2011
Та нар Түүнд чухал
Нохой 2011


Та нар Түүнд чухал

Их Эзэн бодгалийн үнэ цэнийг дэлхийнхээс огт өөрөөр үнэлдэг.

Дэлхий дахины мэдэх хамгийн агуу бошиглогчдын нэг Мосег Фараогийн охин өсгөж, тэрээр өөрийн амьдралын эхний 40 жилийг Египетийн хаад дээдсийн хана хэрэм дотор өнгөрөөжээ. Тэрээр эртний хаант улсын агуу сүр жавхлант байдлыг мэддэг байлаа.

Олон жилийн дараа Мосе агуу хүчит Египетийн сүрлэг байдал болон сүр жавхлангаас хол, алс холын нэгэн уулын орой дээр Бурханы оршихуйд очиж, Бурхантай нүүр тулан хоёр хүн хоорондоо ярьж байгаа мэтээр ярисан билээ.1 Тэр үед Бурхан Мосед Өөрийн мутрын бүтэлийг харуулж, Өөрийн ажил болон алдар суунаас өнгөцхөн харуулсан байдаг. Тэрхүү үзэгдэл төгсөхөд Мосе олон цагийн туршид газар хэвтсэн билээ. Эцэст нь түүний хүч чадал сэргэхэд тэрээр Фараогийн зөвлөхөөр олон жилийн турш үйлчилж байхдаа огт бодож байгаагүй нэг зүйлийг ухаарчээ.

“Хүмүүн нь юу ч биш гэдгийг би мэднэ” хэмээн тэр хэлсэн юм. 2

Бид өөрсдийн боддогоос ч өчүүхэн

Бид дэлхий ертөнцийн талаар илүү ихийг сурч мэдэх тусам Мосегийн мэдэж авсан зүйлсээс бага ч болтугай ухаардаг. Дэлхий ертөнц асар том, тайлагдашгүй нууцлаг, үнэхээр агуу учраас хүмүүний оюун ухаанд багташгүй юм. Бурхан Мосед “тоо томшгүй олон дэлхийг бүтээсэн буюу би” гэж хэлжээ.3 Шөнийн тэнгэрийн гайхамшигт төрх нь энэхүү үнэнийг гэрчилдэг.

Шөнийн харанхуй тэнгэрт далай тэнгис, тивийг туулан нисэхдээ нисгэгчийн цонхоор сая сая оддын гайхамшгийг харах шиг гайхамшигт зүйл надад цөөн тохиож байсан.

Одон орны судлаачид орчлон ертөнц дэх оддыг тоолохыг оролдож байсан удаатай. Нэг бүлэг судлаачид бидний телескопоор олж харж чадах оддын тоо нь дэлхий дээрх бүх говь цөл болон далайн эрэг дээрх элсний ширхэгээс 10 дахин их гэж таамагласан байна.4

Энэхүү дүгнэлт нь эртний бошиглогч Энохын дараах тунхаглалтай ойролцоо юм “Дэлхийн маш жижиг хэсгүүдийг, тийм ээ, үүн лугаа адил сая сая дэлхийг хүн тоолж чадах боломжтой байсансан бол, энэ нь таны бүтээлтүүдийн тоонд эхлэл байхгүй байхсан”.5

Бурханы бүтээлүүдийн агуу ихийг бодохоор агуу Хаан Бенжамин өөрийн хүмүүст “Бурханы агуу ихийг, мөн өөрсдийнхөө юу ч биш болохыг үргэлж дурсан санаарай” хэмээн зөвлөсөнд гайхах зүйл байхгүй билээ.6

Бид өөрсдийн бодсоноос ч агуу

Хүмүүн нь юу ч биш мөртлөө “Бодгалийн үнэ цэнэ Бурханы мэлмийд агуу гэдгийг” бодоод би гайхширдаг.7

Бид агуу их орчлон ертөнцийг хараад “бүтээлтийн агуу байдлын хажууд нь хүмүүн юухан билээ” гэж хэлж болох хэдий ч Бурхан орчлон ертөнцийг бүтээсэн гол шалтгаан нь хүмүүн бид билээ. Бурхан Өөрөө дэлхийг бүтээсэн шалтгаан нь хүмүүн бид гэдгийг хэлсэн юм! Түүний ажил мөн алдар суу энэхүү агуу гайхамшигт орчлон ертөнцийн зорилго нь хүмүүн төрөлхтнийг аварч мөн өргөмжлөх явдал билээ.8 Өөрөөр хэлбэл мөнх амьдралын өгүүлшгүй агуу байдал, эцэс төгсгөлгүй огторгуй, цаг хугацааны алдар суу болон нууцлаг байдал нь та бид нар шиг эгэл хүмүүний төлөө бүтээгдсэн юм. Түүний охид, хөвгүүдийн хувьд бид өөрсдийн чадавхиа бүрэн ашиглаж болохын тулд Тэнгэрлэг Эцэг маань орчлон ертөнцийг бүтээсэн билээ.

