөн Их Эзэний үнэт амлалтуудыг бид санах болтугай: “Би чамтай хамт байгаа тул бүү ай! Өөрийнхөө талаар санаа бүү зов. Учир нь Би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална. Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална.”9

Ямар гайхалтай амлалт вэ! Энэ нь бидний адислал байг хэмээн бидний Их Эзэн, Аврагч Есүс Христийн нэрээр чин сэтгэлээсээ залбирч байна, амен.