2017
Тэнгэр элчүүд гэр оронд минь гэрэл авчирсан
July 2017


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Тэнгэр элчүүд гэр оронд минь гэрэл авчирсан

Нэгэн ням гаргийн өглөө гэрийн багш нарыг гэртээ ирүүлмээр байна уу гэж надаас асуусан юм. Би гэр бүл салаад удаагүй, хоёр жоохон хүүхэдтэй өрх толгойлсон эх байх амьдралын шинэ хэв маягтай дасан зохицох гээд хэцүүхэн үе байлаа. Тэгээд би манайд айлчилж ирвэл баярлана гэдгээ хэлэв. Тэр үед би нөхцөл байдалдаа цөхрөн, ганцаараа зүтгэж байгаа мэт санагдаж байсан юм.

Дараагийн долоо хоног хоёр сайн ах гэрт минь ирэв. Манайд ирэхдээ тэд энгийн асуулт асууж, гэр бүлийнхэнтэй минь сайн мэдээний захиас хуваалцсан юм.

Тэгээд тэр хоёр сайн ах надаас “Нэрэйда эгч ээ, бид танд туслахын тулд юу хийж болох вэ?” гэж асуухад нь

би нэг их зүйл бодолгүй, хоёр давхрын шатны дээр байдаг чийдэнгийн шилнүүд шатсан гэдгийг хэлэв. Надад солих шил байсан ч, дээшээ гар минь хүрээгүй тул сольж чадаагүй байв. Бас шатан дээр урт шат хэрэглэхээс хаширлаж байсан юм. Би бас тэдэнд хашааны гэрлүүд асахгүй байгаа гэдгээ хэлэв.

Тэд тэр даруй босоод, нэг нь машин руугаа очиж, багажны хайрцгаа авчрав. Тэр бараг 1м 90см өндөр байсан учраас шатан дээр гараад чийдэнгийн шилнүүдийг ямар ч асуудалгүй солилоо. Тэр хооронд хамтрагч нь хашаа руу гаран, цахилгааны утас эргэсэн байхыг анзаараад, нүд ирмэхийн зуур засав.

Олон жилийн турш би гэрийн багш нарынхаа сайхан сэтгэл, хайр энэрлийг харуулсан энгийн үйлдэл, бусдын төлөө өөрсдийгөө зориулсан байдал, заасан сайхан хичээлд нь талархаж явдаг. Гэрийн багш нар маань үнэхээр тэнгэр элчүүд байсан бөгөөд тэд гэр оронд маань зөвхөн гэрэл төдийгүй ямар ч харанхуйд гэрлийг авчирдаг амар амгалан, итгэл найдвар, сайн мэдээний хамгаалалтыг авчирсан билээ.