2019
Хүүхэд, өсвөр үеийнхэнд тохинуулах нь
2019 оны 12-р сар


Хүүхэд, өсвөр үеийнхэнд тохинуулах нь

Бүх насанд хүрсэн хүн ямар дуудлагатай байхаас үл хамааран тойргийнхоо хүүхэд, өсвөр үеийнхний өсөлт хөгжилд дэмжлэг үзүүлж болно.

Зураг
father and daughters

Биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэг хүн нэг бүрд өөрийн гэсэн онцгой авьяас, бэлэг, хүсэл, сонирхлыг өгсөн. Эдгээр авьяас нь биднийг Есүс Христийг дагахдаа “нэг зүрх сэтгэл мөн нэг оюунтай” болохоор эрэлхийлэхдээ эргэн тойрныхондоо тохинуулах боломжийг олгодог (Мосе 7:18). Үүнд бидний хүүхэд, өсвөр үеийнхэнд чиглэсэн тохинууллын ажлууд ордог.

Хүүхдийн хэсгийн багш, өсвөр үеийнхний удирдагч, тохинуулагч ах, эгч байхаас эсвэл зүгээр л Сүм дээр хүүхэд, өсвөр үеийнхэнтэй харилцдаг гэдгээс үл хамааран танд хүүхэд, өсвөр үеийнхнийг сүнслэгээр өдөөж, урамшуулан дэмжиж, сэтгэлийн дэм өгч, Тэнгэрлэг Эцэгийн хүсдэг тийм хүн болоход нь туслах чадавх бий.

Таны урмын үг, тохинуулал гэрт төвлөрсөн хүчин чармайлтын Сүмээс дэмжсэн хөтөлбөрийн нэгэн хэсэг байж болох бөгөөд эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ өсөлт хөгжлийг удирдан залж, тусалж дэмжих ариун, үндсэн үүрэгтэй гэдгийг бүү март. Эцэг эх нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн биш эсвэл Сүмд идэвх султай байсан ч тэд мөн адил үүрэг хүлээдэг. Тиймээс Сүмийн тэрхүү дэмжлэг ямар байдаг мөн бидний хүн нэг бүр үүнд хэрхэн хувь нэмэр оруулж болох вэ?

Дараах дөрвөн санаа тус болж болох юм. Үүнд:

1. Хүүхэд, өсвөр үеийнхнийг таньж мэд.

Бусдад ямар тусламж хэрэгтэйг мэдэхгүйгээр дэмжлэг туслалцаа үзүүлэх хэцүү. Эргэн тойрны хүүхдүүд, өсвөр үеийнхэн тань ямар зорилгын төлөө ажиллаж, ямар тусламж тэдэнд хэрэгтэй, юу тэдэнд чухал болохыг та сайн мэдэх үү? Нөгөөтээгүүр, бие биенээ дэмжиж туслах боломж гарч ирэхэд нь тэднийг өөр хоорондоо холбогдоход тусалж болохын тулд та тэдний давуу тал, сонирхлыг мэддэг үү?

Жишээлбэл, Гватемалын Жэссика Окампо өөрийн найз Лизбэттийг Залуу эмэгтэйчүүдийн аялалд үйлчлэх зуур хүү Дэвидийг нь харж хандахаар болжээ. Харж хандаж байх явцдаа Дэвидэд туслахын тулд юу хийж болохыг Жэссика асуухад Лизбэтт түүнийг унадаг дугуй унаж сураагүйг нь хэлэв. Жэссика хөвгүүдээсээ тусламж гуйсан ба тэд Дэвидэд унадаг дугуй унахыг заажээ. Тэд мөн Дэвидийг тойргийн сагсан бөмбөгийн багт тоглодог бөгөөд тэмцээнд бэлдэж байгааг нь мэдэж байсан тул нэг өдрийг бэлтгэл хийхэд нь туслан өнгөрөөв. Дэвид тэр нэг өдрийн дотор сагсан бөмбөг илүү сайн тоглож сураагүй байж болох ч түүний хэлснээр “тэд үнэхээр анхаарал халамж тавьдгаа харуулсан” аж. Тэр бас “Унадаг дугуй унаж сурсан бичлэг маань одоо ч гэсэн миний гар утсан дээр байдаг” гэж нэмж хэлсэн юм.

