2017
Юу ч үгүй байсан ч итгэл дүүрэн байх
July 2017


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Юу ч үгүй байсан ч итгэл дүүрэн байх

Зураг
driving a jeepney

Зураг чимэглэлийг Кэролин Виббэрт

Би Филиппиний Кагаян де Оро номлолд үйлчилснийхээ дараа ариун сүмд гэрлэхийг зөвлөсөн бошиглогч, төлөөлөгчдийн зөвлөгөөг дагахаар шийдсэн юм. Манай Сүмийн гишүүн бус хамаатан садан, найз нөхөд болон Сүмийн зарим гишүүн намайг гэрлэх тухай бодохоосоо өмнө коллежид сураад, сайхан ажилтай болох хэрэгтэй гэж хэлж байв. Намайг сүй тавих үед надад эдгээрийн аль нь ч байсангүй.

Санаа минь зовж байсан ч ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910-2008) Англид номлолд үйлчлэх дуудлага авсан түүхийг санасан юм. Тэрээр санхүүгийн хүндрэл болон санаа зовоож буй асуудлуудынхаа хажуугаар номлолд явахад бэлтгэж байжээ. Яг явахынх нь өмнө аав нь түүнд “Бүү ай. Зөвхөн итгэ” гэсэн дөрвөн үг бичсэн ил захидал өгсөн юм (Maрк 5:36). Би бас бишопынхоо “Итгэлтэй бай. Бурхан бүх зүйлээр хангана” хэмээн хэлсэн үгийг санав. Эдгээр үг надад урагш тэмүүлэх урам зориг, эрч хүч өгсөн.

Хэдийгээр юу юу ч үгүй байсан ч би гайхалтай сүйт бүсгүйтэйгээ Филиппиний Манила ариун сүмд гэрлэв. Би энэ үйл явдлаас хойш удалгүй ням гарагт ажиллахыг шаарддаг нэгэн компанид ажиллаж эхэлсэн юм. Би Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихыг хүсэж байсан учраас тэнд удаан ажилласангүй. Олон хүн намайг яагаад ажлаасаа гарах болсон юм бол гэж гайхдаг байсан ч би дотроо “Итгэлтэй бай. Бурхан бүх зүйлээр хангана” хэмээн давтаж хэлсээр урагшилдаг байв.

Би гэр бүлийнхээ наад захын хэрэгцээг хангаж, анхны хүүхдээ өлгийдөн авахад бэлдэхийн тулд нийтийн тээврийн хөнгөн тэрэг барьж, худалдааны борлуулагчаар ажиллаж эхлэв. Эхнэр минь гэр бүлээ тэжээх гэж зүдэрч байгааг маань олж хараад, сургуульдаа буцаж ороод сурах хэрэгтэй гэж хэлэв. Гэхдээ надад ажил хийж, Сүмд үйлчлэхийн зэрэгцээ оюутан болох нь илүү хэцүү гэж бодогдож байсан юм.

Миний ч зөв байсан бөгөөд үнэхээр хэцүү байсан. Гэхдээ бид зарлигуудыг дагахын тулд чадах бүхнээ хийсэн. Заримдаа мөнгө төгрөг хүрэлцдэггүй байсан ч би Сүмийн Тасралтгүй Боловсролын Сангийн тусламжтайгаар хоёр дахь хүүхдээ төрөхөөс өмнө сургуулиа дүүргэж чадсан юм. Би ахлах сургуулийн багшийн ажилд орж, яваандаа институт, семинарын зохицуулагч болов.

Бошиглогч, Сүмийн удирдагчдын зөвлөгөөг дагасан маань гэрлэлт бол сүнслэг байдлаар өсөж, боловсрох агуу боломж олгодог гэдгийг ухааран ойлгоход надад тусалсан юм. Би гэрлэлт болоод сайн мэдээний ачаар адислагдсан.

Бид хамгийн хүнд хэцүү байдалд орсон ч гэсэн айж эмээх хэрэггүй. Бид зөвхөн чадах бүхнээ хийж, “Итгэлтэй бай. Бурхан бүх зүйлээр хангана” хэмээх үгийг санаж байх хэрэгтэй.