2020
Тэр биднийх хэвээр
2020 оны 10-р сар


Тэр биднийх хэвээр

Нөхөр бид хоёр лацдан холбогдох гэж байсан ч ариун нандин ёслол нь бид хоёроос хавьгүй том зүйл байлаа.

Зураг
photo of baby and temple

Зураг чимэглэлийг Иошуа Дэннис

Долоон жил үр хүүхэд заяахыг найдаж, хүлээсний дараа нөхөр бид хоёр охинтой болж адислагдав. Алис бидний амьдралын гэрэл гэгээ байсан бөгөөд тавхан сар амьдарсны эцэст уушгины хатгалгаагаар нас барсан юм.

Энэ бол миний амьдралд учирч байсан хамгийн хүнд цохилт байлаа. Өдөр болгон би ажлаасаа гэртээ ирээд уйлдаг байсан. Хадмууд маань надтай ярилцаж, сэтгэлийн дэм өгдөг байв. Дахин үр хүүхэдтэй болгож өгөөч хэмээн би залбирсан ч болохгүй л байлаа. Би уй гашууд автав.

Хадмын талынхан нөхөр бид хоёрыг Фижи Сува ариун сүм рүү яв хэмээн урамшуулах болов. Би ариун сүмд огт орж байгаагүй бөгөөд энэ бол итгэл найдвар олох, сэтгэлийн шархаа эдгээх хамгийн сайн арга зам юм байна гэж бид шийдсэн.

Тэр өдөр мэдрэгдсэн зүйлд би бэлтгэгдээгүй байсан! Нөхөр бид хоёр мөнхөд лацдан холбогдоно гэдгийг би мэдэж байв. Энэ мэдлэг намайг талархал, хайр энэрлээр дүүргэдэг байсан юм. Гэхдээ энэхүү ариун нандин ёслол нь бид хоёроос хавьгүй том зүйл байлаа.

Ариун сүмд орсноор Алис бидэнтэй лацдагдан холбогдоно гэдгийг би мэдэж авсан. Энэ нандин сургаалын талаар олж мэдээд, баярын нулимс асгарч билээ. Охин минь үүрд биднийх байх болно! Бурхан биднийг аз жаргалтай байхад хэрэгтэй бүхнийг өгсөн гэдгийг би гэрчилж байна.

Тэр цагаас хойш олон жил өнгөрч, нөхөр бид хоёр нэг хүү болон үрчлэн авсан гурван хүүхдээр адислагдсан. Гэсэн ч бид Алисыг мартаагүй. Ариун сүмийн ёслолын ачаар охин маань үүрд гэр бүлийн маань нэгэн хэсэг болсон юм.

Хүүхдээ алдсан хүнтэй уулзах бүрдээ би тэдний зовлон шаналлыг мэдэрдэг. Гэхдээ би бас зовлон шаналал дуусахгүй гэдгийг мэднэ. Алисыг алдаж, бусад зовлон бэрхшээлийг туулснаар би Бурхан надад туслахад бэлэн байдгийг мэдэж авсан. Аливаа зүйлд урам хугарч эсвэл гомдол гаргахад Бурхан үргэлж надад туслахад бэлэн байдгийг би мэднэ.

Би Алистайгаа дахин уулзана гэдгээ мэдэх бөгөөд энэ үнэн одоо ч гэсэн нөхөр бид хоёрын сэтгэлийг асар их баяр баясгалангаар дүүргэдэг.