2015
Шинэ бөгөөд үүрдийн гэрээ
2015 оны арванхоёрдугаар сар


Шинэ бөгөөд үүрдийн гэрээ

Бид шинэ бөгөөд үүрдийн гэрээг ойлгож мөн үүний дагуу амьдарснаараа мөнх амьдралыг өвлөх болно.

Зураг
illustration of space and stars

САРА КАРАБИНЫ ЗОХИОМЖИЛСОН ГЭРЭЛ ЗУРАГ ЧИМЭГЛЭЛ; Калифорнийн Лос Анжелесийн ариун сүмийн өмнө зогсож буй хос, гэрэл зургийг Жэрри Гарнс; СУУРЬ ЗУРГИЙГ ISTOCK/THINKSTOCK-ООС

Амьдралын зорилго

Хүн бүр тэнгэрлэг эцэг, эхийн хайртай хөвгүүн мөн охин юм.1 Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөө нь мөнх амьдрал буюу Бурханы удирддаг амьдралыг хүлээн авах боломжийг хүн бүрд олгодог.2 Үүнээс агуу бэлэг гэж үгүй.3 Авралын төлөвлөгөөний талаарх мэдлэг нь амьдралын зорилгыг тайлбарладаг ба хэрэв бид тийн сонгох аваас мөнхийн талаас нь харж шийдвэр гаргахад маань туслах болно.

Уг төлөвлөгөө, тэрхүү төлөвлөгөөний мөнх бус байдалд хэрхэн хамааралтай байдгийг 2015 оны 10-р сарын Лиахона дээр Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс маш сайн тайлбарласан.4 Эцэг хөвгүүд, охиддоо Өөрийнх нь оршихуйд эргэн ирж, мөнх амьдралыг өвлөн авах боломж олгохын тулд төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болгон шинэ бөгөөд үүрдийн гэрээг бий болгосон.

Их Эзэн Сургаал ба Гэрээний эхний хэсэгт ийн хэлжээ: “Иймийн тул, Их Эзэн бибээр, дэлхийн оршин суугчид дээр ирэх тэрхүү сүйрлийг мэдэх учраас, өөрийн үйлчлэгч Бага Иосеф Смитийг дуудан, тэнгэрээс түүнд ярьж, …

“Тэрхүү миний үүрдийн гэрээ үндэслэгдэн бий болж болохын тулд юм.”5

Их Эзэний “шинэ бөгөөд үүрдийн гэрээ” гэж олонтоо нэрлэгддэг энэ гэрээ нь Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдал болон хүмүүний авралд шаардлагатай бүх ёслол, гэрээг агуулдаг.6 Их Эзэний шинэ бөгөөд үүрдийн гэрээг дэлхий дээр бий болгох нь Сэргээлтийн үндсэн зорилго боловч зарим хожмын үеийн гэгээнтэн энэ гэрээний ач холбогдол болон үүний дагуу амьдардаг хүмүүст ирдэг сайн зүйлүүдийн амлалтыг ойлгодоггүй. Бид бүгдийг мөнх амьдралыг өвлөн авч болохын тулд шинэ бөгөөд үүрдийн гэрээг илүү сайн ойлгож мөн үүний дагуу амьдрахад туслахад энэ өгүүллийн зорилго оршино. Энэ нь мөн сайн мэдээний ёслол, гэрээнүүдийн хамгийн чухал нь болох мөнхийн гэрлэлт нь шинэ бөгөөд үүрдийн гэрээнд хэрхэн багтдагийг тайлбарладаг.

Шинэ бөгөөд үүрдийн гэрээний утга учир болон зорилго

Сайн мэдээний хувьд гэрээ гэдэг нь Бурхан, санваарын эрх мэдэлтэй нэгнээр гүйцэтгэгддэг санваарын ёслолыг хүлээн авч мөн уг гэрээтэй холбогдсон нөхцөлүүдийн дагуу амьдрахыг зөвшөөрдөг хүний (эсвэл хүмүүсийн) хоорондох хэлэлцээр, гэрээ, тохиролцоо юм. Бурхан гэрээнд зориулсан нөхцөлүүдийг өгдөг.7

Зураг
Deacons passing the sacrament to a Filipino congregation.

