2020
Цуглааны байрууд—Хүндэтгэл үзүүлж, шүтэн бишрэх газар
2020 оны 10-р сар


Цуглааны байр—Хүндэтгэл үзүүлж, шүтэн бишрэх газар

Бидний цуглааны байранд Их Эзэний Сүнс оршдог ба бид Түүний өмнө хүндэтгэлтэй байх юм бол энэ нь биднийг сүнслэгээр өдөөх болно.

Зураг
family sitting in sacrament meeting

Нэгэн итгэлтэй хамтран ажилладаг хүн маань гадасны чуулганы дараа гадасны төвийг цэвэрлэж цэгцлэх, сандал хураах үүрэг даалгавраа биелүүлж байхад тохиолдсон нэгэн явдлын талаар надтай хуваалцсан юм. Энэ үүрэгт ажлаа 30 минут хийсний дараа тэр байранд ганцаараа үлдсэн байгаагаа мэджээ. Ганцаардан, явах гэж яарахын оронд чуулганы үеэр мэдэрсэн тэрхүү сайхан амгалан мэдрэмж нь түүнтэй үлдэж, улам бүр нэмэгдэж байгааг тэр анзаарав.

Тэрээр үүрэгт ажлаа хийж дуусган, цуглааны байраас гарахдаа, өөрийг нь анхааралтай ажиглаж байгаа бололтой нэг гишүүнтэй тааралдлаа. Найзын маань хийсэн ажлыг харсан тэрээр түүний гараас барин, “Ах аа, Их Эзэн таны Өөрт нь зориулан хийдэг жижиг зүйлсийг хардаг бөгөөд таныг дээрээс харж, инээмсэглэж байгаа” гэж хэлжээ.

Олон жилийн дараа бишопоор үйлчилж байхдаа миний нөгөө найз тойргийн цуглааны байрандаа бас л ганцаар үлдсэнээ мэдэв. Цуглааны байрын гэрлийг унтраасныхаа дараа тэр хэсэг хугацаанд амсхийн, сарны гэрэл цонхоор индэр өөд тусахыг харлаа.

Нөгөө л танил амар тайван мэдрэмж нөмрөн авч, тэр цуглааны байрын үүдэнд суугаад, санваартан ариун ёслолын талх хувааж байхыг олон удаа харснаа, тойргийн чуулган дээр үг хэлж байхад Ариун Сүнс хэрхэн хамт байгааг мэдэрснээ болон хөтөлсөн баптисмын ёслол, сонссон найрал дууны сайхан хөтөлбөр, зүрх сэтгэлийнх нь гүнд хүрсэн тойргийн гишүүдийн гэрчлэл зэрэг энэ орчинд байхад түүнд тохиолдсон үй олон ариун нандин цаг мөчөө эргэцүүлэн боджээ. Тэрхүү харанхуй цуглааны байранд тэрээр ганцаар суухдаа, тэдгээр бүх туршлагын өөрийнх нь болон тойргийн гишүүдийнх нь амьдралд үзүүлсэн нөлөөг мэдрэн, толгойгоо бөхийлгөн гүн талархал илэрхийлж байв.

Хамгийн ариун газар бол ариун сүм, гэр орон гэдгийг найз маань мэргэн ухаанаар, зөв заалгасан байсан ч дээр өгүүлсэн хоёр үйл явдлаар дамжуулан цуглааны байрын ариун нандин мөн чанарыг ухааран ойлгосон байна. Эдгээрийг санваарын эрх мэдлээр онцгойлон адисалдаг тул эдгээр байр Их Эзэний илчлэлтүүдийг хүмүүсийнхээ дээр юүлж, энд хийгддэг ёслолуудын “бурханлиг чанарын хүч илэрхийлэгддэг” орчинг бүрдүүлдэг юм (Сургаал ба Гэрээ 84:20-ийг үзнэ үү).

