Ирээд, Намайг дага
7-р сарын 15–21: “Бурханы үгийн нөлөөлөх хүч.” Алма 30–31


“7-р сарын 15–21: ‘Бурханы үгийн нөлөөлөх хүч.’ Алма 30–31,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)

“7-р сарын 15–21. Алма 30–31,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2023)

Зураг
Алма Корихорт зааж байгаа нь

Бүх зүйл Бурхан байдгийг харуулдаг (Алма ба Корихор), Волтэр Рэйн

7-р сарын 15–21: “Бурханы үгийн нөлөөлөх хүч”

Алма 30–31

Үгийн сайн, муу нөлөө үзүүлэх хүчийг Алма 30–31 дэх түүхүүд тодорхой харуулдаг. Корихор хэмээх хуурамч багшийн “зусар” бөгөөд “дуу хадаан ярих” үгс “олон бодгалийг устгал уруу” (Алма 30:31, 47) аваачихаар заналхийлэв. Үүний адил, Зорам гэгч нифай үндэстэн тэрслэгч бүхэл бүтэн бүлэг хүнийг “их төөрөгдлүүдэд” унагаж, “Их Эзэний замуудыг гажуудуулахад” (Алма 31:9, 11) хүргэсэн.

Харин эсрэгээрээ, Алма Бурханы үг “хүмүүсийн оюун ухаанд илднээс … эсвээс юунаас ч илүү хүчтэй” (Алма 31:5) нөлөөлнө гэдэгт бат итгэлтэй байв. Алмагийн үгс мөнхийн үнэнийг илэрхийлж, Корихорыг дуугүй болгохын тулд Есүс Христийн хүчийг авсан (Алма 30:39–50-ийг үзнэ үү) бөгөөд зорамчуудыг үнэнд эргүүлэн авчрахад өөртэй нь хамт явсан бүх хүний дээр Түүний адислалыг урьжээ (Алма 31:31–38-ыг үзнэ үү). Эдгээр нь худал хуурмаг захиас нийтлэг байдаг өнөө үед Христийн дагалдагчдад үнэ цэнтэй жишээ болдог. Бид Алмагийн адил “Бурханы үгийн нөлөөлөх хүчинд” (Алма 31:5) итгэснээр үнэнийг олж чадна.

Гэр орон болон Сүмд суралцах санаа

Алма 30:6–31

Зураг
семинар шигтгээ зураг
Дайсан биднийг хуурамч сургаалаар хуурахыг оролддог.

Алма 30-д Корихорыг “Христийг эсэргүүцэгч” (6-р шүлэг) гэж нэрлэсэн байдаг. Анти Христ гэдэг нь Есүс Христийн болон Түүний сайн мэдээний эсрэг ил, далд аливаа хэлбэрээр эсэргүүцдэг хүн юм уу ямар нэг зүйл юм. Алма 30:6–31 дэх аль аль шүлэгт Корихорыг энэ тодорхойлолтод багтаж байгааг харуулж байна вэ? Корихорын хуурамч сургаалыг судлах нь үүнтэй адил сургаалуудыг таньж, эсэргүүцэхэд тань тусалж чадна. Энэхүү хүч чармайлтад дараах үйл ажиллагаанууд тус болно. Үүнд:

  • Та Аврагчийн сургаал болон Сатаны худал хуурмагийн ялгааг илүү сайн ойлгохын тулд ямар үзүүлэнт хичээлүүдийг бодож болох вэ? Загасны өгөөш, хуурамч мөнгө, худал зар сурталчилгаа гэх мэт жишээнүүд байдаг. Ямар нэгэн зүйл хуурамч болохыг та яаж мэддэг вэ? Та үнэнийг хэрхэн таньж чадах вэ?

  • Алма 30:6–31-д Корихорын заасан хуурамч сургаалуудын жагсаалтыг гаргахыг бод. Түүний ямар сургаалууд өнөөдөр сэтгэл татам байдаг вэ? (Алма 30:12–18, 23–28-ыг үзнэ үү.) Иймэрхүү санаануудыг хүлээн авснаар ямар хор хөнөөл учирч болох вэ? Дайсан өнөөдөр та нарыг хуурч мэхлэхээр ямар худал хуурмаг захиаснуудыг ашиглаж байна вэ?