Шинэ бөгөөд үүрдийн гэрээ нь “сайн мэдээний бүх гэрээ болон үүргийн нийлбэр”8 бөгөөд эрт үед өгөгдөж,9 энэ хожмын өдрүүдэд сэргээгдсэн. Энэ нь Сургаал ба Гэрээ 66:2-т тайлбарлагдсан байдаг. “Үнэнээр би чамд хэлнэ, тэд амьдралтай байж мөн эцсийн өдрүүдэд илчлэгдэх ёстой алдар суунуудаас хүртэгчид болгогдож болохын тулд, эрт дээр үед бошиглогчдоор хийгээд төлөөлөгчдөөр энэ нь бичигдсэнчлэн, хүмүүний үрст урагш илгээгдсэн миний үүрдийн гэрээг мөн бүр миний сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авсны учир адислагдсан болой чи.”10 Уг гэрээ нь цаг хугацааны эцсийн эрин үед сэргээгдсэн учраас “шинэ,” түүнчлэн үүрд мөнхөд үргэлжилдэг учраас11 “үүрдийн” болдог юм.

Их Эзэн судруудад хоёр төрлийн шинэ бөгөөд үүрдийн гэрээний талаар ярьдаг. Жишээлбэл, Сургаал ба Гэрээ 22:1-д, Тэрээр баптисмыг “эхлэлээс байсан тэрхүү шинэ бөгөөд үүрдийн гэрээ” хэмээн хэлдэг. Сургаал ба Гэрээ 132:4-т, Тэрээр мөнхийн гэрлэлтийг “шинэ бөгөөд үүрдийн гэрээ” хэмээн нэрлэдэг. Тэрээр шинэ бөгөөд үүрдийн гэрээг ярьж байвал Тэр Өөрийн сайн мэдээнд багтдаг олон гэрээний нэгийг ярьж байна гэсэн үг.

Зарим үед Их Эзэн шинэ бөгөөд үүрдийн гэрээний талаар ярихдаа хүн төрөлхтний аврал болон өргөмжлөлд шаардлагатай бүх ёслол, гэрээнүүдийг багтаасан Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын тухай ярьдаг. Баптисм эсвэл мөнхийн гэрлэлт нь дангаараа шинэ бөгөөд үүрдийн гэрээг бий болгодоггүй бөгөөд харин үүний хэсгүүд юм.

Шинэ бөгөөд үүрдийн гэрээнд эцсээ хүртэл тэвчсэн хүмүүс мөнх амьдралыг хүлээж авна

Зохих ёсны санваарын эрх мэдлээр гүйцэтгэгдсэн санваарын ёслолуудыг хүлээн авч мөн амлалтын Ариун Сүнсээр лацдан холбогдон,12 ёслолуудтай холбогдох гэрээнүүдийг сахидаг хүмүүст агуу хийгээд мөнхийн адислалууд амлагддаг. Эдгээр адислалд нүглүүдийн өршөөл,13 бурханлаг чанарын хүч,14 Ариун Сүнсний нөхөрлөл,15 уг бэлгийг дагалдаж ирдэг удирдамж, илчлэлт, тайтгарал, амар амгалан, найдвар, ариусгах нөлөө зэргийг багтаадаг.16

Бурханы бүх адислал болон бэлгээс хамгийн агуу нь мөнх амьдрал буюу Бурханы амьдардаг амьдрал юм!17 Энэ бэлэг нь сайн мэдээний бүх ёслолыг хүлээн авч, шинэ бөгөөд үүрдийн гэрээнд хамаарах гэрээнүүдийн дагуу амьдарсан хүмүүст л өгөгддөг.18 Их Эзэний хэлснээр: “Шинэ бөгөөд үүрдийн гэрээ … нь миний алдар суугийн бүрэн байдлын тулд үндэслэгдсэн ажгуу.”19 Чухамдаа шинэ бөгөөд үүрдийн гэрээнд орж мөн эцсээ хүртэл тэвчсэн тэд “эхний амилуулалтад урагш гарах болно … мөн хаан ширээнүүд, хаант улсууд, вант улсууд, мөн хүчнүүд, эзэгнэлүүд, бүх өндөрлөгүүд хийгээд гүнүүдийг өвлөх болно.”20 Их Эзэн “тэдэн дээр энэ амьдралд болон бүх үүрд мөнхөөр дамжуулан миний үйлчлэгч тэдэн дээр юуг ч тавилаа гэсэн бүх зүйлд энэ нь тэдэнд хийгдэх болно; мөн тэднийг дэлхийгээс гадна байхад бүрэн хүчтэй хэвээр байх болно; мөн, тэдний тэргүүн дээр лацдагдсан тэрхүү алдар суу нь бүрэн дүүрэн мөн үүрд хийгээд мөнхөд үр удмынх нь хувьд үргэлжлэл байх өөрсдийн өргөмжлөл хийгээд бүх зүйл дэх алдар суу тийш тэнд буй тэнгэр элчүүд, мөн бурхдын дэргэдүүр өнгөрөх болно. Тэгээд тэд бурхад байх болно.”21