Бусад санаа

  • Сүмийн анги, үйл ажиллагаанаас гадуур хүүхдүүдтэй уулзахдаа эцэг эхийнх нь зөвшөөрлийг авсан байхад анхаар. Хүүхэд, өсвөр үеийнхэнтэй ганцаарчлан уулзахаас зайлсхий. Хүүхдэд дэмжлэг туслалцаа үзүүлж байхдаа эцэг эхийн аль нэгэнтэй нь хамт байх нь хамгийн тохиромжтой. Мөн аюулгүйн арга хэмжээ авахад анхаарлаа хандуулбал зохино.

  • Хүүхэд, өсвөр үеийнхэнтэй мөн тэдний эцэг эхтэй сүм дээр мэндэл. Тэдний нэрийг цээжилж, долоо хоногийн турш ямар байсныг нь асуу.

  • Өөрийн тохинуулж байгаа хүмүүсээс болон тэдний гэр бүлийнхнээс юунд хамгийн баярлаж, юунд хамгийн их санаа зовж мөн юу сонирхдогийг нь асуу. Тэдний юунд бэлдэж байгааг олж мэд. Дараа нь тэдэнтэй ярилцаж, таны зүгээс тэдэнд ямар дэмжлэг туслалцаа үзүүлж болохыг олж мэдэхээр залбир.

2. Авьяасаа хуваалцаж, бусдыг оролцуулж болох харилцаа холбоонуудыг олж хар.

Та бүхий л насаараа ур чадвар, авьяасаа хөгжүүлж ирсэн. Танд янз бүрийн сэдвийн талаарх ойлголт, мэдлэг өгсөн өвөрмөц үйл явдлууд тохиолдож байсан. Та өөрийн авьяас, мэргэн ухааныг хүүхэд, өсвөр үеийнхэнтэй хуваалцаж, өсөж хөгжих төлөвлөгөөнд нь тусалж чадах уу? Та хүссэн өсөлт хөгжилд нь туслах боломж бололцоог олж харахад тэдэнд тусалж чадах уу?

Жишээлбэл, Нигерийн Осунд амьдардаг Олалэкан Бабатундэ хуульч хүн. Гадас нь хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан хөтөлбөрийн анхан шатны туршилтад оролцсон. Энэ нь тойргийнх нь нэг залууг хуульч болоход өдөөснийг мэдээд Олалэкан түүнд тусламжийн гараа сунган, дэмжлэг туслалцаа үзүүлжээ. Олалэкан хуулийн сургуульд ороход бэлтгэхийн тулд юу хийх ёстойг нь хэлж түүнд тусалсан байна.

Украины Киевийн Мариа Вашченко 13 настай хүүгийн хөгжмийн авьяасыг олж харсан эмэгтэйн үзүүлсэн нөлөөг харжээ. Тэр эмэгтэй хүүг нь Украины Киев дэх ариун сүмийн онцгойлон адислах ёслолын өмнөх соёлын үйл ажиллагаан дээр төгөлдөр хуур тоглоход урьжээ. Уг хүү тэр үед хөгжмөө хаях талаар удаан хугацаанд бодсон байсан ч түүний урилгыг хүлээн авсан байна.

