2022
Судрууд бол Бурханы үг
2022 оны 7, 8-р сар


“Судрууд бол Бурханы үг,” Лиахона, 2022 оны 7, 8-р сар.

Сайн мэдээний үндсэн зарчим

Судрууд бол Бурханы үг

Зураг
Хуучин Гэрээний бошиглогч бичиж байгаа нь

Хуучин Гэрээний бошиглогч, Жүдит А.Мэр

Судрууд бол үндсэндээ бошиглогчдын бичсэн ариун номууд юм. Судрууд Есүс Христийг гэрчилж, Түүний сайн мэдээг заадаг. Сүмийн албан ёсны судрууд бол Библи (Хуучин Гэрээ, Шинэ Гэрээг багтаасан), Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд юм.

Хуучин Гэрээ

Хуучин Гэрээ нь эрт цагт Бурхан Өөрийн гэрээт хүмүүстэй харилцсан харилцааны цэдэг билээ. Энэ нь Мосе, Иошуа, Исаиа, Иеремиа, Даниел зэрэг бошиглогчдын заасан сургаалуудыг агуулдаг. Хэдийгээр энэ нь Есүс Христийг төрөхөөс хэдэн зуун жилийн өмнө бичигдсэн ч Хуучин Гэрээний олон бошиглогч Түүний тухай бичсэн байдаг.

Шинэ Гэрээ

Шинэ Гэрээнд Есүс Христийн төрөлт, мөнх бус амьдрал, сургаал, Цагаатгалыг цэдэглэсэн байдаг. Түүнчлэн Христийн төлөөлөгчид болон бусад шавийнх нь сургаал багтдаг. Шинэ Гэрээ нь өнөө үед бидэнд Есүс Христийн сайн мэдээний дагуу хэрхэн амьдрахыг ойлгоход тусалдаг.

Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ

Мормоны Ном бол эртний Америкт амьдарч байсан зарим хүний тухай цэдэг юм. Энэ нь бошиглогчдын сургаалыг багтаадаг ба үндсэн зорилго нь Есүс бол Христ гэдгийг бүх хүнд итгүүлэх явдал юм. Бошиглогч Иосеф Смит үүнийг Бурханы бэлэг, хүчээр алтан ялтаснуудаас орчуулсан.

Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээнд Иосеф Смитэд болон хожмын үеийн бусад бошиглогчид өгсөн илчлэлтүүд агуулагддаг. Уг илчлэлтүүд нь Христийн Сүм хэрхэн зохион байгуулагдсаныг дүрсэлдэг. Түүнчлэн санваар, сайн мэдээний ёслолуудын тухай мөн энэ амьдралын дараа юу болох талаарх сайн мэдээний чухал сургаалуудыг агуулдаг.

Агуу Үнэт Сувд

Агуу Үнэт Сувд нь Мосегийн ном, Абрахамын ном, Иосеф Смитийн гэрчлэл, Сүмийн Итгэлийн тунхгийг агуулдаг. Мөн Шинэ Гэрээнээс Иосеф Смитийн орчуулсан Матай номын орчуулгыг багтаадаг.

Судруудыг судлах

Бошиглогчид бидэнд судруудыг өдөр бүр судал гэж заасан. Энэ нь бидэнд итгэлээ өсгөж; Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой ойртон очиход тусалдаг. Бид судруудыг залбирч байгаад судлах юм бол Ариун Сүнс бидэнд асуултууддаа хариу олоход туслах болно.

Өнөө үеийн бошиглогчид

Өнөөгийн бошиглогч, төлөөлөгчид Ариун Сүнсний хүчээр ярьдаг учир тэдний үгс судартай адил юм. Үүний нэг жишээ нь Ерөнхий чуулган. Бид Лиахона сэтгүүлийн 5, 11-р сарын дугаарт гарсан чуулганы үгүүдийг судалж болно.