Дүгнэж хэлбэл, шинэ бөгөөд үүрдийн гэрээнд орж мөн эцсээ хүртэл тэвчдэг хүмүүс (1) Бурханы алдар суугийн бүрэн байдлыг, (2) энэ амьдралд ба үүрд мөнхөд бурханлаг чанарын хүчийг мэдэрч,22 (3) өргөмжлөгдөж, (4) мөнхийн гэрлэлт ба өсөлтийг эдэлж, (5) бурхад болох болно. Эдгээр адислал нь хамтдаа мөнх амьдралын бэлгийг авчирдаг.

Бид шинэ бөгөөд үүрдийн гэрээн дэх гэрээ бүрийг дуулгавартай дагах ёстой

Бид Түүний шинэ бөгөөд үүрдийн гэрээнд байдаг хуулиудыг дагасан үед л эдгээр селестиел адислалыг хүлээн авна гэдгийг Их Эзэн тодорхой тунхагласан юм. “Шинэ бөгөөд үүрдийн гэрээ … нь миний алдар суугийн бүрэн байдлын тулд үндэслэгдсэн ажгуу; мөн үүний бүрэн байдлыг хүлээн авдаг тэрээр уг хуулийг баримтлах шаардлагатай мөн ёстой, эс бөгөөс тэрээр яллагдах болно хэмээн Их Эзэн хэлдэг.”23 Тэрээр түүнчлэн, “Учир нь миний гараас адислалыг хүлээн авахыг хүсэх тэд бүгд тэрхүү адислалын тулд өгөгдсөн хуулийг, мөн үүний нөхцөлүүдийг, дэлхийн сууринаас өмнө үндэслэгдэн бий болсноор нь баримтлах ёстой”24 хэмээн тунхагласан. Сургаал ба Гэрээний энэ хэсэгт Их Эзэн энэ тухай давтан хэлжээ: “Үнэнээр, үнэнээр би та нарт хэлж байна, та нар миний хуулийг дагахаас бусдаар та нар энэхүү сүр жавхланд хүрч чадах нь үгүй.”25

Бид Бурханы итгэлтэй тэдэнд амласан алдар сууг авахын тулд Түүний хуулиудыг дагах ёстой гэсэн тодорхой шаардлага нь шинэ бөгөөд үүрдийн гэрээн дэх бүх ёслол, гэрээнд хамаатай байдаг. Жишээлбэл, хэрэв би баптисмын ёслолыг хүлээн авахгүй, энэ гэрээг сахихгүй бол яллагдах буюу өсөж чадахгүй. Би Түүний алдар суугийн бүрэн байдлыг өвлөн авч чадахгүй. Үүнтэй адилаар би ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахгүй мөн холбогдох гэрээнүүдийг сахихгүй бол, би сайн мэдээний ямар ч ёслолыг хүлээн авахаас эсвэл холбогдох гэрээнүүдийн дагуу амьдрахаас татгалзвал өргөмжлөгдөж чадахгүй. Үүний оронд, би яллагдах болно. Энэ нь миний өсөлт зогсоно гэсэн үг. Товчхондоо, хэрэв би мөнх амьдралыг хүсэж байвал сайн мэдээний ёслол бүрийг хүлээн авч, холбогдох гэрээ бүрийг сахих ёстой.

Хожмын үеийн гэгээнтэн бидний дагаж амьдрахыг зөвшөөрдөг гэрээний нөхцөлүүдийг дөрвөн хэсэгт хувааж болно: (1) өөрсөд дээрээ Аврагчийн нэрийг авч, Түүнийг үргэлж санан дурсаж, Түүний жишээг дагах; (2) Түүний бүх зарлигийг сахих; (3) Бурханы авралын ажлын хэсэг болгон, Түүний хүүхдүүдэд өөрийн хүслээр үйлчлэхээр хувиасаа золиослол гаргах; (4) өөрсдийгөө болон өөрсдийн нөөц боломжуудыг Их Эзэний ажилд зориулах.

