2019
Фату Гаманга—Сьерра Леон, Зүүн муж
2019 оны 12-р сар


Итгэлийн хөрөг

Фату Гаманга

Сьерра Леон, Зүүн муж

Зураг
Fatu

Фату сайн мэдээний бичиг үсэг сургах хөтөлбөрийн ачаар уншиж, бичиж сурахаас гадна Есүс Христийн сайн мэдээний талаар суралцсан. Сүмд нэгдэхээсээ өмнө Фату гэр бүлээ арай чамай тэжээж байлаа. Одоо тэр бие даах чадвараа хөгжүүлж, гар аргаар гоёмсог хивснүүд нэхэж, зардаг. Тэр бас салбарынхаа Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр үйлчилдэг.

Кристина Смит, зурагчин

Би эцгээ бага насандаа алдсан юм. Эцэггүй өсөх хэцүү байсан. Ээж минь гэр бүлээ тэжээх гэж хичээсэн ч надад боловсрол олгох хангалттай мөнгө түүнд байсангүй. Би боловсрол олж авч чадаагүйдээ сэтгэлээр унаж, уншиж ч сураагүй. Ээж бид хоёр өөрсдийгөө тэжээхийн тул тариа ногоо тарих гэх мэт олон зүйлийг тосгондоо хийж байлаа. Олон жил бид бэрхшээлийг хамтдаа туулсан.

Эцэст нь би гэрлэж, үр хүүхэдтэй ч болов. Хэдэн жилийн дараа нөхөр маань нас барж, би ганц бие өрх тэргүүлсэн эхийн хувьд хүүхдүүдээ тэжээж тэтгэх гэж хичээх болсон.

Миний найз нөхөд над дээр ирж, “Чи нөхрөө алдчихлаа. Одоо зовж зүдэрч байна. Чи манай сүм дээр ирж, Есүс чиний төлөө юу хийж чадахыг хар” гэсэн юм. Би найзуудаа даган сүмд очиж билээ. Би бас өөр сүмүүдээр ч гэсэн явж үзсэн.

Нэг өдөр манайхаас хэдэн байшингийн цаана амьдардаг эмэгтэй “Би нэг сүмд явдаг. Та явах уу?” гэж асуухад нь би

“Үгүй ээ, би нэг сүмээс нөгөө сүм рүү зөндөө явлаа” гэж хариулсан юм.

“Та очиж үзээч. Би таныг сүмдээ уримаар байна” гэж хэлэв.

“Танай сүмийн нэр юу билээ?” гэж намайг асуухад тэр

“Манай сүмийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэдэг” гэж хариуллаа.

Тэр бас намайг сүмийнх нь талаар олж мэд хэмээн ятгаж, номлогчдыг манайд ирэхэд урьсан юм. Номлогчдыг ирсэн анхны өдөр би гэр бүлийнхнийгээ дуудаж цуглуулав. Номлогчид сууж, бидэнд зааж эхэллээ.

Би анх Сүмд очихдоо дууллын номоос дуулж байгаа нэгэн эмэгтэйн хажууд суусан юм. Анхаарахыг хичээсэн ч би хэрхэн уншихаа мэдэхгүй байлаа. Бас би түүний дуулж байгаа зүйлийг ч ойлгохгүй байв. Би сэтгэлээр унав. “Дахиж л энэ сүмд ирэхгүй юм шүү” гэж би дотроо бодлоо.

Би номлогчдод сүм рүү дахин явахгүй гэдгээ хэлэв. Нэг номлогч “Би таныг энэ Сүмийн гишүүн бол гэж хүчлэхгүй. Гэхдээ би танд үнэнийг хэлье. Энэ Сүмийг үнэн гэдэгт итгэхийг хүсэж байвал энэ номыг уншаарай” гэлээ. Тэр надад Мормоны Номыг өгөв.

Би “Чи надад энэ номыг өгөх хэрэггүй. Би боловсролгүй, бүр хэрхэн уншихыг ч мэддэггүй хүн. Надад наад ном чинь хэрэггүй” гэв.

Харин номлогчид надад “Хүүхдүүд чинь уншиж сурч байгаа. Тэд энэ номыг танд уншиж өгч, та ойлгож болно шүү дээ” гэж хэлсэн юм.

“Би үзээд алдъя” гэж хариулж билээ.

Охин маань Мормоны Номыг надад уншиж өгөх болж, би ч сүмд дахин явж эхэллээ. Сүм дээр нэг эгч над руу ирээд, уншиж, бичиж чаддаггүй хүмүүст зориулсан ангийн талаар надад хэлэв. Тэр нь сайн мэдээний бичиг үсэг сургах анги байсан юм.