Энэ нь хүмүүний хувьд зөрчилдөөнтэй зүйлс: Бурхантай харьцуулахад хүмүүн нь юу ч биш; гэхдээ Бурханы хувьд бид хамгийн чухал. Хэмжээ хязгааргүй бүтээлтэй харьцуулахад бид нар юу ч биш байж болох ч бидний цээжинд мөнхийн гал бадарч байдаг. Бид эцэс төгсгөлгүй ертөнц хэмээх ойлгож баршгүй агуу амлагдсан өргөмжлөлд хүрэхэд ойрхон байна. Түүнд хүрэхэд бидэнд туслах нь Бурханы агуу хүсэл билээ.

Бардамналын мунхаглал

Бурханы хүүхдүүдийг төөрөлдүүлэх хамгийн үр нөлөөтэй арга нь хүмүүний агуу, өчүүхэн гэсэн зөрчилдөөнтэй хоёр зармыг аль нэг тал руу нь хэтрүүлэх гэдгийг хууран мэхлэгч Сатан мэддэг. Зарим хүмүүсийн хувьд Тэрээр тэдний бардамналыг өдөөн тэднийг ялагдашгүй, дийлдэшгүй, бусдаас онцгой гэдэгт итгүүлдэг. Тэр тэдний чадвар, эрх мэдэл, амьдралын төвшин өндөр учир тэд бусдаас илүү, онцгой бөгөөд эргэн тойронд байгаа бусдыг хэмжих нийтлэг хэмжүүр тэдэнд хамаагүй гэж итгүүлдэг. Тиймээс тэд хэний ч дүрэм журамд захирагддаггүй бөгөөд өөр хэн нэгний асуудалд санаа зовох шаардлаггүй гэж үздэг.

Абрахам Линколныг дараах шүлэгт дуртай байсан гэж ярьдаг:

Мөнх бус хүний сүнс нь бардам байхын шалтгаан нь юу вэ?

Хурдлан одох солир, хурдан өнгөрөх үүл

Цахилах цахилгаан, өнгөрөх давалгааны адил

Хүмүүн нь амьдралаас булшинд амрахаар ордог.9

Мөнх амьдралтай харьцуулахад энэ мөнх бус амьдрал нь өчүүхэн “хэсэг хугацаа” гэдгийг Есүс Хритийн дагалдагчид ойлгодог.10 Дэлхийнхний чухалчлан үздэг зүйл нь үнэндээ бодгалын хэмжүүртэй огт хамааралгүй гэдгийг тэд мэддэг. Бүхэл дэлхийн мөнгийг цуглуулаад ч тэнгэр дэх ганц талхыг худалдаж авч чадахгүй гэдгийг тэд мэддэг.

“Бурханы хаант улсыг өвлөх”11 тэдгээр нь “хүүхэд шиг хүлцэнгүй, номхон, даруухан, тэвчээртэй, хайраар дүүрэн” тэд байдаг.12 “Учир нь өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, өөрийгөө даруу байлгагч нь өргөмжлөгдөнө.”13 “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа” хэрэг гэдгийг тэрхүү дагалдагчид бас ойлгодог юм.14

Биднийг мартаагүй

Сатан биднийг сэтгэл санааны уналтаар дамжуулан хуурч мэхэлдэг. Тэрээр өөрсдийнхөө үнэ цэнэд гэдэгт эргэлзэж эхлэх хүртэл биднийг өөрсдийгөө чухал биш гэж бодуулахыг хичээдэг. Тэрээр та нар хэнд ч анзаарагдахгүй өчүүхэн бөгөөд та нарыг мартсан бүр Бурхан хүртэл та нарыг мартсан гэж бидэнд хэлдэг.