Бурханы хуулийн дагуу сайн мэдээг (үүний авчирдаг алдар сууг) санваарын эрх мэдлээр гүйцэтгэгдэх тодорхой ёслолуудаар дамжуулан хүлээн авах ёстой. Зөвхөн санваарын ёслолуудаар дамжуулан бурханлаг байдлын хүч бидний амьдралд үзүүлэгддэг боловч холбогдох гэрээнүүдийг бид хэр сайн сахиж байгаагаас хамаардаг. Хөдөлгүүр нь машиныг хөдөлгөж, зорчигчдыг нэг газраас нөгөө рүү тээвэрлэх боломж олгодог шиг гэрээ нь ёслолыг идэвхжүүлдэг буюу үүнд амь өгдөг. Товчоор хэлбэл, бид хүлээж авсан ёслолтойгоо холбогдох гэрээнүүдийг бодолтой, итгэлтэй сахихын хэрээр Бурханы тухай мэдлэгт өсөж мөн “бурханлаг чанарын хүчийг”26 Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Бурханы ач ивээлээр27 мэдрэх болно.

Шинэ бөгөөд үүрдийн гэрээнд гэрлэлт ямар байр суурь эзэлдэг вэ

Сургаал ба Гэрээ 132:4-т Их Эзэн “шинэ” бөгөөд үүрдийн гэрээг илчлэх гэж байгаа гэдгээ мэдэгдэж мөн “хэрэв та нар тэр гэрээг үл баримталбаас, тэгвэл та нар яллагдах болой; учир нь энэ гэрээг эсэргүүцэх хэнд ч гэсэн, мөн миний алдар сууд орох нь үл зөвшөөрөгдөх болно” хэмээн нэмж хэлжээ. Эдгээр үг нь шинэ бөгөөд үүрдийн гэрээний (Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний бүрэн байдал) амин чухал хэсэг болох мөнхийн гэрлэлтийн гэрээний28 тухай ярьж байгаа ба энэ нь зохих санваарын эрх мэдлээр хийгддэг29 юм.30 Энэ гэрээнд орохоос татгалздаг хүмүүс мөнх амьдрал хүлээн авахгүй гэдгийг хэлж Их Эзэн мөнхийн гэрлэлтийн гэрээ нь агуу ач холбогдолтой болохыг онцолсон.31

Зарим хүн, Сүмийн зарим гишүүн хүртэл Сургаал ба Гэрээ 132:4 нь олон эхнэр авах ёс өргөмжлөлд шаардлагатай гэсэн утгатай гэж буруу ойлгодог ба энэ нь тэднийг олон эхнэр авах ёс нь мөнх амьдрал дахь өргөмжлөлд шаардлагатай гэдэгт итгүүлдэг. Гэсэн хэдий ч, үүнийг илчлэлтүүд дэмждэггүй. Сургаал ба Гэрээ 131 ба 132-т цэдэглэснээр, Их Эзэн мөнхийн гэрлэлтийн хуулийг танилцуулахдаа нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёрын лацдан холболтын талаар онцгойлон айлдсан юм (Сургаал ба Гэрээ 132:4–7, 15–25). Их Эзэн мөнхийн гэрлэлтийн хуулийг нэг хүнтэй гэрлэх явдалтай холбон тайлбарлахдаа дараах зүйлийг тодорхой болгосон юм. Зохих санваарын эрх мэдлээр гүйцэтгэгдсэн мөнхийн гэрлэлтийн гэрээнд зохистойгоор орсон эрэгтэй, эмэгтэй хүн бүрд амлагдсан өргөмжлөлийн адислалууд нь хүн олон эхнэртэй эсвэл нэг эхнэртэй гэрлэсэн эсэхээс тусдаа зүйл юм.32

Зураг
Bride and groom exiting the temple.

Айдахогийн Рэксбургийн ариун сүм дэх гэрэл зураг

Санваарын эрх мэдлээр лацдан холбогдож мөн гэрээгээ сахидаг хосуудад мөнх амьдрал өөр нэмэлт нөхцөл эсвэл шаардлагагүйгээр амлагдсан байдаг гэдгийг Сургаал ба Гэрээ 132:19 тодорхой болгодог. Энэ маягаар лацдан холбогдож мөн гэрээгээ дагаж мөрддөг ямар ч эрэгтэй, эмэгтэй хүн өргөмжлөгдөх болно.33 Түүхийн туршид хэрэгжиж ирсэн ёс заншил нь энд тайлбарлагдсан мөнхийн гэрлэлтийн сургаалтай нийцдэг.34 Хосуудыг мөнхөд лацдан холбодог ёслол нь нэг эхнэртэй гэрлэх мөн өмнө нь хийгдэж байсан зөвшөөрөгдсөн олон эхнэртэй гэрлэхийн аль алиных нь хувьд яг адил гэрээнүүд ба адислалуудыг багтаадаг. Эдгээр гэрээ ба адислал нь мөнх бус байдалд лацдан холбогдох боломжгүй байсан хүмүүст энэ амьдралын дараа боломжтой байх болно.35