Түүнийг “Бидэнд суралцагч хэрэгтэй байна” гэхэд нь би

“Би үнэхээр уншиж, бичиж сурмаар байна. Тиймээс би тэр ангид чинь сууна!” гэж хэлж билээ.

Уг ангид сууснаар би уншиж, бичиж сурч, сайн мэдээний талаар олон зүйл мэдэж авсан. Охин маань ч Мормоны Номоос надад илүү ихийг уншиж өгөх болов. Нэг өдөр би “Энэ бол Бурханы үг. Би үүнийг үгүйсгэж чадахгүй” гэж хэлсэн юм. Би баптисм хүртэхээр шийдэв.

Баптисм хүртсэний дараахан салбарын ерөнхийлөгч надтай утсаар холбогдож, “Гаманга эгч ээ, Сүнс надад таныг Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч болгох удирдамж өглөө” гэж хэлсэн.

“Би таны хэлсэн үгийг ойлгосонгүй. Намайг уншиж, бичиж ч чаддаггүй байтал та намайг дуудаж байгаа юм уу? Ямар утга учиртай юм бэ?” гэж асуув.

Тэр надад би эмэгтэйчүүдийг сүмд урьж, ярилцаж, туслах болно гэж тайлбарласан. “Бурхантай байхад би хийж чадна” гэж би хэлж билээ.

Тэр өдрөөс хойш олон зүйл миний амьдралд тохиолдсон. Би эхлээд хоёр үсэгтэй, дараа нь гурван үсэгтэй үгийг уншиж эхлэв. Гурван үсэгтэй үгнээсээ дөрөв, тав, зургаан үсэгтэй үгс рүү орсон. Энэ нь Халамжийн нийгэмлэгийн ангид заахад надад тусалсан юм.

Ойлгогдохгүй зүйл гарч ирвэл би тусламж хүсдэг байсан. Надад байсан нэг асуудал бол зөв бичгийн дүрэм байв. Би зарим үгийг үсгээр нь дуудаж уншиж чаддаггүй ч хэн нэгний тусламжтай ойлгодог. Зааж байх явцад миний мэдэхгүй үг гарч ирвэл би Халамжийн нийгэмлэгийн эгчээс тусламж авдаг. Би ийм байдлаар ангид хичээлээ заадаг. Тусламж хүсэх болгондоо би илүү ихийг сурч мэддэг.

Сүмд нэгдэхийнхээ өмнө би гараараа нэхсэн хивсээ зарж мөнгө олох гэж хичээдэг байсан ч материал авах мөнгө байдаггүй байсан. Би хүмүүст “Хивс хийлгэмээр байвал материалаа худалдаж аваад ир. Би хийгээд өгье. Хийж дууссаны дараа мөнгөө өгөөрэй” гэдэг байв.

Харин одоо би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд нэгдсэнээр бие даасан байдлын талаар мэдэж авсан. Сүм надад уншиж, бичиж, ярьж, бие даахын тулд ямар нэгэн зүйл хийх тэсвэр тэвчээрийг өгсөн. Би одоо оёдолчин дээр очиж, хувцас хийхдээ хайчлан шалан дээр хаясан өөдөснүүдийг нь гуйж авдаг. Өөдөснүүдийг би багахан мөнгөөр худалдан авч, хивс хийхдээ ашигладаг. Одоо би өмнөхөөсөө хавьгүй ихийг зардаг болсон.

Сүмд нэгдсэнээс хойш миний амьдрал өөрчлөгдсөн. Би хэн ч биш байснаа баатар болсон! Би Есүс Христээр мөн Түүний Сүмээр бахархдаг. Есүс Христийн Хожмын үеийн Гэгээнтнүүдийн Сүмд би маш их талархдаг.

Зураг
Fatu

Фату Есүс Христийн сайн мэдээний ачаар амьдралдаа эерэг өөрчлөлт хийх хүч чадлыг олж авсан. Өөрчлөгдсөн нэг зүйл бол тэр илүү бие даах болсон. Тэр өөрийнхөө болон гэр бүлийнхээ хэрэгцээг хангах боломжоор адислагдсан.

Зураг
Fatu reading to others

Бичиг үсэгт тайлагдсан төдийгүй бие даасан байдлын адислал нь Фатуд сурч мэдсэнээ бусадтай хуваалцах боломжийг олгосон юм.

Зураг
Fatu

Фату үйлчлэх шинэ боломжуудыг хүлээн авснаар түүний Бурханд итгэх итгэл, найдвар өсөн нэмэгдсэн. “Бурхантай байхад би хийж чадна” гэж тэр хэлэв.