Өөрсдийгөө чухал биш, үнэ цэнэгүй, ганцаардмал, мартагдсан гэж бодож байгаа хүмүүст тус болох хувийн туршлагаасаа би та нарт хуваалцъя.

Олон жилийн өмнө би Америкийн Нэгдсэн Улсын Нисэх хүчинд нисгэгчийн сургалтанд суусан юм. Чехословакт төрөөд Зүүн Германд өсөж торнисон, англи хэлээр арай л гэж ярьдаг байсан Баруун Германы залуу цэрэг би өөрийн гэр орноос маш хол байлаа. Техасд байдаг сургалтын төв рүү явсан аяллаа би маш тод санадаг. Би онгоцонд Америкийн зүүн урд хэсгийн аялгаар ярьдаг зорчигчийн хажууд сууж байлаа. Би түүний хэлсэн үгсийг бараг л ойлгохгүй байсан юм. Би ер нь буруу хэл заалгаад байсан юм биш биз дээ гэж бодоход хүрлээ. Нисгэгчийн сургалтанд хэдхэн орон тоо дутуу байсан бөгөөд үүний төлөө төрөлхийн англи хэлтэй оюутнуудтай өрсөлдөнө гэж бодохоос ч аймшигтай санагдаж байлаа.

Техас мужийн Том Булаг хэмээх жижигхэн хотын цэргийн бааз дээр ирээд би Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн салбарыг хайж олсон бөгөөд уг салбар нь нислэгийн бааз дахь өрөөг түрээслэн цуглаана явуулдаг хэдэн гайхамшигтай гишүүдээс бүрдсэн байлаа. Уг гишүүд Сүмийн байнгын цуглааны байр болгож ашиглах нэгэн жижиг байшинг барьж байсан юм. Тэр үед шинэ цуглааны байр барих ажлын ихэнхийг гишүүд хийж гүйцэтгэдэг байжээ.

Би өдрөөс өдөрт нисгэгчийн сургалтандаа сууж, хамаг чадлаараа хичээлээ давтаж, чөлөөт цагийнхаа ихэнхийг цуглааны байрыг барихад зориулж байсан юм. Тэнд л би хоёр дөрөв гэдэг нь бүжгийн алхам биш харин модон банзны хэмжээ гэдгийг сурсан. Мөн би эрхий хуруугаа цохихгүйгээр хадаас хадах амьдралын чухал чадварыг эзэмшсэн юм.

Би тэр цуглааны байрыг барилцахад маш их цаг зарцуулдаг байсан болохоор манай нислэгийн багш нарын нэг байсан салбарын ерөнхийлөгч маань намайг хичээлээ давтахад илүү их цаг зарцуулах хэрэгтэй гэдгийг мөн миний төлөө санаа нь зовниж байгааг хэлсэн юм.

Миний найз нар болон хамт сурч байсан ангийнхан маань чөлөөт цагаараа янз бүрийн үйл ажиллагаанд явдаг байсан ба тэдний хийдэг зарим зүйл нь өнөөдрийн Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимолд нийцэхгүй үйл ажиллагаанууд байсан юм. Миний хувьд баруун Техасын жижигхэн салбарын идэвхтэй гишүүн байж, шинээр сурсан дархны арга барилдаа дадлагажиж, ням гарагийн анги болон ахлагчдын чуулгад хичээл заах дуудлагаа гүйцэлдүүлэх явцдаа англи хэлний мэдлэгээ дээшлүүлж байгаадаа баяртай байлаа.

Тэр үед Том Булаг гэдэг газар нь нэрэндээ тохироогүй, жижигхэн, чухал биш, танигдаагүй газар байлаа. Мөн олонтоо би өөрийгөө үүний адил чухал биш, хэн ч танихгүй, ганцаардмал нэгэн гэж боддог байсан. Хэдийгээр тэгж боддог байсан ч гэсэн Их Эзэн намайг мартсан болов уу эсвэл Тэр намайг энэ газраас олж чадах болов уу гэж хэзээ ч би эргэлзэж байгаагүй юм. Миний хаана байх нь мөн анги дундаа хэр сайн сурагч гэдэг нь эсвэл Сүмд ямар дуудлагатай эсэх нь Тэнгэрлэг Эцэгийн хувьд чухал биш гэдгийг би мэдэж байлаа. Харин чадлынхаа хэрээр хөдөлмөрлөж, зүрх сэтгэлээ Түүнд хандуулж, өөрийн эргэн тойрондоо байгаа хүмүүст туслахад бэлэн байх нь л Түүнд чухал юм. Хэрэв чадах бүхнээ хийвэл бүх зүйл сайхан болно гэдгийг би мэдэж байсан юм.