Их Эзэн нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёр хүний хоорондын мөнхийн гэрлэлтийн хууль болон гэрээг илчилснийхээ дараа эрэгтэй хүн Түүний томилогдсон бошиглогчоор (холбогдох түлхүүрүүдийг атгадаг) дамжуулан Их Эзэнээр зарлигдуулсан мөн зөвшөөрөгдсөн үед зөв шударга байдалд мөнхийн гэрлэлтийн гэрээнд нэгээс илүү эхнэртэй гэрлэж болно хэмээн Иосеф Смитэд заажээ.36 Абрахам болон эртний өөр бошиглогчдод Их Эзэний өгсөн олон эхнэр авах зөвшөөрөл болон зарлиг нь37 Бошиглогч Иосеф Смитэд мөн адил өгөгджээ: “Би … чамд томилолтыг, мөн бүх зүйлийг сэргээхийг өгч байна, үйлчлэгч Иосеф минь.”38

Олон жилийн дараа, ерөнхийлөгч Вилфорд Вудраффыг (1807–1898) Албан тунхгийг 1890 онд гаргах үед Их Эзэн Сүмийн гишүүдэд өгсөн олон эхнэр авах (өөрөөр хэлбэл нэгээс илүү амьд хүнтэй лацдан холбуулах) зөвшөөрөл ба зарлигаа хүчингүй болгосон.39 Энэ нь олон эхнэр авах ёсыг төгсгөл болгосон буюу Сүмийн ямар ч гишүүн нэгээс илүү амьд хүнтэй гэрлэж эсвэл лацдан холбогдож болохгүй болсон. Харин Албан тунхаг нь зохистой эрэгтэй хүний лацдан холбогдсон эхнэр нь нас барсан байвал өөр амьд хүнтэй лацдан холбогдох явдлыг хориглодоггүй. Дээрх мэдэгдэл нь Их Эзэн Өөрийнхөө томилсон төлөөлөгч буюу Сүмийн ерөнхийлөгч, бошиглогчоор дамжуулан тусгай зөвшөөрөл өгөөгүй л бол нэг эхнэртэй гэрлэх ёс нь Их Эзэний гэрлэлтэд тавьсан жишиг гэсэн илчлэгдсэн сургаалтай нийцэж байна.40

“Олон эхнэр авах ёс эсвэл селестиел гэрлэлт нь ирэх дэлхийд алдар суугийн бүрэн байдлыг хүлээн авахад шаардлагатай юу?” гэсэн асуултад Тэргүүн Зөвлөлийг төлөөлөн ерөнхийлөгч Чарлэс В.Пэнрөүз (1832–1925) дараах мэдэгдлийг бичжээ: “Селестиел гэрлэлт нь ирэх дэлхийд алдар суугийн бүрэн байдлыг авахад шаардлагатай гэдэг нь үүний талаарх илчлэлт дээр тайлбарлагдсан, харин олон эхнэр авах явдал нь шаардлагатай гэж дурдагдаагүй байдаг.”41

1933 онд Тэргүүн Зөвлөл ийн тунхаглажээ: “Селестиел гэрлэлт буюу энэ амьдралд хийгээд үүрд мөнхөд үргэлжлэх гэрлэлт болон олон эхнэр авах ёс нь ижил утгатай үг биш. Их Эзэний үг болон Сүмийн хуулийн дагуу манай ариун сүмүүдэд нэг хүнтэй энэ амьдралд болон мөнхөд хийгддэг гэрлэлт нь селестиел гэрлэлт юм.”42

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки (1915–1985) эдгээр мэдэгдэлтэй нийцэх зүйлийг бичжээ: “Олон эхнэр авах ёс нь авралд эсвэл өргөмжлөлд шаардлагатай биш юм. Нифай болон түүний хүмүүст нэгээс илүү эхнэр авах эрх байгаагүй боловч тэд Их Эзэний хүмүүст амласан үүрдийн адислал бүрийг авах боломжтой байсан. Бидний цаг үед Их Эзэн илчлэлтээр дамжуулан өргөмжлөлийн сургаалыг бүхэлд нь хураангуйлсан ба энэ нь нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүний гэрлэлт дээр тулгуурладаг гэдгийг хэлсэн. (С ба Г 132:1–28.) Үүнээс хойш тэрээр олон эхнэр авах ёс нь Сүмийн ерөнхийлөгчөөр зөвшөөрөгдсөн үед л хүчинтэй гэсэн зарчмыг нэмсэн. (С ба Г 132:7, 29–66.)”43

