Ирээд, Намайг дага
5-р сарын 27-оос 6-р сарын 2: “Тэд Бурханы хүмүүс гэж нэрлэгдэв.” Moзая 25–28


“5-р сарын 27-оос 6-р сарын 2: ‘Тэд Бурханы хүмүүс гэж нэрлэгдэв.’ Мозая 25–28,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2024)

“5-р сарын 27-оос 6-р сарын 2. Мозая 25–28,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2024)

Зураг
Алмад болон Мозаягийн хөвгүүдэд тэнгэр элч үзэгдэж байгаа нь

Залуу Алмагийн хөрвөлт, Гари Л.Капп

5-р сарын 27-оос 6-р сарын 2: “Тэд Бурханы хүмүүс гэж нэрлэгдэв”

Moзая 25–28

Нифайчууд бараг гурван үеийн туршид өөр тусдаа газар нутагт амьдарсныхаа дараа дахин нэгдэв. Лимхайн болон Алмагийн мөн Мозаягийн хүмүүс, тэр ч бүү хэл Нифайн үр удмын биш Зарахемлагийн хүмүүс бүгдээрээ “нифайчуудтай хамт тоологдож байв” (Мозая 25:13). Түүнчлэн тэдний дунд олон хүн Алмагийн хүмүүстэй адил Их Эзэний Сүмийн гишүүн болохыг хүсэж байлаа. Тийнхүү “Христийн нэрийг авах хүсэлтэй байсан хэн боловч” баптисм хүртэж, “мөн тэд Бурханы хүмүүс гэж нэрлэгдэв” (Мозая 25:23–24). Олон жилийн зөрчилдөөн, боолчлолын эцэст нифайчууд амар тайван амьдрах боломжтой болсон мэт санагдаж байв.

Гэвч удалгүй үл итгэгчид гэгээнтнүүдийг хяхан хавчиж эхэлжээ. Хамгийн харамсалтай нь, эдгээр үл итгэгчийн олон нь итгэгчдийн өөрсдийнх нь хүүхдүүд буюу Мозаягийн хөвгүүд, Алмагийн нэг хүү зэрэг “өсвөр үеийнхэн” (Мозая 26:1) байв. Энэ түүх нь тэнгэр элчийн гайхамшигт үзэгдлийн талаар өгүүлдэг. Гэхдээ энэ түүхийн жинхэнэ гайхамшиг нь зөвхөн дур зоргоороо хөвгүүдэд тэнгэр элчүүд үзэгдсэн тухай биш юм. Хөрвөлт ямар нэгэн байдлаар бидний хүн нэг бүрд тохиох ёстой гайхамшиг билээ.

Гэрт болон Сүмд суралцахад зориулсан санаа

Moзая 26:1–6

Би бусдыг Христэд ирэхэд нь тусалж чадна.

Гэвч хөрвөгдөх нь хувь хүний сонголт бөгөөд үр хүүхдэдээ өвлүүлэх боломжгүй. Та Мозая 26:1–6-г уншихдаа, “өсвөр үеийнхний” унасан бодит шалтгаануудыг тунгаан бодож, тэдний итгэлгүй байдлын үр дагаварт анхаарлаа хандуулна уу. Та мөн Христэд авчрахыг хүсдэг хүмүүсийнхээ тухай бодож болно. Та нарыг Мозая 25–28-ыг судлах үед Сүнс Есүс Христэд итгэлээ хөгжүүлэхэд нь тэдэнд туслахын тулд юу хийж чадахыг тань шивнэж магадгүй.

Мозая 26:6–39

Бурханы итгэлтэй үйлчлэгчид Түүний хүслийн дагуу үйлдэхийг эрэлхийлдэг.

Алматай адилаар Сүмийн удирдагчид яг юу хийхээ үргэлж мэддэг гэж заримдаа бид боддог байж магадгүй. Мозая 26 дээрээс Алмад өмнө нь тулгарч байгаагүй асуудал Сүмд гарсан тухай бид уншдаг. Алма энэ үед юу хийсэн бэ? (Мозая 26:13–14, 33–34, 38–39-ийг үзнэ үү). Алмагийн туршлага танай гэр бүлд юм уу Сүмд үйлчлэхэд тулгарсан хүнд хэцүү асуудалд хэрхэн хандах талаар юуг санал болгож байна вэ?

