Ирээд, Намайг дага
7-р сарын 1–7: “Би та нарыг зэмсэг болгох болно.” Алма 17–22


“7-р сарын 1–7: ‘Би та нарыг зэмсэг болгох болно.’ Алма 17–22,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)

“7-р сарын 1–7. Алма 17–22,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2023)

Зураг
Aммон Лемонай хаантай ярьж байгаа нь

Аммон, Лемонай хаан хоёр, Скотт М.Снөү

7-р сарын 1–7: “Би та нарыг зэмсэг болгох болно”

Алма 17–22

Хүмүүсийн сайн мэдээг хуваалцахгүй байх бүх шалтгааныг бод. “Би хангалттай сайн мэдэхгүй,” “Тэднийг сонирхох эсэхийг сайн мэдэхгүй байна” эсвэл “Дургүй байх вий гэж айж байна” гэх мэт байж болно. Танд эдгээртэй адил бодол төрж байсан байж магадгүй. Леменчүүд “зэрлэг мөн хатуу сэтгэлт мөн харгис хүмүүс; нифайчуудыг хөнөөхдөө баясдаг хүмүүс” байсан учраас нифайчуудад сайн мэдээг тэдэнтэй хуваалцахыг хүсэхгүй байх өөр шалтгаан байсан (Алма 17:14; мөн Алма 26:23–25-ыг үзнэ үү). Гэхдээ Мозаягийн хөвгүүдэд сайн мэдээг леменчүүдтэй хуваалцах ёстой илүү чухал шалтгаан байсан. “Аврал бүтээл бүрд тунхаглагдвал зохино хэмээх хүсэл тэдэнд байв, учир нь тэд аль ч хүмүүний бодгаль мөхнө гэдгийг тэвчиж үл чадах байсан” (Мозая 28:3). Аммон, түүний ах нарыг өдөөсөн энэхүү хайр танд ч мөн адил гэр бүлийнхэн, найз нөхөд, танилуудтайгаа, тэр ч бүү хэл хүлээн авахгүй байх гэж бодсон хүмүүстэй сайн мэдээг хуваалцахад өдөөж болно.

Гэр орон болон сүмд суралцах санаа

Алма 17:1–4

Христийн төлөө байнга, энгийн байдлаар бүхнээ зориулах нь надад Түүний хүчийг хүлээн авахад тусалдаг.

Алма 17:1–4-өөс Есүс Христийн талаарх гэрчлэл болон Түүнд өгсөн амлалтаа хэрхэн хүчирхэг байлгах талаар юу сурч мэдсэн бэ? Мозаягийн хөвгүүд юу хийсэн бэ? Их Эзэн тэднийг хэрхэн адисалсан бэ?

Та нар Алма 17–22-оос Мозаягийн хөвгүүдийн туршлагын талаар уншихдаа, тэдний сүнслэг бэлтгэл леменчүүдэд үйлчилсэн үйлчлэлд нь хэрхэн нөлөөлснийг анзаар (жишээ нь, Алма 18:10–18, 34–36; 20:2–5; 22:12–16-г үзнэ үү). Тэдний үлгэр жишээг дагахын тулд та юу хийхээр өдөөгдөж байна вэ?

Алма 17:6–12; 19:16–36

Зураг
семинар дүрс
Би Бурханы мутарт зэмсэг болж чадна.

Судруудаас бидний уншдаг хөрвөлтийн талаарх түүхүүд ихэвчлэн санаанд багтамгүй байдаг ч эдгээрийн гол цөмд амаа нээж, Есүс Христэд итгэх итгэлээ бусадтай хуваалцах зүрх зоригтой хүмүүс байсан гэдгийг бид ихэнхдээ ойлгож мэддэг. Энэ долоо хоногт Эбиш болон Мозаягийн хөвгүүдийн тухай уншихдаа энэ тухай бодож үз.

Бурханы мутарт зэмсэг болох гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? Энэ нь танд өдөр тутмын амьдралдаа ашиглаж болох зэмсэг, хэрэгслүүдийн талаар бодоход тусалж болох юм. Алма 17:6–12-оос та Мозаягийн хөвгүүд Бурханы мутарт зэмсэг болохын тулд юу хийснийг олж мэд. Та хэрхэн бусдыг Христэд ирэхэд туслах илүү үр дүнтэй зэмсэг болж чадах вэ?