Өнөө үед Их Эзэний бошиглогчоор удирдуулсан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь олон эхнэр авах ёсыг хэрэгжүүлдэггүй бөгөөд үүнийг хийдэг хүмүүс Сүмд нэгдэж эсвэл гишүүн хэвээр үлдэх боломжгүй. Түүний бошиглогчоороо дамжуулан өөрөөр эрх мэдэл олгож эсвэл зарлиглаагүй үед нэг хүнтэй гэрлэх ёс нь гэрлэлтийн талаарх Бурханы жишиг гэдгийг Сүм баталдаг. Олон эхнэр авах ёс нь өргөмжлөлд шаардлагатай гэж Сүм заадаггүй.

Дүгнэлт

Зураг
A young family in New York City and sitting on a couch reading scriptures together. In some shots the couple is alone.

Дараагийн амьдралын тухай бидний мэдэхгүй олон зүйл байдаг боловч шинэ бөгөөд үүрдийн гэрээг хүлээн авч мөн үүний дагуу амьдрах нь мөнх амьдралыг өвлөн авахад шаардлагатай гэдгийг бид мэднэ. Бид түүнчлэн мөнх бус байдалд буюу “энд бидний дунд байгаа тэрхүү харилцаа” нь дараагийн амьдралд буюу “тэнд бидний дунд байх” бөгөөд “гагцхүү энэ нь … мөнхийн алдар суугаар хоёр дахин ихсэх болно” гэдгийг мэддэг.44

Шинэ бөгөөд үүрдийн гэрээгээр дамжин ирдэг агуу адислалууд нь Эцэгийн төлөвлөгөөний туйлын зорилго болон Есүс Христийн Сүмийн сэргээлтэд гол үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү гэрээ нь итгэлтэй хүмүүсийн дотор “найдварын төгс гэрэл”45 өгдөг ба уг найдвар нь “хүмүүсийн бодгальд зангуу болдог, тэр нь тэднийг тууштай мөн хөдөлшгүй сайн үйлээр үргэлж дүүрэн, бас Бурханыг алдаршуулахад удирдагдах болгодог.”46 Шинэ бөгөөд үүрдийн гэрээний нөхцөлүүдийн дагуу амьдардаг бүх хүнд ирдэг шагнал бол энэ амьдралд амар амгалан, ирэх амьдралд мөнх амьдрал юм.47

Эшлэлүүд

  1. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Лиахона, 2010 оны 11-р сар, 129-ийг үзнэ үү; мөн God Loveth His Children (товхимол, 2007), 1-ийг үзнэ үү.

  2. Робэрт Д.Хэйлс, “The Plan of Salvation: A Sacred Treasure of Knowledge to Guide Us,” Лиахона, 2015 оны 10-р сар, 32–39-ийг үзнэ үү.

  3. Сургаал ба Гэрээ 14:7-г үзнэ үү.

  4. Робэрт Д.Хэйлс, “The Plan of Salvation: A Sacred Treasure of Knowledge to Guide Us,” 32–39.

  5. Сургаал ба Гэрээ 1:17, 22.

  6. Сургаал ба Гэрээ 66:2.

  7. Судруудын удирдамж, “Гэрээ”-г үзнэ үү.

  8. Жозеф Фийлдинг Смит, Doctrines of Salvation, ed. Bruce R. McConkie, 3 vols. (1954–1956), 1:156.

  9. Иеремиа 32:40; Сургаал ба Гэрээ 22:1-ийг үзнэ үү.

  10. Онцлон бичилт нэмсэн; мөн Сургаал ба Гэрээ 39:11; 45:9; 49:9; 88:131, 133; 101:39-ийг үзнэ үү.

  11. Сургаал ба Гэрээ 132:7-г үзнэ үү.