Бүх зүйл нь сайхан болсон юм.15

Эцсийнх нь эхнийх байх болно

Бид өөрсдийн өдрийг гантиг чулуун ханан дотор эсвэл малын хашаанд ажиллаж өнгөрөөж байгаа эсэх нь Их Эзэнд чухал биш. Бидний нөхцөл байдал ямар байх нь хамаагүй Тэр бидний хаана байгааг мэддэг. Тэр Өөрийн арга замаар мөн Өөрийн ариун зорилгуудын төлөө Өөрт нь зүрх сэтгэлээ хандуулах тэднийг зэмсэгээ болгох болно.

Хамгийн агуу бодгалиудын зарим нь түүхийн цэдгэнд нэрээ үлдээхгүй гэдгийг Бурхан мэддэг. Тэд Аврагчийн жишээг харуулж, өөрсдийн амьдралын өдрүүдийг сайныг үйлдэхэд зориулсан адислагдсан, даруу бодгалиуд билээ.16

Найзын маань эцэг эх энэхүү зарчмын үлгэр жишээг надад харуулсан юм. Нөхөр нь Юта дахь гангийн үйлдвэрт ажилладаг байсан ба өдрийн хоолны цагаар судраа эсвэл Сүмийг сэтгүүлийг гаргаад уншдаг байжээ. Бусад ажилчид түүнийг хараад шоолж, итгэлийг нь басамжилдаг байсан гэнэ. Тэднийг тэгэх бүрт тэрээр найрсагаар, итгэлтэйгээр тэдэнтэй яридаг байжээ. Тэдний хүндэтгэлгүй байдал түүнийг уурлуулж, сэтгэлээр унагахыг тэр зөвшөөрөөгүй билээ.

Олон жилийн дараа үгээр дайран шоолдог байсан хүмүүсийн нэг нь маш хүндээр өвдсөн гэнэ. Тэрээр насан эцэслэхийнхээ өмнө тэрхүү даруухан хүнийг өөрийнх нь оршуулах ёслол дээр үг хэлэхийг хүссэн ба тэр хүссэнээр нь үйлджээ.

Сүмийн энэхүү итгэлтэй гишүүн нийгмийн байр суурь эсвэл эд хөрөнгөний хувьд агуу нэгэн байгаагүй ч түүний нөлөө түүнийг таньж мэддэг байсан бүх хүмүүст нөлөөлсөн юм. Тэрээр цасанд шигдсэн өөр нэгэн ажилчинд туслахаар зогсоод үйлдвэрийн ослоор нас барсан юм.

Нэг жилийн дотор түүний бэлэвсэн эхнэр тархины мэс засалд орсон ба дараа нь алхах чадваргүй болжээ. Гэсэн хэдий ч хүмүүс түүн дээр ирж, хамт байх дуртай байсны учир нь тэр бусдыг сонсдог байсан. Тэр бусдыг санадаг байсан. Тэр бусдад санаа тавидаг байсан. Бичих чадвараа алдсан ч гэсэн тэр хүүхдүүд, ач зээ нарынхаа утасны дугаарыг цээжээр мэддэг байсан. Тэр бусдын төрсөн өдөр, онцгой тэмдэглэлт баярыг санадаг байсан.

Түүн дээр ирсэн хүмүүс амьдрал болон өөрсдийнхөө талаар илүү өндөр сэтгэгдэлтэй болоод буцдаг байсан юм. Тэд түүний хайрыг мэдэрдэг байсан. Тэд түүнийг өөрсдөд нь санаа тавьж байгааг мэддэг байсан. Тэр хэзээ ч гомдолдоггүй байсан бөгөөд өөрийнхөө амьдралыг бусдын амьдралыг адислахад зориулсан юм. Тэр Есүс Христийн амьдрал болон хайрыг үнэхээр үлгэр жишээгээрээ үзүүлдэг цөөхөн хэдэн хүмүүсийн нэг гэж түүний найз хэлсэн байдаг.

