Ирээд, Намайг дага
7-р сарын 22–28: “Энэ үгийг зүрх сэтгэлдээ тарь.” Алма 32–35


“7-р сарын 22–28: ‘Энэ үгийг зүрх сэтгэлдээ тарь.’ Алма 32–35,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)

“7-р сарын 22–28. Алма 32–35,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2023)

Зураг
Хүүхдийн алган дээрх үр

7-р сарын 22–28: “Энэ үгийг зүрх сэтгэлдээ тарь”

Алма 32–35

Зорамчууд залбирахдаа бүх хүнд харагдахаар газарт зогсоод, хоосон мөн бардам үгсийг давтан хэлдэг байжээ. Зорамчууд Есүс Христэд итгэдэггүй байсан төдийгүй Түүнийг байдаг гэдгийг үгүйсгэж, ядуусыг хяхан хавчдаг байв (Алма 31:9–25-ыг үзнэ үү). Харин эсрэгээрээ Алма, Амюлек хоёр залбирал бол олны өмнө тавцан дээр үйлдэхээс илүү бидний зүрх сэтгэл дотор юу болж байгаатай холбоотой болохыг заасан. Хэрэв бид гачигдагсдыг өрөвдөх сэтгэлгүй бол бидний залбирал “хоосон, мөн … ямар ч хэрэггүй” (Алма 34:28). Хамгийн чухал нь, бид Өөрийн “хэмжээлшгүй хийгээд мөнхийн золиослолоороо” (Алма 34:10) дамжуулан гэтэлгэгдэх боломжийг олгосон Есүс Христэд итгэдэг учраас залбирдаг. Тийм итгэл даруу байдлаас болон “итгэх хүслээс” (Алма 32:27) эхэлдэг хэмээн Алма тайлбарласан. Цагийн эрхээр байнга арчилсны эцэст Бурханы үг “үүрдийн амьдралд хүргэх мод” (Алма 32:41) болтлоо зүрх сэтгэлд тань үндэслэх болно.

Гэр орон болон Сүмд суралцах санаа

Aлмa 32:17–43

Би зүрх сэтгэл дотроо Есүс Христийн үгсийг тарьж, арчилснаар Түүнд итгэх итгэлээ хөгжүүлдэг .

Та Алма 32:17–43-ыг уншихдаа, Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн хөгжүүлэхийг ойлгоход туслах үг, хэллэгүүдийг олж мэд. Та итгэл гэж юу болох, бас юу биш болох талаар юу мэдэж авсан бэ?

Мөн Алма 32-ыг судлах бас нэгэн арга бол үр ургах өөр өөр үе шатыг харуулсан зураг зурах юм. Зүрх сэтгэлдээ хэрхэн Бурханы үгийг тарьж, арчлахыг ойлгоход тань туслах Алма 32:28–43 дээрх үгсээр зураг тус бүрийг нэрлэ.

Мөн Рассэлл М.Нэлсоны 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган (х. 104) дээр хэлсэн “Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна” захиасыг үзнэ үү.

Алма 32:26–43

Би өөрөө мэдэж авч чадна.

Алма Христийн талаарх гэрчлэлд нь итгэлгүй байсан зорамчуудад “нэгэн туршилтыг” (Алма 32:26-г үзнэ үү) санал болгожээ. Туршилт нь хүсэл, сониуч зан, үйлдэл, жаахан ч гэсэн итгэлийг шаардах бөгөөд эдгээр нь гайхалтай нээлт рүү хөтөлж болно. Та өөрийн харж эсвэл оролцож байсан туршилтуудынхаа талаар бодож үз. Алма 32:26–36 дээр гарснаар, ямар туршилтууд Есүс Христэд итгэх итгэл рүү хөтөлж болох вэ?

Та Бурханы үгэн дээр хэрхэн “туршиж” үзэж мөн “үг сайн” гэдгийг мэддэг болсон бэ? (Алма 32:28).

Алма 33:2–11; 34:17–29

Бид хэзээ ч мөн хаана ч Бурханыг залбиралдаа шүтэн биширч чадна.