  12. Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит (1876–1972) “Амлалтын Ариун Сүнс бол баптисм, гишүүний баталгаа, томилолт, гэрлэлт зэрэг бүх ёслол дээр зөвшөөрлийн тамга дардаг Ариун Сүнс юм. Итгэлтэй байдлаар дамжуулан адислалууд ирэх болно гэсэн амлалт байдаг. Хэрэв хүн баптисм, томилолт, гэрлэлт эсвэл өөр бусад ёслолын гэрээгээ зөрчвөл Сүнс зөвшөөрлийн тамгыг цуцалж, адислалууд ирдэггүй. Бүх ёслол итгэлтэй байдал дээр тулгуурласан амлалтын шагналтай байдаг. Хэрэв гэрээ зөрчигдвөл Ариун Сүнс зөвшөөрлийн тамгыг цуцалдаг” (Doctrines of Salvation, 1:45; мөн Сургаал ба Гэрээ 76:52–53; 132:7-г үзнэ үү) хэмээн заасан юм.

  13. Үйлс 2:38; 2 Нифай 31:17; Moронай 8:25.

  14. Сургаал ба Гэрээ 84:19–21-ийг үзнэ үү; мөн Mоронай 10:32–33-ыг үзнэ үү.

  15. Иохан 14:26-г үзнэ үү; Сургаал ба Гэрээ 121:45–46.

  16. 2 Нифай 32:5; 3 Нифай 27:20; Moронай 8:26; Сургаал ба Гэрээ 11:13; Moсе 6:59–61-ийг үзнэ үү.

  17. “Eternal life is God’s life, or life with God” (Харолд Б.Лий, in Conference Report, 1956 оны 10-р сар, 61). “Энэ амьдралд хийгээд үүрд мөнхөд үргэлжлэх гэрлэлтийг ариун сүмд хийлгэсэн хүмүүс мөнх амьдралуудыг хүлээн авдаг. Би мөнх амьдралууд гэдгийг онцолж байна. Мөнх амьдрал бол Бурханы амьдрал буюу түүнтэй адил болох явдал” (Жозеф Фийлдинг Смит, Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. (1957–1966), 4:197).

  18. Сургаал ба Гэрээ 14:7-г үзнэ үү.

  19. Сургаал ба Гэрээ 132:6.

  20. Сургаал ба Гэрээ 132:19.

  21. Сургаал ба Гэрээ 132:19–20.

  22. Сургаал ба Гэрээ 84:19–21-ийг үзнэ үү.

  23. Сургаал ба Гэрээ 132:6.

  24. Сургаал ба Гэрээ 132:5.

  25. Сургаал ба Гэрээ 132:21.

  26. Сургаал ба Гэрээ 84:20–21.

  27. Moронай 10:32–33-ыг үзнэ үү.

  28. Сургаал ба Гэрээ 132:4, 15-ыг үзнэ үү.

  29. Сургаал ба Гэрээ 132:7, 18-ыг үзнэ үү.

  30. Сургаал ба Гэрээ 132:6–7-г үзнэ үү; мөн Сургаал ба Гэрээ 66:2-ыг үзнэ үү.

  31. Энэ гэрээнээс “татгалздаг” хүмүүст мөнх амьдрал өгөгдөхгүй гэдгийг анхаарна уу. Харин энэ амьдралд мөнхийн гэрлэлт хийх боломжгүй байсан хүмүүст дараагийн амьдралд мөнхийн гэрлэлт хийх боломж олгогдох болно. Мөн доорх 35-р зүүлт тайлбарыг үзнэ үү.

  32. Сургаал ба Гэрээ 132:15–25-ыг үзнэ үү.

  33. Үүрд мөнхөд лацдан холбогдож мөн холбогдох гэрээнүүдийг сахидаг нэг эрэгтэй, эмэгтэйгээс бүрдсэн хос нь өргөмжлөлийг авдаг гэдгийг баталсан нэмэлт жишээг уншихыг хүсвэл Сургаал ба Гэрээ 131-ийг үзнэ үү.

  34. Gospel Topics, “Plural Marriage in The Church of Jesus Christ of Latter-day Saints,” lds.org/topics-ийг үзнэ үү.

  35. “Итгэлтэй амьдарсан боловч боломж бүрдээгүй байснаас болж зарим зүйлийг хийж чадаагүй ямар ч хожмын үеийн гэгээнтэн ямар ч адислалаа алдахгүй. Өөрөөр хэлбэл, хэрэв залуу эрэгтэй эсвэл эмэгтэй гэрлэх боломжгүй байсан ч нас барах хүртлээ итгэлтэй амьдарвал тэд гэрлэх боломжтой байсан мөн энэ боломжоо зохистой ашигласан хүмүүсийн адилаар бүх адислал, өргөмжлөл, алдар сууг хүлээн авах болно. Энэ бол баттай бөгөөд бодит зүйл юм” (Teachings of Presidents of the Church: Lorenzo Snow [2011], 130).