Цуглааны байр нь гэр оронтой хамт итгэлтэй гэгээнтнүүдийн Хүндэтгэлийн өдөр мэдэрнэ хэмээн амласан баяр баясгаланг авчирдаг. Энэ нь гишүүдийн эв нэгдэлтэй бишрэн шүтэхэд зүрх сэтгэлийг нь “эв нэгдэл хийгээд нэг нэгнийхээ зүг хандсан хайранд нэгтгэ[дэг]” (Мозая 18:21) газар болдог. Цуглааны байраар дамжуулан бидэнд халгин ирэх сүнслэг адислалдаа зохих ёсоор талархаж, хүндлэл үзүүлэхийн тулд бид эдгээр бишрэн шүтэх газарт гүн гүнзгий бишрэл хүндэтгэлтэй орох ёстой.

Зураг
taking the sacrament

Бишрэл хүндэтгэлийн утга учир

Манай өнөөгийн Сүмийн соёлд бишрэл хүндэтгэл гэсэн үг намуун дөлгөөн гэсэн үгтэй адил утгаар хэрэглэгддэг. Хэдийгээр цуглааны байранд зөөлөн намуухан дуугаар ярих нь зүй зохистой ч ийм хязгаарлагдмал өнцгөөс бишрэл хүндэтгэлийг харах нь энэ үгийн утгыг бүрэн гүйцэд илэрхийлж чадахгүй. Бишрэл хүндэтгэл нь revereri хэмээх “хүндлэх”1 гэсэн утгатай латин үгээс гаралтай. Аврагчийн бидний хүн нэг бүрд хийсэн зүйлсийн талаар чин сэтгэлээсээ эргэцүүлэн бодох үед бодгалийн маань мэдрэмжийг уран сайхнаар тайлбарлах үүнээс өөр ямар нэр томьёо байх билээ дээ?

Цуглааны байрандаа бидний дуулдаг сайхан дууллын “Би Есүсийн хайранд өлгийдөгдөн гайхширч байна”2 хэмээх үг миний санаанд орж ирж байна. Энэхүү гүн гүнзгий талархал, магтаал, гайхширал зэрэг мэдрэмж бол бишрэл хүндэтгэлийн амин чухал хэсэг бөгөөд энэ нь өөрсдийн болон бусдын доторх эдгээр мэдрэмжийг багасгах үг хэл ашиглах, үйлдэл хийхээс зайлсхийхэд биднийг өдөөдөг.

Зураг
woman at pulpit

Индэр дээрх эмэгтэйн гэрэл зургийг Тиффани Милоан Тонг

Цуглааны байр ба Хүндэтгэлийн өдөр

Хүндэтгэлийн өдрийн шүтлэг бишрэлийн маань чухал хэсэг бол “залбирлын өргөөнд очиж, Их Эзэний ариун өдөрт ариун ёслолуудаа өргөх” (Сургаал ба Гэрээ 59:9) явдал болохыг бид орчин үеийн илчлэлтээс мэдэж авсан. Хүндэтгэлийн өдөр цуглардаг “залбирлын өргөө[нүүд]” нь бидний цуглааны ариун байрууд юм.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидний Аврагчаа гэх бишрэл хүндэтгэл, Хүндэтгэлийн өдрийн талаарх бидний мэдрэмж хоёрын нягт уялдаа холбоог илүү сайн ойлгоход тусалсан. Ерөнхийлөгч Нэлсон Хүндэтгэлийн өдрийг сахихад тохиолдсон өөрийн туршлагын талаар хуваалцахдаа “Хүндэтгэлийн өдөрт хэрхэн биеэ авч явах байдал, хандлага маань Тэнгэрлэг Эцэг бид хоёрын хоорондын бэлгэ тэмдэг юм байна гэдгийг би судруудаас мэдэж авсан”3 хэмээн хэлжээ.

Бидний Хүндэтгэлийн өдөр биеэ авч явах байдал, хандлага Их Эзэнд хэр үнэнч байгааг маань харуулдгийн адил Түүний залбирлын өргөөнд бидний биеэ авч явах байдал, хандлага, бүр хувцасласан хэв маяг Аврагчид үзүүлдэг бишрэл хүндлэлийн маань түвшинг бас харуулдаг.

Зураг
people sitting in sacrament meeting

Цуглааны байр ба ёслол

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд энэ ухагдахууны талаарх бидний ойлголтыг тэлсэн. Тэрээр ийн тунхаглажээ.

