2016
Ширүүн донсолгоонд зөөлөн газардах нь
Үхэр 2016


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг, 2016 оны 2-р сар

Ширүүн донсолгоонд зөөлөн газардах нь

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

Саяхан эхнэр Харриэт бид хоёр нисэх онгоцны буудалд асар том онгоцнуудын газардахыг харан зогссон юм. Энэ өдөр салхитай өдөр байсан бөгөөд салхи хүчтэй салхилж, нисэх онгоцыг хажуу тийш хазайлган, донсолгоо үүсгэж байлаа.

Биднийг байгаль дэлхий, машин техник хоёрын энэхүү тэмцлийг ажиглан харж байх үед нислэгийн сургалтад сурч, хожим нь бусад нисгэгчид зааж өгч байсан зарчим маань санаанд орлоо.

“Донсолгоотой үед хяналтаа бүү алд. Тайван бай; хэтэрхий хичээх хэрэггүй. Нислэгийн зурвасын төв шугамд л анхаарлаа хандуул. Хэрэв очих ёстой зурвасаасаа хазайсан бол зурвас руугаа хурдан орох хэрэгтэй. Нисэх онгоцныхоо бүхий л боломжинд найд. Донсолгоог даван туул” гэдэг байв.

Туршлагатай нисгэгчид эргэн тойронд нь болж буй бүх зүйлийг үргэлж хянаж чадахгүй гэдгээ мэддэг. Тэд донсолгоог зогсоож чадахгүй. Тэд бороо, цасыг үгүй болгож чадахгүй. Тэд салхийг зогсоож эсвэл чиглэлийг нь өөрчилж чадахгүй.

Харин тэд өөрсдийг нь сандарган хөшөөж буй донсолгоо, хүчит салхинаас айх нь алдаа гэдгийг мэддэг. Нөхцөл байдал ердийнхөөс өөр үед аюулгүй газардах арга нь зөвхөн өөрсдийн чиглэж буй зам дээрээ үлдэх явдал юм.

Би онгоцнууд ар араасаа ээлжлэн газардахыг харан зогсохдоо нисгэгч байсан он жилүүдэд суралцсан зарчмаа санаж билээ. Үүнд бидний өдөр тутмын амьдралд зориулсан сургамж байгаа эсэхийг би мэдэхийг хүсэж байлаа.

Амьдралын бидний зам дээр тавьж буй тэрхүү салхийг бид үргэлж хянаж чадахгүй. Заримдаа юмс бидний санаснаар болдоггүй. Бид гомдол, эргэлзээ, айдас, гуниг болон сэтгэлийн хямралаас үүссэн донсолгоонд өртөж, тайван байдлаа алддаг.

Ийм үед болохгүй байгаа бүхэнд эзэмдүүлж, бодол санаагаа бэрхшээлд төвлөрүүлэх нь хялбар байдаг. Уруу таталт биднийг Аврагчид болон үнэний гэрчлэлдээ анхаарал хандуулахын оронд зөвхөн туулж буй зовлон бэрхшээлдээ анхаарал хандуулахад хүргэдэг.

Гэтэл энэ нь бидний амьдралд тохиолдож буй бэрхшээлийг даван туулах хамгийн сайн арга зам биш юм.

Туршлагатай нисгэгч салхинд бус нислэгийн зурвасын төв, онгоц газардуулах цэгтээ анхаарал хандуулдаг шиг бид ч мөн адил Аврагчид итгэх итгэл, Түүний сургаал, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө болон тэнгэрлэг зурвастаа аюулгүй очих туйлын зорилгодоо төвлөрөх хэрэгтэй. Бид Бурханд итгэж, шавийн хийх ёстой зүйлд хичээл зүтгэлээ төвлөрүүлэх ёстой. Бид нүд, зүрх сэтгэл, бодол санаагаа өөрсдийн мэдэж буй дагах ёстой тэр замдаа төвлөрүүлэх хэрэгтэй.

Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудыг баяртайяа дагаснаар итгэл найдвараа Түүнд харуулах нь бидэнд аз жаргал, алдар сууг авчирдаг. Хэрэв бид өөрсдийн замд үлдэж чадвал ямар ч хүчтэй салхи, донсолгоог даван гарч, тэнгэрлэг гэртээ аюулгүй буцах болно.

Бидний эргэн тойронд тэнгэр цэлмэг эсвэл бүрхэг байхаас үл шалтгаалан Есүс Христийн дагалдагчийн хувьд бид эхлээд Түүний хаанчлал, зөв шударга байдлыг эрэлхийлснээр бусад бүх зүйл бидэнд нэмэгдэн өгөгдөхийг мэддэг билээ (Матай 6:33-ыг үзнэ үү).

Амьдралын ямар чухал сургамж вэ!

Бид бэрхшээл, тэмцэл, эргэлзээ, айдастаа автах тусам илүү хэцүү зүйлс ирдэг. Харин бид өөрсдийн туйлын зорилго болох тэнгэрлэг зурваст болон Бурханыг хайрлах, хөршдөө үйлчлэх зэрэг дагалдагчийн замаар явснаар ирэх баяр баясалд анхаарлаа төвлөрүүлснээр саад бэрхшээл тохиох бүрд үүнийг амжилттай даван гарах болно.

Эрхэм найз нөхөд минь, бидний мөнх бус энэ амьдралд ямар ч хүчтэй салхи салхилсан ч, Есүс Христийн сайн мэдээ үргэлж бидэнд Тэнгэрлэг Эцэгийн хаант улсад аюулгүй газардах хамгийн шилдэг замыг зааж өгдөг.

Энэхүү захиасаас заах нь

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф “Бурханд итгэж, шавийн хийх ёстой зүйлд хичээл зүтгэлээ төвлөрүүлэх хэрэгтэй” гэж зөвлөсөн. Зааж буй хүмүүсээсээ бэрхшээл тохиолдох үед тэд хэрхэн “туйлын зорилго болох тэнгэрлэг зурваст болон дагалдагчийн замаар явснаар ирэх баяр баясалд анхаарлаа төвлөрүүлсэн”-ийг асуу. Хэцүү зүйл тулгарах үед өөрсдийн гэрчлэлд болон Христэд анхаарал хандуулж болох арга замуудын тухай бодон, эдгээр санаанаас нэг эсвэл түүнээс илүүг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлж болохыг залбиран шийдэхэд тэднийг урьж болно.