  • Алма Корихорын сургаалыг үнэнээр дарахын тулд юу хийсэн бэ? (Алма 30:31–54-ийг үзнэ үү). Та эдгээр зарчмыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Алматай адилаар өнөө үеийн бошиглогч, төлөөлөгчид үнэн ба Сатаны худал хуурмагийн хоорондох ялгааг мэдэхэд бидэнд тусалдаг. Та Гари Э.Стивэнсоны “Намайг бүү мэхэл” захиаснаас ямар зөвлөгөө олж авдаг вэ? (2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 103).

Үнэн гэж юу вэ?”-г Дуулал номын д. 140-өөс үзнэ үү.

Зураг
Корихор Алматай ярьж байгаа нь

Корихор Алматай нүүр тулсан нь, Робэрт Т.Баррэтт

Алма 30:39–46

Бүх зүйл Бурханыг гэрчилдэг.

Өнөөдөр олон хүн Бурхан байдаггүй гэдэгт итгэдэг болсон. Та Алма 30:39–46-аас Бурхан бодитой гэдгийг мэдэхэд туслах юуг олж мэдсэн бэ? Түүнийг таньж мэдэхэд бидэнд юу саад болдог вэ? Бурхан Өөрийгөө амьд гэсэн өөр ямар гэрчлэлүүдийг танд өгсөн бэ?

Алма 30:56–60

Дайсан дагалдагчдаа дэмждэггүй.

Та Алма 30:56–60-аас чөтгөр өөрийн дагагчдад хэрхэн ханддаг талаар юу мэдэж авч болох вэ? Та гэр орноо түүний нөлөөнөөс хамгаалахын тулд юу хийж болох вэ?

Мөн Алма 36:3-ыг үзнэ үү.

Алма 31

Бурханы үг хүмүүсийг зөв шударга руу хөтлөх хүчтэй.

Зарим хүн зорамчуудын нифайчуудаас салж тусгаарласан асуудлыг улс төрийн аргаар эсвэл цэргийн хүчээр шийдвэрлэх хэрэгтэй гэж үзэж байсан байж болох юм (Алма 31:1–4-ийг үзнэ үү). Гэвч Алма “Бурханы үгийн нөлөөлөх хүчинд” (Алма 31:5) итгэхэд суралцсан байв. Та Алма 31:5-аас Бурханы үгийн хүчний талаар юу мэдэж авсан бэ? (мөн Еврей 4:12; 1 Нифай 15:23–24; 2 Нифай 31:20; Иаков 2:8; Хиламан 3:29–30-ийг үзнэ үү).

Алма 31-ийг судалж байхдаа та өөрийн амьдралын туршлагад хамаарах сайн мэдээний ямар үнэнүүдийг олж авч чадах вэ? Жишээлбэл:

  • Бурханы үг сайн зүйлсийг хийхэд хүмүүсийг хөтөлж байгааг та хэрхэн харсан бэ? (5-р шүлгийг үзнэ үү).

  • Алмагийн бусдад хандах хандлага, мэдрэмж, үйлдлүүдийг (34–35-р шүлгийг үзнэ үү) зорамчуудынхтай (17–28-р шүлгийг үзнэ үү) харьцуул. Та хэрхэн Алматай илүү адилхан болж болох вэ?

  • Та Алма 31:30–38 дээрээс бусдын нүглийн төлөө шаналж байгаа хүмүүст туслах юуг олж мэдсэн бэ?

Aлмa 31:5-6

Есүс Христийн ачаар хэн ч өөрчлөгдөж чадна.

Зорамчуудад сайн мэдээг заахаар Алмагийн дагуулж явсан хүмүүсийг анзаар (Алма 31:6-г үзнэ үү). Та энэ хүмүүсийн амьдралын талаар Мозая 27:8–37; 28:4; Алма 10:1–6; 11:21–25; 15:3–12-оос юу сурсан бэ? Тэдний туршлагаас та юу сурч болох вэ?

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

Алма 30

Мормоны Ном надад хуурамч сургаалын талаар сэрэмжлүүлдэг.

