2023
Бие даах чадвартай байх нь биднийг хүчирхэгжүүлдэг
2023 оны 8-р сар


“Бие даах чадвартай байх нь биднийг хүчирхэгжүүлдэг,” Лиахона, 2023 оны 8-р сар.

Сар тутмын Лиахона сэтгүүлийн захиас, 2023 оны 8-р сар

Бие даах чадвартай байх нь биднийг хүчирхэгжүүлдэг

Зураг
Аяга таваг угааж буй хоёр хүн

Бие даах чадвартай байх гэдэг нь өөрийнхөө болон гэр бүлийнхээ хэрэгцээг хангах чадварыг хэлнэ. Бид бие даах тусам илүү сайнаар Их Эзэнд үйлчилж, бусдад санаа тавих боломжтой болдог. Бие даах чадвар нь сорилт бэрхшээлүүдтэйгээ ганцаар нүүр тулах хэрэгтэй гэсэн үг биш юм. Бид найз нөхөд, гэр бүл, тойрог, салбарын гишүүд, мэргэжлийн хүмүүсээс хэрэгтэй үедээ тусламж хүсэж болно.

Бие даах чадварын зарчим

Бие даах чадвартай болох нь боловсрол, дуулгавартай байдал, шаргуу хөдөлмөрийг шаарддаг. Бид өөрсдөдөө анхаарал тавихын тулд чадах бүхнээ хийдэг ба шаардлагатай үед бусдаас тусламж хүсэж болно. Гэсэн хэдий ч бид үнэхээр бие даах чадвартай болохын тулд Есүс Христэд итгэж сурах ёстой. Дараа нь биднийг өөрсдийнхөө төлөө хөдөлмөрлөх үед Тэр биднийг хүчирхэгжүүлэх болно.

Зураг
Эвхсэн гар

Сүнслэг байдлын хувьд бие даах чадвар

Бид Есүс Христийн тухай гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд хичээл зүтгэл гаргаснаар сүнслэг байдлын хувьд бие даах чадварыг хөгжүүлж болно. Бид залбирч, судраас судалж, сүмд явж, зарлигуудыг дуулгавартай даган, биднийг Христтэй ойртоход тусалдаг бусад зүйлийг хийснээр хичээл зүтгэлээ харуулдаг. Тэр бидэнд туслахыг хүсдэг гэдгийг мэдэх нь амьдрал хэцүү байсан ч бат бөх зогсох итгэлийг бидэнд өгнө.

Материаллаг байдлын хувьд бие даах чадвар

Материаллаг байдлын хувьд бие даах чадварт өөрийнхөө болон гэр бүлийнхээ бие махбодын хэрэгцээг хангах чадвар ордог. Үүнд хоол хүнс, гэр орон, эрүүл мэнд зэрэг бусад төрлийн хэрэгцээ багтдаг. Бид сайн боловсрол эзэмшиж, шаардлагатай ур чадварт суралцаж, үүнийгээ өргөжүүлж, шаргуу хөдөлмөрлөж, цагаа ухаалаг ашиглаж, мөнгөө зөв удирдсанаар үүнийг хийдэг.

Зураг
Хамт алхаж буй гурван эмэгтэй

Сэтгэл санааны хувьд бие даах чадвар

Сэтгэл санааны хувьд бие даах чадвартай байх гэдэг нь сэтгэл санааны сорилт бэрхшээлүүдэд зоригтойгоор, итгэлтэйгээр дасан зохицох чадварыг хэлдэг. Бид бүгдэд сорилт бэрхшээл, бүтэлгүйтэл тохиолддог. Сайн мэдээний ачаар бид тэдгээрт хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ сонгож чадна гэдгийг мэддэг. Их Эзэнд итгэх итгэлээр хариулах нь бусад саад бэрхшээлтэй илүү их итгэл найдвартайгаар нүүр туулах чадварыг маань нэмэгдүүлдэг.

Боловсрол

Бид тасралтгүй суралцах ёстой. Бурхан биднээс энэ амьдрал хийгээд ирэх амьдралд оюун ухаанаа тэлж, ур чадвараа дээшлүүлэхийг хүсдэг. Бид хэдий чинээ их сурна, төдий чинээ сайн нөлөө үзүүлж, өөрсдийгөө, гэр бүлээ мөн тусламж хэрэгтэй хүмүүсийг тэтгэж чадна.

Зураг
Ууттай зүйл зөөж буй залуу эрэгтэй

Бие даасан байдлаас ирэх адислал

Бид бие даасан байдлаа сайжруулснаар илүү их найдвар, амар амгалангаар адислагдах болно гэж бошиглогчид заасан. Бид гэр бүлдээ болон тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслах боломжтой болно. Мөн бид илүү их боломжоор, цаашид үргэлжлүүлэн ахиж дэвших чадвараар адислагдана.

Сүмийн эх сурвалж

Таны харьяалагддаг гадас бие даах чадварын ангиудыг зохион байгуулдаг байж болно. Эдгээр нь бие даах чадварын зарчмуудыг, тухайлбал санхүүгээ удирдах эсвэл илүү сайн ажил олох зэрэг ур чадваруудыг танд заадаг. Та Gospel Library дээрээс холбогдох эх сурвалжуудыг харж болно. “Ном болон хичээлүүд”-ээс “Бие даасан байдал”-ыг сонго.