Мозая 26:15–32 дээр Их Эзэн Алмад юу гэж заасан бэ? Их Эзэний зарим хариулт Алмагийн асуултад шууд хариулаагүйг анхаар. Энэ нь залбирлын талаар болон хувийн илчлэлт хүлээж авах талаар ямар санааг өгч байна вэ?

Зарчмууд бол үүрдийнх. Судрын түүх, сургаалууд амьдралд тань ямар хамаатай талаар эргэцүүлэн бод. Жишээлбэл: Та өөрөөсөө “Надад Алмагийнхтай төстэй ямар ямар туршлага байдаг вэ?” эсвэл “Алмагийн заасан ямар үнэнүүд надад тусалж чадах вэ?” гэх мэтчилэн асууж болно.

Мозая 26:15–31

Наманчилж, бусдыг уучлах үед Бурхан намайг шууд өршөөдөг.

Наманчлал болон өршөөл нь Мозая 26–27 дээр ахин дахин давтагддаг сэдвүүд юм. Мозая 26:22–24, 29–31; 27:23–37-оос наманчлал, өршөөлийн талаар зааж буй үг хэллэгийг хайж ол.

Зарим хүн Бурхан үнэхээр өөрийг нь өршөөсөн эсэхийг гайхаж байж магадгүй. Ахмад Алма Зарахемлагийн ийм асуудалтай Сүмийн гишүүнд ямар зөвлөгөө өгнө гэж та төсөөлж байна вэ? Алма Их Эзэнээс энэ гишүүнд туслах юуг Мозая 6:15–31 дээрээс сурсан бэ? (Мөн Моронай 6:8; Сургаал ба Гэрээ 19:16–18; 58:42–43-ыг үзнэ үү).

Зураг
Семинарын дүрс

Мозая 27:8–37; 28:1–4

Би Есүс Христээр дамжуулан илүү сайнаар өөрчлөгдөж чадна.

Залуу Алма сүнсээр дахин төрөх хэрэгтэй байсан нь тодорхой байв. Тэр болон Мозаягийн хөвгүүд “адгийн нүгэлтнүүд байв” (Moзая 28:4). Харин хөрвөгдсөнийхөө дараахан Алма хөрвөгдөх нь хүн бүрийн хувьд нэн чухал гэдгийг— “Бүх хүн төрөлхтөн … дахин төрөх ёстойд бүү гайх” (Мозая 27:25; тодорхойлолт нэмэгдсэн) гэх хэллэгийг ашиглан гэрчилжээ.

Мозая 27:8–37 дахь Алмагийн түүхийг уншиж байхдаа та өөрийгөө түүний оронд тавихыг бодоорой. Та өөрийнхөө өөрчлөх хэрэгтэй зүйлсийн талаар бодож чадах уу? Алмагийн аавтай адилаар, хэн таны төлөө тийм “их итгэлтэй” залбирч болох вэ? Ямар туршлага таныг “Бурханы хүч болон эрх мэдлийг танд итгүүлэх[эд]” тусалдаг вэ? (Мозая 27:14). Таны төлөө болон танай гэр бүлийн төлөө Их Эзэний үйлдсэн ямар “агуу зүйлс[ийг]” та “санах” ёстой вэ? (Мозая 27:16). Та Залуу Алмагийн үг, үйлдлээс дахин төрөх гэдэг нь ямар утгатай талаар юу сурсан бэ? Та ямар жишээнүүдийг харсан бэ?

Таны туршлагууд Алмагийнх шиг гайхалтай эсвэл хурдан байгаагүй ч Аврагчийн танд өөрчлөгдөхөд эсвэл дахин төрөхөд тусалсан зарим арга замыг бичих цаг гарга. Таны дуулдаг эсвэл сонсдог дууллууд дотор “Би гайхширна” (Дуулал, д. 98) гэх мэт таны мэдрэмжийг илэрхийлдэг ямар нэг дуулал бий юу? Таны туршлагыг сонсох нь хэнд хэрэгтэй байж болох вэ?

Ахлагч Дэвид А.Бэднар дахин төрөхийг өргөст хэмх даршлах үйл явцтай харьцуулжээ (“Ye Must Be Born Again,” Liahona, May 2007, 19–22). Энэ харьцуулалт нь хөрвөлтийн тухай танд юу зааж байна вэ?

Мозая 27:8–24

Бурхан миний залбирлыг сонсдог бөгөөд Өөрийн хүсэл, цаг хугацааны дагуу тэдгээрт хариулна.

