2022
Их Эзэний удирдамжаар
2022 оны 7, 8-р сар


“Их Эзэний удирдамжаар,” Лиахона, 2022 оны 7, 8-р сар.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Их Эзэний удирдамжаар

Би зовлон бэрхшээл дунд ч хэцүү зүйлийг хийж чадна гэдгээ мэдсэн.

Зураг
Сувилагч өвчтөнд тусалж байгаа нь

Зургийг Стэфани Хокк

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин дэх мэдээгүйжүүлэлтийн сувилагчийн хувьд би КОВИД-19 цар тахал Нью-Йорк хотод ид дэгдэх үеэр тус хотын Жэйкоб К.Жавиц төв дэх яаралтай тусламжийн явуулын эмнэлэгт дайчлагдан, тэргүүн эгнээнд эмнэлгийн тусламж үзүүлэхээр хуваарилагдсан юм.

Үүргээ гүйцэтгэж эхэлтэл, олон санаа зовоосон асуудал толгойг минь дүүргэв. Ялангуяа өвчтөнүүдийг асрах болон эрүүл мэндийг доройтуулсан энэ вирусын эсрэг тэмцэхдээ санаа минь зовниж байв.

Би “хийвэл зохих зүйлүүдийг урьдаас мэдэхгүй байсны учир Сүнсэнд хөтлөгдөн” (1 Нифай 4:6) байсан Нифайн адил байлаа. Энэ бодол намайг Тэнгэрлэг Эцэгт итгэж, Түүний дуу хоолойг сонсон, заавруудыг нь дагаж, өвчтөнүүдээ бүх чадлаараа асрахын тулд байнга залбирахад тусалсан юм.

Анхны шөнөө тусламж үзүүлж байтал нэг өвчтөний биеийн байдал хүнд байгаа нь тогтоогдов. Бид түүний биеийг үзэж эхлэх үед тэр зөвхөн испани хэлээр ярьж чаддаг болохыг би төвөггүйхэн олж мэдсэн юм. Би Венесуэлд номлолд үйлчилж байхдаа испани хэл сурсан ба тэр эмнэлэгт испани хэлээр ярьдаг цорын ганц хүн нь би байв.

Намайг өвчтөнтэй ярьж эхлэхэд тэр бүх зүйл хэвийн болох эсэхийг асуув. Би түүнд боломжит хамгийн сайн тусламжийг үзүүлж байгаа гэж хэлээд түүнийг тайвшрууллаа. Би түүний харцнаас итгэл, тайтгарлыг мэдэрсэн. Шөнийн турш би түүний орны дэргэд байнга очиж, үзлэг хийж, мэдээлэл өгдөг байв. Хэдхэн хоногийн дотор түүний биеийн байдал эрс сайжирч, эмнэлгээс гарсан.

Би тэнд ажиллах хугацаандаа испаниар ярьдаг олон өвчтөнтэй уулзсан. Тэдэнтэй ярилцах чадвартай байсан минь тэднийг эдгэрэх явцад тайвшрал, баталгаа өгсөн. 

Өвчтөнүүддээ хамгийн сайн тусламж үзүүлэхийн тулд тэнгэрлэг удирдамж эрэлхийлсэн энэ туршлагынхаа талаар эргэцүүлэн бодох үед Далын ахлагч Брүк П.Хэйлсийн зөвлөгөө санаанд минь ордог. Тэрээр Тэнгэрлэг Эцэг “бидний өдөр тутмын амьдралын цаг мөч бүрд” оролцдог ба бид “Ариун Сүнсний нөлөөлөл, өдөөлтөөр дамжуулан бурханлаг удирдамжийг тасралтгүй хүлээн авах эрхтэй болдог” хэмээн хэлсэн.”1

Испаниар ярих чадвар маань анагаах ухааны мэдлэгтэй маань эн тэнцүү үнэ цэнтэй гэдгийг би маш сайн ойлгосон. Би бусдыг асран халамжилснаар зовлон зүдүүр дунд Их Эзэний удирдамжаар хүнд хэцүү зүйлийг хийж чадна гэсэн тодорхой ойлголттой болсон юм.

Эх сурвалж

  1. Брүк П.Хэйлс, “Залбирлын хариу,Ensign эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 10.