Алма 19:16–36-аас Эбишийн юу нь танд сэтгэгдэл төрүүлсэн бэ? Та түүнээс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхэд нь бусдад туслах талаар юу сурсан бэ? Жишээлбэл: Юу хайртай хүмүүсийг тань “Бурханы хүчинд итгүүлэхэд” тусална гэж та бодож байна вэ? (Алма 19:17).

Та бас Эбишийн туршлагыг ахлагч Дийтр Ф.Угдорфын “Номлолын ажил бол зүрх сэтгэл доторхоо хуваалцах явдал юм” (2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 14–18) хэмээх үгэндээ заасан зарчмуудтай харьцуулж болно. Ахлагч Угдорфын “Таван энгийн саналыг” Эбиш хэрхэн үлгэрлэн харуулсан бэ? Есүс Христийн талаар хэлж болохоор хэдэн зүйл бичихийг бод. Жишээ нь: “Миний хувьд Есүс Христ …” эсвэл “Аврагч надад … тусалдаг.”

Дуулал номын 166-р хуудсан дээрх “Эцэгийн ивээл үүрд тод гийнэ” дууллыг үзнэ үү.

Үзүүлэнт хичээлийг ашигла. Хүмүүс өөрсдийн сурч байгаа зүйлтэй холбоотой ямар нэг зүйлийг барьж үзэх юм уу харсан тохиолдолд үүнийг арай удаан санах магадлалтай болдог. Та жишээ нь Алма 17:11-ийн талаар зааж байгаа бол Бурханы мутарт зэмсэг болох талаар ярилцлага өрнүүлэхэд туслах зэмсгүүдийг үзүүлж эсвэл тэдгээрийг бичихийг бод.

Алма 17–19

Бид бусдад хайраа харуулснаар тэдэнд Есүс Христийн сайн мэдээг хүлээн авахад нь тусалж чадна.

Аммоны леменчүүдийг хайрлах хайр Есүс Христийн сайн мэдээг хуваалцах хичээл зүтгэлийг нь хэрхэн хүчтэй болгож буйг харуулсан шүлгүүдийг Алма 17–19 дээрээс хайж ол. Сайн мэдээг хуваалцахтай холбоотой өөр ямар ямар үнэнийг та түүний жишээнээс мэдэж авч болох вэ?

Зураг
Аммон хааны хоньдыг хамгаалж байгаа нь

Минэрва Тэйчэрт (1888–1976), Аммон хааны сүргийг хамгаалсан нь, 1949–1951, тосон будаг, 91 × 122 см. Brigham Young University Museum of Art (Бригам Янгийн Их Сургуулийн Уран зургийн музей), 1969.

Алма 19:36

Их Эзэн надад наманчлахад туслах болно.

Мормон Лемонайн болон түүний хүмүүсийн хөрвөлтийн түүхийг өгүүлэхдээ, Есүс Христийн талаар ажигласан зүйлсээ хамт хураангуйлжээ. Алма 19:36-д Их Эзэний зан чанарын талаар юу зааж байна вэ? Алма 19:16–36 дахь түүх Түүний талаар өөр юу зааж байна вэ? Их Эзэнийг мутраа тан руу сунгаж байгааг та хэзээ мэдэрч байсан бэ?

Алма 20:23; 22:15–18

Бурханыг мэдэх нь ямар ч золиослолоос үнэ цэнтэй.

Лемонайн эцэг амиа хамгаалахын тулд юу өгөхөд бэлэн байсныг (Алма 20:23) хожим нь сайн мэдээний баяр баясгаланг хүлээн авч мөн Бурханыг мэдэхийн тулд юу өгөхөд бэлэн байсантай (Алма 22:15, 18-ыг үзнэ үү) харьцуул. Та Бурханыг илүү бүрэн дүүрэн мэдэж авахын тулд юугаа золиослоход бэлэн байгаагаа тунгаан бод.

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

Алма 17:2–3

Судар уншиж, залбирч, мацаг барих үед Есүс Христийн тухай гэрчлэл минь өсдөг.

