2013
Халамж
Хонь 2013


Айлчлагч багшийн захиас бичиг, 2013 оны 8-р сар

Халамж

Энэ материалыг залбирч судлан гэрт нь очиж заадаг эгч нартайгаа аль болох ойлгомжтойгоор ярилц. Эгч нарыг хүчирхэгжүүлэх болон Нийгмийн Халамжийн Бүлэг өөрийн тань амьдралд идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд туслах асуултуудыг асуу. Нэмэлт мэдээллийг reliefsociety.lds.org-ээс үзнэ үү.

Итгэл • Гэр бүл • Халамж

Сүмийн халамжийн зорилго нь гишүүдэд бие даах чадвартай болоход мөн гачигдсан, тусламж хэрэгтэй хүмүүст тусалж үйлчлэх явдал юм. Халамж нь Нийгмийн Халамжийн Бүлгийн үндсэн гол ажил. Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг заахдаа:

“Цагийн эхлэлээс л [Их Эзэн] Өөрийн дагалдагчдаа туслах арга замаар хангаж байсан. Тэрээр хүүхдүүдээ цаг зав, мөнгө хөрөнгө, өөрийгөө золиослон бусдад үйлчлэхэд түүнтэй нэгдэхийг урьдаг. …

“Тэрээр гачигдсан нэгнийг өргөн босгох Өөрийн ажилд оролцоход биднийг урьдаг ба мөн бидэнд зааварладаг. Бид баптисмын усанд мөн ариун сүмүүдэд эдгээр ажлыг хийх гэрээ хийдэг. Ням гарагт бид ариун ёслолын цуглаанд оролцохдоо энэхүү гэрээгээ шинэчилдэг”1 гэсэн юм.

Бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчийн удирдлага дор орон нутгийн удирдагчид нь сүнслэг болоод материаллаг халамжийг хэрэгжүүлдэг. Айлчлагч багш нар айлчлан очдог эгч бүрийн хэрэгцээг сүнслэгээр эрэлхийлснээр үйлчлэх боломжууд эхэлдэг.

Судруудаас

Лук 10:25–37; Иаков 1:27; Мозая 4:26; 18:8–11; Сургаал ба Гэрээ 104:18

Бидний түүхээс

1842 оны 6-р сарын 9-нд Бошиглогч Иосеф Смит Нийгмийн Халамжийн эгч нарт “ядарсныг тэтгэх” мөн “бодгалиудыг аврах” үүргийг өгсөн.2 Эдгээр үүргүүд одоо ч мөн Нийгмийн Халамжийн мөн чанар нь болж, бидний “Энэрэл хэзээ ч дуусдаггүй” хэмээх урианд илэрхийлэгдэж байдаг (1 Коринт 13:8).

Манай Нийгмийн Халамжийн тав дахь ерөнхий Ерөнхийлөгч Эммилайн Б.Уэйлс болон түүний зөвлөхүүд 1913 онд бидний суурь зарчмуудыг сануулагч “Бошиглогч Иосеф Смитийн илчлэлтийн дагуу санваарын удирдлагаар хүчирхэгжин зохион байгуулагдсан энэ байгууллагын эмэгтэйчүүд бид өвдсөнийг анагааж, гачигдсанд туслах, настныг тайвшруулж, залхууг сэрэмжлүүлэх, бэлэвсэрч өнчрөгсдийг дэмжин туслах зорилгодоо тууштай чанд байхаа тунхаглаж байна” гэсэн уриаг гаргажээ.3

Өнөөдөр Нийгмийн Халамжийн Бүлэг дэлхий даяарх эгч нараар энэрэл болон Христийн цэвэр хайрыг өөрсдийнх нь хөршүүдэд хүргэж байна (Mоронай 7:46–47-г үзнэ үү).

Эшлэлүүд

  1. Хэнри Б.Айринг, “Сайныг үйлдэх боломжууд,” Лиахона ба Ensign, 2011оны 5-р сар, 22.

  2. Иосеф Смит, Миний хаант улсын охид: Нийгмийн Халамжийн түүх ба ажил (2011), 63.

  3. Миний хаант улсын охид, 63.

Би юу хийж чадах вэ?

  1. Би өөртөө мөн гэр бүлдээ сүнслэг болон материаллаг байдлын хувьд санаа тавихад хэрхэн бэлтгэж байгаа вэ?

  2. Харж ханддаг эгч нарынхаа зохих хэрэгцээнд нь туслахын тулд Аврагчийн жишээг би хэрхэн дагаж болох вэ?