Шүтлэг бишрэл, залбирлын талаарх Алма, Амюлек хоёрын зөвлөгөө зорамчуудын зарим буруу ойлголтыг засаж, зүгшрүүлэх зорилготой байсан. Тэдгээрийг жагсаан бичиж болно (Алма 31:13–23-ыг үзнэ үү). Энэ жагсаалтынхаа хажууд та Алма 33:2–11-ээс болон 34:17–29-өөс залбирлын тухай үнэнүүдийг жагсаан бичиж болно. Эдгээр шүлгээс ойлгож мэдсэн зүйлс таны залбирах, шүтэн бишрэх байдалд хэрхэн нөлөөлөх вэ?

Та бас “Ай, залбирах тэр гайхамшигт мөч” (Дуулал, д. 74) гэх мэт залбирлын тухай дууллаас ойлголт авч болно.

Алма 34:9–16

Зураг
seminary icon
Надад Есүс Христ болон Түүний Цагаатгал хэрэгтэй.

Амюлек Алма 34:9–14 дээр Аврагчийн цагаатгагч золиослолыг дүрслэн харуулахын тулд хэчнээн удаа хэмжээлшгүй, мөнхийн гэдэг үгсийг ашигласныг хараарай. Аврагчийн Цагаатгал хэмжээлшгүй, мөнхийн гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ? Дараах шүлгүүдээс Аврагчийн Цагаатгалыг мөн адил дүрсэлж буй үг хэллэгүүдийг хайж ол. Үүнд: Еврей 10:10; 2 Нифай 9:21; Мозая 3:13.

Бид Есүсийн аврах хүч хэмжээлшгүй, мөнхийн гэдгийг мэддэг боловч заримдаа бидэнд эсвэл бидний эсрэг нүгэл үйлдсэн хэн нэгэнд хэрэгжих эсэхэд эргэлздэг байж болох юм. Ахлагч Дэвид А.Бэднар: “Аврагчид итгэх итгэлтэй мэт байдаг ч Түүний амласан адислалууд тэдний хувьд боломжтой эсвэл тэдний амьдралд хэрэгжиж болно гэдэгт итгэдэггүй” хүмүүсийн талаар нэг удаа ярьсан (“Хэрэв та нар Намайг мэдсэн бол,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 97). Аврагчийн хүчийг бүрэн дүүрэн хүлээн авахад бидэнд юу саад болдог вэ? Есүс Христийн Цагаатгал хэмжээлшгүй хийгээд мөнхийн гэдгийг та хэрхэн мэдэж авч болохыг тунгаан бод.

Аврагчийн Цагаатгал хэчнээн хэрэгтэйг бодож үзэхийн тулд танд өдөр бүр хэрэг болдог зүйлийн тухай бодох хэрэгтэй байж болох юм. “Энэ зүйл байгаагүй бол миний амьдрал ямар байх байсан бол? гэж өөрөөсөө асуу. Дараа нь Алма 34:9–16-г судалж байхдаа та өөрийнхөө амьдралыг Есүс Христгүйгээр ямар байх байсныг тунгаан бод. Та 2 Нифай 9:7–9-өөс өөр санаануудыг олж болно. Та Алма 34:9–10-ыг нэг өгүүлбэрээр хэрхэн дүгнэх вэ?

Мөн Майкл Жон Ү.Тэгийн 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган (х. 101) дээр хэлсэн “Бидний хувийн Аврагч” хэмээх захиасыг үзнэ үү.

Алма 34:30–41

“Та нарын авралын өдөр мөн үе нь эдүгээ болой.”

Та өөрийгөө марафонд юм уу хөгжмийн тоглолтод оролцохыг хүсэж байна гэж төсөөл. Та уг үйл явдлыг болох өдрийг хүртэл бэлтгэл хийгээгүй бол юу болох байсан бэ? Энэ жишээ Алма 34:32–35 дээрх Амюлекийн сэрэмжлүүлэгтэй хэрхэн холбогдож байна вэ? Наманчлах, өөрчлөгдөх хүчин чармайлтаа хойшлуулах нь ямар аюултай вэ?

31-р шүлэгт наманчлахад хэтэрхий оройтсон эсвэл хэт удаан хойшлуулсан гэж санаа зовж буй хүмүүст зориулсан захиас бий. Үүнийг ямар захиас гэж та хэлэх вэ?

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

Алма 32:1–16

Намайг даруу байхыг сонгоход Их Эзэн надад зааж чадна.