Та хор уршигтай зүйл сонгож буй гэр бүлийнхээ хэн нэгнээс болоод ахмад Алмагийнх шиг нөхцөл байдалд орж үзсэн байх. Та Мозая 27:8–24 дээрээс итгэл найдвар төрүүлэх юуг олж мэдсэн бэ? Эдгээр шүлэг бусдын төлөөх залбиралд тань хэрхэн нөлөөлж болох вэ?

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

Moзая 26:30–31

Их Эзэн надаас бусдыг уучлахыг хүсдэг.

  • Их Эзэн өршөөлийн талаар юу гэж заасныг олж мэдэхэд нь хүүхдүүдэд туслахын тулд та тэднийг Мозая 26:29–31-ийг уншаад, “өршөөл” гэдэг үг хэдэн удаа гарч байгааг тоолоход урьж болно. Эдгээр шүлэг бусдыг уучлах талаар юу зааж байна вэ? (“Эцэг минь гуйя, надад туслаач,” Хүүхдийн дууны ном, д. 52-ыг үзнэ үү.)

  • Аврагчийн өршөөлийн үлгэр жишээг онцлон харуулахын тулд та Түүний загалмай дээрх зургийг үзүүлж, Лук 23:33–34-ийг хамтдаа уншиж болно. Есүс Өөрийг нь загалмай дээр гаргасан хүмүүсийн төлөө юу хийхийг Тэнгэрлэг Эцэгээс гуйсан бэ? Энэ ярилцлагын дараа хүүхдүүд чинь бие биеэ уучилж байгаа дүрд тоглож болно.

  • Заримдаа алдаа гаргасан үедээ өөрийгөө уучлах хэцүү байдаг. Бурханы Алмад хэлсэн үгс хэрхэн тусалж болох вэ? Таны заадаг хүүхдүүд Бурхан өөрийг нь хэзээ ч өршөөхгүй байх гэж бодож байгаа хүнтэй ярьж байгаа дүр үзүүлж болно. Хүүхдүүдээ Мозая 26:22–23, 29–30 дээрээс энэ хүнд тусалж болох ямар нэг зүйлийг хайж олоход урь.

Moзая 27:8–37

Есүс Христ надад Түүнтэй илүү адил болоход тусалдаг.

  • Залуу Алма болон Мозаягийн хөвгүүдийн хөрвөлт нь танай хүүхдүүдэд Аврагчийн хүчээр хэн ч өөрчлөгдөж чадна гэдгийг харуулж чадна. Та эсвэл танай хүүхдүүд энэ түүхийг ярихдаа энэ тоймын зургуудыг болон энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг мөн Мозая 27:8–37 дээрээс хэд хэдэн гол судрыг ашиглаж болно (мөн Мормоны Номын түүхүүд дэх “18-р бүлэг: Бага Алмагийн наманчлал”-ыг х. 49–52-оос үзнэ үү). Алма наманчилж, Есүс Христ түүнд өөрчлөгдөхөд нь тусалсан тухай заахын тулд 24-р шүлэгт түлхүү анхаар. Хүүхдүүд тань дуртай байвал тэднээр жүжигчлэн тоглуул.

Зураг
Залуу Алмаг аавынх нь гэрт хүргэж өгч байгаа нь

Түүний аав баярласан нь, Волтэр Рэйн

Мозая 27:8–24

Би Бурханд хандан, өөрийн хайртай хүмүүсийг адислаасай хэмээн залбирч, мацаг барьж чадна.

  • Хамтдаа Moзая 27:8–24-ийг уншаад, Алма болон түүний хүмүүс Залуу Алмад туслахын тулд юу хийснийг олж мэдэхийг хүүхдүүдээс хүс. Та хэн нэгний төлөө мацаг барьж, залбирч үзсэн үү? Хүүхдүүдтэй туршлагаа хуваалцаад, тэднээр бас туршлагыг нь хуваалцуул.

  • Та эсвэл таны заадаг хүүхдүүд Бурханы тусламж хэрэгтэй байгаа хэн нэгнийг мэдэх үү? Та Алмагийн үлгэр жишээгээр тэр хүний төлөө залбирч болох ба хэрэв танай хүүхдүүд боломжтой бол бас тэдний төлөө мацаг барьж болно.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Зураг
Тэнгэр элч залуу Алмад үзэгдсэн нь

Тэнгэр элч залуу Алма дээр ирсэн тухай түүхийг үзүүлсэн зураг, Кэвин Кийл