2022
Тусламжийн гараа сунгах зоригтой бай
2022 оны 7, 8-р сар


“Тусламжийн гараа сунгах зоригтой бай,” Лиахона, 2022 оны 7, 8-р сар.

Тохинууллын зарчим

Гараа сунгах зоригтой бай

Хэрэв бид айдсаа даван туулж чадвал, Бурхан биднийг өөрчлөлт хийхэд ашиглах болно.

Зураг
Хоорондоо ярин, инээмсэглэж байгаа хоёр залуу

Итгэгчдийн хувьд бид энэ цаг үед, бүр тохинуулах туршлагадаа ч агуу зоригтой байх хэрэгтэй. Жон (нэрсийг өөрчилсөн) тойргийн цуглаанд огт ирдэггүй Петр хэмээх гишүүнд тохинуулахаар хуваарилагджээ. Жон Петртэй урьд нь уулзаж байгаагүй ба түүний амьдралыг мэддэггүй учраас түүн дээр очихоос эмээж байлаа. Жон “хайрлах, хуваалцах, урих” зөвлөгөөг санаад, удирдамж гуйн залбирсан ба Петртэй хамгийн түрүүнд үнэн сэтгэлээсээ нөхөрлөхөөр шийдэв. Тэр Петрийг таньж мэдэхийн тулд ойр ойрхон зочилж, утсаар ярин, хааяа өглөөний цай уух зэргээр цагийг хамт өнгөрөөдөг болов. Жон Петрийг сайн мэддэг болсон ба Петр нөхөрлөлдөө итгэх болжээ. Петр тусламж хэрэгтэй үед Жон руу ханддаг болсон ба Жон ч баяртайяа тусалдаг байв.

Нэгэн өдөр Жон Петрийг сүмд буцаж ирэх урилгад бэлэн байж магадгүй гэж мэдэрчээ. Тэрээр айлчилж очих үеэрээ энэхүү санаагаа энгийнээр илэрхийлэв. Петр хэсэг дуугаа хураасныхаа дараа, “Би 17 жил сүмд яваагүй шүү дээ. Гэхдээ би очъё гэж бодож байна” гэж хариулав. Петрийг Сүмд ирэхэд Жон түүнийг угтахаар мөн хамтдаа суухаар хүлээж байв. Жон анх төрсөн айдсаа даван туулж чадсандаа талархаж байлаа. Хичээж чармайсны үр дүнд хоёулаа жинхэнээсээ нөхөрлөх болсон ба энэ нь тэдний амьдралыг адисалсан юм.

Бат зогсоцгооё

Зураг
Естер хааны өмнө зогсож байгаа нь

Естер хааны өмнө зогсож байгаа нь, Минэрва Тэйхэрт

Хуучин Гэрээн дэх Естерийн түүх (Естер 1–10-ыг үзнэ үү) олон зарчим заадаг боловч эр зоригийн түүх гэдгээрээ алдартай. Естер бол хааны хатнаар сонгогдсон залуухан иудей эмэгтэй ба ард түмнээ аврахын тулд амь насаа эрсдэлд оруулан агуу эр зоригийг харуулсан юм.

Хуйвалдааны улмаас хаан хууртагдаж, хаант улс дахь бүх иудей хүнийг алах зарлиг буулгажээ. Естер хааны бодлыг өөрчлөх цорын ганц боломж байж болох агуу итгэл шаардсан нэгэн төлөвлөгөөг бодов.

Тухайн үеийн заншлаар урилгагүйгээр хаан дээр очих нь цаазаар авах ялд хүргэж болохоор байв. Гэвч тэр төлөвлөгөөгөө биелүүлэхээр зориглож, ард түмнээ өөртэйгөө хамт мацаг барихыг хүссэн (Естер 4:16-г үзнэ үү). Тэрээр бусдын төлөөх зоригтой үйлдлээрээ хааныг зарлигаа өөрчлөхийг ятгаж чадсан юм. Естерийн болон ард түмнийх нь залбирал хариулагджээ.

Бид Естерийн эр зоригийн үлгэр жишээг тохинуулалдаа, тухайлбал хэн нэгнийг таньж мэдэх айдсаа орхин, сорилт бэрхшээлүүдийг давахад нь тэдэнд туслах үедээ дагаж чадна.

Анхаарч үзэх зарчмууд

Хэрэв бид тохинуулж байхдаа тав тухгүй байвал юу хийж болох вэ?

  • Жон Бурханы удирдамжийг гуйн залбирсан. Бурханы тусламжтайгаар бид айдсыг даван туулж чадна (Дуулал 34:4-ийг үзнэ үү).

  • Бид бас бусдыг хайрлах Их Эзэний хайрыг мэдрэхийн тулд залбирч болно. “Төгс хайр нь айдсыг хөөн зайлуулдаг” (1 Иохан 4:18).

  • Бид Естерийн адилаар үйлдэх итгэлээ хүчирхэгжүүлэхийн тулд мацаг барьж, залбирч чадна (Естер 4:3-ыг үзнэ үү).

  • Бид гэрээгээ сахих үед хүч оршдог гэдэгт итгэж болно (Сургаал ба Гэрээ 110:9-ийг үзнэ үү). Гэрээнийхээ дагуу амьдрах нь Түүний тусламжийг хүлээн авах боломжийг бидэнд олгодог.

  • Бид мацаг барьж, Их Эзэний бидэнд өгсөн амлалтуудыг зүрх сэтгэлдээ чандалснаар итгэлээ хүчирхэгжүүлж чадна. Дэд хууль 31:6; Исаиа 41:10; 2 Тимот 1:7; Сургаал ба Гэрээ 6:33 зэрэг шүлгүүд дэх амлалтуудыг тунгаан бод.

Бид юу хийж чадах вэ?

Гараа сунгах зоригтой бай. Хэн нэгэнтэй танилцах эсвэл тэдний амьдралыг адислах аливаа зүйлд урихын алинд нь ч Бурхан танд туслах болно.