“Гэр оронд илүү төвлөрсөн сайн мэдээний зааварчилгаанд цаг гаргахын зэрэгцээ манай өөрчлөгдсөн Ням гаргийн цуглаан нь Их Эзэний зоогон дээрх ариун ёслолыг бидний долоо хоног тутмын шүтлэг бишрэлийн ариун нандин, хүлээн зөвшөөрөгдсөн гол хэсэг гэдгийг … онц[олдог]. Христ бүх хүн төрөлхтний гэм нүгэл, уй гашууг ганцаараа үүрснээр зүрх сэтгэл нь эмтэрч нас барсан гэдгийг бид аль болох хувьдаа дор бүрнээ санах ёстой.

Бид тэрхүү аминд хүрсэн ачаа дарамтад хувь нэмэр оруулсны хувьд ийм цаг мөчийг хүндлэх ёстой.”4

Аврагчид хүндлэл үзүүлэх энэхүү эрхэм дээд цаг мөчид зориулан товлосон газар бол цуглааны байр гэдгийг санах нь чухал. Долоо хоногийн ариун ёслолын үеэр бидний мэдэрдэг бишрэл хүндэтгэлээс гадна хүүхдийг нэрлэж, адислах, баптисм хүртээж, гишүүнээр батлах, санваарт томилох, дуудлагад онцгойлон адислах зэрэг цуглааны байранд гүйцэтгэдэг санваарын ёслол, адислалуудыг эргэцүүлэн бодоход бидний биширч, хүндэтгэх мэдрэмж өсөн нэмэгддэг. Хэрэв оролцож байгаа болон хүрэлцэн ирсэн хүн бүр бишрэл хүндэтгэлтэй байдлаар ирэх юм бол эдгээр ёслол, адислал бүр Ариун Сүнсийг юүлэн авчрах боломжтой.

Зураг
missionaries in chapel

Жэймс Ллифф Жэффригийн гэрэл зураг

Цуглааны байр ба бишрэл хүндэтгэл

Хүндэтгэлийн өдөр нь бидэнд гэртээ болон ариун ёслол, бусад цуглааны үеэр хамтдаа суралцахдаа Их Эзэнийг шүтэн бишрэх боломжийг олгодог. Сүмийн эхэн үеэс л гэгээнтнүүд хамтдаа цагийг өнгөрүүлж, ахан дүүсийн барилдлага тогтоодог байсан. Манай цуглааны байруудад долоо хоногийн дундуур ийм үйл ажиллагаануудыг явуулахад зориулсан орон зай хүртэл гаргаж өгсөн байдаг. Гэхдээ бид эдгээр барилгын үндсэн зорилгыг, тухайлбал эдгээр нь шүтэн бишрэх орон газар юм гэдгийг хэзээ ч мартах ёсгүй.

Шүтэн бишрэх, бишрэн хүндэтгэх хоёр хоорондоо нягт уялдаа холбоотой. “Бид Бурханыг шүтэн бишрэхдээ хайраар, даруу төлөв, хүндэтгэлтэй ханддаг. Бид Түүнийг өөрсдийн сүр жавхлант эзэн хаан, дэлхий ертөнцийг Бүтээгч, бидний хайрт, хязгааргүй хайраар дүүрэн Эцэг хэмээн хүлээн зөвшөөрдөг.”5

Биднийг олон нийтийн эсвэл спорт, зугаа цэнгэлийн үйл ажиллагаанд оролцож байгаа үед ч шүтлэг бишрэлийн энэхүү гол зорилго цуглааны байранд биеэ авч явах байдалд маань нөлөөлдөг. Сүмийн үйл ажиллагаанаас үүдэлтэй аливаа барилга байгууламжид үүсэх эмх цэгцгүй байдал, хог хаягдал, эвдрэл гэмтлийг аль болох багасгахын тулд ихээхэн анхаарал хандуулах ёстой бөгөөд ийм тохиолдол гарвал цаг алдалгүй цэвэрлэж, засаж янзлах арга хэмжээ авах хэрэгтэй.