“Энэ нь хүүгийн маань амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Концерт маш сайхан байсан! Дараа нь бид хүүдээ одоо хөгжмөө хаяж болно гэж хэлэхэд тэр хаяхгүй гэдгээ бидэнд хэлсэн юм. Тэр хөгжмийн сургуулиа онц дүнтэй дүүргэн, өөр хэд хэдэн хөгжмийг эзэмшиж, дуу, хөгжим бичдэг болж, хамтлаг байгуулсан билээ. Номлолд байхдаа тэр дуу хөгжмийн үйл ажиллагаанууд зохион байгуулж, ариун ёслол дээр хөгжим тоглож, номлогчдын найрал дууг удирдаж, гитар, төгөлдөр хуур тоглохыг сонирхогчдод зааж байсан. Хүүгийн маань авьяасыг хөгжүүлэхэд тусалсан эгчид бид үүрд талархах болно.” Нөлөөлсөн тэр эмэгтэй залуу эрэгтэйн ур чадварыг олж харан, үүнийгээ бусдыг адислахад ашиглахад урьсан юм.

Зураг
young man playing piano

Бусад санаа

  • Хүүхэд, өсвөр үеийнхний нэг үйл ажиллагааны үеэр та өөрийнхөө ур чадварыг зааж өгч эсвэл тэднийг авьяасаа Халамжийн нийгэмлэг, ахлагчдын чуулга дээр хуваалцахыг хүс.

  • Бусдыг өсөж хөгжихөд нь дэмжиж болох өөрийн авьяас болон Сүнсний бэлгүүдийг, уг бэлгүүд нь бусад авьяас чадвартай адил ил харагддаггүй, тухайлбал хүн сонсохдоо сайн гэх мэт бэлэг байсан ч тэдгээрийг тунгаан бодохоор патриархын адислалаа эргэж нэг уншаарай.

  • Хэн нэгний мэдлэг бусдад ашиг тус болж болоход нь дэмжихэд бэлэн байхын тулд та өөрийн болон бусдын хүчтэй талуудыг бичсэн жагсаалт гарга. Энэ нь ялангуяа гэр бүл, тойргийн зөвлөл, өсвөр үеийнхний анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран хийхэд тустай байж болох юм.

3. Сонирхож, урам зориг хайрла.

Хүүхэд, өсвөр үеийнхний амьдралд чухал үйл явдал тохиолдох гэж байвал санаандаа авч, байдлыг олж мэд. Урмын үг бичсэн ил захидал илгээ. Тухайн долоо хоногт төлөвлөсөн ажил нь хэр байсныг асуу. Тэдний өсөлт хөгжилд баярлаж, урам хугарам зүйл болсон ч бууж өгөхгүй байхад урамшуул. Та дэмжиж байгаагаа харуулахын тул бүх нарийн ширийн мэдээллийг мэдэх шаардлагагүй.

Нэг удаа намайг орой эртхэн орондоо орж унтах дадал хэвшлийг өөртөө суулгах гэж хичээж байхад тойргийн нэг гишүүн тэр долоо хоног илүү олон цаг унтаж чадах байх гэж намайг ням гарагт ярьж байхыг сонссон байлаа. Тэр надаас илүү олон цаг унтахын тулд юу хийх бодолтой байгааг маань асуув. Би тэр долоо хоногт ядаж ганц орой товлосон цагтаа унтъя гэж шийдсэн байлаа. “Би дараа долоо хоногт танаас энэ талаар чинь асууна” гэж тэр хэлсэн юм. Түүнийг асууна гэдэгт би итгэж, өгсөн амлалтдаа хүрлээ.

Дараагийн долоо хоногт тэр сүм дээр уулзахдаа, зорилгодоо хүрснийг маань асууж (би ч зорилгодоо хүрсэн байв!), ирэх долоо хоногт дахиад хичээх үү? гэж асуув. Түүнийг надаас асууна гэдгийг мэдэж байсан тул би ч хичээлээ. Дараагийн долоо хоногт тэр надаас долоо хоногт 2 удаа эрт унтах гэж хичээхийг урамшуулсан юм. Харин дараагийн долоо хоногт яана гээч? Тэр надаас гурван хоног эрт унтах амлалтыг авав. Тэр намайг долоо хоног бүр урамшуулснаар би үүнийг бодит дадал хэвшил болгож чадав.

