2015
Гэрчлэл болон хөрвөлт
Үхэр 2015


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг, 2015 оны 2-р сар

Гэрчлэл болон хөрвөлт

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

Үнэний талаарх гэрчлэл хүлээн авах болон жинхэнэ хөрвөгдөх хоёрын хооронд ялгаа бий. Жишээ нь, агуу төлөөлөгч Петр Есүс бол Бурханы Хүү гэдгийг мэднэ гэсэн гэрчлэлээ Аврагчид хэлсэн.

“[Есүс] тэдэнд, ‘Та нар намайг хэн гэж хэлэх вэ?’ гэсэнд,

“Симон Петр: ‘Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв’”.

“Есүс түүнд хариуд нь, Бариона Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин Тэнгэр дэх Миний Эцэг илчилсэн юм гэжээ (Матай 16:14-17).”

Гэсэн ч үүний дараа Их Эзэн Петрт өгсөн тушаалууддаа түүнд болон бидэнд зориулан хэрхэн жинхэнэ хөрвөгдөж, мөн тэр хөрвөлтөө амьдралынхаа туршид үргэлжлүүлэх зааврыг өгсөн. Есүс үүнийг, “Та нар хөрвөгдөх үедээ ах дүүсээ батжуул” хэмээн хэлсэн байдаг (Лук 22:32).

Есүс Христийн жинхэнэ хөрвөгдсөн шавь нарын адил бодож, мэдэрч, үйлдэхийн тулд гэрчлэлтэй байхаас гадна ихээхэн өөрчлөлт хийгдсэн байх ёстой болохыг Есүс Петрт заасан байдаг. Энэ нь бидний эрэлхийлж буй тэрхүү агуу том өөрчлөлт юм. Өөрчлөлтийг хүлээн авсныхаа дараа бид тэрхүү өөрчлөлтөө мөнх бус амьдралынхаа сорилтыг дуустал үргэлжлүүлэх ёстой (Алма 5:13-14-ийг үзнэ үү).

Бид өөрсдийн туршлага болон бусдыг ажигласны үндсэн дээр сүнслэг хүчийг мэдэрсэн хэдэн агуу агшин бидний амьдралын турш тууштай байхад хангалтгүй болохыг мэднэ. Есүс бол Христ хэмээх гэрчлэлийг Сүнсээр хүлээн авсныхаа дараа ч гэсэн Петр Аврагчийг мэддэг болохоо үгүйсгэсэн. Мормоны Номын гурван гэрч Мормоны Ном бол Бурханы үг хэмээх гэрчлэлээ биечлэн хүлээн авсан ч, дараа нь тэд Иосеф Смитийг Их Эзэний Сүмийн бошиглогч гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй тээнэгэлзэж байсан билээ.

Бидэнд Алмагийн номон дээр дүрсэлсэнтэй адил зүрх сэтгэлийн өөрчлөлт хэрэгтэй: “мөн тэд бүгд хүмүүст нэгэн адил зүйлийг тэдний зүрх сэтгэл өөрчлөгдсөнийг; тэд хилэнцийг үйлдэх хүсэлгүй болсныг тунхаглав” (Алма 19:33, мөн Мозая 5:2-ыг үзнэ үү).

Бид Их Эзэний сайн мэдээнд жинхэнэ хөрвөгдсөн бол мөнхийн амьдрал руу аялах явцад бидний зүрх сэтгэл хувийн ашиг сонирхлоосоо татгалзаж, бусдад туслах үйлчлэл рүү чиглэгдэн өөрчлөгдсөн байх болно гэж Тэрээр заасан байдаг. Тэрхүү хөрвөлтийг олж авахын тулд бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан шинэ хүн болохын тулд итгэлтэйгээр залбирч, ажиллах ёстой.

Бид хувиа хичээсэн байдлаа наманчлах, итгэл болон бусдад өөрсдөөсөө илүү санаа тавих бэлгийг авахын тулд залбирснаар эхэлж болно. Бид бардамнал, атаа жөтөөнөөс салах хүчийг олж авахын тулд залбирч болно.

