2013
Тань, сана, мөн талархлаа илэрхийл
Хонь 2013


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг, 2013 оны 8-р сар

Тань, сана, мөн талархлаа илэрхийл

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

Бурханаас хүлээн авсан бүхий л адислалуудынхаа төлөө Түүнд талархаж байхыг Тэрээр биднээс хүсдэг. Бид Бурханд зүрх сэтгэлийн бэлэг болгон өргөх талархлаа анхаарахгүйгээр, ижил үгсийг олон удаа давтсанаар бидний талархлын залбирлууд нэгэн хэвийн, энгийн болдог. Бид “… талархлаа Сүнсээр илэрхийлэх” (C ба Г 46:32) юм бол Бурханы бидэнд өгсөн зүйлсийн төлөө жинхэнэ талархлыг мэдрэх болно.

Бидний төлөө Бурханы хийсэн тэр бүх зүйлсийн нэгээхэн хэсгийг ч гэсэн бид хэрхэн санаж чадах вэ? Ариун Сүнсний бэлгээр дамжин ирдэг санах бэлгийн тухай Аврагч бидэнд хэрхэн заасныг төлөөлөгч Паул “Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүх зүйлсийг заах бөгөөд Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно” (Иохан 14:26) хэмээн цэдэглэсэн байдаг.

Ариун Сүнс бидэнд заасан Бурханы зүйлсийн дурсамжуудыг сэргээдэг. Бурханы бидэнд заадаг аргуудын нэг нь Түүний адислалууд юм. Тиймээс, хэрэв бид итгэлээ хөгжүүлэхийг сонговол Ариун Сүнс бидэнд Бурханы хайрыг сануулах болно.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) тэрхүү залбирлыг хийхэд цаг хугацаа гаргадгийг онцолсон. Тэрээр “Бошиглогч Иосеф Смит нэгэн удаа хэлэхдээ, Хожмын үеийн гэгээнтнүүдийн томоохон нүглүүдийн нэг бол талархалгүй байдлын нүгэл юм. Миний бодлоор, бидний ихэнх нь үүнийг том нүгэл гэж ер боддоггүй байх. Бид Их Эзэнээс өөрсдийн гуйлт, залбирлууддаа нэмэлт адислалуудыг хүсэх хандлага их байдаг. Харин бид залбирлууддаа аль хэдийн хүлээн авсан адислалуудынхаа төлөө баярлаж, талархах үгсээ байнга илэрхийлэхэд арай илүү цаг зориулах хэрэгтэй гэж би боддог. Бид маш их сэтгэл ханамжийг авах болно”1 хэмээн хэлсэн юм.

Та Ариун Сүнсний бэлгээ ашиглан өнөөдөр ч ийм туршлагыг олж авч болох юм. Хувиараа талархлын залбирал хийн, үүнийг эхэлж болно. Та адислалуудаа тоолж эхлэн, тэгээд хэсэг чимээгүй азна. Хэрэв та Ариун Сүнсний бэлгээр итгэлээ хөгжүүлбэл таны оюун санаанд бусад адислалуудын тань талаарх дурсамжууд урсан ирэх болно. Та тэр болгоны төлөө талархлаа илэрхийлж эхэлснээр залбирал тань ердийнхөөсөө арай урт болж магадгүй. Дурсамжууд сэргэн, мөн талархах болно.

Та яг ийм зүйлийг тэмдэглэлдээ бүртгэн бичиж болно. Ариун Сүнс хүмүүст эдгээр зүйлсийг хийхэд нь цагийн эхлэлээс хойш тусалсаар байгаа. Мосегийн номд “Мөн Адамын хэл дээр цэдэглэгдсэн дурсамжийн ном хөтлөгдөж байв, учир нь бурханлаг нөлөөний сүнсээр бичихийн тулд Бурханыг дуудсан болгонд энэ нь өгөгдсөн байлаа” хэмээсэн байдгийг та нар мэднэ (Мосе 6:5).

Ерөнхийлөгч Спэнсэр В.Kимбалл (1895–1985) сүнслэгээр өдөөсөн бичээсүүдийн талаар хэлэхдээ: “Дурсамжийн номыг хөтөлдөг тэдгээр хүмүүс амьдралынхаа өдөр тутамд Их Эзэнийг санаж байдаг. Тэмдэглэл хөтлөх нь адислалуудаа тоолох, мөн үр удамдаа эдгээр адислалуудынхаа тэмдэглэлийг үлдээх нэгэн арга зам юм” гэжээ.2

Бичиж эхлэхдээ та өөрөөсөө “Бурхан өнөөдөр намайг болоод хайртай тэднийг минь хэрхэн адислав?” гэж асууж болно. Хэрэв та үүнийг итгэлтэйгээр тогтмол хийх юм бол та адислалуудаа санах болно. Заримдаа таны оюунд тэдгээр бэлгүүд өдрийн турш мэдэгдэхгүй мэт байж болох ч Бурханы гар таны амьдралд хүрч нөлөөлснийг дараа нь та мэдэх болно.

Тэнгэрлэг Эцэг болон Аврагч маань биднийг Тэдэн рүү, гэр рүүгээ очих үүдийг нээхийн тулд юу хийснийг болон хийж буйг бид итгэлтэйгээр үргэлжлүүлэн, хичээн чармайснаараа таньж, санаж, мөн талархлаа илэрхийлж байхын төлөө би залбирч байна.

Тэмдэглэлүүд

  1. Эзра Тафт Бэнсон, God, Family, Country: Our Three Great Loyalties (1974), 199.

  2. Спэнсэр В.Kимбалл, “Listen to the Prophets,” Ensign, 1978 оны 5-р сар, 77.

Энэ захиасаас заах нь

Энэхүү захиасдаа Ерөнхийлөгч Айринг биднээс залбиралдаа Тэнгэрлэг Эцэгийн хайрыг санаж байхыг хүссэн. Талархалтайгаар залбирах нь амьдралд маань ирсэн Бурханы нөлөөллийг танихад бидэнд хэрхэн тусалдаг талаар заадаг хүмүүстэйгээ ярилц. Та заадаг тэдгээр хүмүүстэйгээ өвдөг сөгдөн залбирах мөн зөвхөн талархлаа илэрхийлсэн залбирал хэлэхийг санал болгох талаар бод.

Та нар талархал чухал болох талаар суралцахдаа Ерөнхийлөгч Айрингийн сануулсан шүлгүүд дээр нэмж дараах шүлгүүдийг уншин судалж болно: Дуулал 100; Moзая 2:19–22; Алма 26:8; 34:38; Сургаал ба Гэрээ 59:21; 78:19; 136:28.