  • Зарим эд зүйлийг (мөнгө эсвэл хоол хүнс) болон тэдгээрийн дуурайлган хийсэн хувилбарыг үзүүлэхийг бод. Энэ нь бодит болон хуурамч зүйлсийн ялгааг хэрхэн мэдэж авах тухай ярилцахад хүргэж болох юм. Дараа нь та Алма 30:12–18-аас Бурханы талаар Корихорын заасан худал хуурмаг сургаалыг олж тогтооход нь хүүхдүүдэд тусалж болно. Алма 30:32–35 дээр Алма эдгээр худал хуурмагт хэрхэн хариулсан бэ? Бид түүний жишээнээс юу сурч болох вэ?

Алма 30:44

Бүх зүйл Бурханыг гэрчилдэг.

  • Алма тэнгэр, газар дахь зүйлс Бурхан амьд гэдгийг хэрхэн гэрчилдэг тухай ярьсан. Боломжтой бол Алма 30:44-ийг уншихдаа хүүхдүүдээ аваад гадаа гар эсвэл цонхны дэргэд зогс. Бурхан бодитоор оршдог бөгөөд тэдэнд хайртай гэдгийг мэдэхэд нь тусалдаг харж буй зүйлсээ зааж өгөхийг тэднээс хүс. Тэд бас олж мэдсэн зүйлсийнхээ зургийг зурж болно (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү).

  • Та хүүхдүүдтэй хамт “Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай” (Хүүхдийн дууны ном, 16) дууг дуулангаа бөмбөг юм уу ямар нэг зүйл дамжуул. Хөгжмийг үе үе зогсоогоод, бөмбөгийг гартаа барьж байгаа хүүхдээс талархаж явдаг Бурханы бүтээсэн нэг зүйлийг хуваалцахыг хүс.

Хүүхдүүд үзүүлэнт хичээлээр дамжуулан суралцдаг. Үзүүлэнт хичээл нь заалгасан зүйлсээ илүү сайн ойлгож, удаан хугацаанд санахад хүүхдүүдэд тусалж чадна. Энэ тоймын хүүхдүүдийн ихэнх үйл ажиллагаа нь үзүүлэнт хичээл ашиглахыг санал болгодог. Хүүхдүүдэд сурсан зүйлсээ санахад нь туслахын тулд дараа нь үзүүлэнгүүдийг дахиад нэг удаа харуулахыг бод.

Aлмa 31:5

Бурханы үг хүчтэй.

  • Бурханы үг “өөр юунаас ч” илүү хүчтэйг ойлгоход нь хүүхдүүдэд туслахын тулд та юу хийж чадах вэ? (Алма 31:5). Тэднээс ямар нэгэн хүчтэй зүйл эсвэл хүний тухай бодохыг хүс эсвэл хэд хэдэн хүчтэй зүйлийн зургийг үзүүл. Тэднийг чухам юу хүчтэй болгодог вэ? Хамтдаа Алма 31:5-ыг уншаад, энэ шүлгийг ямар утгатай гэж бодож байгааг нь хүүхдүүдээс асуу. Бурханы үг танд хүчтэй нөлөөлж байсан туршлагаасаа хуваалц.

Алма 31:8–35

Тэнгэрлэг Эцэг миний залбирлыг сонсдог.

  • Алма 31:8–35-ын шүлгүүдийг ашиглан Алмагийн болон зорамчуудын түүхийг товч дүгнэ (мөн “28-р бүлэг: Зорамчууд ба Рамеумптом”-ыг Мормоны Номын түүхүүд номын х. 78–80-аас үзнэ үү). Рамеумптом тавцанг чулуугаар эсвэл шоогоор барьж байх үед нь зорамчуудын залбирахдаа хэлж байсан зүйлийг тодорхойлоход нь хүүхдүүддээ тусал (Алма 31:15–18-ыг үзнэ үү). Бид ийн залбирах ёсгүй гэдгийг тайлбарла. Та хүүхдүүдтэйгээ хэрхэн залбирах ёстой талаар ярилцаж байх зуураа чулуунуудыг эсвэл шоонуудыг нэг нэгээр нь тэднээр авхуул. Тэд чулуунуудаас нэгийг аваад; өглөө, орой бүр залбирах сануулга болгон орныхоо дэргэд хадгалж болох юм. Чулуугаа чимэглэх нь тэдэнд зугаатай санагдаж магадгүй.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Зураг
Зорам үндэстэн Рамеумптом дээр залбирч байгаа нь

Зорамчуудын зүрх сэтгэл “бардамналдаа агуу онгиргон занд өргөгдсөн” (Алма 31:25) байв.