Залбирал нь Бурханы үгсийг хайрлах хайрын бэлэг болон Христийн хайрыг хүлээн авах түлхүүр юм (Моронай 7:47-48-ыг үзнэ үү). Энэхүү хоёр зүйл нь хамт ирдэг. Бид Бурханы үгсийг уншиж, тунгаан бодож, залбирснаар тэдгээрийг хайрладаг болно. Их Эзэн тэр хайрыг бидний зүрх сэтгэлд суулгаж өгдөг. Бид тэр хайрыг мэдэрснээр Их Эзэнийг илүү ихээр хайрлаж эхэлдэг. Үүнтэй хамт Бурхан бидэн рүү илгээсэн хүмүүсийг дэмжиж хүчирхэгжүүлэхэд шаардагдах бусдыг хайрлах хайр бас ирнэ.

Жишээ нь, бид Их Эзэн номлогчдоороо заалгуулахаар бэлтгэсэн хүмүүсийг олж танихын тулд залбирч болно. Бүрэн цагийн номлогчид юуг зааж, гэрчлэхээ Сүнсээр дамжуулан олж мэдэхийн тулд болон тэдний уулзсан хүн болгон Түүний хайрыг мэдрээсэй хэмээн Их Эзэнд итгэлтэйгээр залбирч болно. Номлогчид уулзсан бүх хүмүүстээ баптисм хүртээж, Ариун Сүнсний бэлэг өгч чадахгүй. Гэхдээ тэд Ариун Сүнсийг өөрсдийн хамтрагч болгож чадна. Өөрсдийн хийсэн үйлчлэлээр дамжуулж, мөн Ариун Сүнсний тусламжтайгаар номлогчдын сэтгэл зүрх аяндаа өөрчлөгдөнө.

Тэд болон бид бүхэн өөрсдийн амьдралын туршид Есүс Христийн сайн мэдээгээр бусдыг хүчирхэгжүүлэхийн тулд өөрийгөө умартан итгэлтэйгээр үйлдсэнээр тэрхүү өөрчлөлт үргэлж шинэчлэгдэж байх юм. Хөрвөлт нь ганц удаагийн тохиолдол эсвэл нэг улиралд болоод өнгөрөх зүйл биш харин үргэлжлэн явагдах үйл явц юм. Бид Аврагчийг харж, Түүнтэй адил болсноо олж мэдэх төгс өдрийг хүртэл амьдралаа илүү гэрэл гэгээтэй болох боломжтой. Их Эзэн энэ аяллыг ийнхүү дүрсэлсэн байдаг: “Бурханаас буй тэр нь гэрэл болой; мөн гэрлийг хүлээн авдаг мөн Бурханд үлддэг тэр нь илүү их гэрэл хүлээн авдаг; мөн тэрхүү гэрэл төгс өдрийг хүртэл улам улам хурц болон өсдөг” (С ба Г 50:24).

Бидний хүн нэг бүр үүнд хүрэх боломжтой болохыг би амлаж байна.

Энэхүү захиасаас заах нь

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар “даршилсан өргөст хэмхийн сургаалт зүйрлэлийг” ашиглаж хөрвөлт нэг удаа болоод өнгөрдөг үйл явдал биш харин үргэлжлэн явагддаг үйл явц болохыг заасан. “Шат шатаар, дүрэм дүрмээр, бага багаар, бараг ажиглагдалгүйгээр бидний сэдэлт, бодол санаа, үгс болон үйлс Бурханы хүсэлтэй нэгдсэн байх болно,“ (“Та дахин төрөх ёстой”, Лиахона, 2007 оны 5-р сар, 19). Зааж байгаа хүмүүстээ даршилсан өргөст хэмхийн сургаалт зүйрлэлийг хуваалцах талаар бод. Ерөнхийлөгч Айринг болон ахлагч Бэднар нарын ярьсан бага багаар явагдах хөрвөлтийн үйл явцад тууштай байхын тулд бид бүхэн юу хийж чадах вэ?