Хүүхэд, өсвөр үеийнхэнд цуглааны байранд бишрэл хүндэтгэлтэй байж, арчилж хамгаалах талаар Ням гаргийн цуглаануудаас бусад үед ч мөн заах хэрэгтэй. Цуглааны байрыг цэвэрлэх гишүүний оролцооны хөтөлбөр нь, ялангуяа эцэг эхчүүд үр хүүхдүүдтэйгээ оролцох нь ариун нандин байр байгууламждаа хүндэтгэлтэй хандаж сургах гайхалтай сайхан арга зам юм. Цуглааны байраа арчилж хамгаалах үйлдэл нь өөрөө шүтлэг бишрэлийн үйлдэл ба Их Эзэний Сүнсийг урин авчирдаг гэдгийг гадасны чуулганы дараа гадасны төвөө цэвэрлэж, цэгцэлсэн найзын маань туршлагаас харж болно.

Зураг
woman cleaning door to the chapel

Гадна зогсож буй гишүүдийн гэрэл зургийг Массимо Крисионе

Цуглааны байр ба Аврагч

Ерөнхийлөгч Нэлсоны бошиглолын удирдамжийн дагуу Есүс Христийн Сүмийг дурдах бүрдээ Түүний нэрийг ямар ч үед орхихгүй байх тухайд дорвитой хүчин чармайлтууд гарч байгаа. Үүнтэй адил бид ч гэсэн Аврагчийг өөрсдийн шүтлэг бишрэлийн төвөөс, тухайлбал шүтлэг бишрэлийн газраасаа холдуулахгүй байх ёстой.

Бид ариун сүмийг Их Эзэний өргөө хэмээн дуудаж заншсан бөгөөд энэ нь зөв бөгөөд чухал тодорхойлолт юм. Хэдий тийм боловч бид цуглааны байр бүрийг Их Эзэний Сүнс оршдог, Сүмийн гадна болон дотор байх Бурханы хүүхдүүд “Гэтэлгэгчийнхээ мэдлэгт ир[эх]” (Мозая 18:30) боломж олгодог газар хэмээн санваарын эрх мэдлээр онцгойлон адисалсан гэдгийг мартчихдаг тал ажиглагддаг.

Аврагчийг болон Түүний мөнх бус амьдралын болон мөнх бус амьдралын дараах үйл явдлуудыг дүрсэлсэн уран зургаар цуглааны байруудаа чимэглэх тухай саяхан зарласан санаачилга нь бидний мэлмий, оюун ухаан, зүрх сэтгэлийг Түүн рүү хандуулах зорилготой юм. Залбирлын эдгээр өргөөнд цуглаан, үйл ажиллагаанд оролцохоор орж ирэхдээ ариун зургуудын өмнө түр зогсож, ажиглан харж, эргэцүүлэн бодох мөн үр хүүхдүүдтэйгээ хамт зургуудыг харж, Бурханыг шүтэн биширч, илүү их бишрэн хүндэтгэдэг болгох боломжийг тэдэнд олгоорой хэмээн бид урьж байна.

Хуучин Гэрээний бошиглогч Хабаккук “Харин ЭЗЭН ариун сүмдээ заларсан байдаг. Бүх дэлхий Түүний өмнө дуугүй байх болтугай” (Хабаккук 2:20) хэмээн тунхагласан билээ. Бид ч гэсэн Их Эзэний Сүнс бидний цуглааны байранд оршдог бөгөөд энэ нь өөрсдийн биеийг Түүний өмнө хүндэтгэлтэй авч явах хэмжээнд хүртэл хүн нэг бүрийн зүрх сэтгэлд нэвтрэн орно гэдгийг мөн адил санах болтугай.

Эх сурвалж

  1. “Revereri,” Lexico Powered by Oxford, lexico.com.

  2. “Би гайхширна,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, ху. 22.

  3. Рассэлл М.Нэлсон, “Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 122.

  4. Жэффри Р.Холланд, “Бурханы хургыг харагтун,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51.

  5. Дийн М.Дэйвийс, “Шүтлэг бишрэлийн адислал,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 85.