  36. Сургаал ба Гэрээ 132:34–35, 37–39-ийг үзнэ үү.

  37. Сургаал ба Гэрээ 132:34–39-ийг үзнэ үү.

  38. Сургаал ба Гэрээ 132:40.

  39. Албан Тунхаг 1-ийг үзнэ үү.

  40. Иаков 2:27–30-ийг үзнэ үү. Хэдийгээр Их Эзэн олон эхнэр авах зарлиг эсвэл зөвшөөрөл өгсөн бүх шалтгаанаа Сургаал ба Гэрээ 132-т тайлбарлаагүй боловч Тэр хоёр шалтгаан өгсөн: (1) Абрахамын гэрээтэй холбоотой амлалтуудыг гүйцэлдүүлэхийн тулд, (2) “өсөн үржиж, мөн дэлхийг дүүргэхийн тулд” (С ба Г 132:63; мөн 34-р шүлгийг үзнэ үү). Иаков 2:30 Их Эзэн яагаад үе үе олон эхнэр авахыг зарлиглаж байсан тухай хамгийн товч хариултыг өгдөг: “Учир нь хэрэв би, Түмний Их Эзэн, надад үр удмыг өсгөхийг хүсвэл, би өөрийн хүмүүст зарлиглах болно; өөрөөр бол тэд эдгээр зүйлийг анхааран сонсох болно хэмээн хэлэв.” Мөн Gospel Topics, “Plural Marriage in The Church of Jesus Christ of Latter-day Saints,” topics.lds.org-ийг үзнэ үү.

  41. Чарлэс В.Пэнрөүз, “Peculiar Questions Briefly Answered,” Improvement Era, 1912 оны 9-р сар, 1042; онцлон бичилт нэмэв.

  42. Жэймс Р.Кларк, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6-р боть. (1965–1975 он), 5:329.

  43. Брүс Р.Макконки, Mormon Doctrine, 2nd ed. (1966), 578–579; онцлон бичилт нэмэгдсэн. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Мэлвин Ж.Баллардын (1873–1939) хэлсэн дараах үгийг үзнэ үү. “Төгсгөлгүйгээр өсөн нэмэгдэх боломжоо алдсан хүмүүс Бурхантай адил болж чадахгүй. Учир нь энэ өсөлт өөр зүйлүүдтэй нийлээд Бурхантай адил болгодог. Гэрлэлтийн гэрээний мөнхийн чанар нь наад зах нь нэг эмэгтэй болон нэг эрэгтэйг энэ амьдралд хийгээд үүрд мөнхөд лацдан холбох явдал гэдгийг хожмын үеийн гэгээнтнүүд тодорхой ойлгох ёстой. Тэгээд энэ зүйл дээр будилж мөн нэгээс илүү эмэгтэй гэж ойлгох хэрэггүй. Энэ нь мэдээж нэгээс илүү гэсэн утгатай байж болох авч наад зах нь нэг эрэгтэй, эмэгтэй хоёр селестиел алдар суугийн хамгийн дээд зэрэглэлд нэр дэвшигчид болохоосоо өмнө ариун санваарын хүч болон Ариун Сүнсний баталгаагаар энэ амьдралд хийгээд үүрд мөнхөд лацдан холбогдож, тэгээд гэрээнүүдээ сахих ёстой. Эцэгийн маань энэ бүлэг хүүхдэд л төгсөшгүй эсвэл үүрд мөнхөд өсөн нэмэгдэх амлалт өгөгдсөн гэсэн утгатай” (The Three Degrees of Glory: A Discourse by Melvin J. Ballard, 1922 оны 9-р сарын 22, 10; онцлон бичилт нэмсэн).

  44. Сургаал ба Гэрээ 130:2.

  45. 2 Нифай 31:20.

  46. Ифер 12:4.

  47. Сургаал ба Гэрээ 59:23-ыг үзнэ үү.

Шинэ бөгөөд үүрдийн гэрээ нь “бидний хийдэг сайн мэдээний бүх гэрээ болон үүргийн нийлбэр юм.”

Шинэ бөгөөд үүрдийн гэрээний нөхцөлүүдийн дагуу амьдардаг бүх хүнд ирдэг шагнал бол энэ амьдралд амар амгалан, ирэх амьдралд мөнх амьдрал юм.