Олон жилийн дараа би муу зуршилдаа эргэж орсон бөгөөд дахин шинээр эхлэх хэрэгтэйгээ мэдэж байсан тул энэ түүхийг сүмийн өөр найздаа ярьж билээ. Тэр надад “Би амлалтдаа хүрэхэд чинь тусалъя” гэж хэлсэн. Тиймээс долоо хоног бүр тэр эрт унтах дадал хэвшилтэй болох хүртэл надаас асууж байхаар болов. Олон жилийн турш гэр бүлийнхэн, найз нөхөд маань нойроо бүтэн авах зорилгод маань тусалж байсан ч тойргийн дотно биш гишүүд хүртэл надад зорилго тавьж, үүндээ хүрэхийн тулд хичээж, урамшуулан дэмжиж, асууж лавлаж байсан хоёр тохиолдол хамгийн үр дүнтэй байж билээ.

Бусад санаа

  • Хувь хүн үзүүлбэрт эсвэл тэмцээнд ур чадвараа үзүүлж байвал уг үйл ажиллагаанд нь оролцож, урамшуулан дэмж.

  • Сүм дээр хэлсэн үг, заасан хичээл, боловсруулахад тусалсан үйл ажиллагаа, оролцсон үйлчлэлийн төсөл эсвэл хичээл сургууль дээр гаргасан амжилт ололт гэх мэт бусдын өсөлт хөгжлийг олж харан, гаргасан хүчин чармайлтыг нь магтан сайшаа. Таны үгс хүнд хэцүү үед ч тавьсан зорилгодоо хүрэхийн тул үргэлжлүүлэн хичээхэд тэдэнд чухал түлхэц өгч болох юм.

  • Хэрэв та үр хүүхдүүддээ шинэ ур чадварт суралцахад нь туслах үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа бол, ялангуяа энэ нь тавьсан зорилготой нь холбоотой бол, үйл ажиллагаанд бусдыг урьж оролцуулахыг бод.

4. Ариун Сүнсний удирдамжийг дага

Юуны түрүүнд Ариун Сүнсийг эрэлхийл. Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёр таны хүчтэй талыг мөн бусдын хэрэгцээг сайн мэддэг. Тэд амьдрал дахь хүүхдүүд, өсвөр үеийнхнийгээ адислах таны чадавхыг мэднэ. Та тэр хүмүүсийг хэрхэн дэмжиж, адисалж болохоо мэдэхийн тулд залбир. Тэгээд итгэлээр үйлд. Сүнс таны гайхамшгийг авчрахын тулд гаргаж буй жижиг хийгээд энгийн хичээл зүтгэлийг удирдан чиглүүлэх болно (Алма 37:6-г үзнэ үү).

Аврагчийн “нэг зүрх сэтгэл мөн нэг оюунтай байх” (Мосе 7:18) урилга залуу хөгшин гэлтгүй биднийг Аврагчтай адилхан болж, Түүний арга замыг дагахаар хичээж чармайхдаа нэгдмэл байхад урьдаг. Бид хүүхэд, өсвөр үеийнхэнд тохинуулж, өсөж, хөгжихөд нь туслахыг эрэлхийлэхдээ хариуд нь өөрсдөө тэр хэрээр өсөж хөгжиж байгаагаа олж мэддэг.

Бусад санаа

  • Ариун Сүнстэй байнга нѳхѳрлѳхүйц зохистой байхаар амьдар.

  • Долоо хоног бүр өөрсдийн хүүхдүүдийн болон хамаатан садан, тойрог, орон нутгийнхаа хүүхэд, өсвөр үеийнхний өсөлт хөгжилд хэрхэн тусалж болохоо тунгаан бодох цаг гарга.

  • Хувийнхаа өсөлт хөгжил дээр ажиллахдаа Сүнсэнд найд. Алдаанаасаа суралцаж, өсөж хөгжих, Ариун Сүнсийг эрэлхийлэх зэрэг нь өсөж хөгжих явцад тань тусална.