  • Алма, Амюлек хоёр даруу байсан зорамчуудад амжилттай заасан. Даруу байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Судруудын удирдамжаас “даруу байх гэсэн үгийн тодорхойлолтыг олоход хүүхдүүддээ тусал. Бид Алма 32:13–16-аас эдгээр үгийн утга агуулгын талаар өөр ямар сэжүүр олж болох вэ? “Би байснаар даруу байдаг” гэсэн өгүүлбэрийг гүйцээхэд хүүхдүүдийг урь.

Алма 32:28–43

Намайг Есүс Христийн талаарх гэрчлэлээ тордох үед энэ нь өсөн нэмэгддэг.

  • Үр, мод, жимс гэх мэт танил эд зүйлс нь итгэл, гэрчлэл гэх мэт хийсвэр ойлголтыг ойлгоход нь хүүхдүүдэд тусална. Та Алма 32:28-ыг уншихдаа хүүхдүүдэд ямар нэг үр бариул. Дараа нь та Есүс Христийн талаарх гэрчлэлээ өсгөх нь үр суулгаж, тордохтой хэрхэн адил байдаг талаар бодож үзэхэд өөрт тань туслахыг тэднээс хүсэж болно (“29-р бүлэг: Алма итгэл ба Бурханы үгийн тухай номлосон нь”-ийг Мормоны Номын түүхүүдийн х. 81-ээс үзнэ үү). Та үр суулгаад, үр юм уу гэрчлэлийг өсөж том болоход юу шаардлагатай байдаг тухай ярилцаж болно.

  • Та Алма 32:28–43 дээрх Алмагийн үгсийг тайлбарлахдаа энэ тоймд байгаа модны зургийг ашиглаж болно. Эсвэл та нар гадуур явж, ургалтын өөр өөр шатандаа байгаа ургамлуудыг олоод, Алма 32-оос гэрчлэлийг маань ургаж буй ургамалтай зүйрлэсэн шүлгүүдийг уншиж болох юм. Эсвэл танай хүүхдүүд самбарт мод зураад, Есүс Христийн талаарх гэрчлэлийг нь нэмэгдүүлэхэд туслах ямар нэгэн зүйлийг бодох болгондоо нэг навч юм уу жимс нэмж зурж болно.

  • Та хүүхдүүддээ нэг үр (Бурханы үгийг төлөөлөх) өгөөд, чулуу (бардам зүрх сэтгэлийг төлөөлөх) болон зөөлөн хөрс (даруу зүрх сэтгэлийг төлөөлөх) рүү шигтгэхийг хүс. Алма 32:27–28-ыг хамтдаа унш. Бурханы үгийг зүрх сэтгэлдээ “байрлуулах” (27-р шүлэг) гэдэг нь ямар утгатай болохыг ярилц.

Зураг зур. Зарим хүн сурч байгаа зүйлийнхээ зургийг зурснаар илүү сайн сурдаг. Хүүхдүүд Алма 32-ыг судлахдаа мод болон өсөж ургаж буй үр зурах дуртай байж болох юм.

Алма 33:2–11; 34:17–27

Би Тэнгэрлэг Эцэгтээ хандан хэзээ ч юуны ч талаар залбирч чадна.

  • Биднийг хаана (Алма 33:4–11-ээс), юуны төлөө (Алма 34:17–27-оос) залбирч болохыг дүрсэлсэн үг хэллэгүүдийг олоход хүүхдүүдэд тусал. Магадгүй тэд өөрсдийгөө тэдгээр газарт залбирч байгаагаар зурж болох юм. Тэнгэрлэг Эцэг залбирлуудыг тань сонссон туршлагаа бие биетэйгээ хуваалц. Та нар “Хүүхдийн залбирал” (Хүүхдийн дууны ном, 6–7) зэрэг залбирлын тухай дууг дуулж болно.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Зураг
Модон дээрх алим

“Та нар үгийг арчлахдаа зориулсан шаргуу байдал хийгээд та нарын итгэл түүнчлэн та нарын тэвчээрийн учир, болгоогтун, удахгүй та нар үүний жимсийг, хамгийн эрхэм, амтат бүхнээс дээд амтат, … түүнийг түүх болно” (Алма 32:42).