  • Мозаягийн хөвгүүдийн үлгэр жишээ танай хүүхдүүдэд Есүс Христийн талаарх гэрчлэлээ хөгжүүлэхэд хэрхэн тусалж чадах вэ? Та Мозаягийн хөвгүүдийг сүнслэг итгэлээ хөгжүүлэхийн тулд юу хийснийг Алма 17:2–3-оос олж мэдэхэд нь хүүхдүүдэд тусалж болно Дараа нь тэд зураг зурж эсвэл эдгээр зүйлийг төлөөлөх зүйлсийг олж болно. Аврагчийн талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд юу хийхээ төлөвлөхөд нь тэдэнд тусал.

Алма 17–19

Би Есүс Христийн сайн мэдээг бусадтай хуваалцаж чадна.

  • Мозаягийн хөвгүүдийн адил Бурханы мутарт зэмсэг байх талаар суралцахын тулд та хүүхдүүдтэйгээ ямар нэг зэмсэг юм уу хэрэгслийг харж, үүнийг юунд ашигладаг тухай ярилцаж болно. Та дараа нь Алма 17:11-ийг уншаад, хүмүүст Есүс Христийн талаар суралцахад нь туслах Тэнгэрлэг Эцэгийн зэмсэг байна гэдэг нь юу гэсэн үг болох талаар ярилц.

  • Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас дээр Аммоны Лемонай хаанд заасан үнэнүүдийг төлөөлсөн зургууд бий. Та хүүхдүүддээ эдгээр үнэнийг Алма 18:24–40-өөс олоход нь тусалж болно. Танай хүүхдүүд номлогчийн дүрд орж, эдгээр үнэний талаар мэддэг зүйлээ хуваалцаж болно.

  • Эбишийн талаар хүүхдүүдтэйгээ уншсаны дараа (Алма 19:16–20, 28–29-ийг үзнэ үү), тэд ийш тийш гүйж, хаалга тогшин, Алма 19:1–17 дээр болсон зүйлсийг ярьж буй Эбиш болж жүжиглэж болно. Бид хэрхэн Эбиш шиг байж, Есүс Христ болон Түүний сайн мэдээний талаар мэддэг зүйлээ хуваалцах вэ? Танай хүүхдүүд өөрсдийгөө хэн нэгэнтэй сайн мэдээг хуваалцаж байгаагаар зурж эсвэл “Үйлчлэхээр дуудагдлаа” (Хүүхдийн дууны ном, 94) дууг дуулж болно.

Алма 17:21–25; 20:8–27; 22:1–3

Би бусдад хайраа харуулснаар тэднийг Христэд ирэхэд нь тусалж чадна.

  • Эхэндээ Лемонай хаан, түүний эцэг хоёр сайн мэдээг эсэргүүцэж байсан ч яваандаа зүрх сэтгэл нь зөөлөрч, Есүс Христэд итгэсэн. Яагаад ийм зүйл болсон бэ? Хүүхдүүдтэй хамт Аммоны туршлагуудыг эргэн харахдаа энэ асуултын хариултыг олоход нь тусал. Тэд мөн “23-р бүлэг: Аммон: Агуу үйлчлэгч,” “24-р бүлэг: Аммон, Лемонай хааны эцэгтэй уулзсан нь” (Мормоны Номын түүхүүд, 64–68, 69–70)-ийг жүжигчлэн тоглож болно. Эсвэл танай хүүхдүүд уг түүхийн өөр өөр хэсгээс зураад, зургаа ашиглан түүхийг ярихыг хүсэж байж болно. Лемонай, түүний эцэг хоёрт Есүс Христийн сайн мэдээнд зүрх сэтгэлээ нээхэд нь туслахын тулд Аммон юу хийсэн бэ? (Алма 17:21–25; 20:8–27; 22:1–3-ыг үзнэ үү).

  • Та болон танай хүүхдүүд Есүс Христийн тухай мэдэх хэрэгтэй хэн нэгнийг бодож болох юм. Аммон Лемонай, түүний эцэг хоёрт хэрхэн хандсаны адилаар сайн үлгэр жишээ байж, тухайн хүнд хайраа үзүүлэх арга замуудыг бодож олоход нь хүүхдүүддээ тусал.

Нэмэлт санаануудыг Найз сэтгүүлийн энэ сарын дугаараас олж үзнэ үү.

Зураг
Эбишийн зураг

Ребекагийн зургийг Диллийн Марш