2015
Сэргээлтийг төлөөлүүлсэн эвлүүлдэг тоглоом
2015 оны арванхоёрдугаар сар


Сэргээлтийг төлөөлүүлсэн эвлүүлдэг тоглоом

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Сэргээлт гэдэг үг ямар утгатай вэ?

“Учир нь би бүх зүйлийг сэргээж, мөн тогтоосон цагт нь бүх зүйлийг та нарт мэдүүлэх уг санваарын түлхүүрүүд хийгээд хүчийг бибээр чамд хүртээлээ” (С ба Г 132:45).

Зураг
Product Shot from December 2015 Liahona

Анна сүмээс гэртээ харих замдаа багшийнхаа өгсөн жижиг цаасыг саналаа. “Ээж, юу гээч? Би ирэх ням гарагт Хүүхдийн хэсэгт үг хэлнэ.”

“Гайхалтай” гэж ээж нь хэлэв. “Ямар сэдвээр?”

“Би Сэргээлтийн талаар ярих ёстой. Гэхдээ энэ нь юу вэ гэдгийг би сайн мэдэхгүй л байна.”

Сэргээлт гэдэг нь Бурхан Өөрийнхөө Сүмд байлгахыг хүсэж байгаа бүх зүйлийг эргүүлэн авчирсан эсвэл сэргээсэн гэсэн үг” гэж ээж нь хэлэв. “Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Бурхан ариун сүмүүд, санваар, баптисм, Ариун Сүнсний бэлгийг эргүүлэн авчирсан. Сэргээлт байгаагүй бол бидэнд Сүм байхгүй байх байсан!”

Анна толгой дохив. “Одоо ойлгомжтой боллоо. Гэхдээ би үүнийг тан шиг тайлбарлаж чадахгүй байх гэж бодож байна.”

“Надад нэг санаа байна” гэж ээж нь хэлэв. “Нааш ир.”

Анна ээжийгээ дагаж, зочны өрөө рүү оров. Тэд өчигдөр орой эвлүүлдэг тоглоом тоглож эхэлсэн ба бүх хэсгийг жижиг ширээн дээр тараасан байлаа.

“Сайн мэдээг бүтээж дуусгасан эвлүүлдэг тоглоом гэж бод.” Ээж нь нэг хэсгийг авав. “Зурагны олон хэсэг өөр цаг үеүдэд дэлхий дээр байсан. Есүсийг болон төлөөлөгчдийг нас барсны дараа сайн мэдээний үнэнүүд алдагдаж эсвэл өөрчлөгдсөн. Үнэний тэдгээр хэсгийг эргүүлэн авчрах шаардлагатай байв.”

“Тэгээд юу болсон юм бэ?” Анна зарим хэсгийг хооронд нь холив.

“Олон жилийн дараа Бурхан бүх хэсгийг эргүүлэн авчирч, тэднийг Есүсийн дэлхий дээр байсан үеийнх шиг эвлүүлэхийн тулд залуу тариачин хүүг дууджээ. Энэ нь хэн байсан гэж чи бодож байна?”

“Иосеф Смит!” гэж Анна инээмсэглэн хариуллаа. “Би одоо ойлгож эхэлж байх шиг байна.” Тэр ээжтэйгээ Иосеф Смитийн тухай болон Бурхан түүгээр дамжуулан эргүүлэн авчирсан сайн мэдээний өөр өөр хэсгийн талаар ярилцав.

Долоо хоногийн үлдсэн өдрүүдэд Анна хэлэх үгээ бичиж, дадлага хийв. Тэр зоригтой байж мөн захиасаа Хүүхдийн хэсэгт хуваалцахын төлөө Тэнгэрлэг Эцэгт хандан залбирлаа.

Ням гарагт Аннагийн үг хэлэх цаг болоход тэр босоод, гүнзгий амьсгаа авч, эвлүүлдэг тоглоомыг хүн бүрд харагдахаар самбар дээр байрлуулжээ. Эвлүүлдэг тоглоомны бүх хэсэг бүрэн байв.

“Олон жилийн өмнө сайн мэдээний олон чухал хэсэг дэлхий дээр байжээ. Есүс Христийг болон Түүний төлөөлөгчдийг нас барсны дараа зарим хэсэг алдагдсан.” Анна эвлүүлдэг тоглоомын зарим хэсгийг авч доош тавив. “Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ сайн мэдээний алдагдсан хэсгүүдийг эргүүлэн авчрахын тулд Иосеф Смитийг дуудсан. Үүнийг Сэргээлт гэж нэрлэдэг.” Тэр эвлүүлдэг тоглоомын нэг хэсгийг авч хүүхдүүдэд үзүүлэв. Үүний ар талд “Санваарын хүч” гэж бичсэн байв.

Тэгээд Анна үлдсэн хэсгүүдийг үзүүлжээ. Тэр зөв газар нь байрлуулахаасаа өмнө хэсэг бүрийн ар талыг уншив. “Амьд бошиглогч … арванхоёр төлөөлөгч … мөнхийн гэр бүлийг бий болгох ариун сүмийн ажил … усанд умбуулан хийх баптисм … гар тавилтаар өгөгдөх Ариун Сүнсний бэлэг.”

Анна бүтэн болсон эвлүүлдэг тоглоомыг дээш өргөв. “Одоо бидэнд сайн мэдээний бүх хэсэг байна. Энэ нь хэрхэн аз жаргалтай байхыг мөн хэзээ нэгэн өдөр Тэнгэрлэг Эцэгтэйгээ дахин хамт амьдарч болохыг бидэнд заадаг. Би Сэргээлтэд талархдаг. Есүс Христийн нэрээр, амен.”

Ариун сүм

Санваар

Зураг чимэглэлийг Брайн Бийч