Тэрхүү хосууд хамгийн түрүүнд өөрсдийгөө чухал биш хүмүүс гэж хэлэх байсан байх. Гэхдээ Их Эзэн бодгалийн үнэ цэнийг дэлхийнхээс огт өөрөөр үнэлдэг. Тэр тэрхүү итгэлтэй хосыг мэддэг; Тэр тэдэнд хайртай. Тэдний үйлдэл нь Түүнд итгэх баттай итгэлийнх нь амьд гэрч билээ.

Та Түүнд Чухал

Ах эгч нар аа, орчлон ертөнцийн асар агуутай харьцуулахад хүмүүн нь юу ч биш гэдэг нь үнэн байж болно. Заримдаа бид чухал биш, анзаарагдахгүй байгаа мэт, ганцаараа эсвэл мартагдсан мэт санагдаж болно Гэхдээ та нар Түүнд чухал гэдгээ үргэлж санаж байгаарай! Хэзээ нэгэн цагт үүнд эргэлзэх юм бол эдгээр дөрвөн бурханлиг зарчмыг санаарай:

Нэгдүгээрт, Бурхан даруу номхон тэдэнд хайртай, учир нь тэд “тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу нь” билээ.17

Хоёрдугаарт, “Өөрийн сайн мэдээний бүрэн байдлыг сул доройчууд хийгээд эгэл борчуудаар дэлхийн хязгааруудад тунхаглуулахаар” Их Эзэн итгэмжлүүлдэг.18 Тэрээр “хүчит юмсыг ичээхийн тулд” мөн “дэлхийн сул дорой зүйлүүд урагш гарч ирэх бөгөөд хүч чадалтнууд хийгээд хүчтэнүүдийг унагахаар”19 сонгосон.20

Гуравдугаарт, та хаана амьдарч, ямар цалинтай ямар ажил хийдэг эсвэл хэр их авьяас чадвартай, хэр их үзэсгэлэнтэй, Сүмд ямар дуудлагатай байх нь хамаагүй Тэнгэрлэг Эцэг та нарыг үргэлж харж байдаг юм шүү. Тэр та нарт хайртай. Тэр таны эелдэг даруу сэтгэл, хайрын үйлчлэлийг мэддэг. Тэдгээр нь нийлээд таны үнэнч байдал, итгэлийн дуусашгүй гэрч болдог билээ.

Эцэст нь дөрөвдүгээрт, одоо таны харж, мэдэрч байгаа зүйлс мөнхөд нэг хэвээрээ үлдэхгүй гэдгийг ойлгоорой. Та ганцаардмал байдал, гуниг, өвчин зовлон, сэтгэл гутралыг мөнхөд мэдрэхгүй. Бурханд зүрх сэтгэлээ хандуулах тэднийг Тэрээр мартаж, орхихгүй гэсэн Бурханы итгэмжит амлалт бидэнд байдаг билээ.21 Тэрхүү амлалтанд итгэх итгэл, найдвартай байгаарай. Тэнгэрлэг Эцэгээ хайрлаж, үг үйлсээрээ Түүний дагалдагч болоорой.

Хэрэв та тэвчээртэй байж, Түүнд итгэн, зарлигуудыг итгэлтэйгээр үргэлжлүүлэн сахих аваас нэгэн өдөр Төлөөлөгч Паулд өгөгдсөн “Нүдэнд үзэгдээгүй, чихэнд сонсогдоогүй, Хүний санаанд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” гэх амлалтуудыг эдлэх болно гэдэгт итгэлтэй байгаарай.22

Ах эгч нар аа, орчлон ертөнц дээр хамгийн хүчирхэг Нэгэн бол та нарын сүнсний Эцэг билээ. Тэр таныг мэддэг. Тэр таныг төгс хайраар хайрладаг.

Бурхан таныг нэгэн жижигхэн гараг дээр түр хугацаагаар амьдарч байгаа зуурдын нэгэн бодгаль гэдгээр биш харин Өөрийн хүүхэд гэдэг үүднээс хардаг. Тэрээр таныг ирээдүйд хэн болж чадахаар тань хардаг. Тэрээр та Түүнд хэчнээн чухал болохыг мэдээсэй гэж хүсдэг.

Бид итгэж найдан, амьдралаа Түүнтэй ницүүлээсэй ингэснээр бид өөрсдийн мөнхийн үнэ цэнэ, боломж чадвараа ойлгох болно. Бид Тэнгэрлэг Эцэгийн бидэнд нөөцөлсөн агуу адислалуудыг авах зохистой байгаасай хэмээн би Түүний Хүү, Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.