2021
Бурхан бидэнд баптисм хүртэхийг зарлигласан
2021 оны 2-р сар


“Бурхан бидэнд баптисм хүртэхийг зарлигласан,” Лиахона, 2021 оны 2-р сар

Сар бүрийн Лиахонагийн захиас, 2021 оны 2-р сар

Бурхан бидэнд баптисм хүртэхийг зарлигласан

Есүс Христ Бурханы эрх мэдэлтэй хүнээр баптисм хүртээлгэх үлгэр жишээг үзүүлсэн.

Бидэнд Есүс Христийн хувийн амьдралын талаар дэлгэрэнгүй мэдээлэл тийм ч их байхгүй ч Түүнийг 30 орчим насандаа баптисм хүртсэн гэдгийг бид мэднэ (Лук 3:23-ыг үзнэ үү). Түүний үлгэр жишээнээс баптисм хүртэх талаар бидний сурч мэдсэн зарим зүйлийг энд дурдав.

Хүн бүрд зориулсан

Тэнгэрлэг Эцэг биднийг зөв, бурууг ялгах насанд хүрч, төлөвшсөн үедээ баптисм хүртээсэй гэж хүсдэг (Сургаал ба Гэрээ 18:42-ыг үзнэ үү). Есүс төгс төгөлдөр байсан ч Бурханы зарлигуудыг дагахын тулд баптисм хүртэхийг сонгосон юм (Матай 3:13–17; 2 Нифай 31:7-г үзнэ үү). Нас барсан хүмүүс ч баптисм хүртэх боломжтой. Бид ариун сүмд тэдний төлөө баптисм хүртэх замаар тэдэнд ийм боломж олгодог. (Сургаал ба Гэрээ 128:15–18-ыг үзнэ үү.)

Зураг
Баптисм

Эрх мэдлээр гүйцэтгэдэг

Есүс жирийн нэг хүнээр баптисм хүртээлгээгүй. Тэрээр Их Эзэний санваарын эрх мэдэлтэй, үеэл Иохан дээрээ очсон. Есүс нас барж, шавь нар нь амиа алдсаны дараа уг санваарын эрх мэдэл дэлхийгээс алга болжээ. Дараа нь 1829 онд Иохан Баптист Иосеф Смитэд үзэгдэж, Их Эзэний нэрээр баптисм хүртээх эрх мэдлийг түүнд өгсөн юм. Энэхүү сэргээлтийн ачаар бид өнөөдөр тэрхүү эрх мэдлээр баптисм хүртэх боломжтой болсон.

Зураг
Аароны санваарыг сэргээсэн нь

Хоёр талын амлалт

Баптисм хүртэхэд Бурхан болон бидний хооронд хоёр талын амлалт буюу гэрээ байгуулагддаг. Бидний амлалт:

  1. Христийн нэрийг өөрсөд дээрээ авах

  2. Үргэлж Түүнийг санах

  3. Түүний зарлигуудыг дагах

Үүний хариуд Бурхан бидэнтэй Өөрийн Сүнсийг үргэлж хамт байлгах болно гэж амладаг. Ариун ёслолын залбирлын үгс бидэнд энэ гэрээг долоо хоног бүр сануулдаг. (Сургаал ба Гэрээ 20:77, 79-ийг үзнэ үү.)

Зураг
Ариун ёслолын цуглаанд оролцож байгаа гэр бүл

Ариун Сүнсийг хүлээн авах нь баптисмын чухал хэсэг

Есүсийг баптисм хүртсэний дараа Ариун Сүнс тагтаа хэлбэрээр хүрч ирсэн (2 Нифай 31:8-ыг үзнэ үү). Өнөөдөр хүмүүс баптисм хүртсэнийхээ дараа гишүүнээр батлуулдаг. Энэ нь тэд сүнслэг байдлын хувьд ариусгагч Ариун Сүнсний бэлгийг авахаар уригдах онцгой адислалыг хүлээн авч буй гэсэн үг юм (2 Нифай 31:17-г үзнэ үү). Ариун Сүнс биднийг аюулаас сэрэмжлүүлж, тайтгаруулан, зөв шийдвэр гаргахад чиглүүлж, Бурханы хайрыг мэдрэхэд тусалж чадна (Сургаал ба Гэрээ 39:6-г үзнэ үү).

Зураг
Гишүүнээр батлуулж байгаа эмэгтэй

Бид ямар ч үед наманчилж болно

Бурхан биднийг алдаа гаргана гэдгийг мэдэж байсан. Бид хэчнээн их хичээсэн ч гэсэн нүгэл үйлдэж, баптисмын амлалтуудаа үл биелүүлэх явдал гарсаар байх болно. Иймд Тэр бид бүхэнд наманчлах боломж олгодог. (Сургаал ба Гэрээ 18:13-ыг үзнэ үү.) Бид уучлалт гуйж, алдаа дутагдлаа засахын тулд өдөр бүр чадах бүхнээ хийж чадна. Бид залбирч, Бурханаас өршөөл гуйж болно. Дараа нь бид ариун ёслолоос даруу зүрх сэтгэлтэйгээр хүртэхдээ Ариун Сүнстэй байх боломжтой болно (3 Нифай 18:11-ийг үзнэ үү).

Зураг
Орны хажууд залбирч буй эмэгтэй

Баптисм хүртэх талаар судруудад юу гэж бичсэн байдаг вэ?

Эцэг эхчүүд хүүхдүүдээ баптисм хүртэхэд нь бэлдэх ёстой (Сургаал ба Гэрээ 68:25-ыг үзнэ үү).

Найман нас хүрээгүй хүүхэд баптисм хүртэх шаардлагагүй (Моронай 8-ыг үзнэ үү).

Бид баптисм хүртэхдээ “гашуудах тэдний хамт гашуудах; … тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад, мөн ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж зогсоно“ (Мозая 18:9) гэж амладаг.